Б.Энхболд: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олон улсын стандарт, зарчим шингээсэн хуулиар хамгаалах ёстой

3
2022 оны 9 сарын 302022-09-30
Б.Энхболд: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олон улсын стандарт, зарчим шингээсэн хуулиар хамгаалах ёстой

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн доктор Б.Энхболдтой Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.

-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль батлагдаад 28 жил болжээ. Энэ хугацаанд хуульд байгаа асуудлыг сайжруулъя, шинэчилье гэдэг санаачилга ХЭҮК-оос гарч, Хүний эрхийн төлөв байдлын жил жилийн илтгэлд тусаад явж ирсэн. Жагсаал, цуглаан, суулт хийж, өлсгөлөн зарласан хүмүүсийн өргөдөл, гомдол танайд цугладаг. Тэгэхээр судалгаа, тоо танайд хангалттай байгаа байх. Тийм үү?

-Тийм ээ.

-УИХ дээр гэхэд Н.Учралын санаачилсан, бас О.Цогтгэрэлийн санаачилсан хуулийн төсөл байна. Засгийн газраас бас хуулийн төсөл боловсруулж байгаа. Танай өөрийн боловсруулсан хуулийн төсөл гэж байгаа юу?

-Засгаас тус хуулийн нэр томъёог өөрчилж, хуулийн төслийг боловсруулна гээд ажлын хэсэг гаргахаар манайхаас төлөөллийн нэр авсан. Засгийн газрын төсөлтэй танилцаагүй байна. ХЭҮК-ын зүгээс Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төсөл гэдэг байдлаар өөрийн хувилбарыг боловсруулж, танилцуулна гэдэг байр суурьтай байгаа. Ингэхдээ олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомж, стандарт, зарчмууд, Монгол Улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд өрнөсөн нөхцөл байдлаас тулгуурласан амьдрал хөрсөнд буусан, хүний эрхийг дэмжсэн байх шалгуур дээр анхаарал хандуулж, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа гишүүн бид хоёр голчлон ажиллаж байна.

-Парламентын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлтэй танилцсан уу?

-УИХ-ын Н.Учрал тэргүүтэй гишүүдийн санаачилсан хуулийн төсөл нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан мэдэгдлийн тогтолцоог байхгүй болгоё гэсэн агуулгатай. Үзэл бодлоо илэрхийлэхдээ зөвшөөрөл авч байгаа нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрч энэ заалтыг цуцалъя гэсэн агуулга харагдаж байгаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүний санаачилсан хуулийн төсөлд ч мөн энэ агуулга харагдсан. Нэмээд жагсаал цуглааны зарим нэг хэлбэр, төрлийг нэмье гэсэн санаачилга харагдаж байна лээ. Тэр дунд аяндаа үүссэн жагсаал цуглааныг онцолж болно. Аль ч төсөл нь Засгийн газар, УИХ-д орж ирээгүй, олон нийтээс санал авах шатандаа явж байгаа юм билээ.

-ХЭҮК-оос оруулж ирэх төсөл анхаарал татаж байна. Дүүргүүдийн удирдлагууд, цагдаагийнхан, хүний эрхийн ажилтнуудтай уулзаж байна гэсэн мэдээ бичигдэж байсан.

-Жагсаал, цуглаанд оролцдог бүх л талуудыг хүлээн авч уулзаж, тулгарч буй асуудлыг нь судалж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард No double standart хөдөлгөөн, "Босоо хөх Монгол" зэрэг хөдөлгөөний залуучуудтай уулзсан. Түүнчлэн УИХ-ын гишүүд, хууль тогтоогчид болон цагдаагийн албан хаагч нартай шат дараалсан уулзалт зохион байгуулсан. “Зөвшөөрөл өгдөг” гэдэг асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн Засаг дарга нар, хуулийн хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Мэдэгдэл, зөвшөөрөл зайлшгүй өгөх шаардлагатай юу, цаана нь ямар ажил өрнөдөг вэ гэдэг талаар ярилцаж, тулгамдсан асуудлыг нь судаллаа. ХЭҮК орон нутгаар өнгөрсөн жил 21 аймгаараа тойрч ажиллан энэ хүрээнд аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нартай уулзаж ярилцахдаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхийн талаар мэдээлэл цуглуулсан. Жагсаал, цуглааны үеэр сэтгүүлч болон төрийн байгууллагын уялдаа холбоог яаж зохион байгуулах ёстой талаар цагдаа, сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгууллаа. Цуглуулсан мэдээллийг энэ жилийн Хүний эрхийн төлөв байдлын илтгэлд Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хууль зүйн хамгаалалт гэдэг сэдэв оруулахаар төлөвлөж байна.

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг бичигдэхэд хүний эдгээр эрхийг хангадаг олон улсын ямар сайн туршлага, стандартыг оруулж ирэх вэ?

-Нэгдүгээрт, аливаа үйл ажиллагаа ямар нэг амжилтад хүрэхийн тулд бэлтгэгддэг байх ёстой. Энэ бол жагсаал цуглааны нэг гол зарчим юм. Тайван жагсаал, цуглааны өрнөл ямар байх вэ. Жагсаал, цуглааныг замбараагүй болгож, өөр зорилгод хүргэх гэвэл бусад оролцогчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах юм. Жагсаал цуглааныг үймүүлж, өөр тийш нь чиглүүлэх гэж байгаа хэсэг бүлэг хүнийг яаж тусгаарладаг юм. Үүний дараа жагсаал цуглаан яаж тайван үргэлжлэх юм бэ гэдгийг бас нарийн зохицуулах шаардлага гарч байгаа. Жагсаал, цуглаан тарсны дараа тэнд оролцсон иргэд болон зохион байгуулсан хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал Комисст гарч ирж байна. Дээр нь жагсаал, цуглаанд оролцсоных нь төлөө хэн нэгнийг ямар нэг асуудалд холбогдуулах эрсдэл бий эсэхийг тооцох ёстой.

Дээр нь, жагсаал цуглааныг явуулахдаа баримталдаг зарчим гэж бий. Нэгдүгээрт, дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт, жагсаал цуглааны талаар мэдлэг, мэдээлэлтэй байх. Гуравдугаарт, ялгаатай байдлыг зөвшөөрөх гэсэн олон улсын стандартыг зайлшгүй оруулах шаардлага тулгарч байгаа.

Мөн Жагсаал цуглааны журмын тухай хуульд одоо хуульчлагдаагүй байгаа олон төрөл, хэлбэр бий. Жишээлбэл, жагсаал, цуглаан, аяндаа үүссэн цуглаан, ганцаараа суулт хийх, өлсгөлөн, урлаг спорт, угталт, үдэлтийн арга хэмжээ, эсэргүүцлийн жагсаал зэргийг хуульд тусгаж өгөхгүй бол болохгүй.

-Жагсаал цуглааны үеэр баримтлах зарчмыг дэлгэрүүлбэл?

-Эрх чөлөөгөө эдлэх бидний хэмжээ хязгаар хаана хүрэх вэ гэдгээ жагсагчид ойлгож мэддэг, эрх, үүрэг нь тодорхой байх ёстой. Хоёрдугаарт, төрийн байгууллага ямар ч тохиолдолд жагсаал, цуглаан хийж байгаа хүнийг бүх талаар дэмжих бололцоог бүрдүүлэх үндсэн зарчимтай байх ёстой. Дэмжлэг нь олон талтай. Хуульд заасан эрсдэлтэй үндэслэл байхаас бусад тохиолдолд төрийн байгууллага аль ч талаараа хязгаарлаж болохгүй. Мэдэгдлийг хүлээж аваад, нэн даруй жагсаал цуглаан хийх эрхээр нь хангаж байх ёстой.

Аяндаа үүссэн юм уу, мэдэгдэх боломжгүй байгаа тохиолдолд бүртгэж авах, нөхөж мэдэгдэл өгөх боломжоор нь хангаж, шуурхай зохион байгуулалтыг нь хийж өгөх ёстой. Нөгөө талаасаа цагдаагийн байгууллага жагсагчдыг гэмт хэрэг үйлдэгчид, хэв журам зөрчигсөд, дэг журам алдагдуулсан хүмүүс гэж харахаасаа илүүтэйгээр эрх чөлөөгөө эдлэх боломжийг нь олгох ёстой. Жагсаал цуглааныг үймүүлж байгаа, өөр тийшээ хандуулах гэж байгаа хүмүүсийг таньдаг, ялгадаг, тусгаарладаг байх ёстой.

