Самарканд-22 ба Монгол

2022 оны 9 сарын 302022-09-30
Самарканд-22 ба Монгол

Бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтцээс Олон улсын байгууллага болон өргөжих үү?

Эртний торгоны замын гол зангилаа болсон Узбекистаны Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII Дээд хэмжээний уулзалт саяхан болж өндөрлөлөө.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр зохиогдсон энэ удаагийн арга хэмжээнд гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш улсууд төдийгүй Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ, Арабын орнуудын лиг зэрэг олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид биечлэн оролцжээ. Уулзалтад ирсэн Төрийн тэргүүн нар ШХАБ-ын төлөвшил, цаашдын хөгжил, бүс нутаг, олон улсад тулгамдаж буй асуудлууд болон байгууллагын гишүүдийн шууд оролцоотойгоор дэлхий дахинд өрнөж буй зарим үйл явцын талаарх дүгнэлт, саналаа хэлж, төгсгөлд нь өргөн хүрээтэй баримт бичгүүдийг баталж, Самаркандын тунхаглалд гарын үсэг зурсан билээ.

Нэг жил үргэлжилсэн процесс эцэслэн Исламын Бүгд Найрамдах Иран Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүний үүрэг хариуцлагын санамж бичигт гишүүд гарын үсэг зурлаа. Мөн Арабын Бүгд Найрамдах Египет, Катар улсууд яриа хэлэлцээний түншийн статустай болов. Беларусийг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх үйл ажиллагаа эхэлснийг албан ёсоор зарлалаа.

Самаркандын уулзалт Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн, Тайваний хоолойн хурцадмал байдлын үед болж байгаагаараа цэрэг-улс төрийн ач холбогдолтойд тооцогдож байна. Уулзалтын үеэр байгууллагын гишүүн болон түнш орнууд болох  Кыргызстан-Тажикистан, Армен-Азербайжаны хооронд үл ойлголцол үүсч, зэвсэгт тэмцэлд хүрсэн нь уламжлалт аюулгүй байдлын асуудлуудаа орхигдуулалгүй анхаарсаар байхыг ШХАБ-д сануулсан хэрэг боллоо. Тиймээс Дээд хэмжээний уулзалтын гол үр дүн болох Самаркандын тунхаглалд ШХАБ-ын орон зайд цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт гишүүн орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлд тодорхой заалтууд туссан байна.

Самаркандын тунхаглал

Тунхаглалд, ШХАБ-ын орнууд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цэргийн хамтарсан “Энхийн ажиллагаа’ сургуулийг тогтмол зохион байгуулсаар байхыг онцоллоо. Түүнчлэн аль нэг улсын түлхүү оролцоотой олон улсын агаарын довтолгооноос хамгаалах системийг бий болгох нь дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхийг тунхаглалд дурдсан нь тус санаачилгыг дэвшүүлж буй АНУ-ын бодлогыг шүүмжилсэн явдал болсон. 

Самарканд time.jpeg

Терроризмтэй тэмцэх нэрийдлээр улсын дотоод хэрэгт бусад улсын зүгээс хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ШХАБ-ын орнууд илэрхийллээ. Дэлхийн улс орнуудын мэдээллийн технологийн салбарыг цэрэгжүүлэхийг эсэргүүцэж, харин НҮБ-ын ивээл дор мэдээлэл харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын конвенцыг боловсруулж эхлэснийг ШХАБ­-ын орнууд сайшаан дэмжив.

ШХАБ-ын гишүүд сансар огторгуйг бүх төрлийн зэвсгээс ангид байлгахыг дэмжиж, сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх баталгаа болох олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг байгуулах шаардлагатайг онцоллоо.

Үндэсний хууль тогтоомж, зөвшилцлийн үндсэн дээр ШХАБ-ын гишүүн орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон террорист, салан тусгаарлах, хэт даврагч байгууллагуудын нэгдсэн жагсаалтыг гаргаж, тэдэнтэй тэмцэх нийтлэг зарчим, хандлагыг боловсруулах аж.

Мэдээллийн орон зай дахь аюул заналыг эсэргүүцэх, төрийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд суурилсан аюулгүй, шударга, нээлттэй мэдээллийн орон зайг бүрдүүлэхэд НҮБ-ын онцгой үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн ШХАБ-ын гишүүд санал нэгджээ.

