Т.Намжил: Нууц амрагтай л болоогүй бол илэн далангуй ярилц

2
2022 оны 9 сарын 292022-09-29
Т.Намжил: Нууц амрагтай л болоогүй бол илэн далангуй ярилц

 Гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжилтай  ярилцлаа. 

-------------------------------------------

-2022 оны эхний хагас жилийн байдлаар 2823 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Залуус ханиа сонгох, гэр бүлээ төлөвлөхдөө алдаа гаргаад байна уу?

-Мэдээж. Манайхан гэр бүл болох хүнээ зөв сонгож чадахгүй байна. Хий романтик хайр дурлал мөрөөдөж, үүлэн дунд хөвж явахдаа шөнийн гурван цагт караокед ханьтай болчихож байна шүү дээ. Ханиа болгон сонгох хүнийхээ сайн, муу талыг бүгдийг нь таньж мэдээгүй нь маш том алдаа болдог. Гэр бүл болохоо урьтал болгоод яаран гэрлэснийхээ дараа "энэ хүн өөрчлөгдчихлөө” гэж хэлдэг. Гэтэл тэр хүнийх нь мөн чанарт нь анхнаасаа муухай араншин нь байсан л байгаа байхгүй юу. Харин түүнийг хэсэг хугацаанд ил гаргаагүй нуусан хэрэг. Уг нь манай өвгөдийн амьдралын туршлагаас 2-3 жил, найзлах явцдаа туршчихдаг байсан.

Тиймээс ханилах хүнээ уурлуул, уйлуул, дуулуул, согтоо, юмаар дутаа. Янз бүрээр үз. Та нар энийг амьдрал дээрээ туршаад үзээрэй. Худлаа өвдөж зовоод үзэхгүй юу, яадаг юм. Тэгээд л мэдэх хэрэгтэй.

Давхар сэтгэлтэй бол энэ байдалд удаан тэсэж чадахгүй. Урвайх, унжийх асуудал гарах нь уу хар. Шилж, сонго. Тэгж байж заяаны ханиа олж авна.  30 насны босгыг давахаар санаанд чинь таарах хүн олдохгүй. Орчин үед эдийн засгийн болон боловсролын зөрүү гарвал нэг нэгнийгээ дээрэлхээд байдаг болж. Тэгэхээр түмэн мянган хүнээс өөрийнхөө зиндаанд тохирох хүнийг олж ав. Угаас арван хуруу тэгш хүн гэж байхгүй. Тиймээс өөртөө хүн тохируулах бус өөрөө хүнд тохирч сурах хэрэгтэй. Хүний ертөнцийг хүндэтгэж, тухайн хүний соёлыг таньж харьц.

-“Олон охид энгэр чимнэ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул” хэмээн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай энгүүн атлаа үнэнийг өгүүлсэн нь бий. Үнэхээр л хань хэмээн хэн нэгнийг онцолж, гэр бүл зохионо гэдэг хамгийн чухал сонголт. Гэхдээ та яриандаа шөнийн 03:00 цагт караокед ханьтай болчихдог гэлээ. Тэгэхээр  залуус  жинхэнэ  хайрын мөн чанарыг таньж мэдэлгүй өнгө төрхөнд хууртаад байгаа байх нь ээ?

-Гэр бүлийн харилцааны асуудлыг хүний сэтгэлийн дотоод мөн чанартай холбож ойлгох хэрэгтэй. Өнөөгийн нийгэм асуудлыг дандаа гадна талаас нь харж, хэлбэр хөөцөлдөх болсон. Хайр олон янз. Хайрын үндэс бол итгэлцэл. Хайрыг салгаад дурлал хайрын хайр болговол 9-10 төрөл бий.  Үүний ялгааг мэдэх хүн ховор. Дунд сургуульд шохоорхол, өсвөр насанд мөрөөдлийн буюу романтик хайр байх жишээний. Жинхэнэ хайр юу вэ гэдгээ мэдэхээ байсан. Хайрын утга учрыг ойлгож байж хүнийг хайрлана. Залуус хайрыг зөвхөн секс гэж ойлгох болжээ. Ингэж ярьж болохгүй. Хайр бол нандин зүйл. Бие биенээ харилцан ойлгох, хүндлэх, найзлах нөхөрлөх мэдрэмжийн асуудал шүү дээ.  Эхнэр, нөхрөө  дээд зэргээр хайрлаж халамжил. 

