Чуулган: ААН-ийн цахилгааны үнийг 14-28 хувиар нэмнэ

1
2022 оны 10 сарын 72022-10-07
Чуулган: ААН-ийн цахилгааны үнийг 14-28 хувиар нэмнэ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгийг явуулж байна. 

---------------------------------

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлэхээр болсон. Нийт хэдэн хүнээс татвар авах вэ? Хоёрдугаарт эрчим хүчний салбар үнээ нэмэх үү. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Шаталсан татвар бол шинэ татвар биш. 2004 онд анх энэ тогтолцоог хэрэгжүүлж байсан. 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ-аас буцаасан. Одоо хамрах хүрээ нь харьцангуй багассан.   Өндөр орлоготой буюу сарын 10 сая хүртэлх орлоготой иргэдээс 10 хувь, 10-15 сая хүртэлх орлоготой иргэдээс 15 хувь,  15 саяас дээш орлоготой бол 20 хувь зэрэг шаталсан татварын тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Манайд нийтдээ ХАОАТ төлдөг 817 мянган иргэд бий. Эндээс дээрх шатлалд хамаарч байгаа нь 0.3 хүн буюу 1365 хүнээс татвар авна гэсэн үг. Эндээс орж ирэх  орлого нь  10 тэрбум орчим.

Татварын системд орж байгаа томоохон репормын нэг гэж ойлгоорой. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

311074307_435481135322716_9019724794833829552_n.jpg

-Эрчим хүчний салбар хүндэвтэр нөхцөл байдалд байна. Хүнд гэж хэлж болохоор. Жишээлбэл, нүүрсний уурхайнууд 109.2 тэрбумын  эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон. Үүн дотроо Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарын голын уурхайд 14.6 тэрбумын эргэлтий хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болно. Эрчим хүчний үйлдвэр компаниуд мөн ялгаагүй ийм байдалд байна. Дизель түлш болон бусад сэлбэг хэрэгслийн үнэ 2019 онтой харьцуулахад дунджаар 30-65 хувиар өссөн. Оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан импортолдог. Зөвхөн 2022 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ханшийн алдагдал нь 37.8 тэрбум төгрөг. 

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд нэг удаа үнийн тарифыг өөрчилсөн. 2022 оны 11 сарын 1-ээс үнэ тарифыг өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьсан. Гэхдээ  эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас айл өрхүүдийн цахилгааны үнийг нэмэхгүй. ААН-үүдийн хувьд 5000 кВт хэрэглээтэй бол 14 хувь, 5000-аас дээш хэрэглээтэй бол 28 хувиар нэмэгдүүлнэ.

Ингэхдээ уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефон оператор буюу санхүүгийн ачааллыг дааж чадахуйц компаниуд  2000 мянган кВт хүртэл 28 хувийн нэмэгдэлтэй байна.

2000 мянган кВтаас дээш хэрэглээнд 38 хувийн нэмэгдэл тооцно. Энэ тооцооллын дагуу эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн тохиолдолд жилийн хугацаанд 280 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно. Ойрын хугацаанд үнийг яаралтай нэмэхгүй бол гал алдана. Аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргалаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахиад нэг жил сунгаж болох уу. Иргэд зээлээ төлөх нь битгий хэл хоол, хүнсээ авч чадахгүй байдалд орчхоод байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Төлбөрийг нь хойшлуулах тусам хэцүү. Хэрэв ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгана гэвэл Цар тахлын тухай хуульд мөн  өөрчлөлт оруулах шаардлага тулгарна. Бидэнд хугацаа байна. Шаардлагатай бол дахиж ярилцана. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

309645833_677615317118282_5891392273296480321_n.jpg

-Аудитын дүгнэлтээр 2018-2020 оны хооронд Засгийн газрын гадаадаас авсан зээлийн 44.1 хувь нь төсвийн алдагдал нөхөхөд зарцуулагдсан гэсэн байна. Аудитын дүгнэлтийг та нар шүүмжилнэ гэж байхгүй шүү. 44 хувиар төсвийн алдагдал нөхнө гэдэг нь маш аюултай. Энэ жил 1.5 их наядын алдагдалтай төсөв батлах гэж байна. Төсвийн алдагдлыг 0 болохгүй юу. Алдагдалгүй төсөв баталмаар байна ганц удаа. 2023 оны төсөв энэ хэвээр батлагдвал  гадаад өрийг 600 сая ам.доллараар нэмэгдүүлэх гээд байна. Улсын төсвийн хэрэггүй зардлуудыг танаад өгөөч.

2018 онд төсвийн зарлага 9.3 их наяд төгрөг  байсан. Өнөөдөр 20 их наяд  болжээ. Дөрвөн жилийн дотор зарлага нь 2 дахин өсдөг улс гэж дэлхийн хаана ч байхгүй.