Гишүүн орнууд Төв Азийг ШХАБ-ын цөм гэж үзэж, Төв Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан бүх улсын аюулгүй байдлын баталгааны тухай Протоколыг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгохыг зорьж байгаа нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй статустай бүрэн нийцэж байна. 

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэн орсон гишүүн орнууд гэрээний заалтуудыг чанд сахих, цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Олон улсын шүүмж

Өмнө нь баталсан цөөнгүй баримт бичгүүдийн хэрэгжилт тодорхойгүй, бодит хамтын ажиллагаа бүрэлдээгүй хэмээх шүүмжлэл энэ удаад ч ШХАБ-ыг тойрсонгүй.

Вашингтон дахь Карнегийн сангийн Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн даргын туслах асан Эван Фейгенбаум “ШХАБ-ын гишүүн орнууд эвлэлдэн нэгдэх тийм амар хялбар зүйл биш. ШХАБ-д өөр хоорондоо ужгирсан зөрчил бүхий Энэтхэг, Пакистан улсууд багтсан учраас аюулгүй байдлын асуудал хамгийн хэцүү. Гишүүн орнууд нь хөгжлийн ерөнхий чиг, дэд бүтцийн салбарын асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй. Мөн худалдааны гэрээ, хөрөнгө оруулалтаас гадуур тодорхойгүй байдлаар харилцсаар ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон бэрхшээл тулгарсаар байна”  гэж дүгнэжээ.

Түүнчлэн уулзалтын үр дүнгийн талаарх зохион байгуулагч улсын шинжээчдийн дүгнэлт ихээхэн анхаарал татаж байна. “ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Тиймээс энэ удаагийн уулзалтыг зохион байгуулснаараа олон улсын тавцан дахь Узбекистаны нэр хүнд, итгэл даах чадвар өсөж, гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна… Уулзалтаас томоохон үр дүн хүлээж байсан ч хүссэнээр болсонгүй… Удаан хугацаанд нүүр тулж уулзаагүй, хоёр талт харилцаа тийм ч сайн биш орнуудын удирдагчдын тухайд энэ удаагийн уулзалт нэгэн төрлийн "chayhana" болж өнгөрлөө… Удирдагч бүр гомдол, саналын жагсаалттай ирнэ. Тэдний хувийн асуудлыг хэлэлцэхээс өөр чухал үр дүн гарна гэдэгт итгэлтэй бус байна…” гэхчлэн санал бодлоо илэрхийлжээ. ШХАБ-ын уулзалтад оролцогсод олон асуудлаар санаа бодлоо солилцсон ч үр дүнд хүрэхгүй байх вий гэсэн санаа бодлоо ийн ‘chayhana’ гэдэг ойлголтоор төлөөлүүлж илэрхийлжээ. Түүнчлэн “Дээд хэмжээний уулзалтаар албархаг, ерөнхий мэдэгдэл хүлээгээгүй. Уулзалтаар гишүүн орнуудын аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж даргалагч Узбекистан төлөвлөсөн ч Орос, Хятад хоёр хурлыг залаад явчихлаа” гэх дүгнэлтүүд ч таарч байна.

Польшийн нэгэн сонинд нийтлэгдсэн, Оросын бодлогыг дэмжсэн бичвэр мөн сонирхол татна. “Хүн төрөлхтний тэн хагас нь Москвагийн талд байна. Украины хэрэг явдлууд Оросыг их хэмжээгээр тусгаарлахад хүргэсэнгүйг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт тодорхой харуулсан. Өрнөдийнхөн Орос, Хятад хоёрыг хооронд нь хагаралдуулахыг хүсэж байгаа ч Москва, Бээжингийн стратегийн түншлэлийн харилцаа найрамдал, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж байгааг онцолжээ.

Мөн Хятадын хэвлэл мэдээллийн дийлэнх Орос, Хятад хүчээ нэгтгэж, өрнөдийнхний ноёрхлыг эсэргүүцэж байна. Харин тэд эсрэгээрээ эрх тэгш харилцаа тогтоож чадаагүйгээ харуулсаар байна хэмээн Дээд хэмжээний уулзалтын талаарх мэдээ, баримтдаа дурдсан байна.

