Л.Оюун-Эрдэнийн сануулга ба “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны цэвэрлэгээ

2022 оны 11 сарын 102022-11-10
Л.Оюун-Эрдэнийн сануулга ба “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны цэвэрлэгээ

2023 оны төсөв дагасан хэрүүлтэй зэрэгцэж нүүрсний хулгайн асуудал ч сөхөгдлөө. 238 мянган тонн нүүрсийг хулгайгаар хил давуулсан, мөргөцөг алга болсон гэх асуудал  2013 оноос хойш  хэвлэлээр өчнөөн бичигдэж, хууль хяналтынхан шалгаж байсан ч тэгсхийгээд замхарсан. Өнөөдөр ч  эл асуудлаар  улстөрчид талцаж буй.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл нүүрсний хулгайн хэргийг шалгаж, тэмцэнэ гэдгийг зарлачихсан. Өмнө нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ 238 мянган тонн нүүрсийг хилээр давуулсныг шалгах ажлын хэсэг байгуулж байв.

Дараа нь Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ зарласан. Ингэхдээ улс төрчдийг нүүрсний хулгайтай холбоотой болохыг нуугаагүй.

Тэр энэ тухай “Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим доллараар, хилийн цаана очихдоо 120-180 доллар байдаг, энэ дунд нь байгаа 60-70 долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд байгаа. Автомашинтай манай парламентийн нэр бүхий гишүүд холбогдсон байгаа. А.Адъяасүрэнгээс эхлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий том лидерүүд гарч ирнэ. Баяннуур аймагт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно” гэж хэлж байв. Энэ бол түүний зургаан сарын өмнө хэлсэн үг.

Л.Оюун-Эрдэнийн зүгээс улс орныг хөгжүүлэхэд авлигач улс төрчидтэй тэмцэхээс аргагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн нь нэг талаар сануулга байв. Эхний дохио нь “Эрдэнэс Тавантолгой ХК.

Тус компанид онцгой дэглэм тогтоож  эрх бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлж АТГ-т шалгуулж, Засгийн газар төлөөлөгчөө ч томилоод буй. Товчхондоо “Эрдэнэс Тавантолгой ХК-ны Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг явуулж тамга тэмдэгийг нь Ж.Ганбатад шилжүүлсэн.

                      Ж.ГАНБАТ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

Тэр ажлаа авсан даруйд л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Дотоод хяналт,эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг ажлаас нь чөлөөлж АТГ-д шалгуулахаар шилжүүлээд буй. Учир нь дээрх компанийн эрх бүхий албан тушаалтнууд нүүрсний хулгайд холбогдож ийм аргаар хөлжсөн байх гэх хардлага сэрдлэг ч бий.

Мөн “Эрдэнэс Тавантолгой" ХК-ны  гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн удаатай.

Б.Ганхуягийн тухайд албан үүргээ хүлээлгэж өгөхөөс өмнөхөн  “урьдчилгаа төлбөргүй  нүүрс гэж байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүний тухай тэр хэвлэлийнхэнд “Угаасаа урьдчилгаа төлөөд нүүрсээ авч байгаа. Одоо урьдчилгаагүй нүүрс “Эрдэнэс тавантолгой” ХК-д байхгүй болсон. Өмнө нь нүүрсээ өгч, араас нь төлбөрөө нэхдэг санхүүгийн өөр платформ байсан. Өнөөдөр бол зөвхөн урьдчилгаа төлнө” гэж мэдээлж байлаа. Энэ бол түүний ажлаас чөлөөлөгдөх өдрөө хэлсэн үг нь /2022.10.27/. Үүнээс өмнөхөн ч нэр бүхий УИХ-ын гишүүд түүнийг огцруулахыг эсэргүүцэж байсан ч гэдэг.

Түүний тамга тэмдгийг нь Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад өгсөн. Энэ томилгоо магадгүй “нүүрсний хулгайтай тэмцэх”-ээ сануулсан  Ерөнхий сайдын эхний дохио байх. 

Хэрэв олон жилийн өмнөх нүүрсний хулгайн хэрэг хууль хяналтын шатандаа  гацаагүй байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан биз.

ОФФТЕЙК ГЭРЭЭГ ЦЭГЦЛЭХ  “АМЛАЛТ”

Ганбат.jpg

Эдийн засгийн тулгуур багануудын нэг нь  дээрх компани. Энэ ч үүднээс Засгийн газар валютын урсгалыг нэмэгдүүлэхэд 500 сая ам.доллар тушаах үүрэг болгоод буй. Тиймдээ ч компанийнхан орлого олоход бүх  анхаарлаа хандуулж байна. Учир нь  энэ ондоо багтааж  улсад тушаах ёстой учраас тэр. Гэхэд шинэ он гарахад ердөө хоёр сар ч хүрэхгүй хугацаа өнгөрчээ.

Энэ үед 500 сая ам.долларыг олох том үүрэг хариуцлагыг компанийн шинэхэн төлөөлөгч Ж.Ганбат “хар толгой”-гоороо хариуцаж байна. Тэр энэ тухай “боломжтой” гэдгийг  Засгийн газрын индэрээс амласан. Харин яаж гэдэг нь анхаарал татаж буй.

Ж.Ганбат ажлаа хүлээн авснаас хойш нийт 81.8 сая ам.долларын үнэлгээтэй 804.2 мянган тонн нүүрсийг уурхайгаас ачуулжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт 20.6 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Мөн нэмэлтээр 8.7 сая ам.долларын орлого орсон тухай  өнгөрсөн мягмар гаригт /2022.11.09/ мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ валютын орлого нь офтейк гэрээнийх үү, эсвэл бэлэн мөнгөөр үү гэх асуулт урган гарч буй.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “бэлэн мөнгөөр орж ирсэн валютын орлого” гэсэн тайлбарыг өгч байна. Тодруулбал, төслийн санхүүжилтийг нүүрсээр төлөх гэрээтэй байгууллагуудтай хэлцэл хийжээ.

Өөрөөр хэлбэл, оффтейкийн хэмжээг багасгаж  бэлнээр оруулж буй төлбөр юм байна. Мөн цаашид “нүүрсийг бэлэн мөнгөөр зарна” гэж мэдэгдсэнээрээ   онцлог байлаа.

Ямартай ч Засгийн газрыг төлөөлсөн бүрэн эрхэт төлөөлөгчийн хувьд тэр оффтейк гэрээнээс аль болох татгалзаж бэлэн мөнгөөр газрын доорх баялгаа үнэлэх бодлого барих бололтой. Харин стратегийн чухал төсөлд оффтейк гэрээг хүлээн зөвшөөрч буй. Ж.Ганбат хэлсэн үгэндээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д оффтейкийн дөрвөн том гэрээ байна. Энэ бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхант төмөр замын төсөл, нүүрс баяжуулах, газрын тос дамжуулах хоолойг барих төсөл юм. Стратегийн хувьд чухал эдгээр төслийг хөдөлгөх байдлаар Засгийн газрын  шийдвэрээр  оффтек гэрээ байгуулсан” гэсэн нь анхаарал татсан. Гэсэн ч оффтейк гэрээний асуудал маргаантай байгааг тэр нуугаагүй.

ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЬЕ ГЭВЭЛ ТӨХК-ИУДАА ДЭМЖЬЕ 

Ердөө 40 их наяд төгрөг эргэлдэх боломжтой жижигхэн зах зээлтэй монголчуудын амьдралыг өнөөдөр  төрийн өмчит компаниуд нуруундаа үүрч байна.  Тэр дундаа  “Эрдэнэт ТӨҮГ”, “Эрдэнэс Тавантолгой” мөн “Оюутолгой” ХХК, бас “Улаанбаатар төмөр зам” ТӨҮГ  юм.

Харамсалтай нь, өнөөдөр айл гэрийг авч явах ёстой энэ дөрвөн багана “шүдгүй арслан” болжээ. Угтаа бол төр эдийн засгийн тулгуур багануудаа дэмжиж тордох ёстой байтал эсрэгээрээ. Хөл дээрээ зогсох бүрт нь дэвсэлсээр. Ядахдаа л ус, тог, хог, халамжийн мөнгийг ТӨХК-иудаас гаргамааргүй. 

 Ийм ч шаардлагагүй. Гэтэл цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн бүтэн жилийн  цахилгаан, дулаан хогны мөнгийг хөнгөлөхөд 1.2 их наяд орчим төгрөгийг төр даасан. Энэ төлбөрийг мэдээж “Эрдэнэт” ТӨҮГ хариуцсан. Мөн л өнгөрсөн онд “Оюутолгой” ХХК-ны  татварын орлого болох нэг их наяд төгрөгийг хүн бүрт 300 мянган төгрөг болгож тараасан. Одоо малын хашаа, жорлон бариулах л дутуу байна. Энэ мэтчилэн онц шаардлагагүй зардал эдийн засагт эргэлдэх ёстой асар их хөрөнгө утаа шиг замхарч. Үр дүнд өнөөдөр төрийн өмчит компаниуд дампуурахын наагуур алдагдалтай, Засгийн газар онцгой дэглэм тогтоох хүртэл хүчгүйдлээ. Хэрэв төсвийн орлогыг нэмье гэвэл төрийн өмчит компаниудаа орлого ол гэж ташуурдах бус бодлогоор дэмжих л хэрэгтэй байна. 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Санал болгох

Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортыг тойрсон асуудлаар ярилцлаа.

11 өдрийн өмнө
АБСХ: Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд болно гэсэн хүлээлттэй байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Иймд уг уналтын үед түүхий эдийн зах зээлийн чиг хандлага хэрхэх талаар энэ дугаарт танилцуулах болно.

16 өдрийн өмнө
ОХУ хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлдээ нэвтрүүллээ

Дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнуудын дунд цөмийн зэвсэг хэдийгээр стратегийн тогтоон барих үндсэн хэрэгсэл болж байгаа ч түүнийг зөөвөрлөн хүргэх хэрэгслийн давуу байдлыг бий болгох өрсөлдөөн үргэлж оршсоор ирсэн билээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд төсөөлөл төдий байсан хэт авианы пуужин бүтээх тухай асуудал судлаачдын төсөөлж байснаас асар хурдан хугацаанд биеллээ олж пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн  системийг хүчгүйдүүлж, цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгох гол хэрэгсэл боллоо. 

21 өдрийн өмнө
Хил нээх сургаар ченжүүд юанийн ханшийг өсгөв

"Найман шарга" валют арилжааны төвийн иений ханш  арванхоёрдугаар сарын 30-нд 497 байсан бол хил нээх сургаар   502 болж нэмэгджээ. Цаашид ч ханш нь чангарч  инфляцийг хөөрөгдөх нь тодорхой. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн ч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон.

23 өдрийн өмнө