Обунагийн үг буюу төрийн албаны алтан дундаж

6
2022 оны 11 сарын 72022-11-07
Обунагийн үг буюу төрийн албаны алтан дундаж

Сонгуульд ялсан улс төрийн хүчин намынхаа гишүүд, дэмжигчдийг, улстөрчид нь өөрийн хань хамсаатныг “ажлын байр”-аар хангах гэж, эрх мэдэл дээр томилж бизнесийн сүлжээ, хонгилоо босгох гэж төрийн албыг халаа, сэлгээгээр самарч ирсэн. Одоо ч зогсоогүй. Ингэж сөрөг хүчнээ ажлын байр, бизнес, эрх мэдлээс тасалж, ялсан жилүүддээ харангадуулдаг. Ялагдсан намын нөхөд ажил, бизнес, амьжиргаагаа бодож ялсан намд элсдэг. Энэ шат дамжлагын залгиур хоолой нь өнөөдөр төрийн алба мөн. Мэргэшсэн байдал, туршлага, боловсрол нь хамаагүй гагцхүү намын дэмжлэгтэй бол төрийн албанд хаалгыг нь өшиглөж болохгүй бол тооноор нь үсрээд орж болдог ийм л алдаа, сургамж, эрсдлийн ард өнөөдөр “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвшдэг зарчимтай байх ёстой” гэсэн тунхагтай сууна бид. Энэ тунхагийг бодлого, мөрдлөгө, зарчим болгох гэж өнөөдөр Төрийн албаны зөвлөл гэж хуулийг нь баталсан ч шүдгүйгээ гайхаж зовлон тоочдог “арслан”-тай өнөөдрийг хүрсэн.

Төрийн албанд 20 жил, 25 жил тасралтгүй ажиллаж байж Төрийн нарийн бичгийн дарга болдог байя. Мэргэжилтнээс нь эхлээд хэдэн ажил ажиллаж байж албаны, цаашлаад тасгийн, хэлтсийн, газрын дарга болдог байя гэх мэт хуультай хэрнээ хэн ч зогсоож дийлэхгүй, зогсоож хүчрэхгүй байгаа улс төр, эрх мэдлийн дарамтан дор томилгоо хийгддэг. Эрх мэдлээс хол, хүний анхаарал татаад байхгүй ажлын байр дээр тогтвортой ажиллаад болоод байх хэрнээ, эрх мэдэл хуулиараа нэмэгдэхийн цагт жинхэнэ эрх мэдэлтний үзэмжээр цаашид ажиллах уу, өргөдлөө өгөх үү, хамтраад “баг болох уу” гэдэг шалгуураар ордог төрийн алба.

Үүнийг задлах гэж, болиулах гэж Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, нэмж өөрчилж гаргаад байгаа гэж ойлгодог. Үнэхээр ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ахалж хэдэн жилийн өмнө батлуулсан хуулийн гол үзэл баримтлал энэ.