Залуус хайрыг ойлгож байгаа эсэхэд хүртэл би эргэлзэж байна. Орчин үед халамжийг эд хөрөнгөөр үнэлээд  байх шиг байна. Эхнэртээ машин аваад өгчихсөн бол болоо. Эдийн талд анхаараад байвал монгол гэр бүл задралд орно. Монгол эмэгтэйчүүдийн хэрэгцээ хэзээ ч ханахгүй. Ингэснээр нөгөө талд сэтгэлгээгээ өөрчлөх асуудал хаягддаг. Далай лам хэлэхдээ эмэгтэйчүүд их хөрөнгөтэй болоод ирэхээрээ ногоон машинаа улаан болгоё гэж боддог гэж байгаа. Ийм арчаагүй байдалд орж байна. Халамж, хайр хоёр нэгдэлтэй явна шүү. Цувруулах хэрэггүй. Өвдөж зовсон үедээ сэтгэл тавин асарч өргөх үедээ өөрийн биеийг зовоохын юманд бүү бод эрчүүд ээ. Жинхэнэ нөхөр ийм үед л дэргэд байна.

-Анзаараад байхад сүүлийн үед нийгэмд "Чөлөөт сонголт” гэсэн ойлголт дэлгэрч байна. Энэ нь  салалтад их бага хэмжээгээр нөлөөлнө биз.

-Манай улсын хүн ам гурван үзэл санаанд хуваагдсан. Нэг нь социализмын үе, нөгөө нь социализм-ардчиллын холимог үзэл санаат үе, өөр нэг нь сүүлийн 20 жилийн хугацаанд төрсөн ардчилсан үзэл санаат глобалчлалын үе. Ийм гурван үзэл санаа бүхий давхарга байгаа учраас үе бүрт хамаарах хүмүүстэй өөр өөр байдлаар, онцлогт нь тохируулан ажиллах нь зүйтэй байдаг. Нэг ёсондоо, манай хүн ам мэдээллийг гурван янзаар хүлээж авч байна гэсэн үг. Тиймдээ ч сүүлийн үед би хэнтэй ч суусан, би хэд ч салсан миний эрх гэж хэлэх нь ажиглагдах болсон. Энэ ойлголт нь нөгөө талаар хожуу гэрлэлтийг үүсгэх, гэрлэхгүй байсан ч яах вэ гэсэн бодол дотоод ухамсарт бий болгоно.

Гэрлэхгүй байх хандлага нь өөрийнхөө чөлөөт байдлыг хангах зорилготой. Цалин авна, өөртөө зарцуулна. Хаашаа явахаа өөрөө шийднэ. Хүнтэй эрх мэдэл булаацалдахгүй. Гэрлэлт гэдэг бол бие биенээ захирах ба захирагдах үйл явц. Өөрөөр хэлбэл харилцан нөхөлцөж явна гэсэн үг. Энэ зарчмыг эвдэж ганцаараа туулна гэвэл амьдралын дүрмийг зөрчиж байгаагаас ялгаагүй. Ганцаараа явсаар хүнтэй таарахаа больж, өөрийгөө боддог. Ганцаардал бол хүсэх зүйл биш. Залуучууд хайртай хүнээ нягт нямбай сонгож, ханил. Үүнийг тун хичээх хэрэгтэй. Царайны сайхнаар цай сүлэхгүй гэх ардын үг бий. Гэхдээ сүүлийн үед залуус хараад дурладаг болсон. Хэт хөнгөн болсон. Өнөөдөр хамт нэг шөнийг өнгөрүүллээ маргааш нь саллаа ийм асуудал нийгэмд их байна. Ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүдийн дунд өдөр бүр хүнээ сольж уулздаг нэр томъёо хүртэл үүссэн. Үүнийг анхаарч авч үзэх ёстой. Яваандаа тогтвортой гэр бүл үүсэхэд нөлөөхөөр том асуудал шүү. Нэг тийм  сониуч залуусын арми  бий болох нь. Энэ бол гэр бүлийн хөгжлийн явцад  шинэ үзэгдэл болоод байна.