Монгол Улсыг бид сүйрэл рүү авч явж байна. Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ жилийн төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд валютын нөөц хүрэхгүй гэж АҮГ дүгнэжээ. Сүүлийн 10 жилд Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл 3.5 тэрбум ам.доллараас 8 тэрбум болсон. 4.5 тэрбумаар гадаад өр өссөн.Үүний шалтгаан нь төсвийн алдагдал.  Нийт зээл 20 тэрбумаас 30 тэрбум болжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Таны хэлсэн 2018-2020 оныг эргэн санацгаая. Энэ хугацаа бол олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсон хугацаа шүү. ОУВС-ийн хөтөлбөрт орохдоо Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс зэргээс нийтдээ 1 тэрбум ам.долларын зээл авсан. Төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл авсан. Тухайн үеийн эдийн засгийн төлбөрийн тэнцэл их хүнд байсан. Тэрийг богино хугацаатай өндөр хүүтэй элдэв янзын бондоор нөхөх ямар ч боломж байгагаүй. Урт хугацаатай нэн хөнгөлөлттэй зээлээр богино хугацааны шокыг давж Төв банкны валютын нөөцийг зузааруулсан.

Энэ бол бодит түүх учраас үгүйсгэхгүй. Гэхдээ урт хугацаанд өнөөдрийн үүссэн өр зээлийн асуудлыг ярих юм бол их зүйл бий. Зарлагын хувьд яах аргагүй өндөр хувьтай гарсан. Сүүлийн 20 жилийн төсвийн болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа ийм болсон. Аль болох төсвийн өсөлтийг хязгаарлаж илүү их ДНБ-ий эдийн засгийн суурь тэлэлтийг дэмжих нь хамгийн чухал. Богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ үүнд дөхөж очих томоохон шинэчлэлийг хийж байгаа. Та Ерөнхий сайд байсан хүний хувьд төсвийг маш сайн уншиж байгаа байх. Дахиад нэг сайн хараарай. 2023 оны төсөв бол ахиц, дэвшилттэй төсөв болсон.  Төсвийн алдагдлыг болдог бол 0 болгочмоор байна. 2022 оны төсвөөс 850  тэрбумаар алдагдлаа бууруулсан. Төсөв бол төрийн үйлчилгээг санхүүжүүлэх үндсэн үүрэгтэй. Нийт урсгал зардлын 70 хувь нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван салбарт зарцуулагддаг. Эндээсээ танавал төрийн үйлчилгээ тасалдаж, доголдоно. 2022 онд хийсэн төсвийн хоёр тодотголын дараах дүнгээр урсгал зардлаа өсгөхгүй орж ирсэн. 

-УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Их дээд сургуулиудыг хотоос нүүлгэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ. Хэзээнээс ажил хэрэг болох вэ ?

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Их дээд сургуулиудыг хотоос нүүлгэхэд эхний ээлжид 35-50 тэрбум төгрөг шаардлагатай гэх судалгааг гаргасан. 2023 оны төсөв дээр их дээд сургуулиудыг хөдөө орон нутагт шилжүүлэх зардал тусгагдаагүй. Гэхдээ заавал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш өөр хэлбэрээр хийх боломжтой. Эрдэнэт, Дарханы их дээд сургуулиудын дотуур байрын ашиглалтууд их муу. Тиймээс нэмэлт хөрөнгө оруулалт гэхгүйгээр өнгөрсөн 2022 оны төсөв дээр дотуур байруудыг нэмэхийн тулд 12 орчим тэрбум төгрөг тавьсан. Энэхүү ажлын үр дүнг 2023 онд харах байх. Их дээд сургуулиудыг хөдөө орон нутаг руу механик аргаар шилжүүлэх нь  буруу. Асуудлыг илүү цогцоор нь харах хэрэгтэй.

Өмнө нь Хөдөө аж ахуйн  их сургуулийн зарим сургууль нүүсэн удаатай. Гэтэл хажууд нь байсан хувийн сургуулиуд нүүсэн сургуулийн хөтөлбөрийг нээсэн. Ийм үр дүн муутай гашуун туршлага бидэнд бий. Тиймээс сургууль нүүвэл хөтөлбөр, оюутан, багш нь хамт нүүдэг болох ёстой. 

Хөдөө орон нутагт суралцаж байгаа оюутнуудад оюутны зээлийн сангаас 50 хувь хүртэлх хөнгөлөлтийн зээл олгох гэх мэт цогцоор шийдэх нь зөв. Энэ жил бид Өмнөговь аймаг дээр ШУТИС-ийн уул уурхайн сургуулийг шинээр нээсэн. Нийт 120 гаруй оюутнууд  Өмнөговь аймагт суралцаж байна. Энэ хөтөлбөр Монгол Улсад хэзээ ч давхцахгүй. Зөвхөн уул уурхайн тодорхой хэдэн мэргэжлээр тус аймагт л суралцана гэсэн үг. Энэ жил Эрдэнэт, Ховд, Дорнодын их сургуулийг МУИС, ШУТИС-ийн салбар сургууль болгож зарласан. Жил бүр хөдөө орон нутгаас Улаанбаатарт 12 мянга орчим оюутан суралцдаг. Ирэх хичээлийн жилээс эхлэн 1-2 курсийн хичээлийн үндсэн сургалтыг  хөдөө орон нутагт нь сургана. 2+2, 3+1 гэх сендвич  хөтөлбөрийг энэ жил туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн.

Э.СОСОРБУРАМ

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө