Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй. Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.
Жишээ нь, өчигдөр /2022.11.02/Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт автобус шатсан байна. Энэ тухай нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр “автозамын зорчих хэсэгт автобус шатаж байна” гэсэн дуудлага орой 16:41 цагийн үед бүртгэгджээ.
Энэ дагуу очиход “Аэро сити 540” загварын нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Золоор хүний амь нас эрсдээгүй байна.
Тэгвэл ердөө долоо хоногийн өмнө /2022.10.27/ Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр өглөөний 10.30 цагт Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобус шатсан. Тодруулбал, гал түймрийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход зорчигч тээвэрлэж явсан автобусны арын моторны хэсэг шатсан байсныг бүрэн унтраасныг онцгой байдлын газрынхан мэдээлж байв. Үүнээс ч өмнө автобус шатсан тохиолдол цөөнгүй. Сануулбал,
2022.06.18 Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатсан. “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг албан хаагчид унтраасан юм. Энэ автобусыг үргэлжлүүлэн үйлчилгээнд явуулсан байна.
2022.06.19 Сансрын тунелээс уруудах замд Баянцээлийн эсрэг талд 12:00 цагийн орчимд зорчигчтой автобус шатсан. Автобусны араас гал гарсан тул иргэдийг яаралтай буулгасан тул золоор бэртэж гэмтээгүй. Жолооч нь онцгой байдлын газарт дуудлага өгсөн байдаг.
2022.12.30 Улиастайн тойрогт автобус шатсан. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид очиход “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобусны арын моторын хэсэг шатаж байсныг 10 минутад унтраасан. Мөн оны хоёрдугаар сард гачуурт чиглэлийн автобус шатсан хэрэг гарч байв.
Энэ мэтчилэн автобус шатах бүрт түрхэн зуур анзаарчихаад дараа нь мартдаг, сүүлдээ ердийн үзэгдэл шиг болжээ. Нийгэмд хамгийн их шүүмжлэл дагуулдаг нийтийн тээврийн салбар анхаарлын гадна үлдсэний тод жишээ нь энэ.
Хэдий парк шинэчлэлийн тухай байнга шахам эрх баригчид, хотын удирдлагууд ярьдаг ч дорвитой өөрчлөлт алга. Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1500 орчим шинэ автобус оруулж ирэх юм. Эхний автобуснууд орж ирээд, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болж байна. Энэ зундаа багтаагаад наймдугаар сарын 25-ны дотор 300 орчим автобус оруулж ирэх юм” гэж өнгөрсөн зургадугаар сард ярьж байв.
Гэвч 91 автобусыг өнгөрсөн зургадугаар сард үйлчилгээнд явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл автобус дахин шинэчлэгдсэнгүй. Тэгвэл энэ сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэл 500 шинэ автобус орж ирнэ гэдгийг Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн ажлын явцын талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлж байсан юм. Нийслэлийн зүгээс энэ сард багтаж 200 автобус оруулж ирэхээр төлөвлөсөн гэнэ. Гэвч өнөөдөр актлагдсан, хэзээ мөдгүй шатахад бэлэн автобус нь ч хүмүүстээ хүрдэггүй нь хэний ч нүдэнд ил байна. Дээр нь аюулгүй байдлын баталгаа алга.
Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарч байсан бол иргэдийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 54 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал хувийн машинаас татгалзаж, автобусаар зорчих сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл, түгжрэлийг бууруулахад иргэдийг “автомашинаасаа татгалз, дугуй уна, автобусаар яв” гэж уриалахаас илүүтэй парк шинэчлэлт хийх шаардлагатай нь харагдаж буй.
Иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын ярилцлагаас жишээ татвал,
- Зарим автобус шатаж байгаа юм шиг хар утаа хаядаг. Цагдаа нар иргэний машиныг хар утаа хаяж байна гэж зогсоодог атал автобустай бол ямар ч хариуцлага тооцохгүй хөдөлгөөнд оруулдаг. Автобус болон автомашинаас гарч буй байгаа хий агаарыг их бохирдуулдаг юм билээ. Би зун нэг хэсэг унадаг дугуйгаар ажилдаа явахдаа замын хажуугаар их явдаг байсан. Тэр үед маш их мэдрэгдсэн. Бүр толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан
- Гадаад орнуудынх шиг нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдаггүй. Манай нийтийн тээврийн хооорондын зай 10 минут гэж яригддаг боловч тийм юм байхгүй. Түгжрэл нь нөлөөлдөг байх.
- Оюутан байх хугацаандаа нийтийн тээврээр зорчдог байсан. Дөрвөн жилийн хугацаанд байнга хичээлээсээ хоцорч, багш нартаа загнуулдаг байсан. Өглөө эрт гараад ямар ч үр дүнгүй. Нийтийн тээвэр цагдаа ирдэггүй. Найман цагт ирэх ёстой автобус 8.30 гэж ирдэг. Багшийн дээд рүү очих гэж маш их түгжирдэг.
- Зарим газраас дамжиж суух шаардлага гардаг. Автобус дамжихаар цаг хугацаа их алддаг. Автобус хоорондын зай 10 минутдаа л багтаж байвал маш сайн байна. Удаан хүлээлгэдгээс олуулаа чихцэлдэж зорчих болдог. Хөл гишгэх зайгүй болтлоо чихэлдэнэ. Заримдаа багтахгүй үлдэнэ.
- Хэт огцом тоормослохоор хүн унаж гэмтэх зэрэг жолоочийн буруутай үйлдэл их байдаг. Үүнийг жолооч тоодоггүй. Бүгд мөнгөө төлөөд зорчиж байгаа юм чинь цэвэрхэн автобусаар зорчмоор байна
Өнөөдөр олон тэрбумын өртөгтэй парк шинэчлэлтийг хүлээх зуур актлагтдсан автобусанд амьд явах баталгаа алга бололтой.
Б.ЦЭЦЭГ