БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

2022 оны 9 сарын 262022-09-26
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Өмнөх нийтлэл 

Тээврийн сүлжээ:

Жянжүньмяо – Наомаоху чиглэлийн төмөр зам: Шинжаан Уйгарын ӨЗО-ы XIV таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсын хилийн цаахна талд Жянжүньмяогоос Наомаоху чиглэлийн (Зураг 4-д улаан зураасаар тэмдэглэсэн хэсэг) төмөр зам тавихаар төлөвлөж, 2021 оны 4 дүгээр сараас бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна. Нийт 10.36 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай, нийт урт нь 429.884 километр, зураг төслийн хурд нь цагт 120 километр бөгөөд 2023 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй, ачаа тээврийн төмөр зам юм.

Зураг 4: Жянжүньмяо – Наомаоху чиглэлийн төмөр зам /улаанаар тэмдэглэсэн/

Уг шинэ төмөр зам болон Шинжаан Өвөр Монголыг холбосон төмөр замууд нь Бээжин-Тяньжин-Хөбэйгийн эдийн засгийн бүсийг баруун хойд бүстэй холбосон чухал гарц болох ба Жүньдун, Сантун нуур, Наомао нуур зэрэг уул уурхайн бүсийн бүтээн байгуулалтын суурь дэд бүтэц, мөн Шинжааны нүүрс тээвэр болон нүүрс-химийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол төмөр зам болно.

Хами – Эзнээ чиглэлийн төмөр зам: Шинжаан Уйгарын ӨЗО-ы Хами хотоос Ганьсу мужаар дамжин Өвөр Монголын ӨЗО-ы Эзнээ хошуу хүрэх (Зураг 5-д тэмдэглэгдсэн маршрут) төмөр зам 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орсон. Нийт 644 км урт, 120 км/цагийн хурдтай. Хятадын дунд урт хугацааны төмөр замын сүлжээнд төлөвлөгдсөн бүсийг холбосон гол төмөр замын шугамын нэг хэсэг юм.

「E投線上」新疆鐵路疆內"四個環”,出疆三條大通道,佈局成形

Зураг 5. Хами – Эзнээ чиглэлийн төмөр зам

Ганьсу мужийн Жючуань хотын бүс

Ганьсу мужийн хойд хэсэгт орших Жючуань хот Монгол Улстай хиллэдэг. 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Жючуань хотын хүн ам 1,055,706 болжээ. Жючуань хотын оршин суугчдын 94.41%-ийг Хань үндэстэн, 5.59%-ийг бусад цөөнх үндэстэний хүн ам эзэлж байна.

Зураг 6: Ганьсу мужийн Жючуань хотын бүсийн байршил

Эдийн засгийн бүтэц: 2020 онд Жючуань хотын бүс нутгийн ДНБ нь 10.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс ХАА-н үйлдвэрлэл 1.7 тэрбум ам.доллар, аж үйлдвэрлэл 4.2 тэрбум ам.доллар, үйлчилгээний салбарынх 4.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдийн засгийн бүтэц нь ХАА 17.2 хувь, аж үйлдвэрлэл 41.2 хувь, үйлчилгээний салбар 41.6 хувийг эзэлж байна.

Жючуань хотын бүс нь усалгаатай газар тариалангаараа мужийн хэмжээнд тэргүүлдэг. Хятадын баруун хойд хэсгийн усалгаатай газар тариалангийн алдартай бүс юм. Үр тариа, хөвөн, чихрийн нишинг, тос, шар айрагны арвай, жимс, хүнсний ногоо тариалдаг. Мөн тарвас, гуа, цагаан цахирмаа гуа, лийр, алим ургуулдаг. Хонь 5.534 сая толгой болж өсчээ. Гахайн тоо толгой 458 мянга, шувууны тоо толгой 9.319 сая болсон байна. Он гарсаар 78 мянган тонн мах үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 2.8 хувиар өссөн байна. Сүүний гарц 18 мянган тонн, шувууны өндөгний гарц 9700 тонн болжээ.

