Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

2022 оны 9 сарын 222022-09-22
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтын түүх гэж яривал Налайхын уурхайгаас эхэлнэ. Тэртээ 100 жилийн өмнө үндэс сууриа тавьсан энэ том салбар өнөөдөр өргөжин тэлсээр төрийн болон хувийн хэвшлийн компаниуд дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлж, олборлолтыг хийж байгаа явдал юм.

Үүний нэг бол Оюу толгойн далд уурхай бөгөөд эдүгээ 1300 метрийн гүнд дэлхийн шинэ техник технологийг ашиглан олборлолт хийж эхэлснийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлов.

 

Далд уурхайн салбар манайд өргөжиж байгаагийн нэг илэрхийлэл бол УУХҮЯ-ны дэргэд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явдал. Харин далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолтыг гардан хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд аюулгүй байдал нэгдүгээрт тавигддаг юм байна.

Дэлхий нийт ч энэ чиглэлд голлон анхаарч, аюулгүй ажиллагааны шинэ техник, технологийг нэвтрүүлж, дижитал хэлбэрт шилжүүлэх зорилгыг тавьж байгааг Оюу толгойн Гүний уурхай хариуцсан захирал Жак Ван Тондерын илтгэлээс тодорхойлж болохоор байв.

Оюу толгой: Гүний уурхайд дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглаж байна

Жак Ван Тондер энэ тухай “Оюу толгойн уурхай дээр ашиглаж байгаа техник технологи хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Рио тинто компанийн блокчлон олборлох технолги сүүлийн 25 жил маш эрчимтэй хөгжиж, дэвшиж байгаа. Эдгээрийг Монгол Улсад Оюу толгойн гүний уурхайн биетүүд дээр ашиглах болсондоо бүр ч илүү олзуурхаж байна.

Энэ дотроос онцлоод дурдвал үйлдвэрлэлийн болон агааржуулалтын босоо амнуудын угсралт суурилалтын ажлууд, өргүүрийн технологи, газрын доорх тунелийн дээд талын бэхэлгээнүүд зэрэгт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан.

Цаашид гүний уурхайд ажиллах хүнд даацын тоног төхөөрөмжүүдэд цахилгаан тоног төхөөрөмж ашиглах боломжийг хэдийнэ судалж эхлээд байна.

Мөн дижитал технологи нэвтрүүлснээр геотехникийн болон геологийн судалгаануудын мэдээллүүдийг нэгтгэж Оюу толгой шиг том цар хүрээтэй уурхайг аюул осолгүй удирдах нөөц бололцоог дайчлан ажиллаж байна” гэж байв.

Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ашигт малтмалын нөөц орд газрууд газрын гадарга дээр буюу ойр гүехэн илрэх нь улам бүр ховордож буй. Тэр ч үүднээс дэлхийн цаашдын чиг хандлага далд уурхайд тулгуурлаж явах нь тодорхой болжээ. Энэ трэндээс Монгол Улс ч хоцрох ёсгүй. Далд уурхайн чиглэлээр монгол инженер, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ажил салбарынхны хувьд том зорилт болоод байна. Энэ агуулгыг энэ өдрийн чуулганы зочид ч онцолж байв.

ШУТИС блоклон нураан олборлох технологиор мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ

Симпозиумыг хамтран зохион байгуулагч ШУТИС-ийн хувьд сургалтын хөтөлбөртөө далд уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд блоклон нурааж олборлох арга технологи, материаллаг бааз гэсэн хоёр төрлөөр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Далд уурхайн шилдэг жишгийг нэвтрүүлж чадсан “Оюу толгой” компанийн хувьд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд томоохон хувь нэмэр оруулж ирсэн.

Блоклон нураан олборлох арга технологиор мэргэжилтэн бэлтгэх зорилгоор ШУТИС-ийн 10 багшийг сургаж мэргэшүүлсэн талаар тус сургуулийн Хөтөлбөр хариуцсан профессор Б.Ганзориг дуулгана лээ. Ингэснээр Монголын уул уурхайн мэргэжилтнүүд дэлхийн зиндааны мэдлэг мэдээллүүдийг олж авах ёстой. Дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй уулзаж мэдлэг туршлагаа хуваалцаж, суралцсаар байх боломжийг бий болгох аж.

