Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

2022 оны 9 сарын 272022-09-27
Хуулийн төсөл: Нохой, мууранд бичил чип суулгуулна

Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад Монгол Улс энэ талын харилцаа зохицуулалтгүй явж ирсэн. Тэгвэл өчигдөр /2022.09.26/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын  даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

----------------------------------------------------------------------------

Тоон мэдээлэл дурдвал манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98.800 тэжээвэр амьтан байдаг бол  улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо бий.  Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгадаг. Ингэхдээ  гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна. 

Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байгаа талаар  Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд дурджээ. Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг аж.

Нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржүүлэгч 600, Муур судлалын холбоонд бүртгэлтэй дөрвөн үржүүлэгч байдаг ч дийлэнх нь хариуцлагагүй, зөвхөн ашиг олох зорилгоор ажилладаг. 

 

Өөрөөр хэлбэл, амьтан тэжээх мэдлэггүй хүмүүс нэмэгдсэнээс амьтан гудамжинд хаягдах үр дагавар бий болдог байна. Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж.

2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.

Иргэдийн зүгээс гэрийн тэжээвэр амьтантай зүй бусаар харьцаж, амьтны зан араншинг догшруулдаг. Үүнээс гадна нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, өгөөш бай болгох, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэргээр зүй бусаар ханддаг байна.

Дээрх хүчирхийллийн хэлбэрүүд бага насны хүүхэд болон насанд хүрсэн иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд амьтан, хүнтэй зүй бусаар харьцах сэдлийг өдөөдөг аж. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах замаар амьтныг хайрлах, энэрэнгүй хандах, хамгаалах төлөвшлийг иргэдэд бий болгосноор хариуцлагатай иргэн гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна. Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны  асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.

4e38e63b121244cd846f470a81ce527b.jpg

"Улсын эдийн засаг амаргүй, иргэдийн амьжиргаа ч хүнд байгаа одоогийн нөхцөлд юун нохой, муурны тухай хууль ярьж байна вэ. Хүнээ яагаад боддоггүй юм, хүн хамгийн чухал шүү дээ гэсэн яриа хөөрөө гарч болох юм. Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл, хүний эрүүл мэнд, хүмүүнлэг боловсрол зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ  гэж хэлж болно" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар  онцолсон юм.

Тэрбээр "Гэрийн тэжээвэр амьтан, хүн, нийгмийн хоорондох харилцаа зохицуулалтгүй байгаагаас нохойд хазуулах, мал, амьтны гаралтай халдварт өвчин тархах, агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчинд бохирдол үүсэх, хариуцлагагүй үржүүлэг хавтгайрах, эзэнгүй нохой, муур олшрох, буудаж устгах, зодох, өлсгөх, хаях, төөрүүлэх зэргээр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Бас нэг статистик дурдвал 2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ.  Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна.

Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна" гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлд орсон онцлох зүйл, ЗААЛТ

Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх:

  • 26.3. Нохой, муурыг төрснөөс хойш 45 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

Асран хамгаалагч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • 6.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
  • 6.2. Нохой, муурын асран хамгаалагч нь асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байна.

Нохой, муурын асран хамгаалагч нь дараах үүрэг хүлээнэ:

  • 9.2.1. нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх,
  • 9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх,
  • 14.1. Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • 14.2. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • 14.4. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
  • 14.5. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.
  • 50.3. Хүн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтныг шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлахыг хориглоно.
300245029_421395083448667_291367384308023210_n.jpg

Өнөөдөр гэр хорооллын мянга мянган айлын нохой хашаа манах л үүрэгтэй “амьд дохиолол” шиг жорлон, хашааны захад  метр ч хүрэхгүй гинжтэй насыг барж байна. Хашааны эзэд нохойндоо хоосон яс, угаадас өгч хааяа гэдэс, шар будаа чанаж өгдгөө амьтан тэжээж байна гэж эндүүрч гинжинд хүлж тамлаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Анзаарсан ч тоодоггүй. Дээр нь нохойндоо агсрах хүмүүс ч цөөнгүй. Харгис эзнийхээ балгаар эрэмдэг болсон ноход ч маш их. Тэгвэл хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ. 

Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ

  • 47.2.1. харгис хэрцгийгээр алах;
  • 47.2.2. асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх;
  • 47.2.3. эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх;
  • 47.2.4. зодох, тамлах, хэт ачаалуулах;
  • 47.2.5. хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх;
  • 47.2.6. хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх;
  • 47.2.7. гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах;
  • 47.2.8. гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулах;
  • 47.2.9. гэрийн тэжээвэр амьтны хөдөлгөөнийг хязгаарласан орчинд байнга уях, хорих;
  • 47.2.10. биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх;
  • 47.2.11. гэрийн тэжээвэр амьтныг өөр төрлийн амьтантай нийлүүлэх;
  • 47.2.12. гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах;
  • 47.2.13. гэрийн тэжээвэр амьтанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа хэрэглүүлэх.
  • 47.3. Энэ хуулийн 47.2-т заасан хүчирхийлэлд өртсөн гэрийн тэжээвэр амьтныг эмчлэх зардлыг гаргасан иргэн, хуулийн этгээд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс тухайн амьтныг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
  • 47.4. Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.

Э.БУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3 цагийн өмнө