В.И.Бычков: Эгийн голын УЦС-ыг Оросын эрдэмтэд хэзээ ч эсэргүүцээгүй

1
2022 оны 11 сарын 112022-11-11
В.И.Бычков: Эгийн голын УЦС-ыг Оросын эрдэмтэд хэзээ ч эсэргүүцээгүй

Монголын эрчим хүчний салбарт эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл “эхэлдэггүй”-гээрээ  алдартай. Өдгөө 31 жилийн настай. Анх 1991 онд эхлүүлэх шийдвэр нь гарснаас хойш цаасан дээрээ царцсан эл төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөлгөж эхлээд буй. Тэрбээр ОХУ-д айлчлах үеэр энэ төслийн тухай дурдаж улмаар НҮБ-аас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснээр эхний шанг нь татсан үйл явдал болсон. Хэрэв эл цахилгаан станцын төсөл дахин гацвал "дэлхийд онигоо болно" гэдгийг ч манай улсын эрдэмтэд хэлж байна. Тиймээс Оросын талтай хамтран ажиллах нь маш чухал гэж үзэж буй. Үүний тулд судалгаа шинжилгээ чухал ач холбогдолтой болохыг хоёр улсын эрдэмтэд санал нэг байгаа юм.

Эгийн гол тойрсон асуудалд ОХУ-аас ямар байр суурьтай байгаа талаар бид сонирхож энэ удаагийн  ярилцлагын зочинд  ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Удирдлагын онолын динамик системийн хүрээлэнгийн захирал, академич И.В.Бычковыг онцоллоо. Түүнтэй Орос, Монголын хамтарсан эрдэмтдийн уулзалтын үеэр цөөн хором ярилцсанаа хүргэе.  

-------------------------------------------------------------

-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон жил яригдаж байна, бас маргаан ч дагуулдаг. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл монголчууд эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо хангах боломж нэмэгдэнэ. Харин ОХУ-ын тал Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд эдийн засгийн талаас нь хэрхэн харж байгаа бол?

-Орос, Монгол хоёр улсын эртэмтдийн хамтын хурлаар эл асуудлыг байнга хөндөж ярьдаг. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд хоёр орны судлаачид хамтран ажиллах тухай ч санал нэгддэг. Энэ удаагийн хурлаар /2022.11.09-10-ны хооронд Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа болов/ Монголын талаас маш сайн хоёр илтгэлийг танилцуулсан. Нэгдүгээрт, Эгийн голын усан цахилгаан станц Монголын эрчим хүчний системд ямар ач холбогдолтой талаарх академич Батмөнх, ШУА-ын Технологийн их сургуулын профессор Бат-Эрдэнэ нарын хамтарсан илтгэл. Хоёрдугаарт, Эгийн голын усан цахилгаан станцыг барьсны дараа голын урсац, ялангуяа өвлийн улиралд голын урсацын өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай ШУА-ын Газар зүй гео экологийн хүрээлэнгийн салбарын дарга, доктор Чинзоригийн судалгаа. Илтгэлүүд маш сонирхолтой.

Эндээс харахад, Эгийн голын усан цахилгаан станцын өвлийн улирал дахь усны урсацын тохируулга хийх, нэмэлт далан барих асуудал шийдэгдвэл голын урсацын маргаантай байсан асуудлыг шийдэх гаргалгаа байна гэдэгт санал нийлж байна.

Ер нь 2015-2017 оны үед мөн л Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой олон асуудал яригдаж байлаа. Оросын талаас хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд Монгол Улсыг эдийн засгаар үргэлж дэмжиж бүх талаар харилцан туслалцаж ажиллаж ирсэн. Үүний дотор усан цахилгаан станцуудыг барихад үргэлж нээлттэй дэмжиж ирсэн. Судлаачдын зүгээс Монгол Улсын эрчим хүчний систем болон Орос, Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн тэнцвэрийг тогтвортой хадгалах, харилцан ашигтай байлгахын тулд хамтран судалгаа хийж, санал солилцдог. Үр дүнг нь холбогдох байгууллагуудад танилцуулах нь бидний үүрэг.

-Гэхдээ Эгийн голын төсөл гацсан шалтгааны нэг нь Оросын талаас зөвшөөрөөгүйтэй холбоотой гэж Монголын дарга нар ойлгуулдаг шүү дээ. Ийм мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байлаа?

-Ер нь шинжлэх ухааны хүмүүс шийдвэр гаргах түвшний хүмүүс биш шүү дээ. Монгол, Оросын эрдэмтэн судлаач нар хамтран судалгааны үр дүнд түшиглэж ямар бодит байдлаар асуудлыг зөв зохистой шийдэх вэ гэдэгт л зөвлөмж гаргах үүрэгтэй. Судлаачдын гол зорилго стратегийн хувьд чухал том хэмжээний мега төслүүд хэрэгжсний дараа гарах хүрээлэн орчин, эдийн засгийн нөлөөлөл зэрэг бүгдийг нь урьдчилан тооцож сөрөг үр дагавартай бол аль болох эрсдэлтэй багатай байх талаар л мэдээлэл гаргахад гол зорилго оршдог. Эрчим хүчний асуудал бол эдийн засгийн үндсэн суурь нөхцөл. Эрчим хүчний асуудлыг шийдсэнээр эдийн засгийн тухай яригддаг гэж бид ойлгодог.

Мөн Эгийн голын усан цахилгаан барих нь үндсэн гол зорилго биш шүү дээ. Энэ бол ОХУ, Монгол Улсын эдийн засгийн чухал асуудлыг шийдэх хэрэгсэл. Гэхдээ энэ төслийг ямар нэгэн байдлаар эко системтэй холбож бид буруутгахыг хүсээгүй.

“Долоо хэмжиж нэг огтол” гэсэн Монголын зүйр үг байдаг шүү дээ. Ер нь эрчим хүчний асуудал бол маш чухал. Монгол Улс төдийгүй ОХУ анхааралдаа авч үзэж байгаа. Энэ асуудал зөвхөн эрдэмтдээр зогсохгүй  өндөр түвшний дээд хэмжээний уулзалтаар яригдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Владивостокт айлчлахдаа Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр энэ асуудлыг ярилцсан. Энэ тухай бид бүгд мэдэх байх.

Танай сайтын уншигчдад хандаж хэлэхэд, Эгийн голын усан цахилгааны төслийг  бид ямар нэгэн байдлаар хойшлуулж  удаашруулах гэсэнгүй. Бид хамтарч ажиллахад үргэлж бэлэн. Мэдээж энэ асуудлыг бүх түвшинд ярилаа гэхэд нэг хэсэг нь зөвшөөрч, нөгөө хэсэг нь эсэргүүцэх л байх. Энэ бол ардчилсан нийгэм. Байдаг л соёл. Гол нь, Монгол, Оросын судлаачид хамтран энэ төслийг урагшлуулахад хамтран судалгаа явуулж, санал солилцож байгаа нь бидний гол ололт шүү дээ. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд төслийг хэрэгжүүлэх эсэх талаар асуудлыг шийдэх байх.

-Нөгөөтэйгүүр энэ төслийг эсэргүүцэж жагсах нэг хэсэг бий. Шалтгаан нь байгаль орчны нөлөөллийн асуудал байдаг. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн чухал нь байгалийн эко системийн нөлөөлөл. Мэдээж Эгийн голын усан цахилгаан станц баригдвал байгалийн хүрээлэн буй орчинд өөрчлөлт орно. Үүнийг л бага байлгах нь чухал. Том хэмжээний усан сан бий болсноор тухайн голын урсац голдирол өөрчлөгдөнө. Гэхдээ энэ талаар  судалгаа шинжилгээ хийж байгаа. Ийм ч энэ усан цахилгаан станцын ач холбогдлын талаар академич Батмөнх судалгаагаараа голлон хэлсэн. Энэ тухай тайлбарлахдаа, Монгол орны эрчим хүчний оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортолдог. Дараа нь, дотооддоо илүү үйлдвэрлэсэн эрчим хүчээ оросын талд шилжүүлдэг төвөгтэй, эдийн засгийн хувьд нэн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Эгийн голын УЦС чухал үүрэгтэй. Оргил ачааллын үеийн тохируулга хийх, гол ачааллыг энэхүү усан цахилгаан станц хариуцна гэдгийг тодорхой тайлбарлаж байсан. Мөн өнөөдөр эрчим хүчний салбар их хэмжээний алдагдалтай байгаа учраас  эрчим хүчний дамжуулах шугам сүлжээ чухал гэдгийг ч илтгэлээрээ онцолсон.

Ер нь Монгол Улсын хувьд  эрчим хүчний системийн тогтолцоог  анх төлөвлөхдөө ЗХУ-ын эрчим хүчний системтэй тохирсон, нэг хэсэг нь байхаар төлөвлөж байсан. Энэ нь одоогийн цахилгаан станцууд шүү дээ. Харин өнөөдөр орчин үеийн нөхцөл байдал, хэрэглээнд тохируулж  өөрчлөх асуудал зайлшгүй яригдах ёстой ауудал.

Үүнийг дагаад  эдийн засгийн коридорын тухай, алсын хараа-2050 бодлоготой холбогдох ёстой. Энэ  тухай ч бид ярилцаж санал бодлоо солилцлоо. Монгол Улс эрчим хүчийг зөвхөн ОХУ-аас ч биш БНХАУ-аас бас авдаг. Мөн тодорхой хэмжээний эрчим хүчийг ОХУ руу  экспортолдог. Энэ нь  шөнийн цагаар илүү үйлдвэрлэсэн эрчим хүч юм.

