БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

2022 оны 9 сарын 262022-09-26
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс 1978 онд өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого зарлан, 1980 оноос далайн эрэг дагуух зүүн бүсийн хотуудаа тусгай бодлогоор дэмжин хөгжүүлсэн. Ингэснээр зүүн бүс нь аж үйлдвэржин хөгжсөн боловч эх газрын гүн рүү баруун, хойд бүсэд нь хөгжлийн хоцрогдол үүссэн юм. 2000 онд хөгжингүй зүүн бүс нь Хятадын ДНБ-ий 53.4 хувийг бүрдүүлж байсан бол хоцрогдсон баруун бүс нь 17.5 хувийг л бүрдүүлж байв. 2019 он гэхэд ч энэ байдал бараг өөрчлөгдөөгүй, зүүн бүс нь 51.88 хувийг, харин баруун бүсийн эзлэх хувь 20.82 болж 3 хувиар л нэмэгдсэн, бүс хооронд хөгжлийн зөрүү ихтэй хэвээр байв. 2021 оны байдлаар нийт ДНБ-ний 72.2 хувийг төв болон зүүн бүсийн хөгжингүй 13 муж бүрдүүлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс, Зам” стратеги дэвшүүлэн гаргаснаас хойш тус улсын баруун бүсийн ач холбогдол улам нэмэгдсэн юм. БНХАУ-ын баруун бүсийн Шинжаан Уйгарын ӨЗО, Ганьсу муж Хятадаас Төв Ази, Еврази, цаашлаад Европ руу гарах гол түшиц газар нь болдог бол зүүн хойд гурван муж болон Өвөр Монголын ӨЗО нь Зүүн хойд Ази руу гарах уулзвар газар болдог. Хятад улс хуурай газраар 14 улстай хиллэдэг ба хуурай газрын хилийн бүсээ хөгжүүлж, дотоодын бүс хоорондын хөгжлийн ялгаа зөрүүг арилгах нь Хятадын бодлогын нэг гол зорилт болоод буй.

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

Баруун бүсийн хөгжлийн бодлого

2000 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс “Баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх бодлого” баталж, баруун хойноос баруун өмнөд бүс хүртэл буюу Өвөр Монгол, Шинжаанаас эхлээд өмнөд талын Гуанши муж хүртэлх нутгийг хамруулан дэд бүтэц, үйлдвэрлэл, байгаль хамгаалал зэрэг олон салбарыг хамруулсан цогц бодлого хэрэгжүүлж ирсэн. Улмаар 2010 оны 4 дүгээр сард “Төрийн зөвлөлөөс баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх стратегийг сайтар хэрэгжүүлэх тухай зарим санал”-ыг баталж, “Өвөр Монголын Манжуур, Гуанши мужийн Дуншинь, Юньнань мужийн Руйли зэрэг боомтыг нээлттэй хөгжүүлэх туршилтыг идэвхжүүлэх”-ээр тусгасан ба шаардлага хангасан бүсийг хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгохоор тогтож байжээ.

Өдгөө Хятад улс “Бүс, зам” санаачилгатай холбоотой баруун бүс рүү чиглэсэн хурдны замын сүлжээг өргөжүүлж байна. Улсын зэрэглэлийн хурдны зам G7 Өвөр Монгол, Ганьсу, Шинжаан Уйгарын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Хятад улсын хурдны замын маршрутаас харахад манай улсын баруун бүсийн хилийн цаагуурх хурдны замууд нь зүүн бүсийн хилийн цаадахтай харьцуулахад хилд илүү ойртон ирсэн байна. Харин төмөр замын сүлжээний тухайд Хятад улсын хөгжил зүүн бүсдээ түлхүү төвлөрсөн байдагтай холбоотой төмөр замын сүлжээ нь зүүн хилийн цаагуур илүү нягт байгаа юм. Хэдий тийм боловч Хятадын баруун бүсийн төмөр замын одоо байгаа маршрут нь манай улсын баруун, баруун урд хилд ойрхон байрлалтай байгаа. Түүнчлэн төмөр замын сүлжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй байгуулагдаж, хилийн цаана хэд хэдэн тээврийн зангилаа төвүүд үүсэж байна.