Жючуань хотын хөгжиж буй стратегийн салбарууд нь эрчим хүчний шинэ тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, шинэ материалын үйлдвэрлэл, био эмийн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй таван том салбар юм. Хүнс болон бусад салбарууд нь тулгуур салбар болно.

Тээврийн сүлжээ: 2020 онд Ганьсу мужийн хэмжээнд төмөр замын урт 5467 км байгаа бол 2025 он гэхэд 6500 км хүргэхээр зорилт тавиад байна.

Ганьсу мужийн XIV таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаар Жючуань – Эзнээ хошуу – Сэхэ боомт хүртэл төмөр зам тавихаар төлөвлөгдсөн нь Ганьсу мужийн нутгаар дайран өнгөрч буй юм. Жючуань – Эзнээ хошуу хүртэл авто зам мөн тавигдана. Жючуань – Сэхэ боомт хүрч Монгол Хятад Орос гурван улсын эдийн засгийн коридортой холбогдоно гэж заажээ.  

Ганьсу мужийн төв Ланьжоу хотыг хуурай газрын боомт буюу тээврийн зангилаа төв болгон бүтээн байгуулахаар таван жилийн төлөвлөгөөнд мөн тусгасан байна. Ингэснээр Ланьжоу хот агаарын тээвэр, төмөр замын тээврийн зангилаа болж буй хэрэг.

Түүнчлэн Ганьсу мужийн Монгол Улстай хиллэдэг цорын ганц боомт болох Мазуншань боомтоос Үймэн хот хүртэл босоо маршрутын автозамыг тавина. Энэ босоо тэнхлэгийн зам Хятадын дотоодын G7 ба G30 хөндлөн тэнхлэгийн хурдны авто замтай холбогдох юм. Мөн Мазуншань боомтоос урагшаа эх газрын гүн рүү Шааньси мужийн Люгөу хүртэлх төмөр замыг тавьж, хилийн боомтоос Хятадын дотоод руу холбогдох хэлхээ холбоог нэмэгдүүлнэ гэж заажээ.  

БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань бүс Монгол Улсын Говь-Алтай аймагтай 64 км газраар хиллэдэг. Хятадын талаас Мазуншань боомт байдаг бол Монголын талаас Нарансэвстэйн боомтыг 1991 онд нээгээд, хаасан байдаг. Өдгөө уг боомтыг нээх нь баруун урд хилийн худалдаа, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нөлөө үзүүлэхээр байна. Хятадын талын боомтын дэд бүтэц, зам тээврийн сүлжээ нь Ганьсу мужийн ирэх таван жилийн төлөвлөгөөнд хэдийн тусгагдаад байгаагаас үүнийг харж болно. Монголын тал Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг энэ оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн ИТХ-аар хэлэлцсэн.

Өвөр Монголын ӨЗО-ы Альшаа аймгийн Эзнээ хошуу

Альшаа аймгийн Эзнээ хошуу нь Өвөр Монголын баруун бүсэд байрладаг, баруун талаараа Ганьсу мужтай залгаа, хойд талаараа Монгол Улстай хиллэдэг. Хилийн боомт нь Сэхэ боомт, Монгол талаас бол Шивээхүрэн боомт юм.

十月西部赏秋,额济纳旗7日游详细路线规划- 马蜂窝
Зураг 7: Цэнхэр тасархай зураасаар тэмдэглэгдсэн нь Эзнээ хошууны нутаг дэвсгэр

2020 оны тооллогоор Эзнээ хошуунд  35756 хүн оршин суудаг. Монгол, хань, хотон, манж, төвөд, дагур, орос болон бусад цөөнх үндэстний иргэд оршин суудаг. Хүн амынх нь 81 хувь нь хань үндэстэн, 16 хувь нь монгол үндэстэн юм.

