Ази тивдээ анх удаа Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн оны 4 сард баталсан. Энэ хуульд бусдын эрх зөрчигдөхийн эсрэг хамгаалдаг хүнийг “Хүний эрх хамгаалагч” гэж заасан байдаг. Тэд хүний хуулиар олгогдсон үндсэн суурь эрх чөлөөг энхийн замаар дамжуулан хамгаалдаг юм. Олон төрлийн хүний эрх хамгаалагч бий. Тухайлбал нутаг орон, байгаль орчны эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, ахмадуудын эрх хамгаалдаг хүмүүс ч бий. Харин Т.Туяажаргал нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалагч юм. Сүүлийн үед хавсарсан оноштой, уналт таталттай хүүхдүүдийн амьд явах, аюулгүй байх, сурч боловсрох эрх зөрчигдөх боллоо. Тэдний эрхийн төлөө нийгэмд үг, үзэл бодлоо илэрхийлэгч Т.Туяажаргалыг онцолж байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шинэ жил дөхөх тусам гадаа хүйтний эрч улам чангарч, хүн бүрийн хөл хаашаа ч юм яаран хурдална. Хүн бүхэн яарч, тэмүүлсэн он цагийн урсгалд халуун сэтгэлээ гээхгүй байх л хамгийн чухал гэж Т.Туяажаргал ярих дуртай. Тэр бол жирийн нэгэн эмэгтэй. Тэр бол гурван хүүхдийн ээж. Гэвч эгэлгүй зам мөрөөр замнах сонголтыг бүсгүй хийсэн. Магадгүй гал халуун залуу нас, гэнэн хонгор сэтгэлээр дардан замыг харан сонгосон амьдрал түүнд хар бараан өдрүүдийг авч ирж, харанхуйн дундаас өөрийн хүчээр гэрэлд гарч чадсан учраас эгэлгүй тавилан түүнийг угтсан биз ээ.
Түүнийг Т.Туяажаргал гэдэг. Туулсан амьдрал нь түүнийг хүчирхэг болгосон. Амьдрал түүнд олон сорилтыг илгээсэн. Тэрээр гэр бүлийн олон жилийн хүчирхийллийг туулаад гарсан. Одоо тэрээр хүүгээ эрүүл болгох, ижил асуудалтай байгаа хүмүүст зүг чиг болохыг зорьж хичээж, зүтгэж байна.
Т.Туяажаргал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар мэддэггүй, энэ талаарх ойлголтгүй байсан бол оюуны бэрхшээл, уналт таталтын хавсарсан оноштой хүүтэй болсноор илүү сайн ойлгодог болжээ. Хөгжлийн бэрхшээл дотроо оюуны бэрхшээл онцлогтой. Тэд нийгмийн амьдралд бие даан оролцоход маш хүндрэлтэй. Тэр бүү хэл хөдөлмөр эрхлэх боломж, нөөц бололцоо хомс байдаг. Тэд өөрийн бодол санааг бусдад илэрхийлж чаддаггүй учраас өөрийнхөө эрхийг ч мэддэггүй. Тиймээс Т.Туяажаргал өөрийнхөө ямар эрхтэйг ч мэддэггүй, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй хүүхдүүдийн дуу хоолой болж, тэдний төлөө тууштай тэмцэж байна.
Тэрээр нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Ээлтэй ертөнц” ТББ-ыг 2009 онд үүсгэн байгуулсан. ТББ-аараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг эцэг эх, асран хамгаалагчийнх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилласаар өдгөө 9 дэх жилтэйгээ золгож байна. Улмаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын дэргэд хавсарсан оноштой, уналт таталттай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлэх “Энэрэл” төвийг байгуулжээ.