Дээр нь тухайн жагсаал, цуглаан ямар зорилготой. Хэчнээн хэчнээн хүн оролцож байгаа, цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч, хэрхэн хамтарч ажиллаж байгаа зэрэг мэдээллийг жагсагчдад өгдөг байх ёстой. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага бодит үйл явдлыг дамжуулж байхад саадгүй ажиллуулж байх ёстой.

Жагсаал цуглаан дотор олон төрлийн хүн байх боломжтой. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд, ахмад настан, согтуурсан, мансуурсан, ЛГБТ зэрэг. Тиймээс тэр болгонд нь тааруулж дэмжлэг үзүүлэх ажлыг төрийн байгууллага хийх ёстой. Жагсагчид гэдэг нэрийн дор бүгдэд нь нийтлэг арга хэмжээ авахгүй гэсэн үг. Жагсаал хүндэрсэн тохиолдолд тусгай хэрэгсэл ашиглахдаа "Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад, жирэмсэн хүн байгаа шүү" гэдгийг байнга харгалзан үзэж үйл ажиллагаагаа явуулах ёстой.

-Жагсаал хийх гэж буйгаа зохион байгуулж буй хүмүүс нь харьяа дүүргийн Засаг даргад мэдэгддэг. Энэ мэдэгдлийн дагуу бүртгэж авах эсэхээ Засаг дарга шийддэгээс “зөвшөөрөл” гэдэг ойлголтод хүрчихсэн. Үүнийг байхгүй болгох төсөл УИХ дээр явж байгаа. Мэдэгдэл байх ёстой, ёсгүй гэдэг дээр ХЭҮК ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдэгдлийг зөв утгаар нь ойлгож хэрэглэ гэсэн зарчмын шаардлагыг ХЭҮК тавьж байгаа. Аяндаа үүссэн жагсаал, цуглаан эсвэл байр сууриа гэнэт илэрхийлэх шаардлага үүссэн зэрэг тохиолдолд заавал мэдэгдэх шаардлага байхгүй. Системтэйгээр төлөвлөж хийж байгаа зохион байгуулалттай жагсаалыг мэдэгдэх шаардлагатайг үгүйсгэхгүй. Оролцож байгаа хүмүүс ямар зам, талбайг эзэлж жагсаал, цуглаан хийх вэ, хэдэн хүн оролцох вэ, ямар техник хэрэгсэл оролцох вэ гэдэгт үндэслэж тухайн дүүрэг, эсвэл аймгийн Засаг дарга аюулгүй байдлыг нь хангаж ажиллах үүрэгтэй. Энэ утгаараа цагдаагийн алба хаагчдад тэдгээр иргэдэд дэмжлэг үзүүл. Ийм хүчээр зохион байгуулж, хамгаал гэсэн шийдвэр гаргахад мэдэгдлийн ач холбогдол оршдог. Иймээс мэдэгдлийг шууд хориглох боломжгүй. Мэдэгдэл өгч байгааг өөрт нь хүсэлт тавьж байна, зөвшөөрөл хүсч байна, гуйж байна гэж тухайн төрийн албан хаагч ойлгож хүлээж авахгүйгээр түрүүн дурдсан агуулгаар харж хандах нь зөв юм.

-Дүүргүүдийн Засаг дарга нартай уулзахад тэгж ойлгож байна уу?

-Ойлголт харилцан адилгүй байна лээ. Тухайлбал, жагсаал цуглаан их гардаг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхэнд ойлголт нь байна. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан уулзалтаар мэдэгдлийн учир холбогдлын тухай мэдээллээ солилцож, тулгардаг асуудлаа ярилцсан.

-Хаврын улиралд, эсвэл сонгуулийн жилд Засгийн газрын харьяа агентлаг, яамдууд, цаашлаад нийслэлийн төр, захиргааны байгууллагаас “Нээлттэй хаалганы өдөр” гээчийг Сүхбаатарын талбай, Тусгаар тогтнолын талбайд өдөр алгасалгүй зохион байгуулдаг. Дундаар нь төрөл бүрийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Ингээд жагсаал, цуглаан хийх мэдэгдэл хүргүүлэхээр дээрх талбайд арга хэмжээтэй тул бүртгэж авахгүй гэдэг. Бүртгүүлэхгүйгээр жагсаал, цуглаан хийхээр "бүртгэлгүй" гээд цагдаагаар хөөлгөдөг, дуудуулдаг байх жишээтэй. Жагсаал хийлгэдэггүй ийм "заль"-ийг яах юм бол оо?

-Уулзалтан дээр энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан. Иймэрхүү агуулгатай гомдол ч ХЭҮК-т ирдэг. "Нээлттэй хаалганы өдөрлөг", "Намрын ногоон өдрүүд", "Номын баяр"-ыг зохион байгуулж байгаа нь жагсаал, цуглааныг хязгаарлахад чиглэгддэг юм биш биз дээ гэдгийг асуусан. Бид ойлголтод хүрсэн. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Засаг даргын зүгээс иймэрхүү арга хэмжээний үеэр зэрэгцүүлж зөвшөөрөл өгдөг тохиолдол байна. Бүгдийг нь хаачихдаггүй юм байна. Жагсаал цуглаан хийх орон зай нь хүрэлцэхгүй байвал тухайн дүүргийн удирдлагууд нь тодорхой газруудыг санал болгодог юм байна. Жишээлбэл, "Энэ хэсэгт боломжгүй учраас энд жагсаал, цуглаан хийж болно" гэдэг ч юм уу. Түүнчлэн нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөгөө баталдаг. Тиймээс энэ төлөвлөгөөг нь ХЭҮК татаж авч үзнэ. Жагсаал, цуглаан хийлгэхгүйн тулд зориуд, гэнэтийн шинжтэй арга хэмжээ зохион байгуулсан бол зөрчил гэж үзнэ шүү гэдгээ ярьж тохирсон.

-Хуульд ХЭҮК-ын хяналт, үүрэг хэр хэмжээгээр орж ирэх юм?

-Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиа л барьдаг. Өөрөөр хэлбэл, хүний тодорхой эрхийн хэрэгжилтэд хяналт тавина. Энэ хүрээнд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэхээр бусад хуулиар эрх авах нь тийм чухал биш.

-Жагсаал, цуглаан зохион байгуулагчаар бүртгүүлэх хүмүүс эргэж дуудагдах, тухайн үйл явдлын бүх хариуцлагыг үүрнэ гэсэн айдастай байдаг. Тэдний үүрэг юү юм бэ?

-Тайван замаар жагсаж цуглаж байгаа эрх чөлөө ямагт хамгаалалтад байдаг. Тиймээс хэн нь зохион байгуулагч вэ гэдгийг нууж хаагаад байх албагүй. Манайд ажиглагддаг зүйл юу вэ гэхээр, жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг нь дараа нь дуудаж ирүүлээд зохион байгуулсан, турхирсан гэж хариуцлага хүлээлгэх тохиолдол гарч байсан. Жагсаалыг анх зохион байгуулсан хүнийг тухайн жагсаалыг нийтэд нь зохион байгуулж, удирдсан гэж харж болохгүй.

-Зарим тохиолдолд жагсагчид зохион байгуулагчийн үгэнд ордоггүй, эсвэл хяналтаас нь гарчихдаг. Цаашлаад “Чи худалдагдлаа” гэдэг хардлага их гардаг.

-Цагдаа нар ялгаатай байдлыг үнэлэх ёстой. Дэмжлэг үзүүлнэ гэдэг нь гаднаас ямар зорилготой хүмүүс жагсаал, цуглаанд нэгдэж байна вэ гэдгийг таньж ялгах хэрэгтэй болдог. Жагсаал, цуглааны үед хэв журам зөрчиж, үймээн үүсгэж болзошгүй хүмүүсийг таньж, ялгах олон улсын туршлага байдаг. Ингэснээр бусад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг үргэлжлүүлэх, хамгаалах боломжтой болно гэсэн үг. Энэ процессыг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын зүгээс жагсагчидтай харилцаа тогтоож, зөв ойлголцох хэрэгтэй.

-Машинаар хүн зөөсөн, бусдад мөнгө өгч, уриа лоозон хэвлүүлсэн гээд санхүүжилтын хардлага гардаг. Тайван жагсаалын үед санхүүжилтыг нь асууж тодруулах тийм чухал уу?

-Үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор хэвлүүлсэн лоозон, урианд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэгт хэн нэгнийг буруутгах шаардлагагүй. Ер нь аливаа жагсаал, цуглаан санхүүжилттай явагддаг зүйл. Тайван жагсаал, цуглааны үед ашигласан тээврийн хэрэгсэл хэнийх вэ гэж араас нь хөөцөлдөж шалгаа шаардлага байхгүй. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр ЦЕГ, ХЭҮК, ЕАБХАБ-аас нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн цагдаагийн газрын удирдах албан тушаалтан, Нийтийн хэв журам хамгаалах газрын албан тушаалтанг сургалтад хамруулж, 15 сургагч багш бэлтгэлээ. Энэ сургагч багш нарт дээр дурдагдсан олон улсын стандартын талаар тодорхой ярилцаж, кэйсүүдэд тулгуурлаж нөхцөл байдал үүссэн үед яаж ажиллах ёстой бэ гэдэгт төвлөрч ярилцсан. Зарим зүйл дээр санал нэгдэж, зарим дээр нь маргаж мэтгэлцсэн сургалт боллоо. Жагсаал цуглаан гэдэг бол хүний эрх чөлөөний асуудал юм гэдэг дээр хангалттай ойлголт авсан гэдэгт найдаж байна.

-Жагсаал, цуглааны үед тулгарсан асуудлаараа иргэд ямар агуулгатай гомдол түлхүү ирүүлж байна вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд 300-гаад жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт бүртгэгдсэн гэж цагдаагаас танилцуулсан. ХЭҮК-т 2021 онд жагсаал цуглааны талаар долоон гомдол ирсэн. Бид 21 удаагийн жагсаал, цуглааны үеэр ажиглалт хийж ажилласан. 2022 онд гурван гомдол ирсэн. Нийтдээ 14 жагсаал цуглаан, өлсгөлөн суулт дээр ХЭҮК санаачилгаараа ажиглалт хийж, үйл явц хэрхэн өрнөж байгаад дүн шинжилгээ хийсэн.

ХЭҮК-ын зүгээс зохион байгуулагдсан бүх жагсаал, цуглаан, үзэл бодлоо илэрхийлсэнж бүхий л хэлбэрийг шалгах ажиллагаа хийх боломжгүй. Үзэл бодлоо илэрхийлэх орон зай хэр баталгаатай байна вэ гэдэг дээр ажиглалт хийдэг. Орон зай нээлттэй, хэвийн явж байгаа тохиолдолд бид тийшээ очих шаардлагагүй. Комисст ирдэг гомдлын хувьд хориглосон газруудад жагсаал цуглаан хийлгэсэнгүй, жагсаал, цуглааны үед хүний наад захын хэрэгцээний эд зүйлсээр хангахгүй байна, хэвлэл мэдээлэлтэй харилцуулахгүй байна, албадан тараах арга хэмжээ хэрэглэсэн. Эд зүйлийг булааж авсан, сэтгүүлчдийн эрхийг зөрчиж байна, жагссан хүмүүсийг хорилоо зэрэг гомдлууд ирдэг. Эдгээр гомдлыг шалгаад жагсагчид болон төрийн байгууллага, эмнэлэг, цагдаагийн байгууллагад зөвлөмж, шаардлага хүргүүлж ажиллаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд ЦЕГ-ын дарга Ж.Болдод жагсаал цуглааны үеэр хүний эрхийг зөрчихгүй байх шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан.

-Тайван бус түрэмгийллийн шинжтэй жагсаал цуглаан дээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль хамгаалалт болдог уу?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пакт, бусад олон улсын гэрээ, Үндсэн хуульд зааснаар энэ эрх чөлөөний онцлог нь тайван байсан цагт л хамгаалалтад байдаг. Тайван биш, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэх, бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах нөхцөлд таслан зогсоож, нийгмийн дэг журмыг тогтоох үүднээс албадан тарааж, зогсоох боломжтой. Ингэхдээ хүчийг хэрэглэхээс аль болох татгалзах, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх зэрэгт түлхүү анхаардаг. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хийсэн сургалтын үеэр ийм эрсдэлийг яаж тооцох вэ, үнэлгээг нь яаж хийх вэ гэдгийг ярилцсан.