Ашигт малтмалын нөөцөөр арвин. 2021 оны байдлаар нийт хошуунд 50 төрлийн ашигт малтмал илэрсэн, 270 гаруй орд бий. Нүүрс, төмөр, зэс, алт, мөнгө, хар тугалга, цайр, вольфрам, молибден, сурьма, галли, титан зэрэг нөөц нь тогтоогдсон хорин төрлийн ашигт малтмал байна. Мөн газрын тос, байгалийн хий, цагаан тугалга, газрын ховор элемент, гөлтгөнө, давс, шүлт, гантиг, өнгөлгөөний боржин чулуу, судалтай кварц, барилгын чулуу, барилгын элс, тоосго зэрэг 17 төрлийн ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон 68 орд газартай.

Эдийн засгийн бүтэц: 2020 онд Эзнээ хошууны ДНБ 593 сая ам.доллар хүрсэн. Үүнээс ХАА-н үйлдвэрлэл 38.4 сая ам.доллар, аж үйлдвэрлэл 159 сая ам.доллар, үйлчилгээний салбарынх 390 сая ам.доллар болжээ. Эдийн засгийн бүтцийн харьцаа нь 6.5 хувийг ХАА, 26.9 хувийг аж үйлдвэрийн салбар, 66.6 хувийг үйлчилгээний салбар эзэлж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариа голчилж, хөвөн, хүнсний ногоо, жимс бага хэмжээгээр тариалдаг. Гахайн мах, үхрийн мах, хонины мах, шувууны мах тус тус нийлүүлдэг.Аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүнд төмрийн хүдэр, угаасан нүүрс голлож байна.

Эзнээ хошуунд Дунфөн сансрын хот (Жючуань хиймэл дагуул хөөргөх төв) байрладаг. Энэ нь Хятадын пуужин, хиймэл дагуул, сансрын хөлгийн өлгий нутаг бөгөөд “Хятадын сансар судлалын анхны боомт” гэгддэг.

Тээврийн сүлжээ: 2018 оны эцсийн байдлаар Эзнээ хошууны төмөр замын нийт урт нь 1146 километр хүрээд байв.

Эзнээ – Хами чиглэлийн төмөр зам: Нийт 629.9 км урт (Эзнээ хошуун дахь хэсэг нь 290.5 км) 2015 онд ашиглалтад орсон (Зураг-5).

Эзнээ – Жючуань чиглэлийн төмөр зам: Нийт урт 395 км. Тус төмөр замын 14-р бааз хүртэлх хэсгийн урьдчилсан ажил эхэлсэн байна.

Жючуань – Сэхэ чиглэлийн төмөр зам: 2021 онд энэ төмөр замын хүчин чадлыг өргөтгөх, сэргээн засварлах ажлыг дуусгана. Жючуань – Сэхэ чиглэлийн төмөр зам 453 км урттай, (Эзнээ хошуун дахь хэсэг нь 367.3 км) Монголын Нарийнсухайтын нүүрсний ордоос импортолсон нүүрсийг голчлон Сэхэ боомтоор тээвэрлэдэг, 2006 онд ашиглалтад орсон.

Линьхө – Сэхэ чиглэлийн төмөр зам: Өвөр Монголын Баяннуур аймгийн Линхэгөөс Эзнээ хошууны Сэхэ боомт хүртэлх төмөр зам, улмаар Хами чиглэлийн төмөр замын зүүн хэсэг хүрч буй нийт 707 километр урт (Эзнээ хошуун дахь хэсэг нь 234 километр) 2009 оны 12 сард албан ёсоор ашиглалтад орсон.[4]

Авто зам: Эзнээ хошууны авто замын нийт урт 2019 оны байдлаар 2978 км урт байв. Үүнээс хурдны замын урт 460.5 км, нэгдүгээр зэрэглэлийн зам 94.5 км, хоёрдугаар зэрэглэлийн зам 205.8 км, гуравдугаар зэрэглэлийн зам 736.2 км, дөрөвдүгээр зэрэглэлийн зам 1481 км ажээ.