“Энэрэл” төв үүдээ барилаа
Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай бүх насны хүүхдүүдэд цогц үйлчилгээ үзүүлдэг “Ээлтэй Ертөнц” ТББ-ын дэргэдэх хүүхэд хөгжлийн "Энэрэл" төв жил бүр 150 сая төгрөгийн санхүүжилтийг өөрсдөө босгон, төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэггүй бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Гэвч өнгөрсөн 9-р сарын нэгэнд санхүүгийн асуудлаас шалтгаалан “Энэрэл төв” үүдээ барилаа. Ингэснээр энэ төвд хамрагддаг байсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 28 хүүхэд очих газаргүй болоод байгаа юм.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, хавсарсан оноштой хүүхдүүд товчоо товчилж, хоолоо идэж, ганцаараа ч бие засах боломжгүй. Тэднийг эдгээр арга барилд аажим аажмаар сургахад олон удаагийн давтамж, дасгал сургуулилт хэрэгтэй. Тиймээс энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай цэцэрлэг, сургуульд явахад хүндрэл бэрхшээлтэй байдгаас гэртээ үлдэхээс өөр сонголтгүй болдог. Харин “Энэрэл” төв энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг цор ганц газар юм. "Энэрэл" төвд хамрагдсанаар хүүхдүүд өдөр тутмын дадалд аажим аажмаар суралцдаг. Тухайлбал тэднийг хоолоо халбагадаж идэх, живхнээс гарах, сууж сурахад “Энэрэл”-ийнхний үйл ажиллагаа чиглэдэг. Мөн мэргэжлийн бариа засалч, хөдөлмөр засалчид хүүхдүүдэд тогтмол үйлчилгээ үзүүлдэг юм. Т.Туяажаргал төрөөс эдгээр хүүхдүүдэд анхаарч бий болгоогүй үйлчилгээг ийнхүү нэвтрүүлсэн ч санхүүжилтгүй болсноор хүчин мөхөсдлөө. Энэ төвд хамрагддаг байнгын асаргаатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч очих газаргүй болсон учраас өдөр бүр “Энэрэл” төвөө эргэж, цоожтой хаалгаа харан сууна.
“Энэрэл” төвд хамрагддаг хүүхдүүдийн ээжүүд...
Инфографик
(Сонирхсон мэдээлэл тус бүр дээр дарж, зогсоох товчлуур дарснаар тоон мэдээлэл авах боломжтой.)
Төрд “хаягдсан” үрс
2022-2023 оны хичээлийн жилд төрөөс хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах зорилт тавьсан ч байнгын асаргаа шаардлагатай, хавсарсан оноштой хүүхдүүдийг боловсролын үйлчилгээний гадна үлдээжээ. Тиймээс Т.Туяажаргал болон түүний хамт олон төрөөс тусламж хүсэв. Гэвч БШУЯ-наас “Танайх сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг болохоор манайд хамаагүй”, ХНХЯ-ны зүгээс “Танайх боловсролын үйлчилгээ үзүүлдэг учраас манайд хамаагүй” гэсэн хариу өгдөг. Т.Туяажаргал өнгөрсөн хугацаанд БШУЯ-нд 11 удаа албан бичгээр хандаж, ордны гадаа өнжиж, үе үеийн дарга сайд нартай бүгдтэй нь уулзсан ч нэг нэг рүүгээ "өшиглөж" эзэнгүйдүүлсээр өдийг хүрлээ. Гэвч Т.Туяажаргал шантарсангүй. Төрд үг, үзэл бодол, асуудлаа уламжлахын тулд шат шатны бүх яам, тамгын газраар улаа эргэтэл “гүйж” явна. Тууштай тэмцэж хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсны дараа төрөөс байнгын асаргаатай хүүхдүүдэд анхаарал хандуулж эхэллээ. БШУЯ, ХНХЯ, ЭМЯ хамтран байнгын асаргаатай хүүхдүүдэд хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг төвийг аймаг, дүүрэг бүрт байгуулах талаар судлах ажлын хэсэг байгуулаад байна.
“Энэрэл”-ийн хүүхдүүд төрийн анхааралд орлоо
“Ээлтэй ертөнц” ТББ-ынхны урт хугацааны хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд “Энэрэл” төвийг жишиг болгож, энэ төрлийн хөгжлийн цогц үйлчилгээ явуулдаг төвийг төрөөс санхүүжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг төрийн байгууллагууд судалж эхэллээ. Эхний ээлжинд “Энэрэл” төвийг тусгай 63-р сургуулийн харьяа гэж авч үзэн, багш ажилчдыг цалинжуулахаар болжээ.
Хайр шингэсэн “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр
Өмнө нь тэд төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй байсан бөгөөд сар бүр 12-15 сая төгрөгийн санхүүжилт босгон үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Ингэхдээ тогтмол хамрагддаг 28 хүүхдээс тодорхой хэмжээний төлбөр авдаг байжээ. Гэвч тухайн орлого нь зөвхөн хүүхдүүдийн хоол, хүнсэнд л хүрэлцдэг байж. Харин “Энэрэл” төвийг гол санхүүжүүлэгч бол “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр. Энэ үйлдвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд ажилладаг. 11 ажилтантайгаас 75 хувь нь байнгын асаргаатай хүүхэдтэй ээжүүд бол үлдсэн 35 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Тэд зөөлөн тоглоом оёж, худалдан борлуулдаг. “Ээлтэй ертөнц” ТББ 2009 онд байгуулагдсаны дараа 2011 онд ТББ-ын дэргэд үүсгэн байгуулагджээ.
Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ асрахын хажуугаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Тэд төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийн тэтгэмж гэж сард ердөө 48,000 мянган төгрөг авдаг ч хаанаа ч хүрдэггүй. Тиймээс Т.Туяажаргал эдгээр асран хамгаалагчдын орлогыг хэрхэн дээшлүүлэх талаар боломжийг судалж эхэлжээ. Улмаар байнгын асаргаатай хүүхдээ өсгөхийн зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангахаар “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийн эхлэлийг тавьснаас хойш өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
“Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр байгуулагдсанаар ээжүүд орлогоо сайжруулж, хүүхдээ “Энэрэл” төвд хамруулахын зэрэгцээ өөрөө нийгмийн амьдралд оролцож, хамт олонтой болсон нь тэдэнд хамгийн сайхан зүйл гэлтэй. Нүдэнд нь гал асч, эрч хүчтэйгээр ээжүүд оёдлын машинаа дуугаргана. “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрээс нэг чихмэл тоглоом дөрвөн шат дамжлага дамжин гардаг. Үүнд эсгүүр, оёдол, чихэлт, нүүр ам чимэглэл гэсэн үе шатуудтай. Тэдний бүтээл бүрт хайр шингэжээ. Учир нь тэд чихмэл тоглоомын загвараа гаргахаас эхлээд бүх нарийн деталь ажиллагаа бүрт ач холбогдол өгдөг. Дизайныг мэргэжлийн хоёр зураач гаргадаг. 2011 оноос 100 гаруй ээжийг тэд эгнээндээ элсүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн 2 дахь заалтад “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна” гэж заажээ. Хэрвээ энэ хуулийн заалтыг биелүүлэхгүй бол татвар төлж, төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх юм. Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бол ажил олгогчийг энэ хуульд заасан төлбөрөөс чөлөөлж, эсхүл хөнгөлж болно гэж заажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэднийг асарч буй ар гэрийнхнийх нь хөдөлмөрийг үнэлдэг болоход Т.Туяажаргал ч өөрийн дуу хоолойг тууштай хүргэжээ. Тиймээс энэ заалт хөдөлмөрийн тухай шинэ хуулинд орж, эрх зүйн орчин ч бүрдсэн учраас “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрээс байгууллагууд өөрсдийн бэлгэ тэмдгээр чихмэл тоглоом захиалан хийлгүүлэх дуртай. Тэдний хамгийн анхны бүтээл бол унага. Мөн 108 хүүхдийн тусламжийн төвийн бэлгэдэл “Дээлтэй туулай”, “Лантуун дохио” ТББ-ын бэлгэ тэмдэг лантуу хүү, Ахмадын спортын наадмын “Аргал” зэргийг тэд бүтээжээ. Гэвч цар тахлын хоёр жил тэд хүнд байдалд орж, хагас жил цалингаа ч тавьж чадахгүй хүнд байдалд оржээ.
Энэ үед “Ханни”-гийн ажилчид бие биеэсээ автобусны мөнгө асуухыг Т.Туяажаргал санаандгүй сонсжээ. Цалингүй ч шантралгүй халуун сэтгэлээр ажилласаар байгаа ажилчдаа хараад түүний өр эмтэрч, өөрт байгаа ганц хөрөнгө болох нэг өрөө байраа зарж, ажилчдадаа цалинг нь өгчээ. Тэрээр гурван хүүхдээ хөтлөөд “гудамжинд” гарч байгаа ч ажилчдынхаа халуун сэтгэл, уйгагүй ажилласан хөдөлмөрийн хөлсийг өгөх нь юу юунаас илүү үнэ цэнэтэй санагджээ. Өнөөдөр хоёр жил гаруй түрээсийн байраар амьдарч байгаа ч “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэр, “Энэрэл” төвдөө ээжүүд, хүүхдүүдтэйгээ бужигналдан байхыг харах хамгийн сайхан санагддаг талаар хуваалцсан юм. Тууштай, шантралгүй мэрийсний үр дүнд “Энэрэл” төвийг төрөөс санхүүжүүлэхээр болсон баярт мэдээтэй зэрэгцэн “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийн ээжүүд 6 сар зогссон үйлдвэрлэлээ эхлүүлэхээр тоосоо арчиж, танхимын жаврыг үргээн оёдлын машины чимээ дуугарч эхэллээ.
Унаж, босч, тэмцэж яваа Т.Туяажаргал
Өнөөдөр тэрээр АШУҮИС-д хөдөлмөр засалч мэргэжлээр, Нийгмийн Сэтгэл судлалын дээд сургуульд “Сэтгэл судлал”-аар суралцаж байна. Т.Туяажаргал эдгээр мэргэжлээр сурч байгаа шалтгаан нь амьдралаа өөрийн хүү болон хүүтэйгээ ижил төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхийн эрхийг хамгаалахаар шийдсэнтэй холбоотой. Манай улсын ЭМ-ийн салбарт л гэхэд 2800 хөдөлмөр засалч шаардлагатай. Гэвч улсын хэмжээнд ердөө 30 гаруй л мэргэжилтэн байдаг. Энэ нь осол гэмтэлд орсон, бэртсэн хүн бүрт төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр тутмын амьдралд оролцох чадварыг сэргээх боломжтойгоороо онцлог чухал мэргэжил. Тийм ч учраас Т.Туяажаргал өөртэйгөө ижил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийг уриалснаар 17 хүн нэгдүгээр курст элсэж, өөрөө гуравдугаар курсэд суралцаж байна. Энэ мэргэжлээр элсэгчид маш цөөн учир ирэх жилээс хөдөлмөр засалчаар суралцсан хүний төлбөрийг сувилагч бэлддэг тогтолцоо шиг 100 хувь төрөөс хөнгөлүүлдэг болгуулахаар Т.Туяажаргал хөөцөлджээ. Ирэх намраас эхлэн төрөөс энэ мэргэжлээр сурах суралцагчийн төлбөрийг бүрэн хариуцахаар болсон баяртай мэдээ байна. Мөн Т.Туяажаргал нийгмийн харилцаанд оролцох явцад олон аав ээжүүд, хүүхдүүдтэй харилцдаг учраас “Сэтгэл судлал”-аар эхний жилдээ суралцаж байгаа юм. Түүний ажил түүний амьдрал болжээ. Тэрээр нийгэмд дуу хоолойгоо хүргэхийн зэрэгцээ хором бүрт ийнхүү суралцаж байна.
Мөн Т.Туяажаргал байнгын асаргаатай, уналт таталттай хүүхэдтэй эцэг эхчүүдтэй хамтран тэмцэж, төрд удаа дараа хандсанаар Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хавсарсан оноштой, саажилттай хүүхдийг 18 нас хүртэл уналт таталтын эмийг нь 100 хувь хариуцдаг болохоор энэ оны долдугаар сард шийдвэрлэсэн юм. Цаашдаа Т.Туяажаргал эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн оношилгоо, эмчилгээний тогтолцоог сайжруулах чин хүсэлтэй.
Т.Туяажаргал хэдийгээр гал цогтой, дайчин эрэмгий эмэгтэй ч уналтад орж явсан жилүүд түүнд бий. Тэрээр 10 жил зодуур, хүчирхийлэл дунд цоожтой хаалганы цаана амьдарсан. Магадгүй тэр өдрүүдийн цөхрөл, гуниг, хүний эрхийн зөрчил нь өнөөдөр түүнийг өөрийнхөө төдийгүй өрөөлийн эрхийн төлөө бат зогсох хүчийг олгосон биз ээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөх дуу хоолой
Амьдрал бол тэмцэл юм. Тэмцэхгүй л бол бид аливаа зүйлээс хараат болж, хүчин мөхсөдсөөр л байдаг. Тэгвэл Т.Туяажаргал хүчирхийлэл дунд сэрсэн. Тэр сэхээрсэн. Тэр үр хүүхдүүдийнхээ төлөө босч, тэмцэж эхэлсэн. Тэр тэмцэж чадсан. Зөвхөн хүүгийнхээ төлөө тэмцээд зогсохгүй хэдэн мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчийн төлөө тууштай тэмцэж, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн төлөөх нэгэн тод дуу хоолой болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний тоонд ордог ч хүний эрхээ эдэлж чадахгүй байгааг тэр нийгэмд илчилдэг.
Т.Туяажаргал нийгэмд эдгээр хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөх хүртэл тэмцсээр байх болно гэдгээ илэрхийллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж бүр ийм сонголтыг хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэр бол цуцашгүй, зогсошгүй, урагш тэмүүлэгч хүч юм. Тэр бол өөрийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж чаддаггүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл тэр дундаа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнөөс эрхийг нь хамгаалагч хатан зоригтой эмэгтэй юм.
Бэлтгэсэн: О.Болор-Эрдэнэ, Л.Номин-Эрдэнэ, Я.Алтангэрэл