Монголын Театрын музей өнөөдөр тайз, дэлгэцийн алтан үеийн нэрт төлөөлөгч БНМАУ-ын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв /1912-1986/ мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Халхын сайхан Юндэн” үзэсгэлэнг нээлээ.
1945 онд бүтээсэн Цогт тайж киноны Арслан тайж, 1944 онд бүтээсэн Учиртай гурван толгой дуулалт жүжгийн Юндэнгийн дүрээр олны сэтгэлд хоногшсон А.Цэрэндэндэв нь 1912 онд Богдхан уулын аймаг наваан гүний хошуу буюу одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Ар гандан хэмээх газарт төржээ. 1933 онд цэргийн албанд татагдан Хэнтий аймаг дахь VII дивизийн их бууны хороонд алба хааж байгаад Цэргийн бага даргын сургуульд элсэн суралцаж, улмаар I дивизийн пулемёт сумангийн жагсаалын дарга, Цэргийн төв клубын дуучин, бага дарга, дуучин-жүжигчин, жагсаалын даргаар ажилласан. Энэ хугацаанд Их жанцны уран ялалт жүжгийн жанжин Сүхбаатар, Партизан Батхүү жүжгийн Батхүү, Тэнэг засаг, сохор чавганц жүжгийн хүү зэрэг арваад жүжгийн гол дүрд тоглон, хүндэтгэлийн концертод гоцлон дуулж байжээ.
А.Цэрэндэндэв нь 1936 оны 10 дугаар сард гачигдлаар цэргийн албанаас халагдан очоод Төв аймгийн Бор-Өндөр суманд багийн дарга, 1938 оны 5 сард Төв аймгийн захиргааны шийдвэрээр аймгийн Улаан гэрийн эрхлэгчээр ажилласан цагаасаа тайз, дэлгэцийн урлагт хүчин зүтгэсэн.
1938 оны 9 сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураараа ажиллаж байхдаа Учиртай гурван толгой, Цэнд комиссар, Хэрмэл, Ардын зориг зэрэг 20-иод жүжиг болон концертод оролцож тоглосноос гадна 1940 оны 1 сард Улсын төв театрт шилжин ажиллаад Учиртай гурван толгой жүжгийн Юндэн, Мандухай сэцэн хаан жүжгийн Баянмөнх жонон, Хонины булаг жүжгийн Ван Родриго, Талын баатар жүжгийн жанжин Сүхбаатар, Шарай голын гурван хаан жүжгийн Гэсэр хаан, Нүүрэлдэлгээ Жүжгийн Гернебут, Амарсанаа жүжгийн Амарсанаа, Далан худалч жүжгийн Сэнгээ, Отелло жүжгийн Брабанцио зэрэг шилдэг дүрүүд бүтээсэн нь театрын түүхнээ бичигдэн иржээ.
Түүний дэлгэцийн урлагт Цогт тайж киноны Арслан тайж, Хил дээр гарсан хэрэг киноны Болд, Түмний нэг киноны офицер, Ингэх гээд байсан юм киноны ойн цагдаа зэрэг дүрүүдээрээ тод мөрөө үлдээжээ.
Цэргийн ангиас дуучин, жүжигчин, найруулагчаар ажилласан А.Цэрэндэндэвийн уран бүтээл, хөдөлмөрийг төр үнэлж 1942 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, алтангадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон ойн медалиудаар шагнасан байдаг.