Өөр нэг асуудал нь  гэрлэгсдийн нас бүр залуужсан. Үндсэн хуульд 18 наснаас гэр бүл зохионо гэж заасан. Гэтэл амьдрал дээр өсвөр үеийнхэн  хүүхэдтэй болох нь түгээмэл байна. Охидын сарын тэмдэг эрт ирдэг болсон. Хөвгүүдийн биед ч өөрчлөлт орж байна. Тиймээс хүний өөрийн биеийнх нь хөгжлийн явц учрөөс өсвөр насанд гэр бүл зохиолоо гэж зэмлэхийн аргагүй болж байна. Манайхан амьдрал дээр охидыг гэдсээ чирээд ирлээ гэж загинаад ад үзэх хандлагатай байдаг. Гэхдээ үүнийг эцэг эхчүүд ойлгох цаг нь болсон шүү. Би эцэг эхчүүдэд  “13-15 настай хүргэн, бэртэй болно шүү гэж хүлээж авахдаа бэлдээрэй” гэж хэлдэг.

-Ойрын ирээдүйд үү?

-Үгүй. Одооноос. Энэ их сонин үзэгдэл. Ойрын жилүүдэд Үндсэн хуулийн  “18 насандаа гэр бүл зохиож болно”  гэх  заалт 16 нас  руу орохоос өөр аргагүй болж байна. 16 настайдаа иргэний үнэмлэх авдаг. Гэхдээ ач холбогдол нь юу юм. Ямар ч үүрэг хүлээдэггүй шүү дээ. 18 наснаас үүрэг хүлээхдээ эцэг эх нь хүүхдийнхээ өмнөөс нь хүлээдэг биз дээ. Нөгөө талаараа Монголын нийгэмд хожуу гэрлэлт их байна. Манай өвөг дээдэс дээр үеэсээ эхлээд хүүхэд 10 хүрээд ухаан ордог, цаашлаад 13, 15, 16 нас хүрээд хүн болох эхлэл тавигддаг, 18-25 насанд хүний бие хөгжлийн дээд үедээ ордог гэж сургасан. Үүнд үндэслээд 18-25 насны хооронд гэрлэж ханиа олж сайхан үр хүүхэдтэй болж амьдрах нь цаашдын амьдралд чухал. 26 наснаас эс нь цөөрч хөгшрөлтийн процесс эхэлдэг. 30-40 насандаа гэрлэж байна. Энэ нь хүний эрхийн асуудал. Гэхдээ хүн хэд насалж, хэдийгээр бэлгийн чадвар буурдаг билээ. Тэгэхээр залуус минь 18-25 насанд сайн хань үр хүүхэдтэй бол оо. 30 гараад гэр бүл зохиогоод хүүхэдтэй боллоо гэж бодъё. Муугаар бодоход хүүхдийнхээ тусыг үзэж чадах эсэх нь ч эргэлзээтэй шүү дээ.

-Тэгвэл гэр бүлийн бат бэх, тогтвортой харилцааг хадгалахын тулд яах ёстой вэ?

-Харилцан бие биедээ нээлттэй байх, ойлголцох,  хүндэтгэх, итгэлцэх, сэтгэлийн аз жаргалыг эдлэх нь бие биетэйгээ нөхцөлдсөн маш чухал ойлголт, алхмууд юм. Гэр бүлийн харилцаанд үг, яриа их чухал.

Бодлогогүй үг харилцааг сүйрүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Эхнэр нөхөр хоёр хэн хэнийхээ сэтгэлийг түвшин байлгахын тулд үгээ л зөв хэлэх хэрэгтэй.

