Ипотекийн зээл төлөхийг хойшлуулахын эрсдэл

2022 оны 11 сарын 82022-11-08

Ипотекийн зээл эргэн төлөхийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл дахин хойшлуулахаар судалж байгаа тухай өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Цар тахал болон Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн хямралын үр дүнд зээл хойшлуулахаас аргагүй байсан бөгөөд УИХ-аас томилсон ажлын хэсэг тун удахгүй шийдлээ танилцуулна гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцоллоо.

ман бүлэг.jpg

Аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгааны үнийг төрөөс нэмэхээ зарласан, шатахуун, түлшний үнэ чөлөөлсөн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн, төгрөгийн ханш суларч, бизнес сайнгүй байгаа өнөөдрийн нөхцөлд ипотекийн зээлийн эргэн төлөх хугацааг дахин хойшлуулах шийдвэр гаргах нь байрны зээлтэй иргэдэд мэдээж таатай.

Засгийн газар зээл эргэн төлөхийг хүчээр барьж байгаа учраас иргэд сар бүр банкинд төлдөг 300 мянгаас 800 мянган төгрөгөө амьдралынхаа бусад хэрэгцээнд зарцуулаад ирэх наадамтай золгоно гэсэн үг. Харин больвол таны халааснаас сар бүр энэ хэмжээний мөнгө урьдын адил гарч, COVID-ын 2 жилд төгрөг хэрхэн цаас болсныг яс махандаа мэдэрч эхэлнэ. Магадгүй энэ нь, ипотекийн зээлтэй залуу, дунд үеийг нийгмийн тогтворгүй байдал үүсгэх хэмжээний улс төрийн доргио үүсгэх хэмжээнд бухимдуулж ч мэднэ.

2023 он УИХ-ын сонгуулийн жилийн өмнөх жил учраас Засгийн газар тогтвортой байдлаа бодож нэг, бас иргэдийн амьжиргааг харж нэг ийм зохицуулалт хийхээр тооцоолж байгаа болов уу.

ипотек хойшлуулах.png

Нөгөө талаар ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах нь байртай болж, тухтай амьдрахыг хүссэн олон гэр бүлийн боломжийг хулгайлсан хэрэг болно. Материалаа бүрдүүлээд өгчихсөн, банкны үүд сахиж байгаа олон гэр бүл байгаа. Өмнө нь ипотекийн зээл аваад байртай болчихсон хүмүүс банкинд зээлээ төлж байж л дараагийн хүмүүст зээл олдоно шүү дээ.

Манай улс цар тахлыг дотооддоо алдсан үеэс Засгийн газар ипотекийн зээл хойшлуулах 5 удаагийн шийдвэр гаргаж өнөөдөртэй золгожээ. Ипотекийн зээлтэй иргэдийн 90 хувь нь банкуудаар судлагдсан тогтмол цалинтай, үлдсэн 10 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна. Тэдгээрийн 88.4 хувь нь буюу 57827 өрх зээлээ хойшлуулсан байна. Нийт 3 их наяд төгрөгийн зээл хойшлогдсоноор энэ хэмжээнд дараагийн хүмүүсийн ипотекийн зээл авах боломж хаагдсан гэсэн үг байх нь.

Төр ингэж зээлийн эргэн төлөлтийг хүчээр хойшлуулснаар Монголын арилжааны банкууд эрсдлээс сэргийлж ипотекийн зээл гаргахаа хумьж ирлээ.

Зээлийн хүсэлт банкуудад овоорсон байна. 6 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүсэгчид нэгнийхээ урдуур орохын тулд танил тал бараадаж, хахуулийн сүлжээ хайгаад л явж байгаа нь үнэн.

Засгийн газар ипотекийн хэвийн явж байсан хөтөлбөрөө ингэж боомилсноор орон сууцнууд зарагдахгүйд хүрнэ. Үүнээс шалтгаалаад орон сууцны үнэ буурдаггүй юм гэхэд тогтворжих л байх. Гэлээ гээд олон мянган өрх тэжээж, ажилтай байлгадаг барилгын компаниуд толгой дараалан сөхрөх нь аюул. Иргэд гэр хорооллын газраа гайгүй үнэлээд барилгынханд зарж чадахгүй, тэндэхийг барилгажуулах ажил зогсож утаанаас салах оролдлого удааширна. Төр түмэн нүдтэй хойно энэ хэмжээний эрсдэл, сөрөг үр дагаврыг Засгийн газар тооцсон л байгаа.

Хэрэв ипотекийн зээл төлөхийг хойшлуулъя гэвэл өмнөхийн адилаар УИХ Цар тахлын хуулийг сунгах шаардлагатай болж байна. Бас зээлийн төлбөр хойшлуулсан хэрнээ ипотекийн зээл авах эрэлтийг хангах хэмжээний нэмэлт хөрөнгө /татвар төлөгчдөөс цуглуулсан/ Засгийн газарт байгаа юу.

5f378710cc4ed.jpeg

Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрөөс:

  • 3.1.4. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулна.
  • 3.7. ...иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
  • 3.7.9. ....төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж....
  • 3.7.10. Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна.
  • 5.1.1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
  • 6.1.2. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж...
  • 6.1.3. Хотыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, ногоон орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
  • 6.2.8. Инженерийн хангамжтай орон сууц болон хувийн сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Г.Улсболд

 

Санал болгох

Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортыг тойрсон асуудлаар ярилцлаа.

11 өдрийн өмнө
АБСХ: Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд болно гэсэн хүлээлттэй байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Иймд уг уналтын үед түүхий эдийн зах зээлийн чиг хандлага хэрхэх талаар энэ дугаарт танилцуулах болно.

16 өдрийн өмнө
ОХУ хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлдээ нэвтрүүллээ

Дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнуудын дунд цөмийн зэвсэг хэдийгээр стратегийн тогтоон барих үндсэн хэрэгсэл болж байгаа ч түүнийг зөөвөрлөн хүргэх хэрэгслийн давуу байдлыг бий болгох өрсөлдөөн үргэлж оршсоор ирсэн билээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд төсөөлөл төдий байсан хэт авианы пуужин бүтээх тухай асуудал судлаачдын төсөөлж байснаас асар хурдан хугацаанд биеллээ олж пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн  системийг хүчгүйдүүлж, цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгох гол хэрэгсэл боллоо. 

21 өдрийн өмнө
Хил нээх сургаар ченжүүд юанийн ханшийг өсгөв

"Найман шарга" валют арилжааны төвийн иений ханш  арванхоёрдугаар сарын 30-нд 497 байсан бол хил нээх сургаар   502 болж нэмэгджээ. Цаашид ч ханш нь чангарч  инфляцийг хөөрөгдөх нь тодорхой. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн ч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон.

23 өдрийн өмнө