БНХАУ-аас Монголд хар тамхи оруулж ирдэг бүлэглэл төлбөрөө биткоиноор хийжээ

2022 оны 9 сарын 152022-09-15
БНХАУ-аас Монголд хар тамхи оруулж ирдэг бүлэглэл төлбөрөө биткоиноор хийжээ

Олон улсын хэмжээнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдал буурахгүй, харин ч арга ажиллагаа нь улам нарийн зохион байгуулалтад орж, аюул занал дагуулсаар байгааг судлаачид онцлон тэмдэглэсээр байна. Дэлхийн улс орнууд, Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс энэ талаар олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн “Хүний наймаа”, “Мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэх”, “Зэвсгийн худалдаа”, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” гэсэн суурь гэмт хэргүүдийг үйлдэх арга ажиллагаа улам нарийсч буй бөгөөд энэ гэмт хэргүүдээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт”  ихээхэн анхаарал татаж буй.

Манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой далд байсан гэмт хэргийн санхүүжилт криптоны зах зээлээр дамжиж, Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа нь аюулын харанга болж байна.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаар эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний материалуудад тулгуурлан уг тоймыг бэлтгэн хүргэж байна.

Мансууруулах бодисын хэрэглээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ургамлын болон синтетик гаралтай хэмээн ангилдаг. Олон улсад ургамлын болон синтетик гаралтай мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэгч, наймаалагч таван том төвлөрөл бий гэж үздэг. Үүнд: “Алтан гурвалжин” (Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс), “Алтан хавирган сар” (Aфганистан, Пакистан, Ираны хилийн бүс), “Мөнгөн гурвалжин-Картель” (Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд африк) гэх зэргээрнэрлэсэн байдаг.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2020 оны судалгааны тайланд дэлхийд 188 сая хүн каннабис, 82 сая хүн опиум, 29 сая хүн амфетамин, 21 сая экстази, 18 сая хүн кокайн хэрэглэдэг.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба 2020 оны 12 дугаар сарын 04-нд хуралдаж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу каннабисын ургамлыг 1961 оны Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Мөн олон улсын хэмжээнд хууль бус болон хууль ёсны канабисын зах зээлийн хэмжээ 2020 оны байдлаар 344 тэрбум ам.доллар хүрсэн гэх судалгааг Швейцарын холбогдох агентлагаас танилцуулсан байдаг. Харин бүс нутгийн хувьд жил бүр Ази тивд 132.9 тэрбум ам.доллар, Хойд Америкт 85.6 тэрбум ам.доллар, Европ тивд 68.5 тэрбум ам.доллар Африк тивд 37.3 тэрбум ам.доллар, Латин Америкт 9.8 тэрбум ам.долларын хууль бус болон хууль ёсны марихуаны худалдаа явагддаг.

Харин улс орнуудын хувьд АНУ, БНХАУ, Канад улс хууль ёсны канабисын зах зээлд тэргүүлдэг бөгөөд зөвхөн АНУ-д жил бүр 34 тэрбум ам.долларын “CBD” нэгдэл бүхий бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар борлуулдаг байна. АНУ-д марихуаныг хувь хүн тусгай дэлгүүр, эмийн сангаас худалдан авч, гэрийн нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэж хуульчилсан явдал нь нэг талаас тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисод дурлагсадыг 28 хувийг дэвэргэж байгаа боловч, нөгөө талаас чанаргүй бодисоос хордож үхэх явдал хоёр дахин буурсан үзүүлэлт гарчээ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус бизнес 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Мансууруулах бодисын хууль бус эргэлтийн дотоод, гадаад нөхцөл байдал

Дотоод нөхцөл байдал: Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, хэрэглэх, зарж борлуулах явдал жил ирэх тусам өсч буй шалтгаан нь гадаад, дотоод орчин, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой.

2010 оны НҮБ-ын тайланд дурдсанаар Монгол Улсыг хар тамхи мансууруулах бодис дамжуулан өнгөрүүлэгч улс гэж үзсэн байсан бол 2014 оны тайланд манай улсыг хэрэглэгч улс орон болсон гэж дүгнэсэн нь цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулсан байна.

