Үндэсний хорооны хурлаас онцлох ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН 9 АЖИЛ

2022 оны 11 сарын 232022-11-23
Үндэсний хорооны хурлаас онцлох ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН 9 АЖИЛ

Засгийн газрын тогтоолоор Төрийн бүтээмжийн үндэсний хороог байгуулсан нь өнгөрсөн 7 хоногт анхны хурлаа хийсэн. Хурал дээр Цахим хөгжлийн сайд Н.Учрал удирдаж байгаа салбартаа төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаагаа танилцуулсан. Түүний илтгэлээс онцлох 15 хэсгийг TIME.MN сайт хүргэж байна.

Иргэд банкуудын 689 киоскыг ТҮЦ машин шиг ашиглана

Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээг үзүүлдэг Үндэсний дата төвийн 110 ширхэг ТҮЦ машин байна. Хурууны хээгээрээ тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлж байгаа. Гэрэгэгийн 133 ширхэг киоск, Хаан банкны 334 ширхэг киоск, Голомт банкны 112 ширхэг киоск гээд нийт 689 ширхэг киоск байгаа. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад төрийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрэн байгаа. Төр мөнгө төлж киоск авах ямар ч шаардлагагүй. Бид 689 киоскоор төрийн үйлчилгээг хүргэх системийн ажлаа хийгээд дууссан, удахгүй ажиллана.

Төрийн байгууллага руу хийсэн дуудлага бүрт хариу өгнө

2022 оны 7-9 сарын хооронд Цахилгаан холбоо компанийн сүлжээтэй холбогдсон төрийн байгууллагын суурин утастай холбогдох дуудлагын 55 хувь нь амжилтгүй болсон. Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд 18104 суурин утас ашиглаж байгаагаас 13433 нь буюу 74 хувь нь л Цахилгаан холбооны сүлжээнд байдаг. Бусад нь хувийн компаниудын сүлжээг хэрэглэж байдаг. Гэтэл цахилгаан тасрахад тухайн дугаар ажиллах боломжгүй болчихдог. Ямар ч нөхцөл байдалд Цахилгаан холбооны 26-тай дугаарыг ашиглаж байвал дуудлага алдах асуудал гарахгүй. 26-тай дугаар руу төрийн байгууллагуудаа холбосноор 354 сая төгрөг хэмнэнэ. Дуудлага бүрт хариу өгөхийн тулд “2626-Иргэний туслах” ажиллуулна. Төрийн байгууллага утсаа авахгүй бол дуудлага нь шууд 2626 руу шилждэг байя. Тэгээд утсанд нь хариу өгдөг, протокол болж үлддэг, эргээд хариу өгч шийдвэрлэдэг байдал руу орно. Цахилгаан холбооны утсын сарын суурь хураамж 15 мянган төгрөг байгааг 9900 төгрөг болгоно.

Нэг цэгийн үйлчилгээг 330 сумын шуудангийн байраар хүргэнэ

И-Монгол академи УТҮГ бол төрийн үйлчилгээг нэг платформоос олгож байгаа. Шинээр байгуулж байгаа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар /ТЦҮЗГ/ бол дижитал кординац буюу цахим орчин дахь зохицуулалтыг хийхэд анхаарна. 21 аймгийн 330 суманд төрийн үйлчилгээ бүрэн хүрэхгүй байгаад аймаг, орон нутгууд гомдолтой байдаг. Наад зах нь, орон нутагт салбаргүй СЗХ, Оюуны өмчийн байгууллагын үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээрээ дамжуулаад орон нутгаасаа авдаг болох ёстой. Ийм учраас менежмэнтийн зохион байгуулалтыг хийнэ. Бид сум болгонд байгаа шуудангийн байруудад нэг цэгийн үйлчилгээг оруулна. Сум болгон нэг цэгийн үйлчилгээтэй, тэнд очоод төрийн үйлчилгээг нэг цэгээс авдаг болно. Шуудангаар гадаад паспортоо хүргүүлээд авдаг байх боломжийг бүртгэлийн байгууллагатай хамтраад хийчихнэ.

