“Уул уурхайн 7 хоног-2022”-ын 2 дахь өдөр: Хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, хаалт, хөрөнгийн зах зээлийг хөндлөө

1
2022 оны 9 сарын 212022-09-21
“Уул уурхайн 7 хоног-2022”-ын 2 дахь өдөр: Хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, хаалт, хөрөнгийн зах зээлийг хөндлөө

Монгол Улсад Уул уурхайн салбар үүссэн 100 жилийн ойн хүрээнд “Уул уурхайн долоо хоног-2022” нэгдсэн арга хэмжээний хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Энэ өдрийн арга хэмжээг нээж Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар эдийн засгийн тогтвортой хөгжлийн салшгүй нэгэн хүчин зүйл болж, ард иргэдийн сайн сайхан амьдралын баталгаа болж ирсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, экспортын орлогын 93%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76%-ийг бүрдүүлэгч гол тулгуур салбар болсноос харагдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, мөн тус салбарт хөрөнгө оруулагч нарыг дэмжихэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой орчныг хангах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын оролцоо маш өндөр болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй. Төр хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэх явдал юм” гэлээ.

Түүний дараа УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал “Эрдэс баялгийн салбарын өнөөдөр ба ирээдүй, хайгуулын тусгай зөвшөөрөл, олголт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан.

Мөн “Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээ “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“ бага хурлаар үргэлжиллээ.

Бага хурлыг нээж, АМГТГ-ын дарга Л.Баярмандал үг хэлж, үүний дараа “Уурхайн нөхөн сэргээлт олон улсад” сэдвээр Mike Poscente (CPP Environment) илтгэл тавилаа. Тэрбээр уурхайн хаалтын төлөвлөлт нэн чухал гэдгийг дурдаад,

Уурхайн хаалтын амьдралын мөчлөгийг:

  1. Бүтээн байгуулалт,
  2. Олборлолт,
  3. Татан буулгалт,
  4. Нөхөн сэргээлт,
  5. Арчилгаа
  6. Газар чөлөөлөлтөөс зайлшгүй бүрдэх ёстойг санууллаа.

Ингэснээр, тодорхой бус байдлыг бууруулах, хаалтын өртөг зардлыг оновчтой шийдвэрлэх, нэр хүндээ хамгаалах, Засгийн газар, иргэдийн дэмжлэгийг цаашид авах давуу талтай гэсэн юм.

Тус илтгэлийн дараа, “Уурхайн нөхөн сэргээлт” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөж, модератороор М.Дагва (“Кью Эм Си” ХХК), панелистаар П.Батболд (“Энержи Ресус”), Б.Алтанцэцэг (“Оюу толгой” компани), Б.Лхамсүрэн (“Бороо Гоулд”), Т.Ариунболд (“Саусгоби Сэндс”) нар оролцож,

-Хаягдлын овоолгын нөхөн сэргээлт,

-Ухаш, карьерийн нөхөн сэргээлт,

-Хаягдлын далангийн нөхөн сэргээлт,

-Орчин үеийн шинэ арга технологи,

-Нөхөн сэргээлтийн сайн туршлагууд,

-Ирээдүйн чиг хандлага, хууль тогтоомжийн асуудлыг хөндөж ярилцлаа.

Энэ үеэр “Оюу толгой” компанийн Газар нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг “Нэг бүс нутагт байгаа уурхайнууд нөхөн сэргээлт дээр харилцан туршлага солилцож чадвал илүү үр дүнд хүрнэ” гэдгийг онцлоод “Оюу толгой” компанийн хувьд 2027, 2028 оноос хаягдлын далангийн нөхөн сэргээлтийн ажил хийнэ. Үүний хүрээнд бага талбайд туршилтын ажил эхлүүлээд байгааг хэллээ.

Харин “Бороо Гоулд” компанийн төлөөлөл Б.Лхамсүрэн чулуун хучилтын сайн туршлагаасаа хуваалцсан юм.

Чулуун хучилт хийснээр,

  • Усны ууршилт багассан,
  • Өдөр бүр услах шаардлагагүй болсон,
  • Хөрсний урсац зогссон,
  • Салхиар хөрс зөөгдөхөө больсон гэнэ.

Хэлэлцүүлгээр мөн хууль эрхзүйн орчны асуудлыг хөндөв. Оролцогчид “Уул уурхайн хөгжлөө дагаад хууль тогтоомж өөрчлөгдөж байгаа. Харин одоо мөрдөгдөж байгаа стандартуудыг шинэчлэх шаардлага бий” гэсэн юм. Харин өнөөдөр тулгамдаж байгаа гол асуудалд, мэргэжлийн боловсон хүчний нөөц, мэргэжлийн байгууллагуудын чадавх, стандартыг дурдаж байв.

Хэлэлцүүлгийн үеэр "Оюу толгой" компанийн Ойжуулалтын төслийн удирдагч Т.Самданжигмэд “Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээнд “Нөхөн сэргээлт, уурхайн хаалт“-ын асуудлыг хөндөж байгаад оролцогчийн зүгээс талархалтай. “Оюу толгой”-н уурхайн хувьд залуу уурхай. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байна. Гэвч бидний зүгээс уурхайн хаалтыг ярьж, төлөвлөж эхэлсэн. Өнөөдрийн батлагдсан ТЭЗҮ-гийн дагуу бол уурхай 2055 онд хаагдах боловч бүх нөөцөө ашиглавал 2100 он хүртэл ашиглах тооцоо бий. 100 жилийн дараа хаах уурхайг яагаад өнөөдөр ярьж байна вэ гэж бодож магад. Уурхайн хаалтыг ашиглаж эхлэхээс өмнө ярьж эхэлснээр уурхайгаа ашигтай ажиллуулаад дараа нь уурхайгаа байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр хаах боломжтой юм уу гэдгийг анхнаас нь тооцож байгаа хэрэг юм. Өнөөдөр “Оюу толгой” компани хаалтын төлөвлөгөөгөө боловсруулсан, хаалтад гарах зардлыг тооцоолсноор 100 жилийн дараа ийм хэмжээний мөнгө хэрэг болох юм байна, энэ хэмжээний мөнгийг бид үйл ажиллагааныхаа ашгаас гаргаж чадах уу гэдгээ тооцно. Яг ийм жишээ Монголд тэр бүр хэрэгжихгүй байна. Ялангуяа жижиг, дунд уурхайнуудад” гэсэн юм.

Хоёр дахь өдрийн үдээс хойшхи арга хэмжээ “Хариуцлагатай уул уурхай ба Орон нутаг” бага хурлаар үргэлжилсэн. Хурлын эхэнд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр АМГТГ-ын Хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд илтгэл тавьж, тусгай зөвшөөрөл, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын талбайн асуудлыг хөндлөө.

Тэрбээр “2005 онд манай улсын тусгай зөвшөөрлийн тоо 5,913 байсан бол 2022 онд 2,564 болж 2.5 дахин буурсан. Харин нутаг дэвсгэрт эзлэх хувь 2005 онд 44.7 хувь байсан бол 2022 онд 3.9 хувь болж 11.5 дахин буурлаа. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт болон нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа хөрөнгө жилээс жилд өсөж, өдгөө 34.2 тэрбум төгрөг болсон” гэсэн юм.

Түүний илтгэлийн дараа “Уул уурхайн нийгмийн зөвшилцлийн олон улсын туршлага“ сэдвээр Австралийн Куйнсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтын Хариуцлагатай уул уурхайн төвийн захирал Профессор Диана Кемп, ахлах инженер Сара Макэнзи, “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн харилцаа” сэдвээр Канадын Бритиш Колумбын их сургуулийн багш Жоселин Фрейзер нар онлайнаар илтгэлээ тавилаа.

Мөн Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “Хууль бус олборлолт” сэдвээр илтгэл дэлгэв. Түүний илтгэлд уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд орон нутгийн малчин, иргэдтэйгээ бүрэн ойлголцоогүйгээс болж эсэргүүцэлтэй тулгардаг. Уул уурхайн компаниудын гаргадаг нийтлэг алдаа нь сум, орон нутгийн Засаг даргатай нь уулзаж, танайд ганц цэцэрлэг барьж өгье гэдэг байдлаар хэлэлцээ хийгээд газрыг нь ухаж, гол усных нь голдирлыг өөрчлөөд эхэлдэг. Иргэд, малчид мэдээлэлтэй, уул уурхайн  компани ямар бүтээн байгуулалт хийх юм, ямар ажил хаана хийх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үү, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөлөөллийг хэрхэн бууруулах юм, орон нутагт ямар өгөөжтэй байх юм гэх мэт мэдээллийг нээлттэй өгөх хэрэгтэй. Мэдээлэлтэй иргэд уул уурхайн бүхий л түвшний ажиллагааг ойлгоно” гэсэн юм.

Мөн хариуцлагагүй уул уурхайтай зэрэгцээд хариуцлагатай уул уурхайг хэвшүүлж, сайн жишээг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл дуулгалаа. Тэрбээр “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь байгуулагдсан цагаасаа хариуцлагатай уул уурхайг орон нутгуудад хэвшүүлэх зорилготой ажилласан. Хариуцлагатай уул уурхай гэж улс орны хөгжилд нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хохиролгүй байхыг хэлнэ. Энэ нь уул уурхай эхэлснээс авхуулаад, дуусах хүртэл хийх олон талын цогц арга хэмжээг хэлнэ. Энэ онд “Хариуцлагатай уул уурхай хөтөлбөр”-т 22 компани хамрагдаад байна” гэлээ.

Дээрх илтгэл, видео танилцуулгын дараа “Уул уурхайн эсрэгцэл” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт АМГТГ-ын хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд, Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Төлсөн авснаа нийтлэ (ТАН) эвсэл,  “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар панелистаар оролцлоо.

Панел хэлэлцүүлгийн үеэр Төлсөн, Авснаа нийтэл (ТАН) эвсэл,  “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “УУХҮЯ, ХХААХҮЯ, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бусад чиг үүргийн агентлагуудын дагаж мөрддөг бодлогууд нь уялдаа холбоогүйгээс хариуцлагатай уул уурхай хөдөө, орон нутагт өөрийн загвараар хөгжихгүй байна” гэдгийг онцоллоо. Панел хэлэлцүүлэгт орон нутгийн малчдын төлөөлөл, Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин С.Энхбаяр оролцож уул уурхайн компаниуд болон малчдын эсэргүүцэл, хариуцлагагүй уул уурхайн шалтгаан зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын уул уурхайн салбарт иргэдийн оролцоо байдаггүйгээс хаа сайгүй хариуцлагагүй байдал газар авсан. Тэр тусмаа уул уурхайн салбарын аль ч шатанд иргэдийнхээ оролцоог хангадаггүй. Иргэдээ сонсдоггүй, оролцоог нь хангадаггүй, бүрэн мэдээлэл өгдөггүй хандлагаас болж хууль бус үйл ажиллагаа гаарч, хариуцлагагүй уул уурхайн асуудал газар авсаар байна” гэв.

Панел хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөж, “Орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр салбарынхан  илтгэл тавилаа.

“Уул уурхайн төслүүдийн орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр “Бадрах энержи” ХХК-ийн Эрдэнэ ресурс девелопмент корпораци, АУМ алт ХХК-ийн “Сноу хилл консалтанси”  хуулийн фирмиайн өмгөөлөгч Э.Билэгсайхан нар илтгэл сонсгож, дээрх сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнөснөөр “Уул уурхайн долоо хоног-2022”-ын хоёр дахь өдрийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 

 

296536056_841220117045212_3425094531805947631_n.jpg

306556843_464436622285424_2827815738302569444_n.jpg

Санал болгох

Бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харицуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ

МҮХАҮТ-аас “Монголын Бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа

5 өдрийн өмнө
Монгол Улсын Хөгжлийн Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого” баталлаа

Монгол Улсын Хөгжлийн Банк нь Монгол Улсын болон дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулан, үйл ажиллагаанаасаа үүдэх байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эерэг нөлөөтэй болгоход зорьж ажиллах болон компанийн засаглалыг сайжруулан үйл ажиллагаагаа илүү тогтвортой, хариуцлагатайгаар явуулахаа илэрхийлэн “Тогтвортой хөгжлийн бодлого”-оо баталлаа.

17 өдрийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана

Тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог шинэчлэлийг сугааланд оруулсан

21 өдрийн өмнө
Монгол Улсын Хөгжлийн Банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

1 сарын өмнө