Крейг Стегман: Бразил, Австрали зэрэг улсад саад бэрхшээл гарсаар байна

Далд уурхайн хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж байгааг тандах, түүнийг түүчээлэх зорилго томоохон компаниудын дунд нэг төрлийн сорилт, өрсөлдөөн гэж болохоор аж.

Нөгөө талаар уул уурхайн салбарынханд дэлхийн өнцөг булан бүрт бэрхшээл хүндрэл тулгарсаар байдаг. Түүнийг аль аль талдаа хохиролгүйгээр даван туулах алхам компаниудын хувьд байнгын асуудал байсаар ирсэн.

Рио Тинто ч энэ чиглэлд голлон анхаардгийг тус группийн Техникийн группийн захирал Крейг Стегман илтгэлдээ дурдав. Тэрээр

“Бид цаашид уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөх бол гэдгийг анхаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц хурдтай байгаа учраас үүнийг дагаад техник технологийн хувьд ч өөрчлөлт гарах байх. Бразил, Австрали зэрэг улсад саад бэрхшээл гарсаар байна. Энэ бүхэн мэдээж бидний ажилд нөлөө үзүүлж байгаа. Та бүгд мэдэж байгаа. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах нийгмээс өгч байгаа лиценз зөвшөөрлийн асуудал бол бидний хувьд маш чухал сэдэв байдаг. Австрали гэхэд соёлын өвийг үгүй болох, бэлгийн дарамт учруулахыг оролдох, Сирид далан нурсан зэрэг нутгийн уугуул иргэдийн зүгээс гомдол гаргах асуудал байсаар байна. Энэ бүгд салбарын нэр хүндтэй холбоотой. Ялангуяа далд уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчин, соёл болон нийгмийн асуудалд хандлагыг зайлшгүй харгалзаж үзэхээс өөр аргагүй” гэсэн юм.

Дашрамд дурдахад, дэлхий дахинд асуудал үүсгээд байгаа уур амьсгалын өөрчлөлт уул уурхайн салбарынханд ч томоохон хүндрэл бэрхшээл учруулдаг ч нөгөө талаар боломжийг бий болгож байгааг гадны мэргэжилтнүүд тэмдэглэж байв. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн гол хүчин зүйл нүүрсхүчлийн хийг багасгахын тулд ирээдүйд зэс, литум, никлийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байх аж. Нэг ёсондоо эдгээр эрдсийн хайгуул, олборлолт ирээдүйд байсаар байна гэсэн үг.

 

Уурхайчид эрүүл, аюулгүй орчинд ажиллуулахын тулд үйл ажиллагааг автоматжуулах шаардлагатай гэв

Далд уурхайд шинэ техник технологи нэвтрүүлж, хүний хүчин зүйлийг багасгах зорилтууд цаг хором бүр өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг юм байна. Ялангуяа газрын гүнд ажиллаж байгаа ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа энэ өдрийн симпозиумын бас нэг гол сэдэв болж байв. Уурхайн ажилчин эрүүл, аюулгүй орчинд ажиллах гол үндэс бол цаашид уурхайн үйл ажиллагаа автоматжих явдал гэж байна.

Оюутолгой компани одоогоор 1300 метрийн гүнд олборлолт хийж байгаа бол дараагийн үе шатанд 1700 метрийн гүнд олборлолт явуулах төлөвлөгөөтэй. Тэгвэл энэ орчинд ажиллах уурхайчдын зүрх судас, амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүд мэндийг хамгаалах шаардлагатай гэж байлаа.

Оюутолгойн гүний уурхайн олборлолт “Панел 0”

Арга хэмжээний эхний хэсэгт үргэлжлүүлэн “Оюу толгой дэлхийд өрсөлдөх далд уурхайг цогцлоох нь” сэдвээр Оюутолгойн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр танилцуулсан бол тус уурхайн “Панел 0” хэсэг дээр олборлолтыг хэрхэн эхлүүлсэн талаар Гүний уурхайн техникийн үйлчилгээ хариуцсан менежер Э.Баттулга мэдээлэл өгсөн юм.

