Ц.Даваасүрэн: Б.Жавхлан хаана банк байна тэр бүрт гар дүрж байна

2
2022 оны 11 сарын 32022-11-03
Ц.Даваасүрэн: Б.Жавхлан хаана банк байна тэр бүрт гар дүрж байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах санал гаргав. 

Тэрбээр "2023 оны төсвийн тухай хуулийг дагасан хуулиуд дотор Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төрийн баталгаа гаргаж  төлөх тогтоол бий. Б.Жавхлан энэ  заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн хүн шүү.

Чиний менежер Ч.Мөнхбаяр зээлийн газрын дарга, чиний танил  хүүхэн н.Уянга зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал, Пүрэвсүрэн нь лизингийн захирал хийж байсан. Улмаар Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум  төгрөгийг Б.Жавхлангийн эхнэрийн  “Ньюгоби гейт” ХХК-д  хадгаламж хэлбэрээр байршуулсан ч өнөөдөр байхгүй.

Энийг хэн төлөх юм. Б.Жавхлан хаана банк, сан байна тэр бүрт гар дүрж байна. ЖДҮ ч тэр. Бичил санхүүжилтийн хөгжлийн сан, Төрийн банк ч тэр.  Төсөвт 60 гаруй тэрбум төгрөг суусан. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог мөнгийг олгоод Б.Жавхлан хариуд нь банкуудын захиралуудыг удирдаад сууж байна. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд  бүх сан, банкыг луйвардаж байна. Намайг худал ярьж байна гэвэл УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг түр хороо хянаж шалгах хэрэгтэй. Үүний дараа Хөгжлийн банкны зээлийг төлөх эсэх талаар ярих ёстой. Ийм ёс зүйгүй асуудал байж таарахгүй. Хэрэв Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаж төлвөл эргэж хэн ч төлөхгүй. Эцэс сүүлд нь Хөгжлийн банк дампуурах юм уу, экспортын банк болгоно гээд алга болно биз. 

Өчигдөр энэ хуулийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр Г.Амартүвшин тэргүүтэй хүмүүс 30 гаруй тэрбумыг авчихаад ичихгүй Хөгжлийн банкны өрийг төрийн баталгаа гаргаж төлөхийг дэмжсэн. Г.Амартүвшин өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүнээс татгалзаад шалгуулна гэсэн юу болсон. Чи одоо шалгуул. УИХ-д суух ч эрхгүй. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд 10 гаруй гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учраас  оролцохгүй байх ёстой шүү. Би буруу юм яриагүй. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх ёсгүй. Энэ хэвээр явбал дараагийн банк дампуурна" гэв.

 Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд тоглодог

Сангийн сайд Б.Жавхлан түүний хариуд "Ц.Даваасүрэн гишүүн та сүүлийн үед зөндөө л доромжилж, гүтгэлээ. Их тэвчлээ. Та парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдог гэдгийг тод харуулж байна. Таны ярьсан асуудалд би өмнө нь тайлбар хэлсэн. 

Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд тоглодог. Гэхдээ бодит үнэн нь ямар гэдгийг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд үнэхээр харамсмаар шүү.

Уг нь энд ярих ёсгүй. Гэхдээ сүүлийн үед юу болж байгаа талаар зарим нэг зүйлийг ярихаас өөр арга алга. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан, улс төр судлаач Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Монгол Улс жилд 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа мэргэжлийн холбоод гаргасан. 10 сая арьс шир боловсруулж байсан үйлдвэр одоо 4.4 сая болж буурсан мөртлөө хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. 

Өмнө нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30 орчим сая ам.доллар, барилга байгууламж, дэд бүтэц нийлээд 60 орчим сая ам.доллар болж байсан. Харин одоо 160 сая евро болсон. Ц.Даваасүрэн гишүүн өөрөө эрчим хүчний мэргэжилтэй мөртлөө гэнэт арьс ширний хүн болоод гадаадад үйлдвэрт очоод зураг даруулаад гүйгээд байсан шүү. Дээрх тооны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргах хүсэлт ирүүлсэн. Таны яриад байдаг бодит үнэн, шударга байдал чинь энэ үү? Энэ бүхнийг бүгдийг Ц.Даваасүрэн гишүүн та хийж байгаа. Би зөвхөн нэг хэсгийг нь ярилаа" гэлээ. 

Э.БУРАМ

Санал болгох

Л.Гантөмөрийг АН-ын даргад бүртгүүлэхээр УДШ-д материалаа хүргүүлэв

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

1 цагийн өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

2 цагийн өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

2 цагийн өмнө