Монгол Улсын баруун бүс нутагтай БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО, Ганьсу муж, Өвөр Монголын ӨЗО тус тус хиллэдэг. Гэхдээ эдгээр гурван засаг захиргааны нэгж нь том газар нутагтай, олон сая хүн амтай (Шинжаан Уйгарын Өөртөө засах орон гэхэд л 25 сая хүн амтай) тул бүхэлд нь авч үзэх нь хэт ерөнхийлсөн болох тул манай улстай шууд хил залгаа орон нутгийн нөхцөл байдлыг тухайлан авч үзэв. Тодруулбал Шинжаан Уйгарын ӨЗО-оос Монгол Улстай хил залгадаг Алтайн бүс нутаг, Хами бүс нутаг, Ганьсу мужаас манай улстай хил залгадаг Жючуань хотын бүс, Өвөр Монголын ӨЗО-ы хамгийн баруун талын Эзнээ хошууны эдийн засгийн бүтэц, тээврийн сүлжээний хөгжлийн байдлыг авч үзлээ.

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орон

Шинжаан Уйгарын ӨЗО Хятадын хамгийн том засаг захиргааны бүс бөгөөд нутаг дэвсгэр нь 1.6 сая хавтгай дөрвөлжин километр, энэ нь Хятадын газар нутгийн зургааны нэгээс илүү, хилийн урт нь 5682 километр юм. XIV таван жилийн төлөвлөгөөнд Хятад улс хуурай газарт 7 цэвэр эрчим хүчний бааз байгуулахын нэг нь Шинжаан Уйгарт төлөвлөгдөөд байгаа нь баруун бүсийг тусгайлан хөгжүүлэх бодлоготой холбоотой.

Шинжаан нь Монгол, Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг улстай хиллэдэг. Өөрөөр хэлбэл Шинжаан Уйгартай холбогдсоноор манай улс Шинжаанаар дамжин цааш Төв Ази, Баруун Ази руу гарах үүд болох юм. Шинжаан нь дотооддоо Ганьсу, Чинхай, Төвөдийн ӨЗО-тай залгаа оршдог. Шинжаан Уйгарын Монгол Улстай шууд хиллэдэг орон нутаг нь Алтайн бүс нутаг болон Хами бүс нутаг болно. Эдгээр бүсийн тухай доор дэлгэрүүлэн авч үзье.

Шинжаан Уйгарын Алтайн бүс нутаг

Шинжаан Уйгарын ӨЗО-ы Ил Казахын өөртөө засах жоугийн харьяанд байдаг Алтайн бүс нутаг нь ОХУ, Казахстан, Монгол Улстай хиллэдэг, Монгол Улсын хувьд Баян-Өлгий, Ховд аймагтай хил залган оршдог. Торгоны замын эдийн засгийн зургаан коридорын хойд коридорын хэсэгт багтдаг гол зангилаа газар юм. 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хүн амын тооллогоор Алтай бүс нутгийн хүн ам 668587 хүрээд байна. 2019 онд тус бүсийн ДНБ 5.3 тэрбум ам.доллар, 2020 онд 5.2 тэрбум ам.доллар болсон байна.

