Түрэгийн орнуудын байгууллагын дээд хэмжээний уулзалт боллоо

2022 оны 11 сарын 242022-11-24

Түрэгийн орнуудын байгууллага (ТОБ) нь түрэг үндэстнүүдийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага бөгөөд тус байгууллагын IX дээд хэмжээний уулзалт энэ сарын 11-12-нд Узбекистаны Самарканд хотноо болж өнгөрлөө.  Дээд хэмжээний уулзалтад тус байгууллагын гишүүн Азербайжан, Казахстан, Кыргызстан, Турк, Узбекистан болон ажиглагч Туркменистан, Унгар улсын төрийн тэргүүн нар оролцлоо. Тус байгууллагыг Түрэгийн зөвлөл нэртэй 2009 онд байгуулж, өнгөрсөн жилээс ТОБ болон өргөжин тэлжээ.

Уулзалтад Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Кыргызстаны Ерөнхийлөгч С.Жапаров, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган, Туркменистаны Ардын их хурлын дарга Г.Бердымухамедов, Унгарын Ерөнхий сайд В.Орбан нар оролцож, уулзалтыг Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзоёев Самарканд хотын “Мөнхийн хот” цогцолборт зохион байгуулж, удирдан явууллаа.

23-1024x519.jpg

 Дээд хэмжээний уулзалтыг “Түрэгийн соёл иргэншлийн шинэ эрин үе: хамтын хөгжил цэцэглэлтийн замд” сэдвийн дор явуулж, “Түрэг ертөнцийн алсын хараа-2040” үзэл баримтлал, Түрэгийн орнуудын байгууллагын ирэх таван жилийн стратеги, гишүүн болон ажиглагч орнуудын хамтын ажиллагааны улс төр, эдийн засаг, худалдаа, тээвэр, гаалийн салбар дахь төсөл, баримт бичгүүдийг хэлэлцэж, Самаркандын тунхаглалыг батлан гаргалаа. Улмаар гишүүн орнууд хоорондын худалдааг хөнгөвчлөх, гаалийн хялбаршуулсан коридор, Түрэгийн Хөрөнгө оруулалтын сан, Түрэгийн Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргалаа. Мөн Узбекистан-Кыргызстан-Хятад болон Термиз-Мазари-Шариф-Кабул-Пишеверын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Баку-Тбилиси-Карсын төмөр замын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Европ-Азийг холбосон бусад тээврийн холболтыг төрөлжүүлэх, усан цахилгаан станц барих төслүүдийг дэмжлээ.

Уулзалтын төгсгөлд гаргасан Самаркандын тунхаглалд Түрэгийн ертөнцөд хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, ялангуяа эдийн засгийн салбар дахь интеграцийг улам өргөжүүлэх, тус байгууллагыг бүс нутаг, дэлхийд нөлөөлөхүйц олон улсын бүтэц болгон хөгжүүлэх, олон улсын тавцанд ч, дэлхийн дэг журам, аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудын хүрээнд ч Түрэгийн орнууд ижил зарчим, үнэт зүйлийг баримталж, бие биедээ тогтвортой, найдвартай түнш байх, засгийн газар, төрийн байгууллагуудын хоорондын байнгын зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах үйлдвэр, цэргийн салбарын асуудлыг нягт уялдуулахаар тусгажээ.

Дээд хэмжээний уулзалтаар Узбекистан тус байгууллагыг даргалах дараагийн үүрэгт ажлыг Казахстанд хүлээлгэн өгсөн бөгөөд мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амреевын оронд Кыргызстан улсын элчин сайд К.Омуралиевыг батламжиллаа.

Уулзалтын үеэр Түрэгийн ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Туркменистаны Ерөнхийлөгч асан Г.Бердымухамедов, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган нарыг Түрэгийн ертөнцийн дээд одонгоор шагналаа. Шагналыг хурал даргалагч Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзоёев гардуулсан болно.

Уулзалтаар 2023 оныг “Түрэгийн соёл иргэншлийн жил” болгон зарласан бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын уриа нь “Түрэг соёл иргэншлийн шинэ эрин үе, дэлхийн дэг шинэ журамд Түрэгийн орнуудын аюулгүй байдал, тогтвортой хөгжил,  хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн замд хамтдаа” гэсэн агуулгатай байгаа нь цаашдын хөгжлийн чиг хандлагыг өөдрөгөөр тодорхойлоход хүргэж байна.

Эх сурвалж: https://president.az/en/articles/view/57816

Санал болгох

БНХАУ-ын аюулгүй байдал, цэргийн хүчний хөгжлийн 2022 оны тайланг гаргалаа

Энэ удаагийн тайлан цаг хугацааны хувьд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын стратеги 10 дугаар сарын 12-нд, Үндэсний Батлан хамгаалах стратеги, Пуужингийн довтолгооноос хамгаалах болон Цөмийн зэвсгийн номлол зэрэг баримт бичгийг 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус баталсан, БНХАУ-ыг “манай үндэсний аюулгүй байдалд болон чөлөөт, нээлттэй олон улсын тогтолцоонд хамгийн тодорхой, цогц сорилт мөн” гэж тодорхойлсны дараа гарч буйгаараа онцлог болж байна.

5 өдрийн өмнө
ОХУ-ын Курск мужийн Теткино тосгон руу украинууд гал нээжээ

ОХУ-ын Курск мужийн Глушковский дүүргийн Теткино тосгон руу өнөөдөр өглөө Украины зэвсэгт хүчин дахин буудсан талаар Амбан захирагч Роман Старовойт энэ тухай мэдэгдэв.

5 өдрийн өмнө
БНХАУ-ын удирдагч асан Зян Земин 96 насандаа таалал төгслөө

Тэрээр 1997 онд Хонконгийг тайван замаар шилжүүлж, 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр тус улсын эдийн засгийг олон улсын хамтын нийгэмлэгтэй холбосон үйл явцыг удирдаж байсан.

5 өдрийн өмнө
ОХУ "Сармат" хэмээх тив алгасах цөмийн пуужин үйлдвэрлэж эхэллээ

Ойрын 50 жилд Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн үндсийг бүрдүүлэх үүрэг зориулалттай тав дахь үеийн тив хоорондын цөмийн пуужин “Сармат” буюу “Сатан-2” нь 200 тонн жинтэй, 35 метр урттай, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн хүчин чадалтай арван цөмийн цэнэгт байлдааны хошуу тээх чадалтай.

6 өдрийн өмнө