Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй

2
2022 оны 11 сарын 42022-11-04
Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй

Үндсэн хуулийн цэцэд “Яамны” фракц байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Одбаяр, Төрийн нарийн бичгийн дарга байсан Г.Баясгалан, ШШГЕГ-ын дэд дарга байсан Г.Туулхүү, Оюуны өмчийн газрын дарга байсан Н.Чинбат дөрвийг хэлдэг. Дээрх дөрвөөс хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаа.

Эхнийх нь, гавьяат хуульч Доржийн Одбаяр. УИХ-аас нэр дэвшүүлж 2016 оны 11 сарын 17-нд УИХ томилсон цэцийн гишүүн. Түүнд 14 хоног Цэцийн гишүүнээр ажиллах хугацаа үлджээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан намтар нь “цэцийн гишүүнээр улс төр, эрх зүйн өндөр мэдлэгтэй” гэдэг шалгуурыг “хангадаг” бол тухайн үед эрх барьж байсан МАН-д удирдах алба хашиж байсан замнал нь цэцийн гишүүний болгосон. Олон улсын Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцохоор Монголыг төлөөлж томилолтоор явах замдаа онгоцны үйлчлэгчийг “оролдсон” асуудал нь БНСУ-д тогтоогдож, албан тушаал буурсан.

Хоёр дахь нь, Цэцийн дарга, гавьяат хуульч Намжилын Чинбат. Улсын дээд шүүхээс санал болгож 2017 оны 6 сарын 9-нд УИХ томилсон цэцийн гишүүн. Хууль ёсоор 2023 оны 6 сард хугацаа нь дуусна. Хуулийн салбарт 1979 оноос ажилласан түүнтэй мэдлэг, туршлага, бүтээлийнх нь хувьд маргах хүнгүй. 10 жил МУИС-т, 3 жил Дээд шүүхэд, 20 жил Оюуны өмчийн газарт удирдах албан тушаал хашиж, УИХ-ын даргад ч, Хууль зүй, дотоод хэргийн сайдад ч зөвлөх хийсэн нэгэн. Гэхдээ 1956 онд төрсөн тэрээр тэтгэвэрт тогтоолгох насанд хэдийнэ хүрчихсэн. Өөрийг нь тодорхойлж, цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн Улсын дээд шүүх орны хүнийг нь нөхөж томилуулахаар сонгон шалгаруулалт явуулахаар Дээд шүүхийн даргыг нь Цэцэд дуудуулна гэдэг хүн.

Д.Одбаяр, Н.Чинбат хоёрыг Цэцийн даргаар ажилласан 2016-2022 онд Үндсэн хууль тойрсон олон үйл явдал боллоо. “Манаж явах ёстой Үндсэн хуульдаа Цэц нь өөрөө шанаа өгсөн алхам олныг хийлээ.

Хойшид улстөрчдийн захиалгаар ажиллаж, эрх баригчдын хүслийг гүйцэлдүүлэх гар хөл болохоос сэргийлж Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг яаралтай өөрчилж, шинэчлэх шаардлагатай” гэж хуульчид ярьдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулийнхаа хулгайч болсон гэх сүрхий дүгнэлтийг ч саяхан болсон Хуульчдын форум дээр хуульч, судлаач нар хэлнэ лээ. Гэвч хуулийн төслүүдээ өргөн барьдаггүй, хэлэлцүүлэгт оруулдаггүй эс үйлдлийг Засгийн газар ч тэр, УИХ ч тэр гаргаж байгаа юм. Нэг үгээр, хуулийн завхрал нь цэцийн гишүүдэд өөрсдийг нь томилдог улс төрийн томчуудтай наймаа хийж, үнэнчээ харуулах боломж олгодог болохоор тэд үүндээ дуртай, харин “улс төр дэх томчууд” хуулийн завхралыг хаах дургүй байдаг байх нь.

Жишээ нь, өнөөдөр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1, 29.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэцийн дунд суудлын хурлаар хэлэлцэх гэж байна. УИХ-аас томилогддог албан тушаалд нэр дэвшвэл “томилгооны нээлттэй сонсгол” заавал хийдэг дэвшилттэй зохицуулалт юм л даа. АТГ-ын дэд даргын, Дээд шүүхийн шүүгчдийн, ХЭҮК-ын гишүүдийн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн гээд хэд, хэдэн нээлттэй сонсголын ард гарсан. Нэр дэвшсэн хүнтэй нь холбоотой мэдээлэл, гомдол, магтаал, шүүмжлэл бүгдийг хүлээж авдаг, тэр нь хэлэлцүүлэгт ордог, асууж тодруулдаг, их л ардчилалтай зохицуулалт. Ер нь л нийгэмд нэр хүнд тааруу, сонирхлын зөрчилтэй нөхдийг төрийн өндөр дээд, хариуцлагатай албанд шууд томилогддог явдлыг хаасан зохицуулалт нь “томилгооны сонсгол” гэж болно. Гэтэл үүнийг болиулах саналыг хэн нэгэн Цэцэд гаргаж, Цэцэд яаж яваад гэх үү, ямар шахаагаар гэх үү орчихсон Г.Туулхүү хурандаа маргаан үүсгээд хүлээн авчээ. Өнөөдөр хэлэлцэнэ гэнэ.

Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй л гэдэг. Гэхдээ Монголын төрд өдий хүртэл зүтгэсэн гавьяат хуульчдад дэвшилтэт үзэл санаа, зөвлөлдөх ардчиллын ололтын зулыг чимхэж унтраагаад гарах өөдгүй бодол байхгүй байлгүй дээ гэж.

Дахиад хэлэхэд, өнөөдөр буруу жишиг тогтоовол улам өргөжиж цаашлаад Д.Одбаярыг, араас нь Н.Чинбатыг Цэцээс явууллаа гэж бодоход “алдарт” Ц.Нямдорж, Н.Лүндээжанцан нар “хууль, улс төрийн өндөр мэдлэгтэй” гээд ороод ирэхийг алийг тэр гэх вэ. Нээлттэй сонсголыг үгүй болгочихвол Монголын улс төрөөс сонгогчид нь шахаад гаргачихсан, хуульч судлаач нар нь хүлээн зөвшөөрөхөө больсон улстөрчдийг “намын бодлого” гээд шууд тавихад гудамжнаас байтугай, Төрийн ордоноос эсэргүүцээд ч нэмэргүй. Тэд биш юм гэхэд Хэнтийн хэн нэг тэтгэврийн хуульчийг, Их засаг сургуулийн хэн нэг багшийг “бодлогоор” тавих боломжтой болчихно.

Яг ийм “намын бодлого”-оор улайм цайм томилгоо хийдэг явдалд багахан саад тээг болж байгаа зохицуулалт өнөөдөр нээлттэй сонсгол л байна. Монголбанкны ерөнхийлөгчийг, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг, АТГ-ын даргыг ямар ч саад тээггүй “намын бодлогоор” томилно гэдэг цаашдаа ч намын дарга буюу Ерөнхий сайд нь УИХ-ын ажил руу цөмөрч орж байгаа хэлбэр.

Үндсэн хуулийн цэц сүүлийн хэдэн жилд жирийн иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон ямар эрхийг хамгаалж, иргэдээс гарсан ямар гомдлыг хүлээн авсан билээ дээ. Үнэндээ тэд "том дарга" нарын эрх ямба, албан тушаалтай холбоотой улс төрийн кампанит ажил болгонд оролцож, тэдний дур зоргыг хязгаарласан дэвшилттэй заалт болгоныг унагааж, ардчиллын ололтын зул болгоныг чимхэж унтраасан шүү дээ.

Г.Улсболд

Санал болгох

Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн долоо хоног ээлжит бусаар хуралдаж, 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгосон билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн нэрийг УДШ-д бүртгүүлэхээр өргөн барив.

4 минутын өмнө
2023 оны NBA-ын бүх оддын гарааны тоглогчид тодорлоо

Бүх оддын тоглолт 1993 оноос хойш анх удаа Солт Лейк Ситид ирэх сарын 19-нд тоглоно

24 минутын өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

37 минутын өмнө
ЦХХХЯ: 13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ эхлүүлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж ажиллана.

40 минутын өмнө