Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг.
Тэгвэл уг жагсаалд хувийн байгууллагууд, Монголын оюутны холбоо, МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгресс, ШУТИС мэдээлэл холбооны технологийн сургууль, АШУҮИС-ийн оюутны зөвлөл, ХХААИС, МУБИС, СУИС, "Мандах" их сургуулийн 1-4 дамжааны оюутнууд нэгдэхээ илэрхийллээ.
Тэдний мэдэгдэлд "Монгол Улсад өрнөж буй нөхцөл байдалтай холбоотойгоор суралцагч оюутнуудын Үндсэн хуулийн 16.16-д "Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" иргэний эрхийг хүндэтгэн өнөөдөр хичээл сургалтад оролцож чадаагүй тохиолдолд оюутнуудад чөлөө олгохыг хүсэж байна. Мөн дүнгийн төлөө биш ирээдүйнхээ төлөө идэвхтэй тэмцэхийг уриалж байна" гэжээ.
Мөн Альфа номын дэлгүүрийн бүх салбарын номын мэргэжилтэн, санхүү, арын албаны ажилтнууд жагсаал цуглаанд оролцох, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхийг хүсвэл өнөөдөр ажилдаа ирэхгүй байсан ч ирсэнээр бүртгэнэ гэдгээ мэдэгджээ.
Э.БУРАМ