Дүгнэлт

БНХАУ сүүлийн 40 гаруй жил өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогын дагуу далайн эргийн зүүн бүсээ нээлттэй хөгжүүлсэн бол 2013 онд Ази, Европ, Африк гурван тивийг холбох “Бүс, зам” санаачилга дэвшүүлснээр дотооддоо хуурай газрын хилийн бүсийн хөгжилд анхаарахад асар их түлхэц болсон юм. Хятадын баруун бүсийн хөгжлийн бодлого 2000-аад оноос эхтэй ч “Бүс, зам” санаачилгын дараа улам эрчимжиж, хуурай газрын хилийн бүсийг дэмжих бодлогын баримт бичгүүд гарсаар байна. Тэдгээр бодлогод манай улсын урд хилтэй залгаа орших хэд хэдэн хилийн боомт, хилийн хотууд тусгагдсан байна.

Манай улсын баруун ба баруун урд бүстэй шууд хил залгадаг Шинжаан Уйгарын ӨЗО-ы Алтайн болон Хами бүс нутаг, Ганьсу мужын Жючуань хотын бүс, Өвөр Монголын ӨЗО-ы Эзнээ хошуу хэмээх дөрвөн орон нутгийн нөхцөл байдлыг авч үзэхэд нийлээд 2.3 сая хүн амтай, ДНБ нь 25.4 тэрбум ам.доллар хүрч байна. (Хүснэгт 1) Зөвхөн хилийн бүс нь гэхэд ийнхүү эдийн засгийн чадавхаар Монгол Улсын ДНБ-ээс хоёр дахин өндөр, зах зээлийн ихээхэн нөөцтэй юм.

ӨЗО, муж Орон нутаг Хүн ам ДНБ /ам.доллар/
 1 Шинжаан Уйгарын ӨЗО Алтайн бүс нутаг 668 587 5.2 тэрбум
 2 Шинжаан Уйгарын ӨЗО Хами бүс нутаг 557 600 9.4 тэрбум
 3 Ганьсу муж Жючуань 1 055 706 10.2 тэрбум
 4 Өвөр Монголын ӨЗО Эзнээ хошуу 35 756 593 сая
    Нийт 2 317 649 25.4 тэрбум
Хүснэгт 1. Баруун бүсийн хил залгаа орон нутгийн хүн ам, ДНБ

Давуу тал: Тээвэр ложистикийн сүлжээний тухайд Хятадын G7 олон улсын зэрэглэлтэй хурдны зам манай улсын баруун хилийн цаагуур ойрхон өнгөрдөг. Төмөр замын сүлжээг сайтар төлөвлөж, хөгжүүлж байна. Зүүн бүсийнхтэй харьцуулахад төмөр замын маршрут нь манай улсын хилийн шугамд илүү ойр дөт ирээд буй тул холбогдоход хялбар. Баруун бүс нутгийн Шинжааны Хами бүс, Ганьсу мужийн Ланьжоу хот зэргийг тухайн бүсийн тээврийн гол зангилаа цэг болгон хөгжүүлж байна.

Сул тал: Тус бүс нутаг нь Хятад улс дотроо хоцрогдолтой бүсэд тооцогддог. Тээврийн сүлжээ нь төлөвшиж хөгжиж буй боловч харьцангуй сийрэг. Өндөр технологийн аж үйлдвэрлэл сул хөгжсөн. Гол төлөв байгалийн баялаг орд газруудад суурилсан уламжлалт эдийн засагтай. Олон үндэстэн ястан, олон шашин зэрэгцэн оршдог, үндэстэн хоорондын зөрчил ихсэж магадгүй бүс нутаг.

Боломж: Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

Эрсдэл: Хятадын баруун бүс нутаг нь байгалийн баялгаар арвин нөөцтэй тул Монгол Улсын хувьд хамтрагч гэхээсээ өрсөлдөгч шинжтэй юм.

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө