Байр суурь: Мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв

1
2022 оны 9 сарын 212022-09-21
Байр суурь: Мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв

Монголбанк шийдвэрээр өчигдөр бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болголоо. Төв банк он гарснаас хойш хоёр дахь удаагаа бодлогын хүүг ийнхүү эрс чангаруулсан нь энэ. Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлснээр 6.5-9 хувь болгож нэмэгдүүлсэн юм.  Дараа нь нэг нэгж хувиар нэмэгдүүлснээр бодлогын хүү 10 хувьд хүрсэн. Тэгвэл өчигдөр бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлснээр бодлогын хүүг эрс чангаруулсан нь нийгэмд анхаарал татаж буй. Уг шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бодлогын хүү бол инфляцад нөлөөлөх зорилготой. Одоогийн байдлаар инфляц нийлүүлэлтээс үүссэн шинжтэй байгаа. Энэ нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлт нь урт хугацаанд нөлөөлнө. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу Covid-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг. Ирээдүйн хүлээлтээ зөв болгохын тулд бодлогын хүүгийн шийдвэрийг гаргалаа” гэж тайлбарласан юм.

Гэхдээ бодлогыг хүүг 1 хувиас илүү чангаруулахгүй байхыг эдийн засагч Б.Дэлгэрсайхан сануулж байв. Тэрбээр “Бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхгүй нэг хувиас хэтрүүлж болохгүй.  Ийм боловч бодлогын хүүг нэмэгдүүлснээр оновчтой үр дүнд хүрнэ гэж харахгүй байна. Яагаад гэвэл, барааны нийлүүлэлт хэвийн болсон цагт л  инфляци тогтворжино” гэсэн юм.

Эдийн засагчдын зүгээс мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв үү? гэдэгт дараах байр суурийг илэрхийлсэн.

МӨНГӨ ХЭВЛЭЖ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА НЬ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАЖ БАЙНА

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор эдийн засагч Б.ЭРДЭНЭБАТ:

эрдэнэбат.jpg
эрдэнэбат.jpg

-Инфляц  монголбанкны тэмцэх ёстой асуудал мөн. Гэхдээ инфляц өсч буй шалтгааныг бид төсвийн бодлоготой уялдуулах хэрэгтэй. Бид зөвхөн инфляцыг мөнгөний бодлогоос үүдэлтэй гэж үзэж болохгүй. Цар тахлын үед төсвөөс гадуурх санхүүжилт маш их гарсан.

Төсвийн хуулиас гадуурх их хэмжээний мөнгө зарцуулсан. Халамж, тэтгэврийн хэмжээг маш их хэмжээгээр өсгөсөн.

Тэтгэвэрийн шинэчлэлттэй холбоотой тэтгэврийн зардал орлогоос 33 хувиар өссөн. Үүний цаана мөнгө хэвлэж санхүүжүүлж байгаа нь төгрөгийн ханшийг унагаж байна.

Төгрөгийн ханш унаж байгаа нь гүйлгээнд байгаа төгрөгийн хэмжээ зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад өндөр болчихоод үнэ өсөөд байна гэсэн анхааруулга өгч байна. Бид аль алиныг бодох хэрэгтэй. Бид мөнгөний бодлогоос илүү төсвийн алдагдал, санхүүжилт, үр ашгийг ярих хэрэгтэй. 

АРИЛЖААНЫ БАНКУУД ХҮҮГЭЭ ӨСГӨХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Эдийн засагч Б.МӨНХСОЁЛ:

соёла.jpg

-Миний бодлоор банк санхүүгийн зах зээлийг эргэж сайн харахгүй бол зах зээлд эдийн засгийн халаалт нь  царцмаг байдалд ороход  маш хүчтэй нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа халаах зорилготой бодлогын хүүг саяхныг хүртэл бууруулж  бол одоо өсгөж байна. Яах аргагүй инфляц өссөн, нөгөөтэйгүүр валютын ханшийн зөрүү эдий засагт бараа таваарт хүчтэй нөлөөлж байна. Энэ бүгд нь хэрэглэгч, худалдан авагчдын гарт очиж байгаа нь амьдралд шууд нөлөөлж байна.

Мөнгөний бодлогын хүүгийн нөлөө эдийн засагт нөлөөлөх үр дагавар нь багадаа 3 сарын дараагаас мэдрэгддэг.

Ямартай ч арилжааны банкуудын тухайд хүүгээ өсгөх нэг шалтгаан болж байна. Энэ нь цаашид зээл олголт буурах дохио гэсэн үг.