Банкууд иргэдээс цаасан лавлагаа нэхэхийг зогсооно

Иргэнээс лавлагаа нэхэхгүй байх шийдлийг өнгөрсөн хугацаанд Сангийн яамтай хамтран хийж Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкны захирлууд, Нотариатчдын танхимтай тохиролцоонд хүрсэн. Энэ 7 хоногийн баасан гарагаас авахуулаад банкнуудад цаас, лавлагаа нэхдэг байдлыг бүрэн зогсооно. 420 мянган хүн тоон гарын үсэгтэй болсон. Тоон гарын үсгийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажлыг шахаж шаардах нь бүтээмжийн хорооны том ажил мөн. OTP буюу one time password гээд И-Монгол руу ороход 4 оронтой тоогоор харилцагчаа таниж мэддэг, гэтэл амьдрал дээр харилцагчийг таньж мэддэггүй. “Чи лавлагаагаа нотариатаар баталгаажуулаад ир” гэдэг байдлыг бүрэн цэгцлэхийн тулд бид дундын системийг хөгжүүлсэн. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв хамтраад. Дундын мэдээллийг холбогдох хууль, нууцлалыг баримтлаад төрийн байгууллагуудад бүгдэд нь өгнө. Төрийн ХУР-аас мэдээллийг татаж аваад дундын мэдээллийн системээс файлуудыг татаж авч хавсаргаад back-end рүүгээ шиддэг байдлаар зохицуулбал банкин дээр очиход ямар ч мэдээллийг нэхэхгүй.

E-Mongolia аппликэшний E Payment-ээр дамжуулж бүх төлбөрийг хийдэг болно

Төрийн бүх байгууллага И-Монгол системд холбогдох хэрэгтэй. E-Payment гээд ороход qpay, monpay, hipay, Төрийн банкны payment байдаг, хүн сонголтоо хийдэг байдлаар оруулъя. Дандаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлье. Би салбар бүрийн IT-ийн дарга нартай уулздаг болоод хэвшүүлж байгаа. Шадар сайдтай хамтраад төрийн үйлчилгээнд тавигдах шаардлага, үйлчилгээний төвийн гадна болон дотор орчинд тавигдах шаардлага зэргийг Стандарт, хэмжил зүйн хорооноос хамтарсан ажлын хэсэг гараад баталсан байгаа. Стандартыг бүх нэг цэгийн төвүүдэд мөрдөнө. Эрүүл мэндийн сайдтай хамтраад эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжих програм хангамжийн нөхцөл шаардлага, стандарт, мэдээллийн технологийн аюулгүй байдлын стандартыг боловсруулж байна. Ингээд Монгол Улсад байгаа 4360 цахим бүртгэлийг хийж байгаа. Цахим бүртгэлийг гаалийн системтэй холбох ажлыг үргэлжлүүлнэ.

316159239_1254277318449638_1675138064437035538_n.jpg

Төрийн албан бичиг, шуудан, интернэтийн зардлыг хэмнэнэ

Цаасгүй төрийг бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд туссанаар бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум төгрөг, шуудан холбоо, интернэтийн төлбөрт 18.2 тэрбум, нийт 43.5 тэрбум төгрөгийг төрийн байгууллагаас бусад байгууллагад зөвхөн албан бичиг солилцоход зарцуулсан байна. Төрийн байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтөд олон төрлийн ERP буюу мэдээлэл солилцооны системийг ашигладаг. Нийтдээ 15 төрлийн ERP систем ашиглаж байна. Улаанбаатар хотоос Засгийн газар руу бичиг явуулах гэхээр хоорондоо холбогдоогүй гэдэг асуудал яриад байдаг. Иймээс бид бүх ERP-ийг хооронд нь холбох дундын мэдээлэл солилцох системийг хийхээр Засгийн газарт танилцуулах гэж байна.

Үндэсний програм хангамжийн цахим дэлгүүр-Mindgolia

Mindgolia-гээд шинэ системийг И-Монголтой холбож байгаа. Програм хангамжийн худалдан авалтыг цэгцлэх зорилготойгоор Худалдан авах ажиллагааны газартай хамтран хэрэгжүүлж 12 сарын 8-ны дотор нээх гэж байна. Энэ бол програм хангамжийн худалдан авалтыг нэг шат ахиулах зорилготой ажил. Ингэж чадвал мэдээллийн технологийн давхардлыг арилгаж, нэг ажлаа дахиж хийдэг, дахиж тендер зарладаг утгагүй асуудлыг эцэс болгоно. 2012-2021 онд нийт 12 яам, 13 агентлаг, 33 байгууллагад 904 программ хангамж худалдан авах төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Нийт 919.1 тэрбум төгрөг зарцуулсан. Зөвхөн 2022-2024 он хүртэлх 2 жилийн хугацаанд 357 төсөлд 997 тэрбум төгрөг зарцуулсан мөртлөө эдгээр нь ямар ч үр дүнгүй байгаа. Төрийн худалдан авалттай холбоотой програм үйлдвэрлэгчдэд энэ шинээр хөгжүүлсэн програм хангамжийг олон байгууллага ашиглах боломж байдаггүй. Дахин шинээр хөгжүүлсэн програм бүрийн өртөг нь өндөр, үйл ажиллагааны зардал өндөр. Ихэвчлэн цөөн, томоохон компани тендерт ялдаг. Жижиг компанид бүтээгдэхүүнээ борлуулах боломж байдаггүй.

