СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

1
2022 оны 11 сарын 292022-11-29
СУРВАЛЖИЛГА: Хулангийн шандад эдийн засгийн төмөр судас лугшиж байна

Хулан зээрийн сүргээс өөр эзэнгүй говьд ган зам зурайж, галт тэрэгний дуу хангиналаа. Энэ бол Зүүнбаян-Ханги чиглэлийн анхны зорчигчийн бөгөөд сүүлийн галт тэрэг. Дорнын цэнхэр талыг зүссэн энэ төмөр замаар цаашид дэлхийн хамгийн том эдийн засаг БНХАУ-тай Монгол Улс холбогдож, цаашид экспорт, импортын ачааны галт тэрэг дөтөлнө. Хоёр хөршийг холбох ачаа тээврийн түүхэн бүтээн байгуулалтын эхлэл боллоо гэж бид дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаас Монголын Ханги, Хятадын Мандал боомтын холбох цэгийн асуудлыг шийдвэрлэсэн, царигийн болон экспорт, импортын асуудлыг мухарласан мэдээг хүлээж байна.

ХЯТАД, МОНГОЛЫГ ХОЛБОСОН ХОС ЦАРИГ ТҮГЖРЭЛИЙН ГАРЦ

түгжрэла.jpg

Энэ бол БНХАУ-ын Мандал боомттой хаяа залгасан Ханги боомт. Улсын хилээс ердөө 1.5 километрийн зайтай орших ба хайрга чулуу нь  тагтаршиж амжаагүй ган зам хоёр улсын гүүр болжээ. Бид хилийн торгон зурваст ирсэн нь энэ байлаа.

Нийт 226.9 километр, хос царигтай төмөр замыг монголчууд ердөө найман сарын дотор барьж дуусгасан нь Зүүнбаян-Ханги чиглэлийнх юм. 

Зөвхөн Зүүнбаян-Ханги-Мандалын трассын дагуу гэхэд л Цагаан суваргын зэс молибедин, төмрийн хүдрийн Элстэй, Агар-Уул, нүүрсний Элдэв, Мандахнуур  зэрэг 10 гаруй орд байгаа нь эл төмөр замын ач холбогдлыг илтгэж буй.

зам3.jpg

Дээр дурдсанаар Ханги боомттой хаяа залгасан Мандал боомт нь манай улсын экспортолж буй уул уурхайн баялгийн гол зах зээл, аж үйлдвэрийн Бугат хоттой хамгийн ойр нь. Тиймээс Хангийн төмөр зам бол Бугат руу гарах хамгийн дөт гарц нь болно гэсэн үг. Бугат нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны хамгийн том аж үйлдвэрийн бүс юм.

Өөрөөр хэлбэл, бид уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх боломж бүрдэж байна.

Зам тээврийн сайд С.Бямбацогт төмөр замын ач холбогдлын тухай, "Энэ төмөр замаар Тавантолгой нүүрс тээврийн ачаа гарах төдийгүй төмрийн хүдрийн тээвэр нэмэгдэнэ. Мөн цаашлаад Замын-Үүд боомттой холбогдоно. Түүнчлэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүдийн түгжрэл арилна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эл төмөр замаар импортлох боломж бүрдэнэ. Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор ачаа бараагаа экспортолж бас импортолж байна. Онцлоход транзит тээвэр хийх боломж бүрдэнэ. Бид сүүлийн 70 гаруй жил Орос-Монгол-Хятадыг холбосон ганцхан төмөр замтай байсан нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам байлаа. Гэхдээ транзит тээвэр эхлүүлэхэд нэг асуудал нь холболтын цэгийг БНХАУ-ын Засгийн газартай тохирох. Энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ач холбогдол өгч анхаарч байна. Хэрэв БНХАУ-ын Засгийн газартай тохирвол Хятад-Монголын төмөр зам холбогдож ачаа тээврийг Тяньжинаас эл төмөр замаар шууд Улаанбаатар, ОХУ руу гаргах боломж бүрдэнэ" гэсэн юм.

Эл төмөр замын зураг төслийн зохиогч Э.Жавхлангийн хэлснээр 226.9 гэсэн энэ тоог тэд эдийн засгийн үр ашгийг нь харж таван зураг төслөөс сонгосон аж. Энэ тухай ярихдаа,

жавхаа.jpg

-Ерөнхийдөө зураг зурж буй хүмүүс хоосон талд хаагуур явах гэдгийг л өөрсдөө шийддэг гэсэн үг. Тэгэхээр сансрын зураг, газрын зураг харж төмөр замын стандартын дагуу аймаг сумдын ирээдүйн хөгжил, уул уурхайн орд, ачаа тээвэр холбож барих боломжтой эсэхийг л тооцоолсон. Тэгэхээр 226.9 км бол манай багийнхны гаргасан тоо юм. Хамгийн дөт, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар тооцоолсон. Хятадын талаас барилгын материалыг гангийн үйлдвэрээс импортолж байхад манай талаас түүхий эдээ нийлүүлнэ. Энэ бол аль аль талдаа ашигтай" гэсэн юм.

ХОНОГТ 8-9 ГАЛТ ТЭРЭГ ХЯТАДТАЙ СОЛИЛЦОНО

зам1.jpg

Зүүнбаян-Ханги чиглэл нь Дорноговь аймгийн Мандах, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумыг дайран өнгөрч буй хүнд даацын, хос царигтай хөндлөн төмөр зам юм. Энэ бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 6-8 орд байдаг аж.

Өнөөдөр Ханги боомтоор жилд автозамаар 5-8 сая тонн ачаа тээвэр экспортолдог байсан бол Хангийн төмөр замаар жилд 20-25 сая тонн ачаа тээвэрлэдэг болох юм.

Хоногт 8-9 галт тэрэг хятадтай солилцох тооцоотой ажиллаж байгааг "Монголиан транс лайн" ХХК-ийн захирал М.Баяржаргал хэлсэн. Мөн ачаа тээврийн эргэлт 65 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Үүнийг дагаад мэдээж валютын урсгал тасрахгүй. Экспортын орлого жилд хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэх хүлээлт бий. Урд хөрш хилээ хаах бүрт энд бид үймэлдэж сандрах айдас хүйдэсгүй болно гэсэн үг. Энэ сарын 25-нд ашиглалтад орсныг албан ёсоор зарласан уг төмөр замаар анхны ачаа тээврийг  эхлүүлсэн юм.

                            ХУЛАНГИЙН ШАНД ХҮНИЙ ХӨЛД ДАРАГДНА

hulan.jpg

Эмээгийн нэдрүүлэг шиг дэржигнүүр говийн замыг машинаар тоос татуулж 200 гаруй километр замыг туулсан нь саяхан. Харин өнөөдөр харганаас өөр чимэггүй, хулан, зээрийн сүргээс өөр эзэнгүй тал Хулангийн шанд хэмээх говь нутагт Ханги өртөө сүндэрлэж, ган зам зурайж байна. Хангийн замаар хангинах галт тэрэгний дуу, морьтон хүнээс зэрлэг амьтад үргэхгүй байгаа нь эл бүтээн байгуулалтад аль хэдийн дассаныг илэрхийлэх шиг.

Хязгааргүй зэрлэг онгон талыг зүссэн төмөр замыг дагаж удахгүй хүний хөл тасрахгүй ажил, амьдрал буцлах нь. Ердөө 3-5 жилийн дотор 1800 орчим байнгын ажлын байр, 600 гаруй мянган хүн амьдрах шинэ бүс бий болно гэдгийг ч албаныхан дуулгасан юм.

Нутгийн иргэд бүтээн байгуулалтын нээлтийг сонирхож 50 гаруй километр замыг туулж Ханги өртөөнд ирсэн  байв. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод бусад албаны хүмүүсийн үгийг сонсч бас хоорондоо ярилцаж байгаа нь анхаарал татав. “Удахгүй энэ замаар нь ачаа тээвэр явах гэнэ, мал хуй минь яах болоо”, “хашаа татах болов уу”, “алив тэр гэрт орж цай цүү ууя” гэх зэргээр хөөрөлдөх. Эл төмөр замын тухай асуухад говийнхон “Төмөр замтай болсон нь сайн л байх. Гол нь хашаа татахгүй бол тэмээ гэдэг их сониуч амьтан шүү дээ. Замын тэмдэг хүртэл сонирхож очдог. Өмнө нь төмөр замын барилгын ажил өрнөх үед тэмээгээ алдсан айлууд цөөнгүй. Тиймээс хашаа татах нь зөв байх” гэж байлаа. Гэсэн ч улсын бүтээн байгуулалтыг анхнаас нь эсэргүүцээгүй гэдгийг малчид хэлдэг.

Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг жилийн ойн босгон дээр ийнхүү Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр ашиглалтад орж байгааг тодотгосон билээ.

зам4.jpg

Тэр өмнө нь хоосон талд  индэртэйгээ зогсохдоо “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хагас жилийн дотор нээнэ” гэж зоригтой дуугарсан. Энэ тухайгаа найман сарын дараах төмөр замын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Боомтын бойм тайлагдаж буй стратегийн эхний чухал нүүдэл нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам болж байна.Энэ төмөр замыг найман сарын хугацаанд барина гэдэг хүмүүс огт итгээгүй. Өнөөдөр бид найман сарын дараа төмөр замаа нээгээд зогсож байна” гэсэн юм. Тэр чаджээ. Гэхдээ ард нь энэ чухал бүтээн байгуулалтад цаг наргүй зүтгэсэн 3600 гаруй  хүний ур ухаан, хөлс, хүч хөдөлмөр шингэсэн болохыг мартаж болохгүй.

Түүний хэлсэнчлэн “Монголын төмөр замын түүхэнд шинэ хуудас нээгдэж байна”. Учир нь Зүүнбаян-Ханги бол тээвэр ложистикийн хувьд нэн чухал гарц. Хоёр хөршөөс эдийн засаг нь хамаардаг монголчуудын хувьд Хангийн төмөр зам эдийн засгийн эрх чөлөөг нээж буй эхний зоригтой том алхам.

зам2.jpg

Манай улс урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар буюу төмөр замаар холбогдсон нь Замын-Үүд юм. Хүнс, ахуйн хэрэглэл импортын бараа эндээс 100 хувь хамаатай. Эрээн-Замын-Үүд хаалгаа барихад л энд лангуу хоосордог нь гашуун үнэн. Тиймээс эрх баригчид Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хоёр дахь Замын-Үүд гэж тодотгож буй. Хүнд даацын III зэрэглэлийн төмөр замаар бараа бүтээгдэхүүнээ импортлох боломжтой. Ийнхүү Замын-Үүдээс хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын хоёр дахь гарцтай болж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр, экспорт нэмэгдэх төдийгүй транзит тээврийг эхлүүлэх боломж бүрдэж байна.  Нэг үгээр хэлбэл, Дорноговь төмөр замын зангилаа болж, эдийн засгийн зүрх нь энд цохилж байна. Дараа нь Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг Засгийн газар эхлүүлснээр эдийн засгийн цусны эргэлт сайжирч, сэхээнээс гарах нь.

зам5.jpg

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Гэрэл зургийг Б.УУГАНСҮХ

Санал болгох

Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортыг тойрсон асуудлаар ярилцлаа.

11 өдрийн өмнө
АБСХ: Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага

Дэлхийн эдийн засгийн уналт 2023 онд болно гэсэн хүлээлттэй байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Иймд уг уналтын үед түүхий эдийн зах зээлийн чиг хандлага хэрхэх талаар энэ дугаарт танилцуулах болно.

16 өдрийн өмнө
ОХУ хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлдээ нэвтрүүллээ

Дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнуудын дунд цөмийн зэвсэг хэдийгээр стратегийн тогтоон барих үндсэн хэрэгсэл болж байгаа ч түүнийг зөөвөрлөн хүргэх хэрэгслийн давуу байдлыг бий болгох өрсөлдөөн үргэлж оршсоор ирсэн билээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд төсөөлөл төдий байсан хэт авианы пуужин бүтээх тухай асуудал судлаачдын төсөөлж байснаас асар хурдан хугацаанд биеллээ олж пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн  системийг хүчгүйдүүлж, цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгох гол хэрэгсэл боллоо. 

21 өдрийн өмнө
Хил нээх сургаар ченжүүд юанийн ханшийг өсгөв

"Найман шарга" валют арилжааны төвийн иений ханш  арванхоёрдугаар сарын 30-нд 497 байсан бол хил нээх сургаар   502 болж нэмэгджээ. Цаашид ч ханш нь чангарч  инфляцийг хөөрөгдөх нь тодорхой. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн ч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон.

23 өдрийн өмнө