НҮҮРСНИЙ ХЭРГҮҮД: 2013-2022

2022 оны 11 сарын 162022-11-16
НҮҮРСНИЙ ХЭРГҮҮД: 2013-2022

УИХ дахь Нүүрсний түр хороо өнгөрсөн 7 хоногт хурлаа хаалттай хийхээр төлөвлөж байгаад УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн горимын саналаар нээлттэй хуралдсан. Түр хорооны гишүүн, АН-ын Ш.Адьшаа “Бүгдээрээ хүний нэр, компанийн нэр, үйл баримт ярихгүй, бид сонсохгүй” хэмээн хурлын эхний хэсэгт хуулийнхныг вакумжуулсан бол Н.Ганибал “2013-2017 онд болсон нүүрсний хулгайн асуудлыг л шалгасан байна. 2018-2022 оны буюу МАН-ын засаглалын үед болсон асуудлыг шалгаж, ил болгох хэрэгтэй” гэсэн юм. Энэхүү хурал болох өглөө аль хэдийнэ УИХ-ын гишүүн Д.Адьяасүрэн, Ажнай Д.Бат-Эрдэнэ нарын нүүрсний хулгайтай холбоотой материалыг хэвлэлээр дэлгэсэн байлаа.

Мөн бараг жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнээс маш сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэрвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь их ашигтай байсан” гэж мэдээлсэн байсан юм.

Ингээд Түр хорооны хурал дээр ГЕГ, АТГ, ЭЦА, ХХЕГ, АТҮТ-ийн удирдлагууд юу ярьсныг хүргэе.

ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Сүхбаатар: Зөвхөн 2017-2022 оны 4 сар хүртэл 183 мянган тонн нүүрсийг хамтарсан манифестиар гаргасан байж болзошгүй

-Нүүрсний экспорттой холбоотойгоор Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4 удаагийн шалгалт хийсэн. Эхний шалгалт 2013 оны 1 сарын 22-ноос 3 сарын 29-ний өдрүүдэд хийгдсэн. Ингэхдээ Гашуунсухайт боомтоор 2010 оноос 2011 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний экспортын бичиг баримтуудыг холбогдох эх сурвалжилжийн мэдээллүүдтэй тулгаж, харьцуулан шалгах замаар хэрэгжүүлсэн.

Шалгалтын үр дүнд:

Нийтдээ 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг Гаалийн мэдээллийн автоматжуулсан системд байгаагүй. Өөрөөр хэлбэл, бүртгэгдээгүй гэсэн үг. Энэ нь дээрх хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр экспортод гаргасан байж болзошгүй байгаа тул тухайн үеийн ажлын хэсгээс цаашид эрх бүхий байгууллагад шилжүүлж, шалгуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүдийн саналаар гаалийн бүрдүүлэлт хийгээд өмнөд хөрш рүү гараад БНХАУ-ын талтай бүрдүүлэлт хийсэн мэдээтэй тулгахад жингийн зөрүү гарсан. Үүнийг нь 3 тонноос дээш хэмжээтэй бол жингийн зөрүүтэй гэж үзье, 3 тонноос дотогш хэмжээтэйг техникийн болон бусад хүлцэх шалтгаантай гэж үзье гэсэн саналаар авч үзээд шалгахад нийтдээ 9178 техник хэрэгслээр 53 мянган тонн нүүрсийг гаальд дутуу мэдүүлж экспортолсон байж болзошгүй нь тогтоогдсон байгаа.

Шалгалтаар нийтдээ 3758 техник хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй.

Хоёр дахь шалгалт, 2018 оны 6 сарын 5-31-ний өдрүүдэд явсан. 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хамруулсан. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд Тавантолгой ХК-иас худалдаж авсан нүүрснээсээ илүү тоо хэмжээтэй нүүрс гаргачихдаг. Зарим нь үлдэгдэлтэй байж байдаг гэх мэт эргэлзээтэй олон асуудал гарч ирсэн. Дээр дурдсан 2013-2017 оны хооронд нийтдээ 2527 машин 17 мянган удаагийн давтамжтайгаар хоосон гэсэн бүртгэлтэйгээр хилээр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч ирсэн. Үүний цаад шалтгаан олон янз бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын машинууд үзлэг, засварын шалтгаантай хилээр гардаг, нүүрсээ хүргэчихээд буцахдаа хоосон гардаг гэх мэт. Үүнийг нь хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа.