2020 оны байдлаар Монгол Улсын хилээр ОХУ-аас сэтгэцэд нөлөөт эм болон байгалийн гаралтай ургамал бодис, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудаас синтетик төрлийн бодисууд, АНУ болон Европын зарим улс орноос интернэт орчин, шуудан ашиглан, ачаа бараа, эд зүйлст нуун далдлах аргыг хэрэглэн, зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх явдал ихсэх хандлагатай байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дараах урсгалаар манай улсад нийлүүлэгдэж байна. Үүнд:

  • БНХАУ болон Азийн орнуудаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тухайн орны болон гэмт этгээдүүдээр дамжуулан зуучлуулан худалдан авч, шуудан илгээмж, карго, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа зэрэгт нуух аргаар улсын хил нэвтрүүлдэг.
  • ОХУ-аас шинэ төрлийн мансууруулах бодисын зах зээл бий болсон. Манай улсын иргэд ОХУ-д чөлөөтэй зорчдогтой холбоотойгоор дээрх аргуудаар мөн улсын хил нэвтрүүлдэг.
  • Европын орнуудаас гол төлөв интернет ашиглан мөс, гашиш, экстази, ЛСД зэрэг бодисыг худалдан авч, шуудан илгээмжээр тээвэрлэсэн зэрэг гэмт хэрэг бүртгэгдэж байгаа юм.

Гадаад нөхцөл байдал:

ОХУ: Тус улсын тухайд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил давуулж байгаа нь манай улс нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна. Шалтгаан нь:

  • ОХУ нь БНХАУ, Монгол Улстай өргөн зурвасаар хиллэдэг бөгөөд Афганистан, Пакистан, Турк, Иранд үйлдвэрлэсэн мансууруулах бодисыг тээвэрлэхэд ашигладаг хяналт шалгалтгүй тойруу замууд цөөнгүй.
  • Тус улсын өмнөд хилийн дагуу дэд бүтцийн хөгжил өндөр, гол мөрний усан болон бусад тээвэр замын сүлжээгээр дамжуулан тээвэрлэж байна. Геройны хэмжээ өсч байгаа нь дундаж үнэ Европын орнуудад Оросын зах зээл дээрхээс 2-4 дахин өндөр байдагтай холбоотой.

Латин Америкаас ОХУ-д кокайн нийлүүлэх ажиллагааг дагнан зохион байгуулдаг олон улсын бүлэглэлүүд ихэвчлэн Украин, ОХУ-ын далайн боомтуудыг ашигладаг. Энэ нь Европ руу агаарын тээврээр хар тамхи зөөхөд эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй байгаатай холбоотой. Нөгөө талаас усан онгоцонд техникийн онцлогоос нь хамаарч их хэмжээний кокайн нуух боломжтой, гаалийн албад түүнийг илрүүлэхэд төвөгтэй байдаг нь мөн нөлөөлдөг.

Африкт хар тамхины гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, эдгээр бүлэглэлүүд гол төлөв геройны худалдаа эрхэлж, орчин үеийн техник хэрэгслийг ашиглан илрүүлэхэд хүндрэлтэй нарийн аргыг үйл ажиллагаандаа ашигладаг. Угсаатан, ураг төрлийн холбоо бүхий гэмт бүлэглэлүүд хууль сахиулах байгууллагын хяналтад тэр бүр өртдөггүй. Санхүүгийн асар их чадавхтай дээрх бүлэглэлүүд хар тамхи тээвэрлэх үйл ажиллагаандаа ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын иргэдийг хөлслөн ажиллуулдаг. Тэдгээр гэмт бүлэглэлүүд зохион байгуулалт, маневр сайтай, гэмт хэргийн ертөнцөд өргөн харилцаатай бөгөөд Латин Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэсэн хар тамхийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад нийлүүлэх, тараах зам сувгийг хянаж байна.

БНХАУ: Хятад улс хар тамхины асар том зах зээл бүхий улс орнуудтай хөрш зэргэлдээ оршдог бөгөөд үүнд Зүүн өмнөд Ази, Төв Азийн орнуудын хар тамхи үйлдвэрлэгч бүс нутгууд багтаж байгаа. Түүнчлэн Хятадын нутгаар хар тамхи тээвэрлэн дамжин өнгөрөх гэмт хэргийн гаралт өргөжиж, хохирогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тухайлбал, NHK телевизийн мэдээлснээр, Япон улсын 50 настай иргэн Хятадын Далянь хотод хар тамхи наймаалсан хэргээр цаазаар ял шийтгүүлсэн бөгөөд япон хүн Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон 5 дахь тохиолдол болжээ. Үүний зэрэгцээ Английн иргэн, Филиппиний 3 иргэн хууль бусаар бусдад хар тамхи худалдсан хэргээр цаазын ял сонсон шийтгүүлсэн байдаг.    

Газарзүйн байрлалаас авч үзвэл: Хятад нь улс төрийн тогтворгүй орнууд болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэгч хэд хэдэн улсуудаар хүрээлэгдсэн байдал, дүр зураг харагдаж байна. Гуадунгийн Улс төр, хуулийн сургуулийн судлаач Жан Сяовэйгийн үзэж байгаагаар:

– Гадаадын иргэд гол төлөв хувиараа болон гадны хар тамхины үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдтэй нэгдэх хэлбэрээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Хятадын зах зээлд оруулж борлуулах, эсвэл хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж, бусад гуравдагч улс руу гаргаж байгаа.

– Үйл ажиллагааны хэлбэрээр нь авч үзвэл, сүүлийн жилүүдэд төрөл бүрийн эд зүйлс, хүнсний болон гоо сайхны бараа, техник хэрэгсэл, хүний бие дотор нууж агаарын боомтоор нэвтэрсэн тохиолдол өндөр хувийг эзэлж байна.

– Хар тамхи орж ирж буй чиглэлээс нь харахад өмнө нь ихэвчлэн Хятадын баруун өмнөд хэсгээр нэвтэрч байсан бол сүүлийн үед бүх мужийн нутаг дэвсгэрээр орж ирэх хандлагатай болж, түүнчлэн орж ирж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр төрөл ч олширсон.

– Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэгчдийн байдлаас харахад, Япон, Өмнөд Солонгосын иргэд мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Японы мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бизнес эрхэлдэг бүлэглэлүүд буюу якуза[4] нар өндөр насны тэтгэвэрт гарсан настай иргэд эсвэл орон гэргүйчүүдийг ашиглан Хятадад геройн, мөс зэргийг хууль бусаар борлуулах, мөн Япон руу гаргах зэргээр хоёр улсын хар тамхины зах зээлийн үнийн ялгааг ашиглан их хэмжээний ашиг олдог байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинэ төрөл нэмэгдэхийн хэрээр түүнийг таньж мэдэх, тодорхойлоход хүндрэлтэй болгодог. Одоогийн байдлаар БНХАУ-д 431 төрлийн эм бэлдмэл, финтанилийн бүхэл бүтэн ангиллыг жагсаасан байгаа боловч шинэ төрлийн мансууруулах бодис гарч ирсээр байна. Тухайлбал, “ЛСД агуулсан “Маркны хэлбэртэй цаас”, оюутнуудад зарж борлуудаг ”Ухаалаг эм” №0 кафсул”, ”Ж-цэгийн шингэн”, “Хирсний шингэн” зэрэг төрөл бүрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ аажмаар тархаж байна. БНХАУ-ын үндэсний лабораторийн мэдээллээр 2019 оны туршид 41 сэтгэцэд нөлөөт бодис илрүүлсэнээс 4 шинэ төрлийн бодис илрүүлсэн байна.

Бусад улсад: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан судалгаагаар сүүлийн жилд амфетамин бүлгийн мансууруулагч 230-640 тонн, екстази бүлгийн мансууруулагч 72-137 тонныг үйлдвэрлэсэн гэх тооцоог гаргажээ. Дээрх судалгаагаар Мексик, Коста Рика зэрэг Төв Америкийн орнуудад 200.000-641.800 га ил талбайд каннабис тариалж буй аж. Ихэвчлэн тухайн бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэгддэг бөгөөд маш богино дотоод сүлжээгээр борлуулагддаг.

2020 оны эхний хагас жилийн байдлаар Мексикт метафетаминий үнэ даруй 6 дахин нэмэгдсэн ба цар тахлын үеийн Өмнөд Азийн нийлүүлэлт зогссонтой холбоотой гэж үзсэн. Тухайлбал, хөл хорионы арга хэмжээнээс болж, Мексикийн картелуудын үйл ажиллагаа хумигдахад хүрч АНУ-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль  бусаар нэвтрүүлэхэд хэцүү болсон. Дараа нь мет, фентанил, героин, кокаин зэрэг алдартай эмийн үнэ сүүлийн гурван сард огцом өсжээ. АНУ-д эмийн нийлүүлэлт багасч байгаа нь тэдний эрэлт нэмэгдэхэд хүргэж байна. Коронавирусын хямралаас өмнө сэтгэцэд нөлөөт эмийн үнэ нэг фунт нь 900 долларын үнэтэй байсан бол одоогийн ханш ойролцоогоор $ 1,900 орчим үнэтэй болсон байна.           

Амфетамины төрлийн бодисыг хаа сайгүй хямдхан үйлдвэрлэдэг, үйлдвэр нь тогтмол байршлаа сольж байдаг аж. Ерөнхийдөө мансууруулах бодисын хууль бус наймаачид нийлэг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг их хэмжээгээр, хямд зардлаар газар зүйн байршлын хувьд хязгааргүй зөөж тээвэрлэдэг бөгөөд үүний дээр зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд үйлдвэрлэлийн ажиллагааг халхавчилдаг аж.

Опиум, каннабисийн тархалттай тэмцэх ажил идэвхжиж, геройны төрлийн бэлдмэл харьцангуй үнэтэй байдаг нь залуучуудын дунд эрэлт ихтэй эфедрон, первитин, катинон зэрэг синтетик гаралтай мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн. Ийм төрлийн бодисыг гаргаж авах технологи нь хялбар, лабораторийн үнэтэй тоног төхөөрөмж шаарддаггүй, түүхий эдийн олдоц харьцангуй элбэг зэрэг нь цаашид энэ төрлийн бодисын үйлдвэрлэл улам өргөжнө гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэдэг.

Мансууруулах бодисын санхүүжилт, далд зах зээлийн тухай

Криптовалютын гүйлгээ нь нууцлал өндөртэй явагддаг. Нууцлал өндөртэй гүйлгээ  хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг далд зах зээлийг богино хугацаанд тэлэхэд үндсэн суурь болж байна. НҮБ-ын тайланд дурдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын санхүүжилт далд хэлбэрт шилжиж байгаа бөгөөд криптовалют гарч эхэлснээс хойш донтогч нарын тоо идэвхтэй нэмэгдэх болсон гэв. “Алтан хавирган сар”, “Мөнгөн гурвалжин-Картель” гэж хэлэгддэг орнуудын далд зах зээлийн тодорхой санхүүжилт криптовалютаар хийгдэх болсон тухай АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны 2020 онд гаргасан Мансууруулах бодисын зах зээлийн тухай тайланд дурдсан байна.

Зураг 1: Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн санхүүжилт, далд зах зээлийн учир шалтгааны диаграмм

Монгол Улсад 2021 оноос криптовалютын зах зээл идэвхжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2 орчим их наяд гаруй төгрөг эргэлдэж байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгөний эргэлт нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын далд зах зээлийг тэлж байх магадлалтай байна. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран Хятад улсаас хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг илрүүлсэн бөгөөд төлбөрийг биткоиноор хийсэн нь тогтоогдож байжээ.

Хятадын эрх баригчид криптовалютыг  дотоодод гүйлгээнд ашиглах, олборлох ажлыг хориглож байгаа. Энэ үйлдэл нь хууль бус, далд зах зээлийг хумих, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг хязгаарлах алхам юм. Харин Өмнөд Америкийн орнуудад криптовалютаар хийгдсэн байх магадлалтай хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын санхүүжилт сүүлийн 3 жил 3-7 дахин өссөн гэх таамаглалыг Их Британийн цагдаагийн байгууллагаас 2020 онд танилцуулж байсан. Тус улсын Манчестер хотын цагдаагийн газрын эдийн засагтай тэмцэх хэлтсээс 2021 онд 6 сард 16 сая гаруй фунт стерлингтэй тэнцэх хэмжээний Ethereum криптовалюттай зөөврийн флаш дискийг гэмт этгээдүүдээс хураан авсан байв. Уг зөөврийн флаш диск дээр байрлах криптовалютаар их хэмжээний мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гэмт этгээдүүд худалдаж авахаар төлөвлөж байсан байна.