Узбекистаны санал, санаачилгууд

Уулзалтын нэг гол үр дүн бол Узбекистаны хилийн Термез хот дахь олон улсын тээвэр, ложистикийн төвийн орчин үеийн дэд бүтцийг ашиглан Афганистан дахь хүмүүнлэгийн ажиллагааг дэмжих тусгай сан байгуулахыг Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев санал болгосон нь бусад улсын дэмжлэгийг хүлээсэн явдал болов. Афганистанд энхийг тогтоох, нийгэм, эдийн засгийг нь сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бэхжүүлэх явдал ШХАБ-ын тэргүүлэх чиглэлүүдийн нэг  хэвээр байхыг уг санаачилга илтгэж байна.

Залуучуудыг хэт даврагч байгууллагуудад татан оролцуулахаас урьдчилан сэргийлэх, янз бүрийн хорлон сүйтгэгч үзэл суртлын эсрэг тогтвортой дархлааг бүрдүүлэх үр дүнтэй, цогц арга хэмжээ авах шаардлагатайг Узбекистан сануулав.

Байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд ирэх оныг ШХАБ-ын орон зайд аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарлах, ШХАБ-ын Уур амьсгалын зөвлөл байгуулахыг Шавкат Мирзиёев санал болгосон нь ШХАБ-ын орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх Монгол Улсын бодлого, зорилттой нийцсэн ажлууд болно хэмээн харж байна.  

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ШХАБ нь бүс нутагт одоогийн байдлаар хамгийн амжилттай ажиллаж байгаа байгууллага гэдгийг дурдаад гишүүдийн өмнө ШХАБ-ыг олон улсын болгох зорилт тулгарч байгааг онцоллоо. Үүний тулд байгууллага эдийн засгийн платформ байх ёстой хэмээн тэрээр үзэж байна. Түүний энэ санаа ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өдөөх нэг сэдэл болох юм. 

Касым-Жомарт Токаев time.jpg

ШХАБ-ын орнуудын Батлан ​​хамгаалах яам, тусгай албадын цэрэг-улс төрийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг санал болгож, тус байгууллагын мэдээллийн орон зайг хамгаалах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх дэд бүтцийг бий болгох шаардлагатай байгааг Казахстаны Ерөнхийлөгч онцоллоо. Бүс нутгийн улс орнуудын харилцан уялдаа холбоог хангахад чиглэсэн ирээдүйтэй төслүүдийг хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэн “Бид Төв болон Өмнөд Азийг холбосон тээврийн замыг өргөтгөх, хойд-өмнөд, зүүн-баруун транс-Евроазийн коридорыг хөгжүүлэх хүчин чармайлтыг дэмжиж байна’ гэж Токаев хэлэв. Үүний зэрэгцээ ШХАБ-ын орнууд нь дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч орон бөгөөд олон улсын хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хэвийн явуулах,  дэлхийн хүнсний зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахад тэдний оролцоо тустай гэдгийг сануулав. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн салбарт хамтын ажиллагааны хөтөлбөр баталж, усны нөөцийг хөгжүүлэх, зохистой ашиглахад анхаарч ажиллахыг гишүүдэд санал болголоо.

Хятадын удирдагч Ши Жиньпин  

Дэлхий нийт үймээн самуунтай тулгарч байгааг тэрээр онцлов. “Эдгээр сорилтын өмнө бид эв нэгдлийг бэхжүүлж, ШХАБ-ыг хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох хэрэгтэй’ гэж Хятадын удирдагч онцлон тэмдэглэв. Үүний тулд хамтын дэмжлэгийг бэхжүүлэх, ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны хүчний оролдлогыг эсэргүүцэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Афганистаны эрх баригчдыг терроризм болон түүний суурь нөхцөлтэй тэмцэхэд нь Хятад улс идэвхтэй дэмжих аж.