Гурав дахь шалгалтаар буюу 2022 оны 4 сарын 1-18-ний өдрүүдэд гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар зарим нэр бүхий ААН-үүд /Монпропа холдинг, Ханбогд инженеринг/ гаалийн бүрдүүлэлтгүйгээр, зөвхөн хамтарсан манифестиар нүүрс нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд нь, Гашуунсухайт дахь боомтод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын албан тушаалтнууд холбоотой байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Ингээд гаалийн байгууллагын зүгээс өөрийн зарим албан хаагчдыг /гаалийн улсын ахлах байцаагч Эрдэнэбаяр нарын/ хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Дөрөв дэх шалгалт 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд үргэлжилсэн. Гашуунсухайт дахь Цагаанхад гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулалт хийх ажил дуусч байна. Тулгаж үзэхэд 2017-2022 оны 4 дүгээр сарыг хамруулсан байгаа. Нийтдээ 1329 тээвэрлэгчийн 22664 бичлэг буюу 12189 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. 2017-2022 оны 4 сарыг дуустал хугацаанд экспортлогдсон нүүрсний мэдээллийг шалгахад давхардсан тоогоор нийтдээ 22664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй. 183 мянган тонн нүүрс зөвхөн хамтарсан манифестиар улсын хилээр гарсан байж болзошгүй байна гэсэн. Товчхондоо ГЕГ болон бусад хууль хяналтын байгууллагатай хамтран хийсэн шалгалтыг танилцууллаа. Тухай бүрт нь, холбогдох мэдээллийг нягтлан шалгуулахаар байгууллагууд руу шилжүүлж байсан.

4 удаагийн шалгалтын ажлын хэсгийнхэн:

2018 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд дээрх хэргийг шалгуулахаар 6 удаагийн албан бичиг явуулсан.

АТГ-т 2020 онд хууль бусаар нүүрс экспортоор гаргасан байж болзошгүй гаалийн улсын ахлах байцаагчтай холболтой хэргийг мөн шалгуулахаар шилжүүлж байсан.

БНХАУ-ын ГЕГ болон Хөх хотын цагдаагийн газарт 2 удаагийн уулзалт мэдээлэл, нүүрсний импорт, экспортын мэдээлэл авахаар 3 удаа албан бичгээр харилцсан байдаг.

Мөн ХХЕГ-аас Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийн судалгааг авч шалгалтын үр дүнд ашиглаж байсан.

2018 оны хоёрдугаар хагасаас хойш гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг буюу тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимаар хийдэг болсон. Үүнийг хэрэгжүүлж эхэлснээр мэдээлэл авах, статистик судалгаа хийхэд илүү шуурхай болсон.

ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд: Нийт 942.3 мянган тонн нүүрс илүү хэмжээтэй гаргасан байж болзошгүй

-2013 оноос өмнө гарсан хэрэгт 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж явж байгаад 2014 онд Нийслэлийн прокурорын газар дээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2013-2018 оны хооронд ГЕГ шалгалт хийгээд 6 удаагийн албан бичгээр 2013-2017 оны хооронд нүүрс экспортлолтод худалдан авалт хийснийг боомтын мэдээтэй тулгаад үзсэн. Ингээд 27 ААН-ийн 351.3 мянган тонн нүүрс, Монгол Улсын 19 ААН-ийн 590.9 мянган тонн нүүрс, нийтдээ 942.3 мянган тонн нүүрс илүү хэмжээтэй гаргасан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

Хэрэг бүртгэлтийн явцад гадаад руу эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу БНХАУ-ын гааль дээр Монголоос хэдэн машин бүртгэгдсэн бэ гэдгийг тодруулсан. 2 удаагийн эрх зүйн харилцан туслалцах гэрээний хариу ирсэн. “Манайх энэ мэдээллийг өгөх боломжгүй байна. Тухай үеийн программ хангамж ажиллахгүй байна” гэсэн хариу ирсэн. Дахиад 2 удаа хандахад хариу нь ирээгүй байгаа. Бусад ажиллагаа нь прокурорын хяналтад хийгдээд дууссан.

Мөн ГЕГ-аас ирсэн албан бичгийн дагуу нийт 30 хоногийн хугацаанд 370 мянга тонн нүүрс гаалиар хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэсэн хэргийг шалгаад холбогдох албан тушаалтнуудыг нь АТГ-т шилжүүлсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн: 3000 гаруй нүүрс тээврийн машиныг хилээр бүртгэлгүй гаргасан хэрэг шүүхэд шилжинэ

-2011 онд нүүрс бүрдүүлэлтгүй нэвтрүүлсэн гэсэн 1 хэрэг шалгагдаад 2014 оны 1 сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжсэн. Манайд 2013 оны хэрэг гэж байхгүй. ГЕГ-аас 2022 онд нүүрс хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгтэй холбогдуулаад ЦЕГ, АТГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг гараад 2022 оны 4, 5 сараас хойш мөрдөн шалгах ажил явуулж байна. Одоогийн байдлаар 8 хүнтэй, 7 машинаар 3000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлгүй нэвтрүүлсэн гэсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлэх саналтай шийдвэрлээд байна.

Нүүрс болон С зөвшөөрөлтэй холбоотой 9 хэрэг ажиллагаанд байна. Нүүрс хууль бусаар бүртгэлгүй нэвтрүүлсэн гэх хэрэгт 20 гаруй хэрэг байна. Эдгээрээс нэлээдийг нь хаасан. Хахууль авсан 3-4 хэргийг урд онуудад шийдвэрлэж байсан.

ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн: Монгол-Хятадын хилийн цэргийн байгууллага тоогоо тулгадаг

-Манай хил хамгаалах байгууллагын үндсэн үүрэг бол зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, боомтын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хилийн төлөөлөгч нар БНХАУ-Монгол Улсын хооронд байгуулсан хилийн хэлэлцээрийн дагуу хоёр талд адилхан томилогддог бөгөөд боомтын ажиллах цагийн хуваарь, нээх, хаах горимыг зохицуулдаг. Хоёр тал орсон гарсан тээврийн хэрэгслийн тоог хоорондоо тулгадаг.

Гашуунсухайттай холбоотой асуудлыг асууж байна. Манайх 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс ГИХГ-аас шалган нэвтрүүлэх алба манайд шилжиж ирсэн.

Зөрөөд байгаа асуудал нь ХХЕГ, ГЕГ-ын бүрдүүлэлтийн тоо хоёр зөрөөд байгаа.

Манайхаас гарсан тээврийн хэрэгсэл он оноороо, сар сараараа байж л байна. Тээврийн хэрэгсэл, гаалийн бүрдүүлэлт хоёр зөрчихөөр энэ асуудал яригдаад байгаа юм. Манай тоо гэдэг нь Хятадын талтайгаа өдөр, 7 хоног, сараар нь манайхаас тэд гарсан байна, танайх хүлээж авсан уу гэдэгтэйгээ тааруулж тулгадаг тоо.

Энэ бол жолоочийн тоо, зорчигчийн тоо, тээврийн хэрэгслийн тоо юм. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтаар 650-750 тээврийн хэрэгсэл гарч байхад урд өдөр нь төчнөөн хүнийг шинжилгээнд хамруул гэдэг тоо ирдэг. Тэгээд 650 жолоочийг шинжилгээнд хамруулаад тэр 650 жолоочоо маргааш нь гаргадаг ийм л харилцаа явдаг. Ачаатай гарсан уу, ачаагүй гарсан уу гэдэг мэдээлэл ХХЕГ-т байхгүй.

Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон: С зөвшөөрлийг Хятадын талаас шаарддаг

-С зөвшөөрөл бол Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд олгогддог. Зөвшөөрлийг байхгүй болгооч гэдэг асуудлыг эрх бүхий олон хүн ярьдаг. Хятад талаас ч тэр, Монгол талаас ч тэр тавьдаг хяналт нь С зөвшөөрөл учраас зайлшгүй өгөх ёстой. Шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд хил нэвтрэхэд л С зөвшөөрлийг өгдөг. Гашуунсухайт боомтод Хятад талаас улиралд 6000 зөвшөөрлийн квот өгдөг. 2017, 2018 онд Гашуунсухайт боомт орон нутгийн чанартай жижиг боомт байсан учраас Хятад талын тээвэр төлөвлөлтөөр 6000 зөвшөөрөл өгнө гэсэн квортыг Өвөрмонголын Тээврийн танхимаас нь гаргаж өгсөн байдаг. Хятад талаас л тулгадаг, өгдөг зөвшөөрөл гэж ойлгож болно.

Г.Улсболд

 

Санал болгох

СГЗ Ц.Хуланг 48 цаг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан СГЗ Ц.Хуланг өнгөрсөн шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй саатуулжээ.

8 өдрийн өмнө
Хөгжлийн банкны 4-ийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Хөгжлийн банкны гэх хэрэгт прокурорын байгууллага нийт 79 хүнийг яллагдагчаар татсан. Энэ дунд улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нар байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийг АТГ, цагдаагийн байгууллагын мөрдөгчид шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа юм.

1 сарын өмнө
Нүүрсний хулгайн мөрөөр: 2017-2022 оны тонуул

УИХ-ын гишүүн Т.Доржханд “40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гарсан” гэж яриад байгаа. Нөхрийг л худлаа тоо хэллээ гэж буруутгаад байгаа болохоос ийм агуулгатай үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө 2022 оны 4 сард хэлчихсэн юм аа. Тэрээр “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрсний тонн тутмаас 60-70 орчим ам.доллар завшиж байсан бүлэглэлийг илрүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засгийг цэгцлэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлнэ” гээд ярьчихсан. Монголын ДНБ 40 их наяд төгрөг гэж явдаг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний “ДНБ 2 дахин тэлнэ” гэдэг яриаг ХҮН-ын Т.Доржханд “дахиад 40 их наядын хулгай байгаа юм байна” гэж орчуулсан байх нь.

2 сарын өмнө
Нүүрсний хулгайн мөрөөр: Хулгайг ингэж хийсэн

Өмнөговь дахь Тавантолгойн бүлэг ордод Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой гэсэн 3 уурхай байгаа. Тэдгээр нь нийт 393 битүүмжилсэн чингэлэг тээврийн багтай. Эдгээрт нийт 5540 гаруй жолооч ажилладаг.

2 сарын өмнө