МОНГОЛБАНК ИЛҮҮ ХАТУУ БОДЛОГО БАРИХ ХЭРЭГТЭЙ

NRCC буюу Үндэсний судалгаа зөвлөгөөний гүйцэтгэх захирал Эдийн засагч Б.АЛТАНЦЭЦЭГ: 

алтаа.jpg

-Эдийн засаг сэргэж байгаа үед мөнгөний бодлогыг хатууруулж улам хүнд байдалд оруулж байна гэж нийгэмд шүүмжилдэг. Гэхдээ инфляци өндөр үед мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр аргагүй. Өндөр инфляц тогтвол урт хугацаанд эдийн засаг илүү хүндэрнэ. Бид бүр илүү хатуу уналтыг даван туулна.

Мөнгөний бодлогыг хатууруулж байгаа нь урт хугацаанд хямралыг зардал багатай туулах арга юм. Мөнгөний бодлогыг хатууруулахгүй бол асуудал аясаараа шийдэгдэх юм шиг. Яах вэ, зах зээл шийдэж болох ч тэр үед бид илүү их хүндрэлтэй тулгарах болов уу.

Монголбанк мөнгөний хатуу бодлогыг саяхнаас л барьж эхэлсэн. Мөнгөний бодлого энэ оны гуравдугаар сараас чангарлаа шүү дээ. Үүнээс өмнө зөөлөн байсан. Миний хувьд мөнгөний хатуу бодлого барих нь цаг үеэ олсон зөв арга хэмжээ гэж харж байна. Ийм өндөр инфляцын эсрэг өөр арга хэмжээ авах арга байхгүй. Өнөөдөр бид 14, 15 хувийн инфляцтай амьдарч байна гэдэг нь хүмүүсийн жилийн орлогын 14-15 хувь нь алга болж гэсэн үг. Жишээ нь, жилд 100 кг будаа худалдан авдаг айл өнөөдөр 85 кг будаа л авах боломжтой. Бодит худалдан авах чадвар л ингэж унаж байна. Энэ талаас миний хувьд инфляцын эсрэг хатуу бодлого барих нь зөв.

Илүү хатуу бодлого барих хэрэгтэй гэж харж байгаа. Одоогийн хатуу бодлого хангалттай хэмжээнд инфляцыг тушиж чадахгүй байна.

Уг нь мөнгөний бодлого сангийн бодлогоор дэмжигдэж байх ёстой. Сангийн бодлого талаас дэмжлэг хангалтгүй байна. Мөн төв банкинд шүүмжлэлтэй хандмаар зүйл нь уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Засгийн газартай холбоотой арга хэмжээнд хамтарч байгаа нь сөрөг нөлөөтэй. Яагаад гэвэл, хүмүүс төв банкинд итгэх итгэлээс хамаарч тухайн бодлого үр дүнтэй байх эсэх нь шийдэгдэнэ. Гэтэл Засгийн газартай холбоотой олон хөтөлбөр арга хэмжээг хамт хэрэгжүүлж байгаа нь  буруу. Магадгүй Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого амжилтгүй болбол дагаад Монголбанкинд итгэх итгэл буурна. Энэ нь мөнгөний бодлогын үр дүнтэй байдалд сөргөөр нөлөөлнө гэлээ.

Нэг үеэ бодвол инфляц тогтворжиж 14.4  хувьтай, эдийн засаг 1.9 хувиар өсч тэлсэн гэдгийг төв банк тодотгож буй. Ийм боловч төгрөгийн ханш суларч ам.доллар чангарч байгаа нь иргэд халаасаа тэмтрэхэд хүрч байна.

Төгрөг үнэгүйдэхийн хэрээр ханшийн зөрүүний дарамт инфляциас дутахгүй шок болж байна. Өнөөдөр ам.доллар 3266 төгрөгтэй тэнцэж буй.  Валютын ханшид ийм дарамт үүсч байгаа нь нүүрсний экспортын орлого хүлээлтээс доогуур байгаа нь  төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлсөн гэж төв банк тайлбарласан. Энэ ч үүднээс бодлогын хүүг чангаруулахаас өөр арга байгаагүй гэдгийг ч давтан тайлбарлаж байлаа.

Төв банк бодлогын хүүг чангаруулах бүртээ “гадаад хүчин зүйлээс шалтгаалсан”, “инфляцыг тогтворжуулахад мөнгөний бодлогыг чангаруулахаас өөр арга байхгүй” гэж тоть шиг давтах болж.

 Эдийн засагчдын тухайд дийлэнх нь бодлогын хүүг чангаруулах нь сөрөг нөлөөтэй гэдгийг илэрхийлж буй. Бодлогын хүү чангарахын хэрээр зээлийн хүү нэмэгдэж, худалдан авах чадвар буурах эрсдэлтэй болох таамаг бий. 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө