Байр суурь : Халамж ихсэхэд популист шийдвэр нөлөөлсөн

2022 оны 9 сарын 262022-09-26
Байр суурь : Халамж ихсэхэд популист шийдвэр  нөлөөлсөн

"Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болов. Монгол Улс  2021 оны байдлаар 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд 2 их наяд төгрөг зарцуулжээ. Халамжийн зардал нэмэгдсээр байгаа нь төсөвт ачаалал нэмж, сүүлийн жилүүдэд халамжийг өрөөр санхүүжүүлж байна гэж хэлж болохоор байгааг албаныхан нуусангүй. Тиймээс ужгирсан энэхүү тогтолцоог өөрчлөхийн тулд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг  зохион байгуулж байгааг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга  П.Анужин онцлов.

Тэрбээр "2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч энэхүү зардал нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байна. түүнчлэн 2012 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо 550 мянгаас 2.5 сая болж 4.6 дахин нэмэгдсэн. Хэдийгээр үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж орсон гэж тайлбарлаж байгаа боловч нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж үйлчилгээ авч буй иргэдийн тоо 3.5 дахин,  нийгмийн халамж авч буй иргэдийн тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авч буй иргэдийн тоо 21.7 дахин, өрх толгойлсон эх, эцэгийн тэтгэмж авагч 3.2-8.8 дахин нэмэгдсэн. Өнөөдрийг хүртэл бид нийгмийн эмзэг давхарга, орлого багатай иргэдээ ямар нэгэн халамжид хамруулах арга хэмжээг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж ирсэн. Үүн дээр улс төрийн шинжтэй амлалт, санаачилгууд ч  нэмэгдсэн" гэлээ.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлнэ

307772490_1454060331758038_8216806218082268244_n (1).jpg

Улмаар хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгосны зарим нь эзнээ олоогүй, халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл гарах болсон. Бодит байдал ч үүнийг гэрчилж байна. Дархан, Сэлэнгээр яваад ирэхэд ажиллах хүчний хомсдолд орсон талаар иргэд ярьцгааж байна. Тариан талбай дээр ажилчид дутагдаж байна. Дарханы нэхийн үйлдвэрт 1.2 сая төгрөгийн цалинтай ажилд хүн олдохгүй байна. Ноос, ноолуурын салбарт гэхэд оёдолчин алга. Харьцангуй залуу хүн амтай улсын хувьд хөдөлмөрийн насны олон хүн байхад яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдгийг эргэж харах цаг болсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны судалгаагаар 2021 онд давхардсан тоогоор 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь 2021 оны улсын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байна. Энэ нь судалгаа муутай популист шийдвэрийн үр дүн. Нийт төсвийн цалингаас бусад зарлага 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 10.3 их наядад хүрсэн нь халамж нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс халамжийг зорилтот бүлэгт шилжүүлнэ. 

Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

Энэ мөнгөөр хөдөлмөр эрхлэлтийг хангалттай дэмжиж болохоор байсан. МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар "Хүүхдийн мөнгө авмааргүй байна" гэсэн бизнес эрхлэгчдийн тоо байнга өсөж байна. Тиймээс ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Аливаа шийдвэрийг нийгмийн сүлжээгээр эсэргүүцэж шийдвэрт нөлөөлөх гэж оролддог хүмүүс бий. 

Монгол Улсын өрийн байдал эрсдэл өндөртэй улсын тоонд аль хэдийн орсон. Ирэх онд улсын хэмжээнд 5.7 тэрбум ам.долларын гадаад өрийг төлнө. Сүүлийн 10 гаруй жил өрөөр халамжийг санхүүжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Баялаг бүтээдэг ам.доллар олдог салбар хөдөлмөр эрхлэлтээр л бий болно. Хөдөлмөр эрхлэгчид баялаг бүтээгчид юм. Нийт хүн амын 30 хувийг 15-30 насныхан  эзэлдэг. Гэтэл хөдөлмөрийн насны залуусын дунд ажилгүйдлийн түвшин 11.6 хувь байгаа нь улсын дунджаас 3.8 хувиар өндөр байна. Залуус ажиллах сонирхолгүй байна" гэв. 

Цар тахал дэгдээгүй байсан бол  ядуурал 24.3 хувь болж буурах байсан 

308042147_1280333179399470_8913873667049719478_n.jpg

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл :

-Манай яам, Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран "Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт 2020 судалгаа", "Монгол Улсын ядуурлын дүр төрх 2020" гэсэн хоёр том  судалгааг хийсэн.  ҮСХ-ны дангаараа хийсэн судалгаагаар хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаагаас үүнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байна. 99.8 мянга нь ажилгүй байна гэх тоог гаргасан. Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар хөдөлмөр эрхлэх чадвартай  207.800 хүмүүс байна гэсэн.  Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувьтай байсан нь 2018 оны мөн үеэс 6 хувиар буурсан.

Хэрэв цар тахал дэгдээгүй байсан бол 2020 онд ядуурал 27.8 биш 24.3 хувь болж буурах байсан гэх дүгнэлтийг хийсэн. Үүнээс харахад ядуурал, ажилгүйдэлд цар тахал нөлөөлсөн. 

Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт 2020 судалгааны үр дүнгээс харахад 2020 онд ажил хийх боломжтой боловч ажил хийхгүй байгаа 207.800 хүн байна. Гурван чиглэлээр нарийвчилж энэхүү тоог гаргасан.

Дээрх 207.800  иргэдийн:

  • 87.7 мянга нь ажилгүй хүн
  • 70.7 мянга нь боломжит ажиллах хүч
  • 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүмүүс байна. 

Гэтэл өнгөрсөн 2021 онд ААН-үүдийн  19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон гэх судалгааны дүн гарчээ. 40 мянган ажлын сул байр байхад ажиллах хүн олдоогүй. Үүнээс харахад халамжийн бодлого хавтгайрсан учраас хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон гэцгээж байна. Гэхдээ 5 хүүхэдтэй айл 500 мянган төгрөгөөр эрүүл мэнд, боловсрол, хоол хүнс зэрэг бүх хэрэгцээг хангаж байна гэж бодохгүй байна. Үүн дээр л бид дүгнэлт хийх ёстой. Яагаад хөдөлмөрийн насны олон мянган хүн ажил хийх сонирхолгүй болчхов. 

ХНХЯ-ны дүгнэлтээр:

  • Иргэд тухайн салбар, ажлын байран дээр очиход гологдож байгаа тул ур чадвар сургаж, дадлагажуулах шаардлагатай.
  • Төрийн албаны цалин хөслийг шинэчилнэ. 2023 оны төсөвт суулгана. 
  • Тэтгэврийн шинэчлэлийг  хийнэ. 
  • Нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргана. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс өрхөө сонгоод тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, суудал түрээслүүлээд суулгана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхэлнэ. Энэхүү загвар амжилттай болвол ядуурлаас гарах загварыг гаргах юм.
  • Монгол хүн Солонгос, Японд маш сайн ажилладаг. Монголчууд шиг өндөр үнэлэгдэж буй улс орны иргэд ховор. Монголд иргэддээ хүссэн ажил, цалинг нь өгөхгүй байна. Үүнд нь тохирсон үйл ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна" гэв.

Э.БУРАМ

 

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

7 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

11 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

16 цагийн өмнө