БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

2022 оны 11 сарын 282022-11-28
БАЙР СУУРЬ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ МОНГОЛ, ХЯТАДЫН АЛЬ АЛЬД НЬ АШИГТАЙ

Монгол Улсын эдийн засаг хүндхэн цаг үеэ туулж байна. Экспортын тэг зогсолтоос үүдэн улсын төсвийн орлого гол зогоох төдий хоёр он дамналаа. Цар тахлын улмаас эдийн засаг -4.6 хувиар агшиж, төгрөг үнэгүйдэж байна. Ханшийн савлагаа, үнийн өсөлт ядуурлын эгнээг улам тэлсээр.

Улсын эдийн засаг нь уул уурхайгаас, тэр дундаа нүүрснээс шууд хамаарах манай улсын хувьд эдийн засгаа аврах уу, унагах уу гэсэн хүндхэн сонголттой Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүр тулж байна. Ийм амаргүй үед олон жил царцсан төслүүдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д зоригтой тусгаж, асар богино хугацаанд төмөр замуудаа монголчууд барьж чаддаг болохыг олон улсад нотоллоо

Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн зам ашиглалтад ороход бараг л бэлэн болчихоод байгаа. Улмаар транзит тээврийг эхлүүлэх, мөрөөдөл төдий байсан транзит тээвэр ч ажил хэрэг болох нь хаяанд байна. Энэ бол монголчууд ердөө найман сарын дотор барьсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам юм. Төр, хувийн хэвшлийн хамтарсан нийт 226.9 километр энэ төмөр замаар тээвэр эхлүүлэхэд бэлэн болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 25-нд мэдэгдэж, албан ёсны нээлтийг хийсэн юм. Эл төмөр замын үр ашгийн талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.

ЗҮҮНБАЯН-ХАНГИЙН 226.9 КМ ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСАГТ ХАМГИЙН ҮР АШИГТАЙ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын зураг төслийг зохиогч Э.ЖАВХЛАН:

-Хангимандал боомтын цаадах Хятадын Бугат хот бол аж үйлдвэр. Төмрийн хүдэр, нүүрс, түүхий эдээ нийлүүлнэ гэдэг утгаар Хангийн төмөр замыг холбож байгаа нь хоёр улсад аль аль талдаа илүү ашигтай, хялбар болж байна. Хятадын талаас барилгын материалыг гангийн үйлдвэрээс импортолж байхад манай талаас түүхий эдээ нийлүүлнэ. Ерөнхийдөө зураг зурж буй хүмүүс хоосон талд хаагуур явах гэдгийг л өөрсдөө шийддэг гэсэн үг. Тэгэхээр сансрын зураг, газрын зураг харж төмөр замын стандартын дагуу аймаг сумдын ирээдүйн хөгжил, уул уурхайн орд, ачаа тээвэр холбож барих боломжтой эсэхийг л тооцоолсон. Тэгэхээр 226.9 км бол манай багийнхны гаргасан тоо юм. Хамгийн дөт, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар тооцоолсон.

НАРИЙН ЦАРИГТАЙ БОЛСНООР ЦАГ ХУГАЦАА, ТЭЭВРИЙГ ДӨТӨЛНӨ

"Монголиан транс ложистик" ХХК-ийн замын албаны дарга Б.БАТСАЙХАН:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хагас жилийн дотор нээнэ гэж зарлахад маш чанга санагдаж байсан. Гэхдээ бид 13 жилийн туршлагатай, төмөр замын төсөл, дэд бүтцийн ажилд оролцож байсан болохоор боломжтой гэж харсан. Ер нь ухрах эрхгүй байсан. Төмөр замыг богино хугацаанд барьж дуусгасан нь баг хамт олны эв нэгдлын ажил байлаа. Энэ бол маш олон хүний хичээл зүтгэл. Ялангуяа замын дэд бүтцийг угсарч буй залуусын тэвчээр, сахилга хариуцлага, дэг журамтай байсны үр дүнд л ийм бүтээн байгуулалт бий боллоо. Хүн бүрийн сахилга, хариуцлага чухал байсан учраас энэ том ажлын ард гарлаа. Ажил ахалж буй гол хүн чөлөө авах, гэмтвэл ажил зогсох эрсдэлтэй байсан. Тэгэхээр маш их хариуцлага. Ерөнхийдөө Монгол Улсад 226.9 км Хангийн замыг нэмж тооцвол нийт 431 км замыг барьж арчлаад ажиллаж байна. Хангийн зам нь бидэнд маш ашигтай. Хэрэв ганц өргөн царигтай бол Хятадын талаас нарийн царигтай ч тэндээ л ачаагаа буулгана шүү дээ. Бид нарийн царигийг холбочихвол Монголынхоо газар нутагт шилжүүлж ачаа эргэлтийг дөтөлнө гэсэн үг юм. Тиймээс биш ганцхан өргөн царигтай бол нарийнаар ачсан ачааг хэзээ шилжүүлэх бол гэж л хүлээнэ.Одоогоор нарийн царигийг төрийн дээд түвшинд зөвшилцөх болов уу гэж харж байна.

