Сайдаар ажиллуулах ШАГНАЛ ба ХАРИУЦЛАГА

2022 оны 9 сарын 222022-09-22
Сайдаар ажиллуулах ШАГНАЛ ба ХАРИУЦЛАГА

Сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тоог хөндсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ аравдугаар сарын 3-нд эхлэх Намрын чуулганы хугацаанд хийхээр төлөвлөсөн. Харин үүнээс өмнө байх уу, дараа нь байх уу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах тухай яригдсаар байна.

Тодруулбал, Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын 4-өөс илүүгүй сайд УИХ-ын гишүүн байж болохгүй гэдэг Үндсэн хуулийн заалтыг Цэц хүчингүй болгосны дараанаас парламент дахь АН-ынхныг Засгийн газартаа оруулахаар ярьж байна гэсэн яриа үргэлжилж байна.

Хэвлэлд бичиж байгаагаар АН-ынханд санал тавьж уулзсан хүн нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Харин Төрийн ордонд МАН-ынхны өөрсдийн ярьж байгаагаар АН-аас С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ц.Туваан, Ш.Адьшаа нарт Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан юм уу даа. Энэ дундаас Цэцийн тогтоолоор Үндсэн хуулийн өөрчлөлт хийх, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудал дээр чимээгүй байлгаж, товчлуур даруулах гэж Ховдоос сонгогдсон Ш.Адьшааг Боомтын сайд болгоно гэж “хошгоруулчихсан” гэх юм билээ. Гаалийн дарга байхдаа авлигын асуудлаар шоронгийн хаалга тогшиж явсан нөхрөөр Боомтын сайд хийлгэнэ гэж юу байх вэ гээд инээлдээд өнгөрсөн гэх.

Тэгэхээр үлдсэн хэдтэй нь хийсэн яриа хөөрөө үргэлжилж байгаа бөгөөд Б.Пүрэвдорж 2024 оны сонгууль, улстөрөө бодоод татгалзах тал руугаа хэлбийж байгаа юм байна.

Ерөнхий сайдын тухайд Засгийн газартаа УИХ-ын дэд дарга С.Одонтуяад Шадар сайдаар ажиллуулах саналаа тавьжээ. АН-ын дотоод асуудал хүнд, С.Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн, Баянгол дахь байр суурь муудсан зэрэг нь С.Одонтуяад намтартаа “сайд хийсэн” гэх үг бичүүлэхэд ихэд “нэмэр” болж байгаа бололтой юм. Улстөрчийн хувьд С.Одонтуяа Шадар сайдаар ажиллах хэмжээнд парламентдаа бэлтгэгдэж чадсан л төрийн зүтгэлтэн.

С.Одонтуяаг Шадар сайд болгочихоор энэ албыг одоо хашиж байгаа С.Амарсайхан хаачих вэ гэж. Түүнд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын гол зангилаа болсон Боомтын сэргэлтийн бодлогыг хариуцуулж Боомтын сайдаар томилохоор ярьж байна. Шадар сайдын тухайд ч оны өмнөөс эхлэн Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Замын-Үүдийн боомтуудаар тойрч, анхаарч ажиллаж буй.

Х.Баттулгын хүн гэх үү, Ж.Батсуурийн хүн гэх үү Н.Ганибалд Барилгын сайдын албан тушаал санал болгожээ. Энэ албан тушаалыг МАН-аас одоо Б.Мөнхбаатар хашиж байгаа. Ковидын хоёр жилд унтаа байж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг урагшлуулахад үр дүнгээ гаргаагүй “хоолны сав” нарын нэгээр нэрлэгдсээр өдийг хүрсэн. Н.Ганибалын тухайд давхар дээлний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд Ш.Адьшаатай хамт гомдол гаргаж, өнөөгийн давхар дээлтэй Засгийн газрыг бүрэлдүүлэх үүргээ онц сайн гүйцэтгэсэн нэгэн.

“Шонхоржсон МоАХ” гэгддэг байсан Ц.Тувааныг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд тавихаар яриа үүсгэжээ. Ц.Туваан Анагаах төгссөн, хүний их эмч. УИХ-д АН-аас сонгогдсон өөр нэг эмч байдаг нь Б.Бейсен. Гэхдээ Б.Бейсен нь хувьдаа эмнэлэгтэй тул сонирхлын зөрчил үүснэ гэдэг шалтгаанаар Ц.Туваанд дээрх санал эхэлж тавигдсан юм байна. Ц.Туваан өмнө нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, НХҮЕГ-ын дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга хийж байсан төрийн ажлын туршлагатай.

Үндсэн хуулийн нэмэлтийн дараах үйл явцаас эхлээд Засгийн газрын УИХ-д үзүүлэх жин нөлөө их боллоо. Дан дээлтнүүдийг давхар дээлтнээр сольж, нэмээд Түгжрэлийн, Олимпизмын, Боомтын зэрэг яамгүй сайдууд нэмснээр Засгийн газар УИХ-аар бодлогоо дэмжүүлэхэд товчлуурын хувьд амар болсон хэдий ч хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглалын хяналтын тэнцвэр алдагдлаа гэж судлаачид яриад байгаа. Гүйцэтгэх засаглалаа хянадаг парламент байхын тулд УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмэх шаардлага үүсч байгаа нь дээр дурдсан ҮХНӨ-ийг даруй хийх шаардлагыг тулгаж байна.

