Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

2022 оны 12 сарын 52022-12-05
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Мөн борлуулалтын 650 цэгт 310 тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 2000-2200 тонн түлшийг ханган нийлүүлж байгаа юм.

5238 гарааш, хашаа чөлөөлөв

Мөн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнгөрсөн жилүүдэд эрчимтэй өрнөсөн. Энэ онд 5238 гарааш, хашаа буулгажээ. Тодруулбал, 4860 гарааш, 378 хашаа чөлөөлсөн байна. Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлжээ. Мөн чөлөөлсөн талбайн 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам метрт ногоон байгууламж буюу нийт 71,384 ам метр талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн 757 машины авто зогсоол, 105 тоглоомын талбай, 401 гэрэлтүүлэг хийжээ. Нийт 37 байршилд тохижилт хийсэн бөгөөд 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 354 байршилд 17.7 км хашаа чөлөөлжээ.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн тусламж үйлчилгээний 835 үндсэн орыг 915-аар нэмэгдүүлэн, нийт 1750 ортойгоор ажиллаж байна. Томуугийн амбулаториуд ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 800 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн орны ачаалал 71 хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангажээ

Хотын дарга өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа болон машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хоёр удаа их хэмжээний цас ороход бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны хүчинд хүндрэл бэрхшээл гараагүй гэдгийг онцлоод, бодисын 2414 тонн, давсны 4720 тонны нөөцтэй байгааг хэлсэн.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан бөгөөд тухай бүр гэмтлийг засварласан. Манай байгууллага 1125 км шугам хариуцан ажилладгаас 65 хувь нь насжилтын хугацаа дууссан. Ажилчид 24 цагаар ээлжлэн жижүүрлэн ажиллаж байна” хэмээлээ.

Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Дөрвөн дулааны станц хэвийн ажиллаж байгаа. Хотын хэмжээнд 13200 орчим барилга объектын дулаан хангамжийг хэвийн хангаж байна. Байгууллагын харьяанд 370 км дулааны төв шугам байгаагаас гэмтэл, саатал гараагүй” гэв.

Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн нөхцөл байдал болон түлшний чанар, стандарт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  “Баруун, зүүн үйлдвэрт 14 шугам ажиллаж байгаа. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Ид хүйтрэлтийн үед өдөрт 3800-4000 тонн түлш гарч байсан” хэмээлээ.  

Орон сууцны бодлого, төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Энэ онд дахин төлөвлөлтийн хүрээнд 4500 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар 5680 айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа. Энэ хүрээнд 259 нэгж талбар чөлөөлж, 388 яндан буусан гэсэн үг. 2023 онд 4800 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна

Мөн Хотын дарга цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа ажлуудын явцыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна. RFID системийг комисс хүлээн авахаар ажиллаж байгаа, угсралт суурилуулалтын ажил дууссан. “E-school” боловсролын нэгдсэн платформыг 40 сургуульд нэвтрүүлж, яамтай интеграци хийх ажил эхэлсэн. Ажил 90 хувьтай үргэлжилж байна. 40 сургуульд 5000 гаруй албан хаагч, 110 мянга орчим сурагчид хамрагдахаас 89 мянга орчим карт тараагдаж, 66 мянган эцэг, эх аппликэйшн татсан, 36 сургууль платформоо суулгаж, сургалт хийсэн. Хэсгийн ахлагчийн систем бэлэн болсон. Өнгөрсөн амралтын өдөр танилцуулахад сэтгэгдэл өндөр байсан. Камерын системийг хүлээн авах ажлыг эхлүүлсэн. Арванхоёрдугаар сарын 15-н гэхэд Улаанбаатар хотод хамгийн сүүлийн үеийн камерын системийг нэвтрүүлж эхэлнэ. Товчоодын систем жигдэрч, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш дөрвөн товчоогоор 428 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнээс орон нутгийн 48 мянган тээврийн хэрэгсэл байсан. Мөн  зөрчилтэй 33 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлд ерөнхий боловсролын 158 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёр жилийн хугацаанд бүх сургуулийг цахим системд холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд дөрвөн цахим платформ нийслэлийн сургуулиудад хэрэгжиж байна” гэх мэдээллийг удирдах ажилтнуудад өгсөн юм. Хотын дарга цахим шилжилтийн ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Хуурамч дуудлага мэдээлэл өсжээ

Үүний дараа өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт. Архидан согтуурч, зөрчил гаргасан 1459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн” гэв. Мөн гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн байна.

Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд “14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн ээлжид 479 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 34 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 819 зөрчил бүртгэгдлээ. Үүнээс 18 жолооч зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаагийн алба 3840 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 3800, осол хэргийн 40 дуудлага бүртгэгдсэн. Хэргийн улмаас 39 явган зорчигч гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа” хэмээв. Мөн өнөөдрөөс авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчуулах болсонтой холбоотойгоор 416 алба хаагч хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.

Аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аврав

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням  “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 14-ээс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд объектын гал түймрийн 107, аврах ажиллагааны 33, нийт 140 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аварч, 15.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1700, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 237, нийт 1943 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17.6 хувиар өссөн үзүүлэлт. Арваннэгдүгээр сарын 27-29-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурсны улмаас Багахангай, Багануур дүүрэг, Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт төөрсөн, автомашин цасанд суусан гэх нийт 13 удаагийн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдээс 80 гаруй алба хаагч, 10 гаруй автомашин, техниктэйгээр ажиллаж, 40 автомашиныг цаснаас татан гаргаж, 154 иргэний амийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан” гэв.

Мөн Дархан-Уул аймагт гарсан гал түймэрт 10 алба хаагч гурван автомашинтайгаар ажиллажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гал түймрийн онц аюултай 280 объект байгаагаас газрын тосны бүтээгдэхүүний 20 агуулах, шатахуун түгээх 260 станц үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй 18 шатахуун түгээх станцын барилга, байгууламж бий гэдгийг мөн хэллээ.

Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангахыг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг хэллээ. Мөн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.

  • Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
  • Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах.
  • Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулан, хариуцлагыг чангатгаж ажиллах.
  • Байгууллагууд ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангаж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
  • Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг тус тус үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Санал болгох

Улсын тусгай хэрэгцээнд 496 га газрыг авахыг дэмжив

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав

20 минутын өмнө
“Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна

21 цагийн өмнө
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчих тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог

2 өдрийн өмнө
Шинээр ирсэн автобуснууд бүгд үйлчилгээнд гарлаа

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

3 өдрийн өмнө