ТӨМӨР ЗАМУУДАА БАРЬСНААР ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙНА

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Хамгийн гол нь экспорт шүү дээ. Тиймээс Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр зам экспортын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Цаана нь ажлын байр бий болох, орлого олох, төгрөгийн ханш тогтвортой чанга байх бололцоо бүрдэнэ. Хэдийгээр төмөр замын холболтын ажил дутуу ч төмөр зам бүрэн хүчин чадлаар ажиллах цаг үе ойрхон болов уу. Бид олон салаа замаар бүтээгдэхүүнээ экспортолсноор Монгол Улс хөгжинө. Бид баялгаа зарж борлуулахгүй бол баялаг болохгүй шүү дээ. Бид өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд экспортын зах зээл рүү төмөр замаа ашиглаж байсан илүү их орлого төвлөрүүлэх байсан гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Энэ оны есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 1200 орчим км төмөр зам ашиглалтад орсон бол 229.6 километр төмөр зам баригдаж дууслаа. Жилд 15-20 сая тонн хүртэл ачаа тээвэр нэвтрүүлэх хүчин чадалтай. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, хүдэр экспортлох боломжтой. Ердөө найман сарын дотор Монгол Улсад нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр Засгийн газрын нэг ч баталгаагүй, нэг ч тонн нүүрс авахгүйгээр өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон ийм төмөр зам. Эдийн засагт ачаалал өгөлгүй хувийн хэвшлийнхэн санхүүгийн боломжтой бүх арга хэрэгслийг ашиглаж барьсан зам юм. Үндэсний 120 гаруй аж ахуйн нэгж хамтран оролцсон. Аравдугаар сарын статистикаар, энэ оны есдүгээр сард улсын эдийн засаг 3.7 хувиар өссөн бол аравдугаар сард 3.9 хувиар өссөн. Энэ нь 0.2 функтээр эдийн засгийн өсөлт сайжирсан гэсэн. Шалтгаан нь, төмөр замын бүтээн байгуулалтуудтай шууд холбоотой. Хэдий Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын холболтын ажлууд дутуу ч эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Өнөөдөр Хангийн боомтоор гаргах чиглэлд автозамаар тээвэрлэлтийн ажил эхэлснийг харж байна. Автозамаар жилд 5-8 сая тонн ачаа тээвэр гаргах боломжтой бол төмөр замаар жилд 20 сая хүртэл экспортлох боломжтой.

ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ НЬ ЗАМЫН-ҮҮДИЙН ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАНА

Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд монголчууд өөрсдөө барьж дуусгалаа. Эл бүтээн байгуулалтад “Монголиан транслайнг” ХХК голлох үүрэг гүйцэтгэлээ. Анх удаа богино хугацаанд барьж дуусгаснаар онцлог. Энэ төмөр замаар Тавантолгой нүүрс тээврийн ачаа гарах төдийгүй төмрийн хүдрийн тээвэр нэмэгдэнэ. Мөн цаашлаад Замын-Үүд боомттой холбогдоно. Түүнчлэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүдийн түгжрэл арилна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эл төмөр замаар импортлох боломж бүрдэнэ. Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор ачаа бараагаа экспортолж бас импортолж байна. Онцлоход транзит тээвэр хийх боломж бүрдэнэ. Бид сүүлийн 70 гаруй жил Орос-Монгол-Хятадыг холбосон ганцхан төмөр замтай байсан нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам байлаа. Гэхдээ транзит тээвэр эхлүүлэхэд нэг асуудал нь холболтын цэгийг БНХАУ-ын Засгийн газартай тохирох. Энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ач холбогдол өгч анхаарч байна. Хэрэв БНХАУ-ын Засгийн газартай тохирвол Хятад-Монголын төмөр зам холбогдож ачаа тээврийг Тяньжинаас эл төмөр замаар шууд Улаанбаатар, ОХУ руу гаргах боломж бүрдэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортыг тойрсон асуудлаар ярилцлаа.

11 өдрийн өмнө
АБСХ: Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд болно гэсэн хүлээлттэй байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Иймд уг уналтын үед түүхий эдийн зах зээлийн чиг хандлага хэрхэх талаар энэ дугаарт танилцуулах болно.

16 өдрийн өмнө
ОХУ хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлдээ нэвтрүүллээ

Дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнуудын дунд цөмийн зэвсэг хэдийгээр стратегийн тогтоон барих үндсэн хэрэгсэл болж байгаа ч түүнийг зөөвөрлөн хүргэх хэрэгслийн давуу байдлыг бий болгох өрсөлдөөн үргэлж оршсоор ирсэн билээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд төсөөлөл төдий байсан хэт авианы пуужин бүтээх тухай асуудал судлаачдын төсөөлж байснаас асар хурдан хугацаанд биеллээ олж пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн  системийг хүчгүйдүүлж, цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгох гол хэрэгсэл боллоо. 

21 өдрийн өмнө
Хил нээх сургаар ченжүүд юанийн ханшийг өсгөв

"Найман шарга" валют арилжааны төвийн иений ханш  арванхоёрдугаар сарын 30-нд 497 байсан бол хил нээх сургаар   502 болж нэмэгджээ. Цаашид ч ханш нь чангарч  инфляцийг хөөрөгдөх нь тодорхой. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн ч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон.

23 өдрийн өмнө