306121436_1098678730766678_2893472380448146875_n.jpg
Хоосонгүй үлдэх албан тушаалтнууд

Эцэст нь, Шадар сайдын албан тушаалыг АН-д өгөхдөө МАН-ынхан хоёр зүйлийг бодолцсон байж таарч байна. Шадар сайд бол Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга байдаг. Б.Бат-Эрдэнэ аваргыг Олимпизм, спортын сайд болгохдоо Баяр наадам зохион байгуулах ажлыг нь АН-ын гишүүнд хашуулах Шадар сайдын эрх хэмжээнээс салгаад өгчээ. Шадар сайдын харьяанд МХЕГ, ОБЕГ, Стандартчилал, хэмжил зүйн агентлагууд бий. Эндээс МХЕГ-ын хяналт шалгалтын чиг үүргүүдийг нь яамдуудад тараан байршуулах “Зарим төрлийн хяналт шалгалтыг зогсоох тухай” болон “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” зэрэг хуулийн өөрчлөлтүүд явж байгаа. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын албыг АН-д өгөхдөө гол хүч болох мэргэжлийн хяналтын эрх мэдлийг МАН-ын сайд нар ажиллах яамдуудад нь тараан байршуулаад авах гэж байгаа болж таарч байна. МХЕГ-ын дарга Б.Баасандорж болон одоогийн Шадар сайд С.Амарсайхан нар ч өөрийнх нь эрх хэмжээг тараан байршуулж, агентлагийг нь бараг татан буулгах гэж байгаад хүлцэнгүй хандаад байгаа нь ийм шалтгаантай болов уу. Үүнийгээ “баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ давхардсан хяналт шалгалтаар дарамтлаад байж болохгүй” гэдэг эшлэлээр хамгаалж яваа билээ.

2024 оны сонгууль болоход жил хагасын хугацаа үлдсэн байхад МАН-ын дарга, МАН-ын генсек хоёр Засгийн газартаа АН-ын гишүүдийг урьж байна. Хоёр сонгууль дараалж нэвт ялсан, 100 жилийн ойгоо нүсэр тэмдэглэсэн МАН-ын гишүүд уураа барьж ядаж байгаа биз. Зөвтгөл нь гарах л байх. Дайснаа дэргэдээ ойрхон байлгах нь нэг хэрэг. Ял, гавьяаг сонгуулийн шүүлтийн өдрүүдэд хамтдаа үүрэлцэх өөр нэг хэрэг. АН-ынхныг Засгийн газартаа оруулснаар барууныхан, АНУ тэргүүтэй ардчилсан орнуудтай улс төрийн хувьд харилцаагаа ойртуулна гэж үзэж байгаа бол бүр өөр хэрэг юм даа.

Г.Улсболд

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй

1 сарын өмнө
Авлигачдыг алагчилъя

Авлигачдыг, хар тамхины наймаачдыг, хүчингийн хэрэгтнүүдийг, гадаадын тагнуулыг, террористыг өршөөлд хамруулдаггүй. Энэ бол гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй Засгийн газар ийм бодлого барьж төслөө боловсруулаад, хууль тогтоох дээд байгууллага УИХ нь баталж байна. Нэгэнт улс нийтээрээ авлигатай тэмцэе гэж байгаа бол зөвхөн зардал, цаг хугацаа хэмнэх зорилгоор авлигачдын толгойг илж тэдэнд хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломж олгодог байдлыг халах шаардлагатай. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгддэг нийт хэргийн 0.5 хувь нь авлигынх.

1 сарын өмнө
Хуульчдын форум: Цэц ичих хэрэгтэй

Монголын Хуульчдын холбоо их хурлаа 12 сарын 10-нд товложээ. Үүнээс наана өнөөдөр “Хуульчдын форум”-аа Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Зохион байгуулагчийн тоолсноор 130 мянган төгрөгөө төлсөн 290, зохион байгуулагчтайгаа нийлээд 320 хуульч оролцсон юм байна. Сурвалжлагчийн хувиар форумд оролцож, тайзан дээр уригдсан, зааланд суусан шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаачидтай ярилцаж үзэв. Хуульч биш, хөндлөнгийн хүн учраас ерөнхий уур амьсгал, давтамжтай өгч байсан мессеж, илтгэлээс базсан ажиглалтаа хуваалцах нь зөв биз ээ. Энэ форум хуульчдынх, тэрийг дагаад зүйл, заалт уйтгартайн дээр, дараа нь “хүний хэлээр” зажилж бичиж болох тул энэ удаад үлдээе гэж бодлоо.

1 сарын өмнө
Хоцрогдсон стандартаар хоцрогдсон байдлыг хамгаалж байна

Шадар сайд С.Амарсайханы танилцуулснаар Монгол Улсад 6525 стандарт байна. Гэтэл аль салбарт, төрийн болон бизнесийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд ямар стандарт мөрдөгддөг болохыг Стандарт, хэмжил зүйн бие даасан агентлаг иргэдэд сурталчилж, ойлгуулаагүй явж ирсэн. Иргэд тэрхүү “стандарт” гэгчийг мэдэхгүй учраас бид өнөөдөр идэх хүнс, хэрэглэх бараа, авах үйлчилгээ, эдлэх хөрөнгө, байх орчин, явах зам чанарын наад захын ямар шаардлага хангасан байх ёстойг төдийлөн мэдэхгүй. Мэдэхгүй учраас хэнээс юу шаардахаа мэддэггүй, ердөө л “сэтгэл гаргасан, гаргаагүй” гэх тодорхойгүй хэмжүүрээр тэдгээрийг үнэлж иржээ.

2 сарын өмнө