Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэр хийхэд бэлэн болжээ

2022 оны 11 сарын 162022-11-16
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэр хийхэд бэлэн болжээ

Манай улсын боомтын хүчин чадлыг дэлхийн 160 орноос 130-д эрэмбэлдэг. Хөрш ОХУ-тай 29 боомтоор, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг боловч хуурай замын 42 боомтоос эдийн засгийн гол эргэлт болсон ашигт малтмалаа экспортолдог гарц маань хуруу дарам цөөн.

Цар тахлын хоёр жилд Монголоос нүүрс импортлогч БНХАУ дотооддоо Тэг Ковид бодлого хэрэгжүүлэн боомтын харилцаанд хязгаарлалт тогтоосны хажуугаар Монгол Улсын Засгийн газар дотооддоо дүгнэлт хийн экспорт руу чиглэсэн Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлсэн нь цагаа олсон алхам болжээ.

4000 гаруй хүний хүч, хөдөлмөр шингэсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дууссан сайн мэдээгээр энэхүү нийтлэлийг эхлүүлж байна.

226.9 КМ  ТӨМӨР ЗАМ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25-НД ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ЭХЛҮҮЛНЭ

тз.jpg

Монгол Улсын хувьд урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар буюу төмөр замаар холбогдсон байдаг бол нэмээд дөрөв, нийт таван чиглэлд холбогдохоор Засаг хөдөлж эхлээд буй. Үүний нэг нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам.

Бараг л хэзээ мөдгүй галт тэрэг давхихад бэлэн болсон энэ төмөр зам Монгол Улсын Засгийн газрын хувьд стратегийн ач холбогдолтой маршрут болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.

Учир нь, Ханги боомт нь Хятадын Мандал боомттой шууд хиллэдэг. Мандал боомт нь манай улсын экспортолж буй уул уурхайн баялгийн гол зах зээл Бугат хоттой хамгийн ойр нь юм. Тиймээс Хангийн төмөр зам бол Бугат руу гарах хамгийн дөт гарц нь болно гэсэн үг. Бугат нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны хамгийн том аж үйлдвэрийн бүс юм.

Өөрөөр хэлбэл, бид уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх боломж бүрдэж буй. Зөвхөн Зүүнбаян-Ханги-Мандалын трассын дагуу гэхэд л Цагаан суваргын зэс молибедин, төмрийн хүдрийн Элстэй, Агар-Уул, нүүрсний Элдэв, Мандахнуур  зэрэг 10 гаруй орд байгаа нь эл төмөр замын ач холбогдлыг илтгэж буй.

ЗҮҮНБАЯН-ХАНГИЙН ТӨМӨР ЗАМЫН АЧ ХОЛБОГДОЛ ЗАМЫН-ҮҮДТЭЙ ДҮЙНЭ

хангийн зураг.jpg

Эл төмөр замыг эрх баригчид хоёр дахь Замын-Үүд, хоёр дахь Гашуунсухайт хэмээн тодотгож буй. Учир нь, уг төмөр зам бол Бугат руу гарах хамгийн дөт гарц болно. Замын-Үүдийн боомт 1956 онд ашиглалтад орсноос хойш  66 жилийн дараа урд хөрш рүүгээ төмөр замын албан ёсны хоёр дахь гарцтай болно гэсэн үг юм. 

Өнөөдөр Дархан, Сэлэнгийн бүсээс экспортолдог төмрийн хүдрийг Замын-Үүд-Эрээн-Жинин-Хөх хот-Бугат гэсэн маршрутаар тээвэрлэдэг. Тэгвэл Хангийн төмөр зам нь  энэ маршрутыг 242 км-ээр хэмнэж, тээврийн зардал нь тонн тутамдаа  4-8 ам.доллараар буурах боломжтой.

Мөн одоо байгаа цорын ганц төмөр замын суваг болох Замын-Үүд-Эрээний боомт дээр нэмэгдээд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахь Замын-Үүд болох хүлээлт бий.

Эдийн засгийн үр ашгийн талаар  Сангийн сайд Б.Жавхлан “Ханги-Мандал бол Бугатын үйлдвэртэй хамгийн ойр тул бүс нутгийн хувьд, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой”  гэж тодорхойлсон. Эрх баригчид Хангийн төмөр замыг боомтын боймыг тайлах эхлэл гэж харж байгаа юм.

Тухайлбал, Хангийн төмөр зам нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдож, Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ. 

Улмаар манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ. Төмөр замыг дагаад 1500 гаруй ажлын байр бий болох юм. Ийнхүү Замын-Үүд боомтыг 1956 онд барьснаас хойш 66 жилийн дараа  хоёр дахь эдийн засгийн томоохон гарцтай болж байна. 

Тэгэхээр цаасан дээрх төсөл амилж говьд овоолсон шороо эдийн засгийн төмөр судас нь болно. Мөн  анхны гурвалсан төмөр замын уулзвартай болж байгаагаар онцлог. 

Удахгүй  ашиглалтад ороход бэлэн болсон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэлтээ эхлүүлбэл экспорт 30 хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ. Валютын орлого татах, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд эл төмөр зам асар том хөшүүрэг нь болох юм. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АМЛАЛТ БА ДАРХАНЫ ЗАМААС Ч ХУРДАН БАРИГДСАН ТӨМӨР ЗАМУУД

сайд.jpg

Стратегийн хувьд чухал ач холбогдолтой энэ төмөр замыг Л.Оюун-Эрдэнэ хагас жилийн дотор барьж дуусгана гэж амалсан нь өнөөдөр ч дарханы замаараа давхиж чадахгүй байгаа монголчуудад итгэх аргагүй "амлалт" байлаа. Тэр есөн сарын өмнө Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж байгааг зарлахдаа ийнхүү ам гарч байсан юм. Харин өнөөдөр ердөө найман сарын дотор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдөө барьж дуусгалаа. Эл бүтээн байгуулалтад 4000 гаруй хүний ур ухаан,  хүч хөдөлмөр шингэж.

Мөн л  Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн зам ашиглалтад ороход бараг л  бэлэн болчихоод байгаа. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг мөн л монголчууд өөрсдөө барьсан гэдгээрээ онцлог.

Эдийн засгийн үр ашигаараа Зүүнбаян-Хангийн төмөр замтай эн зэрэгцэхүйц. 236.6 километр төмөр замыг ердөө дөрвөн жилийн дотор барьж дуусгасан. Хэрэвзээ  ашиглалтад орвол  жилд 30-50 сая тонн нүүрс экспортолбол улсын төсөвт дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрөнө гэж тооцож буй.

"ТРАНЗИТ-МОНГОЛ" БОЛОХ МӨРӨӨДӨЛ ОЙРХОН БАЙНА УУ?

зам дагасан.jpg

Олон жил царцсан ч төмөр замуудаа  дарханы замаас ч хурдан барьж дуусгасан нь  анхаарал татаж буй. Давуу тал нь ган замаар нүүрсээ экспортолж эхэлсэн цагаас бид нүүрсээ олон улсын жишиг үнээр борлуулах, валютын орлого нэмэгдэх, бодитоор орлого нь улсын төсвөөр дамжуулан цалин,  тэтгэвэр, халамж зэргээр хүмүүст хүрч чадах нь. Гэхдээ дээр дурдсан энэ хоёр төмөр зам бол зөвхөн эхлэл нь. Энэ тухай ч Засаг тэмдэглэж буй. 

Цаашилбал,  төмөр замын бодлогын хүрээнд одоогоор гагцхүү төв шугамд түшиж буй манай улс Баруун болон Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын ажилд ханцуй шамлан орохоор зэхэж байгаа юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт орсноор Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам байгуулахаар тусгаж Баруун босоо тэнхлэгийн чиглэл баталгаажсан. Зүүн босоо тэнхлэгт Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 420 км урттай томоохон бүтээн байгуулалт өрнөснөөр төмөр замын зүүн коридорын шугам  бий болно. Өөрөөр хэлбэл, “Транзит Монгол” болох ирээдүйн төлөв тодорч байгааг эрх баригчид онцолж байгаа нь цаг хугацааны асуудал болоод байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

"Гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ 2021 онд нэмэгдсэн"

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

7 өдрийн өмнө
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

7 өдрийн өмнө
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

8 өдрийн өмнө
Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээж, анхны тээврийг эхлүүллээ

Хангийн төмөр зам нь 226.9 км. Энэ төмөр замаар жилд 20 сая тонн ачаа экспортлох боломжтой. Экспортын 2 дахь гарч болгож монголчууд 8 сарын хугацаанд барьж дуусгасан болохыг тэрээр онцолсон. Эл бүтээн байгуулалтад нийтдээ 3500 гаруй хүн оролцжээ.

11 өдрийн өмнө