Жишээлбэл, нэг байгууллагад орон тооны цомхотгол боллоо. Нөхөр нь цомхотголоор ажлаасаа халагдчихаж. Ажилгүй хоцорсон хойно унжийгаад ирнэ биз дээ. Орж ирээд эхнэртээ хэлнэ. Ингэхэд нь эхнэр нь орилж хашгичвал нөхөр нь хаалга саваад гарч одно. Бааранд орно, стрессээ тайлна, архи уугаад хоёр хүүхнээр сугадуулаад алга болж өгнө. Уг нь эхнэр нь, юу гэж хэлэх байсан гэхээр “Бүгдээрээ ярьж байгаад өөр ажил олно доо, болно. Миний өвгөнийг гуйгаад ирэх цаг ирнэ. Маргаашнаас ажлын эрэлд гарна даа” гэж л хэлэх ёстой байсан юм. Тэгэхээр дээр хэлсэн үгийн ач холбогдол гэр бүлийн харилцаанд ийм чухал нөлөөтэй.

Хурц, ширүүн үг хутга мэснээс илүүтэй зүрхэнд шууд тусдаг. Тиймээс залуу ч бай, өтөл ч бай гэр бүлийн гишүүдийн харилцаанд үг, хандлага маш их чухал. Хэрэлдэх биш хэлэлцэж байж эв зүйгээ ололцвол болно. Нууц амрагтай л болоогүй бол илэн далангуй ярилцаж байх хэрэгтэй. Илэн далангуй ярилцахгүйн улмаас дутуу ойлголцол бий болдог. Тэрэн дээр бүх муу юм төвлөрнө. Хардаж сэрдэх салах бүх зүйл үүснэ. Үүнийг эрчүүд бодчихоорой. Согтуудаа эхнэртээ эвгүй үг хэлвэл эхнэрийн зүрхэнд шар ус хуримтлуулаад насыг барна. Амьдрал ийм л байна. Чамтай яагаад сууваа гээд согтуудаа хэллээ гэхэд энэ чинь эхнэрийн зүрх сэтгэлд хатуу цохилт өгнө биз дээ. Үг гэдэг ийм л хүчтэй. Миний яриад байгаа зүйл ийм л энгийн хэрнээ жижиг зүйлээс эхэлнэ.

-Ингэхэд гэр бүлийн тогтвортой байдалд хосын насны зөрүү нөлөөлдөг үү ?

-12 жил болоод нэг жил ордог. 12 жилийг нэг үе гэдэг. Үе дотроо эмэгтэй хүн өөрөөсөө 12 жилийн доторх хүнтэй амьдрал зохиох нь амьдралд нийцтэй байдаг гэж үздэг юм байна лээ. Амьдралд нийцтэй гэдэг нь ярих, идэх уух, өмсөж зүүх гэхчлэн бүх зүйл багтаж байдаг. Түүний зохицолдлогоо нь их тохирч байдаг гэсэн учиртай. Эмэгтэй хүн өөрөөсөө 4-өөс дээш ах хүнтэй насны зөрүүтэй ханиа сонгож амьдрах нь амьдралд нийцтэй гэж үздэг. Дүү нөхөртэй байж болно. Үеэс цааш байж болно. 18-20 насны зөрүүтэй амьдрал байна. Тэр бол хүний эрхийн асуудал. Болж бүтэж биеэр нийлэхээс гадна сэтгэлээрээ нийлж байвал болно. Ханилах нь хүний эрхийн асуудал. Гэхдээ амьдралын цаашдыг бодох хэрэгтэй. 7 эгч бүсгүйтэй гэрлэсэн залуу надад “Хөрөнгөлөг учраас эхнэрийн харилцаа  давамгайлах хандлагатай. Эхнэр юу хэлнэ үг дуугай саналыг нь дэмждэг байсан. Ер нь эгч хүнтэй ханилах нь дэмий” гэж ярьж байсан. Мэдээж энэ нэг хүний асуудал биш байх л даа.