-“Тайван зам” гэдгийг юу гэж ойлгох юм бэ?

-Үүнийг нарийн тодорхойлох шаардлага зүй ёсоор үүсч байгаа. Юун түрүүнд Монгол Улсад тогтсон практик, олон улсын туршлагыг харна. Манай улсад нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх, тайван замаар жагсах гэдэг нь өөр өөрөөр ойлгогдоод байна. Жагсаал цуглаан гэдэг бол бага хэмжээгээр нийгмийн дэг журмыг зөрчдөг л үзэгдэл.

Яагаад гэвэл, төр, олон нийтэд, зорилтот бүлэгт дуу хоолойгоо хүргэхийн тулд чанга дуугардаг, хөгжим тавьдаг, замын хөдөлгөөнд саад учруулдаг, бөмбөр нүддэг, янз бүрийн дүрс макет ашигладаг.

Энэ бол хэв журмын зөрчил мөн үү гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пактын тайлбарт “байх үзэгдэл” гэж хүлээн зөвшөөрдөг. Манайд бол иймэрхүү асуудлыг хэв журмын зөрчил гээд хязгаарлах асуудал ажиглагддаг. Энэ асуудал нь Улсын дээд шүүхээс гаргасан “Танхайрах гэмт хэргийг тайлбарлах тухай” тайлбар дээр нийгмийн дэг журмыг зөрчих, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах гэдгийг маш явцуу хүрээнд тодорхойлсонтой холбоотой. Гудамжинд орилж, шүлсээ хаяхад л хэв журам зөрчсөн гэдэг ойлголтод орж байх жишээтэй. Ийм ойлголтыг хууль сахиулагч нар олон жил хэрэглэж, тийм практик тогтчихсон байсан учраас жагсаал, цуглааны үед нэг хүний нэрийг дуудаж, хараал хэлж, цаас урж шидэхэд л “амгалан тайван байдал алдагдуулсан” гэдэг ойлголт руу орчих гээд байдаг. Ийм учраас зөрчилдөөн гарч байна. Тиймээс нийгмийн дэг журмыг зөрчих, тайван замаар жагсаал, цуглаан хийх гэдгийг яаж харах вэ гэдгийг тодорхойлж, практик тогтоох шаардлага үүсч байна.

-Жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт зэргийг төрийн зүгээс шаардлагынх нь агуулгаар хязгаарлаж болдог уу. Жишээлбэл, "УИХ-ыг тараая", "Ерөнхийлөгчийг огцруулъя" гэдэг ч юм уу?

-Үзэл бодлоо илэрхийлэх сэдвийн хүрээнд нь тогтоосон хязгаарлалт, стандарт байхгүй. Гэхдээ илт үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц, экстремизм, алаан хядаанд уриалах, нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц, гэмт хэрэг үйлдэх замаар, үйлдэхэд уриалахыг жагсаал цуглаанд хориглодог. УИХ-ыг тараая гэдэг бол энгийн л үйл явц. Хамгийн гол нь энэ шаардлагыг илэрхийлэхдээ хуулиар хориглосон арга замыг уриалж болохгүй. Тусдаа гэмт хэргийн шинжтэй асуудал.

-Сүхбаатарын талбайд флаш моб хийгээд тарах, цайны цагаараа ганцаараа цаас барьж зогсох, чимээгүй суулт хийх зэрэг үйлдлийг жагсаал, цуглааны хуулиар зохицуулагдсан уу. Жишээ нь, хэдэн жилийн өмнө жүжигчин Б.Батзаяа агсан Өршөөлийн хуулиар авлигын хэргийг өршөөхийн эсрэг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардаж ганцаараа зогсоход цагдаа нар хөөж явуулсан. Сэтгүүлчийг хорьсон үйлдлийг иргэд эсэргүүцэж цайны цагаараа суулт зарлахад цагдаа хөөсөн гэх мэт зөрчилдөөн гарч байсан шүү дээ?

