Хуульчдын форум: Цэц ичих хэрэгтэй

1
2022 оны 10 сарын 212022-10-21
Хуульчдын форум: Цэц ичих хэрэгтэй

Монголын Хуульчдын холбоо их хурлаа 12 сарын 10-нд товложээ. Үүнээс наана өнөөдөр “Хуульчдын форум”-аа Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Зохион байгуулагчийн тоолсноор 130 мянган төгрөгөө төлсөн 290, зохион байгуулагчтайгаа нийлээд 320 хуульч оролцсон юм байна. Сурвалжлагчийн хувиар форумд оролцож, тайзан дээр уригдсан, зааланд суусан шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаачидтай ярилцаж үзэв. Хуульч биш, хөндлөнгийн хүн учраас ерөнхий уур амьсгал, давтамжтай өгч байсан мессеж, илтгэлээс базсан ажиглалтаа хуваалцах нь зөв биз ээ. Энэ форум хуульчдынх, тэрийг дагаад зүйл, заалт уйтгартайн дээр, дараа нь “хүний хэлээр” зажилж бичиж болох тул энэ удаад үлдээе гэж бодлоо.

Сэдэв ба өнцөг

Хуульчдын холбооныхон форумын үндсэн сэдвээрээ Үндсэн хуулийн нэмэлтийг барьж авчээ. Энэ чиглэлийн хуульч, эрдэмтэд анх Цэц дээр бичиг очиход нь дуугарах байсан. Гэхдээ тэд ч, холбоо нь ч эс үйлдэл гаргаж, хувиа хичээцгээсэн. Засгийн газар бараг бүхлээрээ давхар дээл нөмөрсөн нөхцөлд өнөөдрийн форум бол мэдлэгээ харамласан судлаачид, индэр нь болох байсан Хуульчдын холбооны хувьд өнгөрсөн борооны араас нөмөрсөн цув байлаа. Илтгэгчдийг сонгож урьсан байдал, зоосон сэдвээс энэ нь Засгийн газарт ажиллах парламентын гишүүнд тавьсан хязгаарыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон үйл явдлыг буруушаан гоншигонож байгаа нь уншигдана.

34.jpg

Цэцийн гишүүн, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан В.Удвал гуай Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Цэцийн гүйцэтгэх үүрэг сэдвээр саяхан доктор хамгаалсан. Тэрээр индэрээс “Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилсан. Хуваарилсан юм бол яагаад хоорондоо хутгалдах боломжийг олгов. 1 асуудлаар яагаад 3 удаа өөрчлөлт хийв. Яагаад Үндсэн хуулийн 3-р бүлэг буюу эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой хэсэгт өөрчлөлт ороод байна. Энэ бол Үндсэн хуулийн сорилт, бэрхшээл боллоо” гэв.

22.jpg

Араас нь ШЕЗ-ийн гишүүн асан, МУИС-ийн багш “Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхийг хамгаалах асуудал” гэдэг сэдвээсээ зөрж, ниргэж гарлаа. Нийтийн эрх зүйн томоохон эрдэмтэн тэрээр, “Үндсэн хуулийн манаач нь Үндсэн хуулийн хулгайч болсон. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн байгаа, бүгд хуульч нар. Харамсалтай нь тэдэн дунд Хуульчдын холбооны гишүүн хуульч байхгүй юм байна. Байсан бол Үндсэн хууль зөрчсөн гэдгээр нь Хуульчдын холбооноос хасах байсан. Тэд улстөрчдийн хуйвалдааны гар хөл болсон нь үнэхээр өрөвдөлтэй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа маш хурдан өөрчлөлт хийж аваад, гишүүд нийтийн баялгийг хуваарилах эрх мэдэл дээр очсон. Үндсэн хуулийг өөрчилж болно, гэхдээ үүний цаана дандаа “сайн санаа” явж байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийг өөрчлөхдөө “чөтгөрийн санаа” агуулсан. Чөтгөрийн санааны сөрөг үр дагавар төсөв дээр гарч байна. Нийтийн баялгийг сайд болсон гишүүд тэгш бусаар өөрсдөдөө хуваарилж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрч болохгүй” гэхэд нь заал дүүрэн алга нижгэнэв.

36.jpg

Индэр дээр Үндсэн хууль тогтоогчид уригдлаа. Голд нь суусан Цэцийн дарга асан Н.Жанцан гуай, “Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд ичих булчирхай байдаг бол ичих ёстой” гэв. Дахиад заал дүүрэн алга нижгэнэв. Араас нь тэрээр “Үндсэн хуульд 3 удаа халдлаа. Үүнийг хамгийн түрүүнд халах, чагтлах ёстой хүмүүс нь Цэц байсан. Гэтэл тогтолцоог нураасан учраас цэцийг хулгайч гэж түрүүн хэллээ. Үндсэн хууль тогтоосон 432 хүний тал нь бурхан болсон. Тал нь цуглаад өлсөе, хэвтэе, эсэргүүцье гэж ярьсан. Цар тахлын дэглэмд чадаагүй ч, бид буруушааж байсан шүү гэдгийг өнөөдөр хуульчиддаа дуулгая. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаа зарлаад, тэгээд хойшлуулаад гэнэтхэн Их суудлын хуралдаан зарлаад шийдсэн энэ явдал ноцтой. Давж заалдах эрхийг нь хязгаарлачиж байгаа юм. Ийм явдал дахиад давтагдахгүй гэх баталгаа алга. Сонгогдсон гишүүдэд эрх, мэдэл мөнгө нь багадаж харагдаад энэ бүгдийг захиалж хийлгэсэн. Яамгүй сайд гэдэг томъёололтой болсон нь 40 сайдтай болох ч хаалгыг нээлээ” гэсэн юм.

Хоцорлоо гэвч хоцроогүй

Түрүүн хуульчдыг, Хуульчдын холбоог борооны араас цув нөмөрлөө гэсэн үгээ буцааж явъя. Энэ форум дээр яригдсан асуудал хуульчдад нөлөөлсөн, үг нь УИХ-д цохилт болж хүрсэн бол, цаашлаад иргэдэд хүрвэл зорилго нь хоцроогүй. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2022 онд багтаан өргөн барихыг Засгийн газарт даалгасан. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, парламентыг хоёр танхимтай болгох чиглэлээр гэж тодорхой чиглүүлсэн. Хэрэв нэмэлт өөрчлөлт оруулахыг иргэд зөвшөөрөхгүй бол Үндсэн хуулийн цэцээр дамжуулан Үндсэн хуульд шанаа өгөх заль дахиад ч гаргахыг алийг тэр гэх вэ. Энэ утгаараа Хуульчдын форум нэг талаар вакцинжуулалт болоо, нөгөө талаар форумаас гарах зөвлөмж сануулга ч болох биз.

24.jpg

Сүүлд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Ш.Цогтоо дүгнэлт хэлсэн. Тэрээр, “Цэц буруу шийдвэр гаргасан. Үүнийг хамгаалах аргагүй. Гаргасан тогтоолоо өөрсдөө үгүйсгэж тогтоол гаргасан” гэж хэлсэн. Ингэснээр Хуульчдын холбооны сонгож авсан үндсэн сэдвийн хэлэлцүүлэг зорилгоо биелүүлж, салбар хуралдаанууд эхлэв.

Бидний суусан эрүүгийн хуульчдын салбар хэлэлцүүлэг, “За улстөржсөн уур амьсгалаас ийшээ орж ирлээ. Хэдүүлээд оногдсон сэдэв улс төрөөс ангид” гэснээр эхэлсэн юм. Энэ салбар хуралдаанаар хэлэлцсэн Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн асуудлын мэдээллийг дараа нь нийтэлнэ.

 

Г.Улсболд

 

Санал болгох

Дэлхийн хямралт цаг үе ба эрсдэлийг сөрөх Ерөнхийлөгчийн санаачилга

НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.

2 өдрийн өмнө
Өнгөт хувьсгалд тролл ашиглах нь

Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

7 өдрийн өмнө
ҮХНӨ ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер” улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна.

8 өдрийн өмнө
ХОЁР ХАЛБАГА ШӨЛ БУЮУ ҮР ДҮН

Хавар удахгүй, хаяанд. Энэ оны хавар бол УИХ-ын сонгуулийн жилийн өмнөх хавар. Улс төрийн хувьд тогтворгүй байдаг, улстөрчдийн, иргэний нийгмийнхний идэвхждэг энэ утгаар нь “хаврын синдром”-ын оргил цаг үе.

23 өдрийн өмнө