 

Э.Баттулга менежерийн онцолсноор Оюутолгой орд газар бол бүлэг ордоос бүрддэг. Бүлэг орд дундаа Хюго дамметт ордын Хойд хюго хэсэгт “Давхарга 1” буюу газрын гадаргаас 1300 метрийн гүний түвшинд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Эхний хэсэг болох “Панел 0” нь 320 метрийн өргөнтэй, 360 метрийн урттай. Энэ хэсэгт 120 хүдэр олборлох юүлүүрийн ажил төлөвлөгдөн хийгдэж байгаа аж.

Гүний уурхайн нийт ажилчдын 94 хувь монголчууд байгаа бөгөөд энэ тоо нь өнгөрсөн оны энэ үеэс гурван хувиар ахисан үзүүлэлт гэнэ. Нийт монгол ажилчдын 21 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлдэг аж. Энэ тоо нь өмнөхөөс нэмэгдэж байгаа гэнэ.

Энэ өдрийн арга хэмжээний онцлог нэгэн зочин Грасберг уурхайг олборлогч Фрипорт МакМоран компанийн хамт олон байв. Тэд өөрсдийн шилдэг туршлагыг хуваалцаж, дэлхий дахинаа гүний уурхайн хөгжил, дэвшил ямар байгаа талаар ч мэдээлэл дуулгасан юм. Грасберг уурхайг 1960-аад оноос ашиглаж эхэлсэн бөгөөд тогтоогдсон нөөц нь 15 сая тонн зэс болон алтны нөөцтэй том орд аж.

Далд уурхайн симпозиумын эхэнд илтгэл хэлэлцүүлсэн зочид энэ салбарын хөгжил, тулгамдаж байгаа асуудлаар панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Оюутолгой компанийн хувьд манайдаа далд уурхайн шилдэг төсөл бөгөөд бусад уул уурхайн төслүүд, компаниудад туршлага судлах том талбар болж байгааг онцолж байлаа.

Үүний нэг бол Монголросцветмет компани байв. Тус компанийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтад шилжсэн бөгөөд өөрсдийн боловсон хүчин дээр суурилан төслөө хэрэгжүүлж байгааг ерөнхий менежер П.Машбат ярьсан юм. Шинэ техник технологийн хувьд зардал санхүүжилт өндөртэй учраас хуучин уламжлалт технологи дээр ажилладаг гэж байна. Харин аюулгүй ажиллагааны хувьд Оюу толгой компаниас туршлага судлах, хамтын ажиллагааг эхлүүлээд байгааг тэрээр онцолсон.

Хэлэлцүүлгийн явцад Оюу толгой компанийн Техникийн группийн захирал Крейг Стегмэн “Панел 0” олборлолтын хэсэг хамгийн чухал нь. Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадвал цаашдын олборлолтууд амжилттай болох боломжтой. Гол нь эрсдэлийн удирдлагын менежментийг хэрэгжүүлж, аюулгүй ажиллагаандаа голлон анхаарч байгааг ч тэрээр тэмдэглэж байлаа.

Үүсмэл орд дээр талууд хууль эрх зүйн орчныг өөрчлөлтийг хүсч байна

 

Үүсмэл ордын ашиглалтын асуудлаар онол практикийн бага хурал болсон юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар Монгол улсын экспортолсон зэсийн 80 хувийг ашиглагдахгүй үлдсэн овоолгоос гаргаж авсан катодын зэс эзэлж байна. Тиймээс цаашид үүсмэл ордыг олноор бий болгож, зэс гэлтгүй алт, жонш, уран дээр ч ашиглах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Энэ тухай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан

“25 хувийн агуулгатай зэсийн баяжмалыг экспортоллоо гэхэд үнэ өртөг талаас нь 1000 кг зэсийн баяжмалыг 2000 ам.доллараар зарна. Хэрэв цэвэр зэс үйлдвэрлэвэл дөрөв дахин их буюу 8000 ам.доллараар зарна. Магадгүй зэсийг өөр бүтээгдэхүүн болгоод зэс утас, нунтаг болговол 10000 ам.доллараар худалдана. Тээвэрлэхэд хүртэл амар. Нэг газраар хамааралгүй олон хүнд зарна, ажлын байр бий болно. Дараа нь цэвэр зэс, утас, нунтагийг ашиглаад дараагийн боловсруулалтын шат хөгжих юм” гэв.

Үүсмэл ордын хувьд эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэх шаардлагатай байгаа гэдгийг сүүлийн жилүүдэд мэргэжлийн хүмүүс ярьсаар ирсэн. Энэ хүрээнд АМГТГ-ын дарга Л.Баярмандал:

“Үүсмэл ордод ТЭЗҮ-ийг 10 жилээр баталдаг, тусгай зөвшөөрлийг нь гурван жилээр өгдөг. Гурван жил болоод л ТЭЗҮ нь хэчнээн өөрчлөгдөхгүй ч дахин сунгах шаардлага гардаг. Үүнийг уялдуулж өөрчлөх шаардлагатай. Мөн тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжид л олгоно гэсэн хуулийн заалттай. Хувь хүмүүс болон нөхөрлөлүүдэд олгох, ялангуяа алтны жижиг шороон ордууд дээр олгох асуудал үүсч байгаа” гэв.

Үргэлжлүүлэн “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжи” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгээр Ашигт малтмалын тухай хууль болон АМНАТ-ыг ойрын хугацаанд өөрчлөх шаардлагатайг талууд онцолж байлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Уул уурхайн чуулганаар гадна дотны мэргэжилтнүүд манай хууль эрх зүйн орчны талаар шүүмжлэлтэй хандаж байна. АМТХ бол цаг үеэ өнгөрөөсөн. Одоо цаг үеэ дагасан өөрчлөлт хийхгүй бол хөрөнгө оруулагч нар болгоомжтой хандаж эхлээд байна. Уг нь цар тахлын дараа тэсрэлт явагдана гэсэн хүлээлттэй байсан. Гэвч чадсангүй. Өнөөдөр харин цаг үеэ олсон чуулган болж байна. Энэ үеэр л олон сайн мессэж өгөх ёстой. Гадныхны хамгийн их хүсч байгаа зүйл бол Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт. Тодруулбал, ашигт малтмалыг хайгуулыг голдуу жижиг компаниудад өгөх ёстой. Юм олбол том компаниудад зардаг. Энэ бол дэлхийн уул уурхайн зарчим. Үүнийг манай хуулинд А лицензийг ирээдүйд орох орлогоор нь тооцож татвар авна гээд өөрчилчихсөн. Үүнээс болоод гадны хөрөнгө оруулагчид орж ирж чадахаа байлаа. Энэ байдал үргэлжилбэл манайд хөрөнгө оруулах, уурхай нээх компани олдохгүй. Тиймээс энэ хуулийн заалтыг түргэн өөрчлөх хэрэгтэй” гэв.

Д.Эрдэнэчимэг: Хариуцлагагүй уул уурхайг 20 жил хараад, зохицуулж чадаагүй төрийн хариуцлагыг ярих ёстой

Энэ сэдвийн хүрээнд “Иргэний оролцоотой эрх зүйн шинэчлэл” сэдвээр Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг:

“Иргэд уул уурхайн эсрэг үл ойлголцол байна, дэмжихгүй байна, эсэргүүцэл улам нэмэгдэж байна гэж ярьж байна. Энэ бол шинэ асуудал биш. Сүүлийн 20 жил ярьж байгаа шүү дээ. Шийдэгдээгүй яваад байгаа. Нэг талаас компангиуд хариуцлагагүй байсан байна, нөгө талаас орон нутаг, иргэдийг улс орныхоо эрх ашгийг бодсонгүй. Сүүлийн үед уул уурхайг буруу ойлгоод байгаа учраас болохгүй байна. Зөв л ойлгуулчих юм бол болно гэж яриад байдаг. 20 жил энэ асуудлыг харсан хэрнээ шалтгаан руу өнгийж хараад шийдлийг зохицуулаагүй төрийн хариуцлагыг хэн ярих ёстой юм бэ. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс орон нутгийн иргэдийн үл ойлголцол үүсээд байгаа шалтгааныг уул уурхай харуицлагагүй байна. Хоёрт, энэ айдас болгоомжлол мэдээлэл байхгүйтэй холбоотой. Ямар уурхай явагдах вэ, энэ уурхай миний амьдралд ямар үр өгөөж авчрах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Гуравт, мэдээлэлгүй дээр оролцох боломж байхгүйтэй холбоотой” гэв.

 

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө