Шадар сайд С.Амарсайханы танилцуулснаар Монгол Улсад 6525 стандарт байна. Гэтэл аль салбарт, төрийн болон бизнесийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд ямар стандарт мөрдөгддөг болохыг Стандарт, хэмжил зүйн бие даасан агентлаг иргэдэд сурталчилж, ойлгуулаагүй явж ирсэн. Иргэд тэрхүү “стандарт” гэгчийг мэдэхгүй учраас бид өнөөдөр идэх хүнс, хэрэглэх бараа, авах үйлчилгээ, эдлэх хөрөнгө, байх орчин, явах зам чанарын наад захын ямар шаардлага хангасан байх ёстойг төдийлөн мэдэхгүй. Мэдэхгүй учраас хэнээс юу шаардахаа мэддэггүй, ердөө л “сэтгэл гаргасан, гаргаагүй” гэх тодорхойгүй хэмжүүрээр тэдгээрийг үнэлж иржээ.
Хөгжингүй орнууд аливаа стандартаа улам сайжруулж, хүндээ, нийгэмдээ хамгийн сайныг хүргэх хэмжүүрийг баталж, тэр стандартыг биелүүлэхийг шаардаж байна. Аюулгүй байдал, амьдралын чанар, төрийн үйлчилгээ, улсын хөгжлийн гол шалгуур нь стандарт. Иймээс Засгийн газар сүүлийн 30 жилд шинэчлээгүйн улмаас хоцрогдсон, хэрэгжих боломжгүй болсон стандартуудаа шинэчилж, нийтэд таниулж, стандартын байгууллагаа чадавхуулж, төр, хувийнхнаас шаардан мөрдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч ажлаа эхэлсэн болохыг Шадар сайд С.Амарсайхан “Хэвлэлийн хүрээлэн” ТББ-аас зохион байгуулсан уулзалтын үеэр сэтгүүлчдэд онцолсон юм.
Хүний дайтай амьдаръя
“Японуудын замын өргөн, зузаан нь ийм байхад Монголын компаниуд хүүхдийн зулай шиг нимгэн зам тавиад, тэр нь эвдрээд байна” гээд л шүүмжилдэг. Аргагүй шүү дээ, замын стандарт нь хоцрогдсон, тэнд төсөвлөсөн хөрөнгө нь таарчихсан, шалгаад үзэхэд “стандартын шаардлага хангасан” л байгаа юм чинь. Гадаадад зарж, худалдах хүнс, барааныхаа чанарт манай үйлдвэрүүд үнэхээр анхаарч, олон улсын, тухайн улсын стандартад нь нийцүүлж чаддаг. Харин “өөрсдөө бол юу ч хэрэглэсэн яах вэ” гэдэг байдлаар монголчууддаа ханддаг. “Эх орны, элдэв бодисгүй, монгол хүн бүтээсэн” гэдэг тархи угаалттай. Иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагад нийцүүлж байна гээд гадаадаас хамгийн хямд, тааруухан бараа, материал, эм оруулж ирдэг. Тэр тааруухан бараа нь Монголын хоцрогдсон стандартад яаж ийгээд нийцдэг учраас хил, гаалиар чөлөөтэй нэвтэрдэг.
Гадаадын нийтийн тээвэр, авто болон явган хүний, дугуй зам, барилгын чанар, гэрэлтүүлэг, үйлчилгээний соёлыг Монголтойгоо харьцуулж гутраад л, төрийн дарга нарыг сэтгэлгүйгээр нь дуудаж хараагаад л, тийм болох юмсан гээд зураг, бичлэгийг нь тавиад л байна. Иргэдийг ингэж хүний дайтай амьдруулахын тулд тэдгээр оронд хэрэгжүүлж, мөрддөг стандартыг Монголд нутагшуулах, хоцрогдсон стандартуудаа оношилж сайжруулах, шахаж шаардаж мөрдүүлэх шаардлагатай гэдгийг С.Амарсайхан сайд хэлж байна. Юу, ямар байх ёстой вэ гэдгийн хэмжүүр нь стандарт учраас тодорхой, ойлгомжтой, нээлттэй, хамгийн гол нь биелэгддэг байх ёстой юм байна л даа.