 

ши жиньпин.jpg

Афганистаны асуудалд мөн Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф анхаарал хандууллаа. Афганистаны нөхцөл байдлыг харгалзан Пакистанд урт хугацааны энх тайван тогтоох шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг ШХАБ-ын гишүүн орнуудад хандан уриалав. “Афганистаны боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг болон бусад салбарт авч хэрэгжүүлж буй эерэг санаачилгыг бид хамтдаа дэмжих ёстой. Афганистаны асуудлыг үл тоомсорлох нь маш том алдаа болно’ гэж тэрээр хэлэв. Түүнчлэн Афганистаны эдийн засгийг бэхжүүлэх, тус улсын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд битүүмжилсэн хөрөнгөө ашиглах боломжийг нь тус улсад олгохыг дэлхийн хамтын нийгэмлэгээс хүслээ. “Афганистан бол терроризмын золиос болсон улс" хэмээн Шариф тодорхойлсон .

Олон улсын байдал өдгөө ээдрээтэй, гүн гүнзгий өөрчлөлтөд орж байгаа энэ нөхцөлд байгууллагын гишүүд эв нэгдэл, харилцан үйлчлэл, идэвхтэй байдлыг бэхжүүлэх чиглэлд илүү их итгэл үнэмшилтэй болсныг энэ удаагийн арга хэмжээ харуулж байна хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин дүгнэв.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ШХАБ дэлхийн хэмжээний байгууллага болж чадна гэдгийг онцлон тэмдэглэлээ. “Бүх дэвшилтэт хүн төрөлхтөн ШХАБ-тай үзэл санаа нэг байна. Магадгүй бүс нутаг, олон улсад үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдал санаанд оромгүй байдлаар ШХАБ-ыг бүс нутгийн байгууллагаас дэлхийн байгууллага болгон хувиргаж байна" гэж тэр хэллээ. Банкны салбарыг шинэлэг байдлаар харах шаардлагатайг Лукашенко онцлоод олон улсын төлбөр тооцоог тасалдуулж буй үндэслэлгүй хориг арга хэмжээ нь үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэх төлбөр тооцооны хувь хэмжээг нэмэгдүүлж, банкны салбарт ойртон нягтрах хэрэгцээ шаардлагыг ШХАБ-ын орнуудад бий болгож байгааг сануулав.

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси “ШХАБ-ын орнууд дэлхийд ноёлох гэсэн АНУ-ын бодлого, арга барилтай тэмцэх ёстой. Иран банк санхүүгийн салбарт хамтран ажиллахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдал, Умард-Өмнөд, Хятад-Төв Ази-Баруун Ази-Газар дундын тэнгисийн коридорыг хөгжүүлэхийг чухалчилж байна’ хэмээгээд тэрээр эрүүл мэндийн асуудлаарх ШХАБ-ын анхдугаар бага хурлыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулах санал тавьсан.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлэв. “Туркийн зорилго бол хүмүүнлэгийн үнэт зүйлд суурилсан дипломат хүчин чармайлтаар бүс нутаг болон бусад орнуудад энх тайвны бүсийг бий болгох явдал юм. Турк улс Украины үр тарианы асуудлаар НҮБ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь манай ахан дүүст, ялангуяа хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст хүрэх ёстой’ гэж тэмдэглэв. ШХАБ-тай эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахыг Турк хүсэж байна.

Эрдоган Турк улс ШХАБ-ын гишүүн болох зорилтоо зарласан явдал олон улсын анхаарлыг ихэд татлаа. “Мэдээж бид ШХАБ-ын гишүүн биш. Бид Самаркандад зохион байгуулагч орон Узбекистаны урилгаар тусгай зочноор ирсэн. Харин дараагийн үйл явц бол ШХАБ-ын хамгийн дэвшилтэт шат руу орох алхам. Энэ алхам нь Энэтхэгт хийх яриа хэлэлцээний үеэр илүү ахисан түвшинд хэлэлцэгдэж магадгүй’ гэж тэрээр хэлэв. Түүний үзэж байгаагаар гишүүн байх, эс байх нь хоёр өөр зүйл бөгөөд Турк ШХАБ-д элссэнээр гишүүн орнуудтай харилцах харилцааг тэс өөр байдалд оруулах аж. Ийнхүү Турк улс тус байгууллагын гишүүн болох магадлал байгаа эсэх тухайд Эрдоган “Мэдээж энэ бол зорилго’ гэж нааштай хариулаад байна.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев хэлсэн үгэндээ 09 дүгээр сарын 13-нд Армени улсыг Азербайжаны хил дээр томоохон хэмжээний цэргийн өдөөн хатгалга үйлдсэн хэмээн буруутгасан ба мөргөлдөөн хурцатсан бурууг бүхэлд нь Армени хүлээх ёстой хэмээн онцолжээ.

