Тогны үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрье...

9
2022 оны 11 сарын 12022-11-01
Тогны үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрье...

Нийтлэлийнхээ эхэнд олон зүйл нуршихгүй хэлэх гэсэн өнцгөө шуудхан хэлчихье. Бид гар утсаа бүрэн цэнэглэж чадахгүйд хүрэх нь ээ. Тиймээс тогны цахилгааны үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрье.

Манай цахилгаан эрчим хүчний өдөр тутмын хэрэглээ нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн балчир хүүхдээс бусад гэр бүлийн гишүүн бүр гар утастай болчихсон. Энэ бол жижигхэн хэрэглээ. Тэгвэл цонхоо нээгээд хар л даа. Тэнд олон давхар шинэ барилга баригдаж байна. Түүний цаана бас нэг хорооллын суурь ухаж байна. Иргэн Батаа жижиг дунд үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг аччихсан нийслэлийг зорьж явна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, Засгийн газар уул уурхайн үйлдвэрлэлийн томоохон төсөл хөдөлгөх гээд эрчим хүчний эх сурвалж судалж байна гэх мэт.

Энэ бүгд бидний өдөр тутамд олж харж, хэвлэл мэдээлэл, сошиал сувгаас уншдаг сэдэв. Эрчим хүчийг хажуу шонгийн модноосоо утас татуулаад байшин руугаа холбочихдог ойлгомжтой үйлдэл гэж ойлгодог. Гэтэл энэ үйл явцыг эхлүүлдэг цахилгаан станцууд өнөөдөр тогоо өгч чадахгүйд хүрч болзошгүй байна.

Цахилгаан станц бидний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадаж байгаа юу гэх асуулт тулгарна. Үнэндээ, өнөөдөр монголчууд эрчим хүчний дутагдалд орчихсон. Социализмын үеийн тоног төхөөрөмжөөрөө ажиллаж байгаа цахилгаан станцууд нь энэ байдлаараа ирээдүйн асар их эрчим хүчний хэрэглээг хангаж дийлэхгүй “унтарна” гээд ойлгочих. Байдал ийм л байна.

313784355_638227304451177_8101266346437398616_n.jpg

Эрсдэлтэй байгааг сүүлийн арав гаруй жил салбарын ажилчид идэвхтэй ярьж ирэв. Гэтэл манай үе үеийн улстөрчид иргэддээ таалагдахын тулд цахилгаан эрчим хүчний үнийг нэг үнэд барьсаар олон жил өнгөрлөө. Үүнээс болж цахилгаан станцууд тоног төхөөрөмжөө шинэчлэх, ачааллаа нэмэх зайлшгүй шаардлагаа биелүүлж чадахгүй явсаар өдий хүрэв.

Угтаа бол цахилгаан станцууд 20%-ийн нөөцтэй ажиллах ёстой юм билээ. Гэтэл юун 20%-ийн нөөцтэй ажиллах манатай, өнөөдрийн хэрэглээгээ дийлэхгүй 0 зогсолт хийхээс наагуур тулгаж ажиллаж байна.

Цахилгаан станцуудыг хүнээр зүйрлэвэл уснаас хамраа цухуйлгачихаад арай ядан амьсгалж, нэг л эвгүй хөдөлгөөн хийвэл живчихмээр байдалд байна.

Станцаа өөд татах нь битгий хэл жирийн ажилчдынхаа цалин, нийгмийн хангамжийг сайжруулаад аваад үлдчихэж чадахгүй сууцгааж байна. Тэд нийгмийн даатгалд асар их хэмжээний өр төлбөрт уначихсан гэх.

Энэ салбар хүний нөөцийн дутагдалд орсныг тэнд ажиллаж байгаа удирдах хүмүүс хэлнэ. Дарханы дулааны цахилгаан станцын 56 ажилчин ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгчээ. Шалтгаан нь цалингаа нэмж чадахгүйгээс үүдэлтэй. Мөн ДЦС III нь энэ онд мөн 36 ажилтныхаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь ёсолчилжээ. Мөн л цалин, нийгмийн хангамжаас үүдэлтэй.

Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдов. Салбарынхан түүнд дулаан цахилгааныхаа үнийг нэмэхгүй бол өвлийг давахгүй гэдгийг учирлав. Эрчим хүчнийхэн энэ асуудлыг үе үеийн сайд дарга нарт учирласаар бараг залхсан янзтай байна билээ.

Ингээд эрчим хүчний салбарынхан шийдэл олсныг одоо өгүүлье. Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 33 хувийг айл өрх эзэлдэг бол 67 хувийг аж ахуйн нэгжүүд эзэлдэг. Тиймээс аж ахуйн нэгжийн хэрэглээний үнийн тарифыг 28 хувиар нэмэгдүүлье гэх санал гаргажээ. Харин айл өрхийн эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэхгүй.

312378659_1181555696104794_3920135139460130025_n.jpg

Эрчим хүчний салбар 1,8 их наяд төгрөгийн зардалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд 1,6 их наяд төгрөгөөр худалдаалдаг. Алдагдал нь 200 тэрбум төгрөг болж байгаа юм.

Цахилгаан станцууд алдагдлыг цухас бичье. Тэд Багануур, Шивээ-Овоо гэх мэт уурхайд өртэй. Эдгээр уурхай нь цахилгаан станцуудаасаа авлагатай, өөр бусад компанид өртэй.

Жишээлбэл, Багануурын нүүрсний уурхайн өр төлбөр 206 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэгсэн хэрнээ төрөөс татаас авдаггүй гэж байгаа юм. Багануур ХК-ийн удирдлагуудын ярьснаар нүүрсний үнийг багадаа 13,932 төгрөгөөр буюу 41,6 хувиар нэмж байж тэдний өр төлбөр багасаж, ажилчдынх нь цалин, нийгмийн хангамж сайжирна.

Учир нь тус уурхайн нүүрсний үнийг төрөөс зохицуулдаг.

Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэрэглээний үнийг нэмсэнээр цахилгаан станцын өр, уурхайн өр төлбөр бага ч гэсэн хувиар буурна гэж салбарынхан итгэж хүлээж байна. Цаашлаад эрчим хүчний үнийг чөлөөлж, зах зээлийнх нь ханштай уялдуулбал Монгол Улсын эрчим хүчний салбар хурдан хугацаанд шинэчлэгдэж, хүчин чадлаа нэмж, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангаж чадна хэмээн мэргэжилтнүүд нь ярьж байна даа.

306749714_1198862524369898_5793164746849897516_n.jpg
312353143_1581388022280032_2633632240484723222_n.jpg

Д.Түвшинтөр

 

Санал болгох

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг иргэд шаардав

Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардаж байна.

1 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 15 хэм хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

6 цагийн өмнө