УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан хараахан дуусаагүй байна. Бидний олсон мэдээллээр тус нам өнөөдөр хоёр чухал асуудал хэлэлцэж, улс төрийн байр сууриа илэрхийлэх байсан.
Эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг дэмжих эсэх асуудал. Өнөөгийн Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компани дээр үүсээд байгаа асуудлууд эцсийн дүнтэй хуультай холбогдоно. Өнгөрсөн хугацааны Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банк, Төрийн банк, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой үйлдвэр дээрх хулгай, өмчлөл, хувьчлалын асуудал, албан тушаалын гэмт хэргийн суурь нь мөн л Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай холбогдох асуудал юм. Төрийн өмчийн суурь реформ болсон дээрх хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд МАН-ын бүлэг улс төрийн байр сууриа нэгтгэн, дэмжих эсэхээ өнөөдөр зарлах байсан ч салбарын сайд нь томилолттой байгаа тул асуудлыг хойшлуулжээ.
Хоёрдугаар асуудал нь Чингис бондын эргэн төлөлт. Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх асуудлаар мэдээлэл хийнэ.