Гэхдээ хол насны зөрүүтэй амьдрал гэдэг амьдралын эцэст төвөгтэй байдлыг үүсгэдэг. Жишээ нь 25 насаар ах болон эгч хүнтэй ханилжээ. Тухайн үедээ залуу зандан настай сайхан амьдарч  болно. За нөгөө 25 насны зөрүүтэй хүн чинь 50 нас хүрэхэд нөгөө эхнэр нь гялалзсан сайхан 100-ын талыг насласан хүүхэн явж байна. Тэгэхээр энд олон харилцаанд анхаарах асуудал үүснэ. Хүүхэд гаргасан хэрнээ хардаж сэрдэнэ. Нөгөө хэт ахмад хүн чинь өөрийгөө зовоож эхэлдэг. Тэрний нөлөөн дор залуу хүн нь сэтгэлийн хувьд шаналалд ордог бас нэг ийм зовлон байх шиг  байна. Хол насны зөрүү эцэс  сүүлд нь зовлон болдог талтай.  Тиймээс насны эцэст яах вэ гэдгээ бодож явах нь чухал шүү гэж залуустаа хэлье.

-“Таван гэр бүл тутмын нэг нь салж байна” гэсэн судалгаа дээхнэ харсан. Салалт гэдэг нь цаасан дээрх бичиг баримтыг өөрчлөөд л болчихдог зүйл үү. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Салалт бол байх л зүйл. Үүнийг нийгэмд та нар зоригтой хэлэх хэрэгтэй. Сэтгэл нийлэхгүй, дутуу сэтгэлтэй хүмүүс нийлбэл амьдын там эдэлнэ биз дээ. Тэгэхээр эв зүйтэй салаад дараагийн шинэ амьдралаа эхлүүлсэн нь дээр. Товчхондоо бие биенээ ойлгохгүй, сексээр хангаж чадахгүйгээс дийлэнх хосууд салж байна. Хангаж чадахгүй байгаа нь хаягдаж байна. Манай эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Намайг хаяад явсан новш гэж бодохоос биш би эр нөхрөө хайрлаж, сексээр хангаж чадсан уу гэж өөрөөсөө алдааг хайдаггүй. Хангах гэх үгийн цаана жинхэнэ хайр, халамж, хүндэтгэл, зөв бэлгийн харилцаа зэрэг олон зүйл хамаарна шүү. Эхнэр нөхөр хоёр секс хийсэн болоод буруу тийшээ хараад унтдаг. Уг нь хоёулаа бие биеэ хангаж дур тавих ёстой. Гэвч энэ нь  орхигдсон.

Гэр бүлийн өдөр тутмын амьдралд  нээлттэй ярилцах, ойлгох, хүндлэх, итгэл, секс зэрэг нь  сэтгэлийн аз жаргал мэдрүүлдэг.

Нэг нь л алдагдвал харилцаа хөндийрнө. Эхнэр нөхрийн хайр сэтгэлээс үүдэлтэй хамтын амьдрал нь шөвөг хатгах зайгүй, зүү шивэх завсаргүй байх учиртай. Хайраар дутаах зүйл байх ёсгүй. Бие сэтгэл хоёр нийлсэн учраас үүнийг биелүүлэх үндэс тавигдаж байгаа юм. Зөв ха­рил­цаа­­­тай байх сэт­гэл төвшин байхаас эхэл­нэ. Ойлголцож чадвал хүндлэл бий болно. Хүндэтгэвэл бие биедээ итгэнэ. Итгэж чадвал хоёул сэтгэлийн аз жаргалыг эдэлнэ шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад зөвлөгөө өгөөч ?

-Өөрийнхөө сэтгэлийг хүн өөрөөсөө л мэдэрнэ. Би ямар зан араншинтай хүн бэ гэж өөрийгөө дүгнэж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө ойлгоогүй байж хүнийг ойлгоно гэж байхгүй. Өөрийнхөөрөө зүтгээд байвал хүнтэй амжилттай харилцааг бий болгож чадахгүй. Тиймээс өөрийнхөө зан араншин, бүх сул болон давуу талаа сайтар судалж үзсэний үндсэн дээр гэр бүлтэйгээ харилц гэж зөвлөе. Би айлын хэд дэх хүүхэд билээ. Хүнтэй харилцахдаа ямар алдаа гаргадаг вэ. Согтохоороо яадаг вэ. Би худлаа хэлдэг бил үү. Шуналтай юу гээд өөрийгөө эхлээд судалж байж дараа нь хүнтэй харилцах хэрэгтэй юм. 

Э.СОСОРБУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3 цагийн өмнө