Нөгөө талд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ё.Баатарбилэг нараас ч Төрийн албаны тухай хуулийг нэмж өөрчлөх санаачилга гарсан нь үндэслэлтэй. “Тогтвортой, шатлан дэвших” гэдэг зарчимд уяж боловсруулсан Төрийн албаны хууль гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, тухайн салбарт нь хувийн хэвшил, гадаадын байгууллагад туршлага хуримтлуулсан хүмүүсийг төрийн албанд оруулж ажиллуулахад саад болж байна” гэж. Иймээс аялал жуулчлалын салбарт хувийн хэвшилд ажиллаад амьдрал практикт алдаа, оноог нь мэддэг болсон хүмүүсийн ажилласан жилийг төрийн албанд ажилласан байдлаар дүйцүүлэн тооцох аргачлалыг хуульд тусгах гэж оролдсон. Сайн ч талтай, муу ч талтай. Сайн нь гэвэл “мэргэшсэн, чадварлаг, боловсролтой” нөхдийг “шатлан дэвших” шалгуурыг алгасаар бодлогоор оруулж ирээд ажил сайжруулж болно. Муу нь гэвэл, цалин бага төрийн алба руу сайныг бодож мундагууд орж ирэх үү, дипломны голуудыг оруулж ирэх үү гэдэг асуулт.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа буюу 2021 онд “Future investment initiative” арга хэмжээн дээр хэлсэн үгийг нийгмийн сүлжээнд яриа болгов. Орчин үеийн технологийн салбарт удирдах албан тушаал хашиж байхдаа “Анхан болон дунд шатны албан хаагчдын зарим нь ЗХУ-д бэлтгэгдсэн хүмүүс байгаа. Ахмад, залуу үе хоорондын боловсрол, чадварын ялгаа Засгийн газрын ажил явахад бэрхшээл үүсгэдэг” тухай ярьжээ. Үүнд эгдүүцсэн хүмүүс “Боловсролоор нь төрийн албан хаагчдаа ялгасан, Үндсэн хууль зөрчсөн Дэд сайд огцор” гэж байна.

Үүнийг дурддаг шалтгаан бол дээр өгүүлсэн төрийн албаны бодлого, хуулийн тухай асуудал юм. Б.Болор-Эрдэнэ жишээ нь, Булганых, тэндээс 2024 онд УИХ-д нэр дэвшихээр судлагдаж яваа МАН-ын боловсон хүчин мөн. Тийм учраас и-монголиа, цахим шилжилт зэргийг түүнд нааж, нам нь дэмжиж өдийг хүргэсэн. Нөгөө талаар шалгуур хангахгүйг нь мэдсээр байж Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар Цар тахлын хуулийг баримтлан томилон ажиллуулсан. Улмаар Төрийн албаны тухай хуулийн илтэд зөрчилтэй тул төрийн улс төрийн буюу ажилласан жил, шатлан дэвших зарчим хамаардаггүй дэд сайдад томилсон байдаг. “МАН залуу, гадаадад боловсрол эзэмшсэн, чадварлаг менежерийг төрийн албанд томилсон” гэх хариулттай.

Нөгөө нэг асуулт. Яг шатлан дэвших зарчмаар хандвал төрийн албанд ажилласан намтаргүй Болор-Эрдэнүүдэд төрийн захиргааны удирдах албан тушаалд ажиллах боломж Монголд байхгүй. Түүний хэлдгээр 50-иас дээш насныхан буюу тэр үедээ л “боломж гарч, бодлогод нийцэж” гадаадад боловсрол эзэмшсэн нөхөд, тэр үеийн шилдгүүд ажиллах болж байна. Ардчиллаас өмнө гадаадад боловсрол эзэмших боломжтой цөөхөн улс, цөөхөн томилолт Монголд байсан. Тийшээ л явсан, тэнд бэлтгэгдээд тухайн үеийнхээ өндөр боловсролыг эзэмшээд салбартаа өдийг хүртэл чадлаараа зүтгэж яваа төрийн албан хаагчдын нуруун дээр салбарын хөгжил энэ хүртэл явсан. Төр боломж олгож тэдний заримыг нь Болор-Эрдэнэчүүдийн барууны орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байх, зарим нь өөрсдөдөө боломж гаргаж суралцсан байх.

Үе хоорондын үзсэн туулсан, боловсрол эзэмшсэний баруун, зүүний, туршлага хоорондын нимгэн, зузааны зөрүүг ойртуулах ажлыг төрийн албанд хийхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Үүнээс болоод ахмад нь залуугаа туршлагагүй ногооноор нь, залуу нь ахмадаа хоцрогдсон бугшмалаар нь дуудах явдал байсаар л ирлээ.

Г.Улсболд

Санал болгох

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг иргэд шаардав

Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардаж байна.

2 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

7 цагийн өмнө