Зураг 1: Шинжаан Уйгарын Алтайн бүс нутгийн байршил

Усны нөөц: Алтайн бүсэд том жижиг 417 мөсөн гол байдаг бөгөөд нийт талбай нь 293.2 хавтгай дөрвөлжин километр. Гурван том голын ай сав нь 95,700 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг, жилийн нийт урсац нь 13,37 тэрбум шоо метр. Эрчис мөрөн Шинжааны хоёр дахь том гол бөгөөд гол горхи нь Хятадад 593 километр урт, жилийн диаметр нь 11.9 тэрбум шоо метр юм. Алтай орчмын усан цахилгаан станцын боломжит нөөц 4750.71 МВт, суурилагдсан хүчин чадал нь 2139 МВт. Эрчис мөрний хөндийн салхины бүс нь Шинжааны есөн салхины бүсийн нэг бөгөөд урьдчилсан тооцоогоор 1.5 сая киловатт суурилагдсан хүчин чадал бий. Тус бүс нутгийн 48 усан санд (үүнд 2 том, 11 дунд, 35 жижиг усан сан) нийт 936 сая шоо метр хадгалах багтаамжтай.

Ашигт малтмалын нөөц: Алтайн бүс нутагт янз бүрийн хүдэржилтийн геологийн нөхцөл бүхий ашигт малтмалын арвин нөөцтэй. Өнгөт металлург, алт, номин, болор гэх мэт үнэт эрдэнийн чулуугаар баялаг. Нийт 84 төрлийн ашигт малтмал илэрсэн. Берилий, мусковит, калийн хээрийн жоншны батлагдсан нөөцөөр Хятадад тэргүүлдэг. Шинжаан дахь Халатунк зэс-никелийн уурхай нь Шинжааны хамгийн том зэс-никелийн уурхай юм. Гэвч ашигт малтмалын хайгуулын ажлын түвшин доогуур, ашигт малтмалын олборлолт, ашиглалт бага, давуу талыг нь бүрэн ашиглаж чадаагүй байна.

Эдийн засгийн бүтэц: Алтай бүс нутгийн эдийн засагт ХАА 17.5 хувь, аж үйлдвэрлэл 33.1 хувь, үйлчилгээний салбар 49.5 хувийг бүрдүүлдэг. ХАА-д мал аж ахуй, газар тариалан голлодог. Хүнд аж үйлдвэрлэлд төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал, бериллийн хайлш, зэс, цайр, цемент, алт голлодог бол хөнгөн үйлдвэрлэлд сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил голлож байна. Эрчим хүчний үйлдвэрлэлд нь ус, салхины эрчим хүч голлодог.

Алтайн бүс “Бүс, Зам” санаачилгын гол маршрутын нэг тул энэ бүсэд гадаадын болон Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо ихээр нэмэгдэж байгаа, 2019 онд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 249 сая юань болж, 2018 оны мөн үеийнхээс 72.7%-иар өссөн байна.

Тээврийн сүлжээ: Шинжааны Алтай бүс нутгийн төмөр замыг хойд төмөр замын тойрог гэдэг. 2020 оны 12 дугаар сард Алтай хот-Фуюнь-Жүньдун хүртэлх төмөр зам ашиглалтад орсон.[3] Ингэснээр энэхүү хойд төмөр замын тойрог бүрэн дуусаж тойрог болжээ. 

http://www.xj.cei.cn/__local/6/BF/A7/F6B08AB1F9C6213D8C4FAF43EAA_9412746E_F8A5.jpg?e=.jpg

Зураг 2. Шинжаан Уйгарын ӨЗО-ы төмөр замын дөрвөн тойрог

1.    Төмөр замын хойд бүс дэх жижиг 3 цэгээр тэмдэглэсэн нь Алтай – Фуюнь – Жуньдун  чиглэлийн төмөр зам
2.    Том 1 цэг нь ӨЗО-ы төв Өрөмчи хот

