Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг барих УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад Засгийн газар дэмжээд УИХ-д өргөн барина. Газрын байршил, техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт зэргийг судалж урт хугацаандаа хэрэгжинэ" гэв.
Нэмэлт мэдээлэл дурдахад, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна”гэж заасан байна.
Хот байгуулахад тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийжээ.
Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Түүнчлэн засаг захиргааны бүтцээр нь тодорхойлбол, Орхоны хөндийд орших Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Хотонт, Хашаат сум, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Сайхан сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг нийт гурван аймгийн, найман сум, 46 баг хамрагдаж байна. Дэд бүтцийн хувьд түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлал, зам тээвэр, логистикийн, чөлөөт бүс бий болох бүрэн боломжтой аж.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна” гэж заасан. Мөн 2021-2030 онд “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж тусгажээ.
Э.БУРАМ