Тавьсан стандартдаа нийцсэн төсөв
Тогтсон, хэвшээд дасал болчихсон зүйлийг өөрчлөхөд эсэргүүцэл гарна, ойлгомжтой. Тэрийг гатлаад ирэх зориггүй бол шинэчлэлийн тухайд яриад ч хэрэггүй. Хамгийн эхний эсэргүүцэл эм ханган нийлүүлэгчдээс гарна. Өнөөдөр дэлхийд эм, зэвсэг, хар тамхины бизнес хамгийн орлоготой нь. Н.Учрал, Э.Батшугар, Д.Батлут нарын УИХ-ын гишүүд Эмийн чанар, аюулгүй байдлын түр хороо байгуулж ажилласнаасаа болоод нүдүүлээд эхэлсэн. Эмийн гадаад, дотоод үйлдвэрлэгчид, тэдгээрийг импортлогчид эмч, сувилагчдыг яам, агентлагтай нь тохиролцон гадагшаа сургаж, дадлагажуулах зардлыг нь даадаг. Хариуд нь тухайн компанийн эмийг өвчтөнд бичиж өгдөг “зөөлөн хүчний бодлого” эрүүл мэндийн салбарт шингэсэн. Бичиж өгсөн эмийг нь уугаад эдгэхгүй байгаа тухай төрийн ордоноос төвийн гудамжаар дүүрэн ярьцгааж байна. Стандартыг нь өөрчилнө гэвэл эм импортлогчидтой үзэлцэнэ.
За, тэгээд хүнсний бүтээгдэхүүн, зам, барилгын стандартыг өөрчилж, амьдралд нийцэхгүй болголоо, ядуу Монголоос дэлхийн стандарт нэхлээ гээд дотоодын компаниуд босоод ирнэ. Эдийн засаг хүнд, арай ядан дэнжигнэж байхад стандартаар шахаж дампууруулах гэлээ гэнэ. Зовлон бий, стандарт хангасан сургуулийн барилга, сайн зам бариулахын тулд төр төсвөө хангалттай тавих ёстой. Стандартыг нь хангахуйц төсөв тавихгүй бол хувийн хэвшлийнхэн төрийн ажил руу орохоо болино. Хоцрогдсон стандартыг хангасан нэртэй хэдий хүртэл хорвоогийн мууг эдэлж, хэрэглэж амьдрах юм бэ. Монголд байгаа 6525 стандартын 744 нь эрүүл мэнд, 645 нь хүнс, хөдөө аж ахуй, 655 нь барилгынх. Хоцрогдсон стандартаар хоцрогдсон байдлыг л хамгаалж байна.
Шийдэх асуудал
Шадар сайдын харьяанд МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн худалдан авах ажиллагааны ерөнхий газар ажилладаг. COVID-ын хоёр жилд С.Амарсайхан Тахлын сайдын ажил хийлээ. Одоо харьяалсан салбарууд руугаа орж эхэлж байгаа бололтой. Хуульчилсан хулгайн сурвалж болсон Тендерийн хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. МХЕГ-ыг татан буулгаж, хяналт шалгалтын чиг үүргийг нь салбарын яамдад нь шилжүүлэх асуудлыг хуулиар шийдэх гэж байгаа. Ингэж таван агентлагийнхаа нэгийг нь бүр мөсөн унтуулах бол, хамгийн унтааг стандартын салбар руугаа гол анхаарлаа хандуулах ажил. Гэтэл стандартуудыг нь шинэчиллээ гэхэд хэн мөрдүүлэх юм бэ.
Мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя гэхээр Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль өргөн баригдсан боловч батлагдаагүй. Төрийн бус байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг нь гаднаас санхүүждэг ТББ-ууд санхүүгээ ил болгохгүй гэдэг шалтгаанаар эсэргүүцэж “иргэний нийгмээ устгах гэлээ” гэдэг мессеж өгсөн. МҮХАҮТ-ын хуулийн төсөл нь УИХ дээр орж ирээд л “бизнесүүдийг заавал танхимд бүртгэлтэй болгож, татвар авах гэж байна” гэдэг шүүмжлэл дагуулав. МХЕГ нь татан буугдана. Стандарт мөрдүүлэх нэгдсэн байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газар нь “жин хэмжүүрийн газар” болтлоо чиг үүргийн хувьд жижгэрэн хаягдаж, хүний нөөцийн дутагдалд орсон юм гэнэ лээ. Тэгэхээр дээрх хуулиудыг батлах нь цогц бодлого бөгөөд стандартын байгууллагаа хөл дээр нь босгох, авлигын сүлжээнээс ангид лабораториудтай болох, тохирлын үнэлгээний байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага тулгарчээ.
Г.Улсболд