Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ жилдээ багтаж, Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль болгон өөрчилнө гэдгийг өнөөдөр /2022.10.05/ мэдэгдлээ.
------------------------------------------
Тэрбээр "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг Монгол Улсын их сургууль бичиж үлдээсэн. Ардын их хурлын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Өнгөрсөн 80 жилийн ололт амжилт. Энэ түүхийг хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой. Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан" гэв.
2021 оны аравдугаар сард МУИС болон МҮИС-ийн нэрний давхцалын асуудал иргэдийг төөрөгдүүлж байгаа тул МҮИС гэх нэрийг буцаан авна гэж салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.
Үүний дараа МҮИС-ийн зүгээс хуулийн дагуу энэ асуудлыг шийднэ гэдгээ илэрхийлж сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйхыг шаардсан байдаг.
Харин үүний хариуд Л.Энх-Амгалан сайд "Би Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа МУИС нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж, удахгүй нэг талд нь гаргана. Би МҮИС гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм. Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэж мэдэгдэж байв.
Э.БУРАМ