Дүгнэлт

Монгол Улс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөх эмийн тээвэрлэгч улсаас хэрэглэгч орон болсон. Энэ нь манай улс мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажиллагаанд цаашид илүү их анхаарах шаардлагатайг харуулж байна. Хар тамхийг оруулж ирэхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хоёр хөршийн тусгай чиг үүргийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллах шаардлагатай. Криптовалютын зах зээлийг хяналт султайг ашиглан мансууруулах бодисын бүлэглэлүүд арилжаагаа криптовалютаар хийх нь ихсэж буй тул цахим мөнгөний хууль тогтоомжийг боловсруулж батлуулах, хууль бус гүйлгээг хязгаарлах, хяналтад байлгахад анхаарах нь зүйтэй юм.

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй

1 сарын өмнө
Авлигачдыг алагчилъя

Авлигачдыг, хар тамхины наймаачдыг, хүчингийн хэрэгтнүүдийг, гадаадын тагнуулыг, террористыг өршөөлд хамруулдаггүй. Энэ бол гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй Засгийн газар ийм бодлого барьж төслөө боловсруулаад, хууль тогтоох дээд байгууллага УИХ нь баталж байна. Нэгэнт улс нийтээрээ авлигатай тэмцэе гэж байгаа бол зөвхөн зардал, цаг хугацаа хэмнэх зорилгоор авлигачдын толгойг илж тэдэнд хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломж олгодог байдлыг халах шаардлагатай. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгддэг нийт хэргийн 0.5 хувь нь авлигынх.

1 сарын өмнө
Хуульчдын форум: Цэц ичих хэрэгтэй

Монголын Хуульчдын холбоо их хурлаа 12 сарын 10-нд товложээ. Үүнээс наана өнөөдөр “Хуульчдын форум”-аа Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Зохион байгуулагчийн тоолсноор 130 мянган төгрөгөө төлсөн 290, зохион байгуулагчтайгаа нийлээд 320 хуульч оролцсон юм байна. Сурвалжлагчийн хувиар форумд оролцож, тайзан дээр уригдсан, зааланд суусан шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаачидтай ярилцаж үзэв. Хуульч биш, хөндлөнгийн хүн учраас ерөнхий уур амьсгал, давтамжтай өгч байсан мессеж, илтгэлээс базсан ажиглалтаа хуваалцах нь зөв биз ээ. Энэ форум хуульчдынх, тэрийг дагаад зүйл, заалт уйтгартайн дээр, дараа нь “хүний хэлээр” зажилж бичиж болох тул энэ удаад үлдээе гэж бодлоо.

1 сарын өмнө
Хоцрогдсон стандартаар хоцрогдсон байдлыг хамгаалж байна

Шадар сайд С.Амарсайханы танилцуулснаар Монгол Улсад 6525 стандарт байна. Гэтэл аль салбарт, төрийн болон бизнесийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд ямар стандарт мөрдөгддөг болохыг Стандарт, хэмжил зүйн бие даасан агентлаг иргэдэд сурталчилж, ойлгуулаагүй явж ирсэн. Иргэд тэрхүү “стандарт” гэгчийг мэдэхгүй учраас бид өнөөдөр идэх хүнс, хэрэглэх бараа, авах үйлчилгээ, эдлэх хөрөнгө, байх орчин, явах зам чанарын наад захын ямар шаардлага хангасан байх ёстойг төдийлөн мэдэхгүй. Мэдэхгүй учраас хэнээс юу шаардахаа мэддэггүй, ердөө л “сэтгэл гаргасан, гаргаагүй” гэх тодорхойгүй хэмжүүрээр тэдгээрийг үнэлж иржээ.

2 сарын өмнө