ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

2022 оны 12 сарын 52022-12-05
ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

ОНЦ БАЙДЛЫГ ЯМАР ҮЕД ЗАРЛАДАГ ВЭ

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2.1-т

1/ Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон;

2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

ОНЦ БАЙДЛЫГ ХЭН ЗАРЛАХ ВЭ 

  • Онцгой нөхцөл УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол УИХ онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
  • Харин чуулган чуулаагүй үед нөхцөл байдал онц байдал нэн даруй зарлах хойшлуулшгүй тохиолдолд Ерөнхийлөгч Онц байдал зарлах зарлиг гаргана.

ОНЦ БАЙДАЛ ХЭДИЙ ХЭР ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ ВЭ

Онц байдал үргэлжлэх хугацааг УИХ тогтоох бөгөөд тухайн нөхцөл арилаагүй бол хугацааг сунгаж болно. Харин тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн онц байдлыг хугацаанаас нь өмнө цуцална.

ОНЦ БАЙДЛЫН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ

1.Онц байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:

  1. Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам тогтоох;
  2. Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах;
  3. Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах;
  4. Ажил хаяхыг хориглох;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх;
  6. Аж төрөхөд нэн аюул бүхий нутаг дэвсгэрээс хүн, мал, амьтан, эд баялгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тэднийг аврах, хамгаалах, орон байр, хүнс тэжээлээр хангах асуудлыг зохион байгуулах, шаардлагатай гэж үзвэл хүнс тэжээл, бусад нэн хэрэгцээт зүйлийг хуваарилан олгох, түүнд хяналт тавих журам тогтоох;
  7. Хорио цээр тогтоох, хүн, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх шаардлагатай бусад арга хэмжээ авах;
  8. Онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах зорилгоор улсын нөөц, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчлах, шаардлагатай гэж үзвэл бусад аж ахуйн нэгж, байгууллагын нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх;
  9. Улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх.

2.Тогтоох тусгай дэглэм нь дор дурдсан хүрээгээр хязгаарлагдана:

  1. Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
  2. Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад тусгай журам тогтоож, хяналт тавих;
  3. Хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин бэхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилга, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
  4. Шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүрэг, хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, үйлдвэрлэлийн зориулалт, технологийн горимыг өөрчлөх бүх шатны удирдах ажилтныг томилох,чөлөөлөх;
  5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилчин, албан хаагчдыг өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас өөрчлөх, халахыг хориглох;
  6. Онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах хойшлуулшгүй тохиолдолд хөдөлмөрийн нийтийн дайчилгаа явуулах;
  7. Онц байдлын хугацаанд ажилчин, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, нөхөх олговортойгоор илүү цагаар ажиллуулах;
  8. Тусгай дэглэмтэй аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх шаардлагатай бусад арга хэмжээ авах.

3.Нэмэлт онцгой арга хэмжээ:

  1. Нийтийн эмх замбараагүй байдал бий болгож хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа байгууллагыг тараах, бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах;
  2. Хөл хорих, өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан олгосон зөвшөөрлийн болон иргэний үнэмлэх,түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хоногийн тодорхой цаг хугацаанд зорчихыг хориглох. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах, шаардлагатай гэж үзвэл албадан саатуулагдсан хүний бие, авч яваа эд зүйлд үзлэг хийх;
  3. Шаардлагатай гэж үзвэл иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг шалгах, галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох бусад зүйлийг хууль бусаар авч явах буюу хадгалж байгаа, эсхүл хэрэглэж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа бол иргэдийн бие, орон сууц, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх;
  4. Олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох;
  5. Холбооны хэрэгсэл ашиглах тусгай журам тогтоох;
  6. Нийтийн эмх замбараагүй байдлыг арилгахад саад учруулж буй улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох;
  7. Онц байдал зарласан нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд онцгой дэглэм сахиулахад саад учруулсан этгээдийг байнга оршин суух газарт нь, эсхүл онц байдал тогтоогоогүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж рүү албадан гаргах;
  8. Зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодис, согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох;
  9. Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслийн ашиглалтад хяналт тогтоох, шаардлагатай гэж үзвэл ашиглалтыг зогсоох буюу тэдгээрийг түр хураан авах.

Санал болгох

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг иргэд шаардав

Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардаж байна.

1 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 15 хэм хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

6 цагийн өмнө