-Жагсаал, цуглаан биш боловч манай хуулиар нарийвчлан сайн зохицуулаагүй. Суулт эсвэл янз бүрийн урлаг уран сайхны хэмжээ, эсэргүүцлийн концерт, кино үзүүлэхийг зохицуулаагүй. Жагсаал, цуглаан гэж хоёрхон ойлголтоор хязгаарласан нь иргэдийн дунд зөрчилдөөн үүсгэх шалтгаан болдог гэхэд болно. Шинээр боловсруулах хуульд нэлээд сайн ялгаа заагийг нь гаргаж зохицуулах хэрэгтэй. Дээр нь эсэргүүцлийн жагсаал цуглаан, түүнтэй зэрэгцсэн жагсаал цуглаан гэж бий. Нэг талд нь "no naadam" гээд жагсаж байхад нөгөө талд нь "yes naadam" гээд зэрэгцсэн. Ийм тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан аль нэгнийх нь талд орохгүйгээр ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэдэг асуудал бий. Хууль сахиулагч нарыг нь сургах, оролцогчдын үүрэг хариуцлагыг тодорхой болгож өөрсдөд нь ойлгуулах ёстой болоод байна. Хүмүүст жагсаал цуглааны онцлог, эрх үүргийн талаар мэдээлэл олгох ажлыг ХЭҮК шат дараатай хийх ёстой. Ингэж байж олон талын эрх үүргийн нэгдэл, хяналт бий болж байж жагсаж цуглах замаар үзэл бодлоо илэрхийлэх агуулга бүрэн зураглалаараа гарах юм.

-Жагсаал, цуглаан зохион байгуулж болохгүй газрыг хуульд заасан байдаг. Нэмэгдэх болов уу?

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуульд хориглох заалт мэдээж орно. Стратегийн ач холбогдолтой газруудад жагсаал, цуглаан хийхийг хориглох гэдэг ч юм уу. Оролцогчдын эрх, үүргийг тодорхойлно. Хариуцлага ямар нэгэн байдлаар бичигдэнэ.

-Мэдээллээ хуваалцсанд баярлалаа.

Г.Улсболд

Санал болгох

Н.Отгончимэг: Шүүгчийн хэтийдсэн ачааллыг багасгахгүй бол сүүлдээ шилдэг хуульч нар ирэхээ болино

Хаврын сонгон шалгаруулалтад 127 нэр дэвшигч бүртгүүлэхэд 6 хувь нь буюу 7 хүн босго давж тэнцлээ. Сая намрын сонгон шалгаруултад 108 хүн бүртгүүлэхэд 80 нь шалгалтдаа оролцож 20 хувь нь буюу 21 хүн босгод тэнцээд байна.

2 сарын өмнө
Б.Энхболд: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олон улсын стандарт, зарчим шингээсэн хуулиар хамгаалах ёстой

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн доктор Б.Энхболдтой ярилцлаа. Бид Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.

2 сарын өмнө
Н.Мандуул: Хөгжлийн Банкны зээлийн хэрэгт 83 хүн яллагдагчаар татагдсан. Энэ бол эрүүгийн түүхэнд том хэрэг

Монголбанк 2021 оны эцсээр манайд шалгалт хийхдээ 755 тэрбумын Эрсдэлийн сан байгуулах акт тавьсан. Үүний дараа чанаргүй зээлийн активуудыг олон нийтэд танилцуулж, олны анхааралд оруул­сан. Үүнээс хойш бид эргэн төлөлт, активын чанараа сайжруулах талд маш их анхаарч ирлээ. Өнгөрсөн зун Олон улсын аудит оруулсан. Энэ аудитын баг болон Монголбанктай ярилцаад 2022 оны эцэст Эрсдэлийн сангаа 350 тэрбумаар байгуулахаар болсон. Эрсдэлийн сангийн хөрөнгө зарлага хэлбэрээр гардаггүй ч нягтлан бодох бүртгэлд зарлагаар тооцогдож явдаг юм. Энд бараг 400 тэрбумын зөрүү гарч байгаа биз. Хөгжлийн банк өнгөрсөн онд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Зээл төлүүлэх ажлаа эрчтэй хийгээд явах юм бол оны эцэст 50-60 тэрбумын ашигтай ажиллах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

3 сарын өмнө
Ж.Соронзон: 30 жил багшийн эрэлд

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой сургуулийн үйл ажиллагааны онцлог, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцсаныг хүргэж байна

3 сарын өмнө