Дүгнэлт

Бүс нутаг, дэлхий дахины байдал ээдрээтэй байгаа хүндхэн цаг үед ШХАБ-ын орнуудын Төрийн тэргүүн нарын XXII Дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрлөө. ШХАБ-ын бүлгийн төдийгүй бусад нийт хорь гаруй улсын Төрийн тэргүүн оролцсон энэ удаагийн арга хэмжээ нь байгууллагын жин нөлөөг олон улсад таниулж, ШХАБ-ын хөгжлийн дараагийн шинэ үе шатыг эхлүүлэх цаг хугацаа тохиосны илрэл боллоо. Тиймдээ ч хэд хэдэн оролцогч нар хэлсэн үгэндээ ШХАБ бүс нутгийн байгууллагаас олон улсын байгууллага болон өргөжих цаг болжээ хэмээх санааг илэрхийлж байв. Гэвч ШХАБ нь ойрын ирээдүйд НАТО, ХАБГБ шиг  цэргийн эвсэл болохгүй ч Төв Азийн бүс нутаг төдийгүй Евразийн орон зайд цэрэг-улс төрийн яриа хэлэлцээний томоохон архитектур, механизм болон төлөвшин хөгжих магадлалтай байна.

Уулзалт хэдийгээр олон улсын анхаарлыг татсан, нүсэр том арга хэмжээ болж чадсан ч энэ байдал ШХАБ-ын улс төрийн ач холбогдлыг өргөнө үү гэхээс өнөө хэр удаашралтай байгаа, ялангуяа бидний хүсэж буй эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүд урагшлахад хэр нөлөө үзүүлэхийг “ажиглах” л үлдлээ.

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Санал болгох

БНХАУ-ын аюулгүй байдал, цэргийн хүчний хөгжлийн 2022 оны тайланг гаргалаа

Энэ удаагийн тайлан цаг хугацааны хувьд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын стратеги 10 дугаар сарын 12-нд, Үндэсний Батлан хамгаалах стратеги, Пуужингийн довтолгооноос хамгаалах болон Цөмийн зэвсгийн номлол зэрэг баримт бичгийг 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус баталсан, БНХАУ-ыг “манай үндэсний аюулгүй байдалд болон чөлөөт, нээлттэй олон улсын тогтолцоонд хамгийн тодорхой, цогц сорилт мөн” гэж тодорхойлсны дараа гарч буйгаараа онцлог болж байна.

5 өдрийн өмнө
ОХУ-ын Курск мужийн Теткино тосгон руу украинууд гал нээжээ

ОХУ-ын Курск мужийн Глушковский дүүргийн Теткино тосгон руу өнөөдөр өглөө Украины зэвсэгт хүчин дахин буудсан талаар Амбан захирагч Роман Старовойт энэ тухай мэдэгдэв.

5 өдрийн өмнө
БНХАУ-ын удирдагч асан Зян Земин 96 насандаа таалал төгслөө

Тэрээр 1997 онд Хонконгийг тайван замаар шилжүүлж, 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр тус улсын эдийн засгийг олон улсын хамтын нийгэмлэгтэй холбосон үйл явцыг удирдаж байсан.

6 өдрийн өмнө
ОХУ "Сармат" хэмээх тив алгасах цөмийн пуужин үйлдвэрлэж эхэллээ

Ойрын 50 жилд Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн үндсийг бүрдүүлэх үүрэг зориулалттай тав дахь үеийн тив хоорондын цөмийн пуужин “Сармат” буюу “Сатан-2” нь 200 тонн жинтэй, 35 метр урттай, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн хүчин чадалтай арван цөмийн цэнэгт байлдааны хошуу тээх чадалтай.

6 өдрийн өмнө