Эрүүгийн процессын хуульд өөрчлөлт оруулах замаар авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхийг болиулах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам өргөн барьсан. Хэрэв хууль нь батлагдвал “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлахыг хориглоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө гэсэн гомдол гаргаж хүчингүй болгуулахаар хуулийнхан нягтарч байна.
Гэтэл Өршөөлийн хуулийг алагчилж гаргадаг. Авлигачдыг, хар тамхины наймаачдыг, хүчингийн хэрэгтнүүдийг, гадаадын тагнуулыг, террористыг өршөөлд хамруулдаггүй. Энэ бол гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй Засгийн газар ийм бодлого барьж төслөө боловсруулаад, хууль тогтоох дээд байгууллага УИХ нь баталж байна. Нэгэнт улс нийтээрээ авлигатай тэмцэе гэж байгаа бол зөвхөн зардал, цаг хугацаа хэмнэх зорилгоор авлигачдын толгойг илж тэдэнд хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломж олгодог байдлыг халах шаардлагатай. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгддэг нийт хэргийн 0.5 хувь нь авлигынх.
Тэдний учруулдаг хохирол, тогтоодог буруу жишиг нийгэмд асар хортой. Өчнөөн хүний боломжийг хулгайлж, цөөнгүй хүнийг чирэгдүүлсэн албан тушаал, хахуулийн хэрэгтнүүд “торгуулиад өнгөрдөг” нь шударга бус бөгөөд тэднээс “хэргээ хялбаршуулж, ялаа тохиролцдог” эрхийг нь төр зөрүүлээд хурааж авах нь 0.5 хувиар нь тооцоход бараг гарзгүй. Сүүлд ч Трансперенси Интэрнэшнлийн зөвлөх Д.Тэгшбаяр “Олон улс авлигын хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэхийг дэмждэггүй” тухай дурдсан байсан.
Хялбаршуулсан журмын эерэг нөлөө
УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Оршихын Хуульчдын форум дээрх ярианаас хуваалцахад, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх тогтолцоо Монголд шинэ зүйл биш. 1926 оноос л хохирогч гомдлоо татаж авах, хоорондоо эвлэрснээр хэргийг нь хэрэгсэхгүй болгох зохицуулалт хуульд байж ирсэн. 2017 оноос эхлээд нийт гэмт хэргийн 30-32 хувь нь хялбаршуулсан журмаар шийдэгдэж байгаа бөгөөд хохирлоо барагдуулж, гэм хороо арилгаж, гэм буруугаа шүүхээс өмнөх шатанд хүлээн зөвшөөрсөн холбогдогч өөрийн хүсэлтээ прокурорт өгч хянуулснаар ажиллагаа эхэлдэг байна. 2020 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 3286 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хамгийн олон нь.
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 321, 17.1 дүгээр зүйлд заасан эд зүйл хулгайлсан 288, 11.4 дүгээр зүйлийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан 239, 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшсан 203, 17.3 дугаар зүйлд заасан бусдыг залилсан 158 хэргийг дээрх журмаар шийдвэрлэсэн нь бусад хэргээс олон байгаа юм. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлсэн иргэдийн 69 хувь нь торгуулийн ял авдаг байна. Харин 5 хувь нь хорих ял авчээ. Ингэснээр жилд 7000-8000 ялтан суулгадаг байсан шоронд өнөөдөр 3600-4000 ялтан суудаг болж багасчээ. Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхийг болиулах гээд бүр халиад үр нөлөөгөө үзүүлж байгаа энэхүү тогтолцоог нураах вий гэсэн болгоомжлолоо тэрээр хэлсэн.
Хохирлоо төлнө гэж торгуулчихаад алга болдог
Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх тогтолцоо нь гэмт хэрэгт холбогдсон хүний эрхийг бодсон зохицуулалт боловч нөгөө талаараа хохирсон хүний хохирлыг түргэн, шуурхай барагдуулах асуудлыг чухалчихсан. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1.3-т “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж бичсэн хэрнээ 17.4.4.5-д “4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэсэн заалт бичиж зөрчилдүүлжээ. Энэ байдлаар зарим нь хохирлыг төлж байж хялбараар хэргээ шийдүүлдэг бол зарим нь төлөхөө илэрхийлээд торгуулиад гарчихдаг байна. Хуулийн энэ зөрчилдөөнтэй заалт олон хүний хохирол барагдахгүй, цаад хүн нь торгуулийн ялаа аваад зугтдаг байдал рүү түлхэж байгаа юм ажээ.
Нөгөөтэйгүүр, хүмүүс хоорондоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эвлэрчихээд байхад төр заавал аль нэгийг нь барьж шийтгэдэг зохицуулалт манайд байгаа. Үүнийг засах шаардлагатай тухай саналыг саяхан болж өнгөрсөн Хуульчдын форумын үеэр эрүүгийн хуульчид ярьж байсан юм.
Г.Улсболд