Шинжаан Уйгарын Хами бүс нутаг

Хами бол Шинжаан Уйгарын ӨЗО-ы зүүн талын бүс. Бүсийн төв нь Хами хот. Хятадын дотоодоос Хами бүсээр дамжин баруун тийш хүрдэг, гол зангилаа газар юм. Энэхүү давуу байршлыг нь ашиглан Хятадын Төмөр замын яамнаас Хамиг Шинжааны гурван гол төмөр замын зангилаа хотын нэг болгохоор төлөвлөсөн. Тус хотыг улсын 179 үндэсний тээврийн зангилаа хотын нэг болгохоор Харилцаа холбооны яам мөн төлөвлөжээ. Ийнхүү Хами хот нь Өөртөө засах орны хот төлөвлөлт, хөгжлийн тогтолцооны хувьд Торгоны замын эдийн засгийн бүсийн нэг гол цэг, үндэсний эрчим хүчний шинэ бааз, Шинжааны нэгдүгээр түвшний тээврийн зангилаа төв, аж үйлдвэржилтийн гол талбар болох ажээ.

Зураг 3: Шинжаан Уйгарын Хами бүс нутгийн байршил

Хами бүс нь Тэнгэр нурууны хойд өмнөд хэсгийг дамнан оршдог. Хойд болон зүүн хойд талаараа Монгол Улсын Говь-Алтай аймагтай хиллэдэг. Хами бүс дотооддоо зүүн болон зүүн өмнөд хэсгээрээ Ганьсу мужийн Жючуань хоттой, өмнөд хэсэг нь Баянголын монгол өөртөө засах жоутай, баруун болон баруун өмнөд талаараа Чанжи хотон үндэстний өөртөө засах жоу, Турфан хоттой тус тус залгаа оршдог.

2019 оны эцсийн байдлаар хотын хүн ам 557600 хүрчээ. Хами бүсийн иргэд дөрвөн төрлийн шашин шүтдэг (Ислам, Христ, Католик, Төвөдийн Буддизм). Уйгур, Казак, Хотон, Киргиз, Узбек, Татар, Дунсянь үндэстнүүд Исламын шашинд итгэдэг. Хань үндэстний 5000 орчим хүн христийн шашин, католик шашинд итгэдэг бол Бархөл хошууны зарим монголчууд Төвөдийн буддизмыг шүтдэг.

Хами хотын эдийн засгийн бүтэц: 2019 онд тус хотын ДНБ 9.4 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос 6.4 хувиар өсчээ. Үүнээс ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл 644 сая ам.доллар, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 5.3 тэрбум ам.доллар, үйлчилгээний салбарынх 3.5 тэрбум ам.доллар хүрчээ. ДНБ-ийх нь бүтцийг авч үзвэл ХАА салбар 6.8 хувь, аж үйлдвэрийн салбар 56.4 хувь, үйлчилгээний салбар 36.8 хувийг тус тус эзэлдэг. Нэг хүнд ногдох ДНБ 15342 ам.доллар болсон нь өмнөх оныхоос 6.8 хувиар өссөн байна.

Хами бүс нутаг нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Хами нүүрсний арвин нөөцтэй, урьдчилсан таамагласан нөөц нь 570.8 тэрбум тонн, энэ нь улсын таамагласан нөөцийн 12.5 хувь, Шинжааны таамагласан нөөцийн 31.7 хувийг эзэлж, Шинжаандаа нэгдүгээрт ордог. Нүүрсний чанар сайтай, хадгалах нөхцөл сайтай, олборлолтын зардал бага. Орчин үеийн нүүрсний химийн үйлдвэрийн өндөр чанартай түүхий эд юм. “XIII таван жил"-ийн хугацаанд нүүрсний аж үйлдвэрийн бүтцийг улам оновчтой болгож, ухаалаг нүүрсний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй түргэтгэсэн. Өндөр чанартай нүүрс олборлох хүчин чадлыг улам бүр нэмэгдүүлж, нүүрс-химийн үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн түвшин эрс дээшилсэн. Маоху, Сантанху болон бусад нүүрс-химийн үйлдвэрийн хөгжлийн кластерууд бүрэлдэж, нүүрс-химийн үйлдвэрлэлийн орчин үеийн хөгжлийн хэв маяг болох нүүрснээс-хий, нүүрс-олефин гарган авч ашиглаж байна.

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө