Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ШШГЕГ-ын харьяа, орон нутгийн хорих ангиудад шалгалт хийхэд хэд, хэдэн ангид санхүүгийн зөрчил илэрчээ. Мөн удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй,сахилга бат алдагдаж, хууль бус томилгоо хийсэн гэх үндэслэлээр Д.Загджавыг чөлөөлсөн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Д.Загджавыг 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тушаалаар ШШГЕГ-т шалгалт оруулсан байдаг. Учир нь, цагдан хорих газраас хоригдлууд оргох, хоригдож байсан хүн нас барсан, мөн шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх олон зөрчил гарсан тул түүнийг чөлөөлөх асуудал яригдаж байсан юм. ШШГЕГ-ын даргыг өөрчлөх саналыг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Түүний оронд ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томилсон.
Э.БУРАМ