Гадаадаас Монголд цахимаар бизнесээ эрхлэх боломжийг хялбарчлах E biziness

И бизнес. Данс нээх, татвар төлөх, тусгай зөвшөөрөл гээд бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн сайдтай хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Компани байгуулах, нийгмийн даатгал, татвараа төлөх бүх үйл ажиллагаа И-Бизнесээр дамжаад хэрэгжээд эхэлнэ. Дараагийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хамтраад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монголд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах боломж, Монгол Улсад виртуаль оффис авах боломж, Монгол Улсад татвар төлөх боломж гээд заавал Монголд ирэхгүйгээр бизнесийг Монголд хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлнэ

Бид Барилгын сайдтай хамтарсан ажлын хэсгээр хаягжилтыг шийдэх гээд ажиллаж байгаа. Zip код, пост код, газар нэгжийн талбар гээд олон хаяг дугаарыг нэгтгэн нэг хаягтай болох шийдлийг боловсруулахаар ойрын хугацаанд ХЗДХЯ, УБЕГ-тай хамтраад байна. Хаягжилтыг шийдсэний дараа тэр дугаараар такси, хүргэлт, шуудан ч явдаг, олж очдог байдлыг шийдэхээр ажиллаж байна. Төөрч будилахгүй, ойлгомжтой болно гэсэн үг. Мөн Боловсролын сайдтай хамтраад мэдээллийн технологийн салбарын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мөн нэг МСҮТ дээр богино хугацааны сургалтаар ажилтан бэлтгэх ажил эхлүүлээд байна. Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад дүрэм, журмын зөрчлүүдийг цэгцлэх ажил эхлүүлээд байгаа.

Г.Улсболд

Санал болгох

Үндэсний хорооны хурлаас онцлох ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН 9 АЖИЛ

Засгийн газрын тогтоолоор Төрийн бүтээмжийн үндэсний хороог байгуулсан нь өнгөрсөн 7 хоногт анхны хурлаа хийсэн. Хурал дээр Цахим хөгжлийн сайд Н.Учрал удирдаж байгаа салбартаа төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаагаа танилцуулсан. Түүний илтгэлээс онцлох 15 хэсгийг TIME.MN сайт хүргэж байна.

12 өдрийн өмнө
Америкаас Украинд нийлүүлж буй хөлөг онгоцны эсрэг Харпун (HARPOON)  пуужин

Америкаас Украинд нийлүүлж буй хөлөг онгоцны эсрэг Харпун (HARPOON)  пуужин хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дээр суурилдаг. Эдгээр Харпун пуужингууд 90-ээд оны дунд үеэс Дани улсын зэвсэглэлд байсан ч 2022 оны есдүгээр сараас Украинд шилжүүлсэн ба эргийн хамгаалалтын системийн хоёр батерей нь нэг дор 16 пуужин харвах боломжтой. Харпун пуужингийн батерей тус бүр 2 харвагч суурь, харвагч тус бүр 4 пуужинтай бөгөөд Украинд нийлүүлсэн Харпунууд Хар тэнгисийн баруун хойд хэсэгт Оросын тэнгисийн цэргийн ажиллагааг мэдэгдэхүйц бууруулж байна.

1 сарын өмнө
Цацрагийн зэвсэг буюу бохир бөмбөг гэж юу вэ

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд яригдаж буй “бохир бөмбөг” нь үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл болох цацрагийн зэвсэг бөгөөд тус бөмбөгийг атомын цахилгаан станцтай аль ч улс цөмийн хаягдал болон цацраг идэвхт бусад материал  ашиглан бүтээж болох аюул эрсдэлтэй.

1 сарын өмнө