Өнөөдөр Монгол түүхээрээ, энэ түүхийг бүтээсэн ард түмнээрээ бахархах өдөр

2022 оны 11 сарын 242022-11-24
Өнөөдөр Монгол түүхээрээ, энэ түүхийг бүтээсэн ард түмнээрээ бахархах өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр  зарлигаар эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн саналыг үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр тэмдэглэж байхаар болсон билээ.

 Түүнээс хойш энэ өдрийг монголын ард түмэн ёслол төгөлдөр өргөн тэмдэглэж, олон нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулдаг сайхан уламжлал бий болжээ.
Тухайлбал, энэ өдөр “Чингис хаан” одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд гардуулдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 12 эрхэмд “Чингис хаан” одон хүртээсэн байна.

Мөн Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Чингис хааны алтан сургаалаас
 “Алд бие минь амсхийвээс
Ахуй төр минь алдруузай
Бүтэн бие минь амсхийвээс
Бүрэн улс минь сандруузай
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай”.


Чингис хааны тухай бүтээлээс
Их эзэн Чингис хааны тухай эрт, эдүгээгийн бичгийн хүмүүс, эрдэмтэн судлаачид ном зохиол олныг туурвижээ.

Тэдгээрийн анхдагч нь “Монголын нууц товчоо” билээ. Түүнээс гадна “Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Юан улсын судар”, Рашид-ад-Дины “Судрын чуулган”, Жувэйнийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” болон Плано Карпини, Гильом де Рубрук, Марко Поло нарын тэмдэглэл нь Чингис хааны тухай шинжлэл, судлалын их үнэтэй эх сурвалж болж байна. Тухайлбал,

  • “…Монголын эрхшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйдаа айх аюулгүй амар жимэр суух болсноо ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий л сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм ” гэж Марко Поло тэмдэглэсэн байна.
  • “Чингис хааныг дэлхийн эрдэмтэд, түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис хаан бол дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилант амьдралтай, энгийн нэгэн цэргийн жанжин биш, гарамгай удирдагч, түүхэн суут хүн байсан гэдэгт санал нэгддэг.” гэж Д.Ж.Вернадский “Монголчууд ба Орос орон” номондоо бичсэн байна.
  • “Чингис хааны авьяас чадвар нь хэчнээн суут боловч Чингис бол өөрийн үеийн бүтээл, Монголын ард түмний хүү байсан юм” хэмээн Оросын монголч эрдэмтэн В.Я.Владимирцов хэлжээ.
  • “Чингис хаан гайхамшигт амжилтад хүрсэн хэдий ч бусад их хаадын адил хөргөө зуруулж, хөшөөгөө босгуулсангүй, зоосон дээр ч нэр алдраа сийлүүлсэнгүй. Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найраг туурвиж, дуу зохиож дуулахыг ч таалан болгоосонгүй, орд харш сүм хийдийг ч алдар нэрээрээ овоглосонгүй. Түүнийг таалал болоход “эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн” гэрээслэл ёсоор нь бунхан, сүм, пирамид, тэр ч байтугай булшны чулуу ч босголгүй оршуулжээ. 

    Ийнхүү их хаан халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа эргэн шингэсэн юм” гэж Америкийн эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо бичжээ.

    Чингис хааны түүхэн үйл хэргийг мөнхжүүлсэн зарим баримт бичиг

    • Чингис хааны хөргийг Юань улсын үед /XIY зуун/ Хорихусун гэдэг хүн зурснаас хойш янз бүрээр зурсан хэд хэдэн зураг дэлхий дээр тархжээ. Эдүгээ Тайванд хадгалагдаж буй эх зургийг судлаачид хүлээн зөвшөөрсөн байна.
    • Монгол Улсын Ерөнхийлөгч 1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулах тухай” 59 дүгээр зарлиг гаргажээ.
    • Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Их эзэн Чингис хааныг дээдлэн хүндэтгэх, зарлигласан онол сургаалиас нь суралцах, түүний хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт төрийн хүндэтгэл үзүүлж байх тухай” 98 дугаар зарлиг гаргасан байна.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлов.
    • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлигийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байна.

      Зарлиг ёсоор, “Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс  Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордон болон төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэжээ. Түүнчлэн монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан байна.

    “Чингис хаан” одон бий болгох тухай”-г Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор, “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар тус тус тогтоосон байна. “Чингис хаан” одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр"- жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж байхаар тогтоожээ.

    ”Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 онд Улаанбаатар хотноо нээгдлээ. Тус музей нь 12 мянга гаруй үзмэртэй бөгөөд Монголын эртний төрт улс /Хүннү, Сяньби, Жужан/, эртний нүүдэлчдийн төрт улс /Түрэг, Уйгур, Хятан), Их Монгол Улс, Монголын Их эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны /XIV-XX зууны эхэн үе/, Дэлхий дахин ба Монголчуудын танхим /Монгол бахархлын танхим/, Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэртэй. Тэдгээрийн 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл байна.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байрлах уран зураг.

    Энэхүү мэдээний зарим зурагт интернет дэх нээлттэй эх сурвалжийг ашигласан болно.

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

9 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

15 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

20 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

20 цагийн өмнө