-Жишээ нь, Байгаль нуурын тухай маш олон судалгааны дүн гардаг. Үүнд ОХУ-ын талаас илүү анхаардаг юм шиг санагддаг. Тэгэхээр төслийг дагаад байгаль нуурын эко системийн асуудал ч сөхөгдөж байна?

-Байгалийн эко систем маш чухал. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар хоорондын комиссын хурал дээр хэлсэн үгэндээ “Байгаль нуур бол гайхамшигтай нуур. Энэ бол зөвхөн ОХУ ч биш Монголын ард түмний хайрлан хамгаалдаг нууруудын нэг” гэж байв. Байгаль нуур бол маш гайхамшигтай.

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжил, түүний дотор эрчим хүчний салбарын өнөөдрийн хэрэгцээ шаардлага хөгжлөө дагаад Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг шийдэхэд ямар нэгэн байдлаар экологи чухал гэсэн үүднээс төслийг царцаасан асуудал биш. Бид ийм байдлаас хандаагүй.

Төсөлд аль болох хамтран ажиллах, гарч буй асуудлыг зөв талаас нь шийдэхэд хамтран ажиллаж байна. Тэгэхээр энэ удаагийн орос, монгол эрдэмтдийн хамтарсан хурлын гол зорилго нь хамтарсан санамж бичиг үзэглэх. Хурлын эхэнд ШУА-ын Ерөнхийлөгч Д.Рэгдэл гуайн онцолж хэлснээр “Хурлаас олон талын судлаачдын ажлын хэсэг байгуулъя. Ингээд дээр дурдсан эрчим хүч, эдийн засаг, хүрээлэн буй орчинд ямар зөрүүтэй саналыг боловсруулж Монгол Улс, ОХУ хоёр талд хүргэх нь зүйтэй байх” гэж.  Ер нь хурлаар олон талтай асуудлыг хөндсөн. Урагшаа ахиулсан, харилцан ойлголцлыг шинэ түвшинд гаргасан алхам болно гэж харж байгаа. Мэдээж Эгийн голын станцын төсөлд нэмэлт далан барих асуудлыг харилцан тохирч, санал солилцож гарах нөлөөллийг нь дахиж нарийвчлан судалсны үндсэн дээр судалгааны бүх мэдээлэл нь урагшаа нэг алхам ахисан, ирээдүйд усан цахилгаан станцын төслийг урагшлуулах гэсэн нэг алхам болох болов уу.

-Саяхнаас НҮБ Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Төсөл хэрэгжлээ гэхэд Сэлэнгэ,  Байгаль нуурын усны голдирол болон нөөцөд сөрөг нөлөөлөхгүй гэдэг нь үнэн үү. Үүнд таны хувьд мэргэжлийн хүний зүгээс санал нийлэх үү?

-Байгаль нуур дахь цутгалангийн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөс тэтгэдгийг хүн бүр мэднэ. Сэлэнгэ мөрний 1/3 нь ОХУ-ын нутаг, 2/3 нь Монгол Улсын бүс нутагт хамаардаг. Ер нь өмнөх судалгаануудад цахилгаан станц баривал жилийн дундаж урсацад тодорхой хэмжээгээр нөлөөлөх тооцоолол гарч байсан. Ер нь агаарын температур хуурай, гантай жил тохиовол Эгийн голын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн асуудал олон арван жилээр яригдах тооцоо гарч байсан. Ер нь усан санг барилаа гэхэд өөрийнх нь тогтвортой байдал. Ууршилт, шингэлтийн тооцооллыг ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан олон судалгаа бий.

Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг анхны хувилбараар барьсан тохиолдолд Сэлэнгэ мөрөнд цутгадаг цутгалангийн дээд хэсэгт хавар бүр их ус угаадаг байгалийн процесст бага зэрэг өөрчлөлт орох байх гэж харж байна.

Энэ тухай 2015 онд судалсан тооцооллын дүн. Харин өнөөдөр энэ бүх тооцоо, судалгааг шинэчилж сайжирч байна. Тиймээс дээр дурдсан далангийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт дахиж хамтран ярих хэрэгтэй. Үүний зэрэгцээ ОХУ-ын судлаачид Байгаль нуурын усны түвшний өөрчлөлт, хүрээлэн орчны талаарх нэмэлт судалгааг хийж байгааг тооцох ёстой. Ер нь Байгаль нуурын өөрчлөлт нь тухайн хүрээлэн буй орчны эко системд харьцангуй бага нөлөөлөх. Жишээ нь, Сэлэнгэ мөрний урсац бага зэрэг өөрчлөгдөх. Энэ нь бага нөлөөлбөл асуудал илүү бага л яригдна. Тиймээс зөвхөн Монгол Улсын усан цахилгаан станц ч биш янз бүр усан сан байгуулах асуудал яригдаж байгаа.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө