УИХ-ын өнөөдрийн /2022.12.09/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргаж, үг хэлэв.
Тэрбээр "Өнөөдрийн чуулганыг өөрөөр явуулмаар байна. Нүүрсний хулгайн талаар ярих хэрэгтэй. Таг дүлий байхаа боль. Иргэд хараад уурлана биз дээ. Хэдэн өдөр гадаа хүйтэнд залуус улс орноо өөдөн татахаар жагсаж байна. Би бүр гуйж байна.
Жагсаал олон хоног үргэлжлэх юм бол улс орны хувь заяанд нөлөөлнө. Энэ нь танай намын хувь заяа биш. Монгол Улсын хувь заяа шүү.
Үүнд анхаараад ажил хий л дээ. Ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна даа. Жаахан сэрж, сэдэж юм хийх ёстой. Бид энд дүлий дүмбэ царайлчихаад өөр асуудал хэлэлцээд сууж байна. УИХ-ын дайчин, шуурхай байдал дутагдаад байна. Баялагтаа эзэн болно гэж хэдэн жил ярив. Гэтэл баялаг нь хулгайд алдагдаад дууслаа. Нүүрсний хулгайн араас алт, зэс ч бий. Энэ бол АН-ын асуудал биш учраас олонх ахаараач. Хэтэрхий олон болчихоор бяр суугаад буруутаад байх шиг байна. Засгийн газар нүүрсний хулгайтэй тэмцэнэ гэж байгаа нь үнэн бол дэмжинэ. Сүүлдээ үнэн, худал ярьж байгаад нь би эргэлздэг болсон. Ард түмэн ч эргэлзэж байх шиг байна.
Гэхдээ нүүрсний хулгайч нартай тэмцэхдээ энд сууж байгаа хэдэн гишүүний нэрийг ээлжилж хэлчихээд суугаад байж болохгүй. Яг чулуу шидэх юм бол олон хүний толгой хагарах ёстой л доо, нүүрс дээр. Тиймээс ажил урагшлахгүй байна. Тиймээс парламентын ардчиллыг хамгаалах цаг болсон. МАН-ын гишүүд ээ. УИХ-ын гишүүд ээ. Энд үг хэлэхээр АН-ын 10-хан хүнийг барьж иднэ. Ингээд байхаар та нарын болж, бүтэхгүй байгаа зүйлийг хэлэх хүн олдохоо больсон. Хяналтын ажлын хэсгийг цөөнхөөр толгойлуулчихвал яасан юм. Юунаас айгаад байгаа юм. Яагаад юмыг шударга хийж чадахгүй байна вэ. Та нар. Аалзны тор шиг нэг нэгнээ барьцаалчихаад байх юм. Нүүрсний хулгайн Ажлын хэсэгт орох гэтэл оруулаагүй. Яагаад цөөнхөөс орж болдоггүй юм. Ажлын хэсэгт орох гишүүдийг кнопоор шийднэ гээд хууль заачихаж. Орох гэхээр унагаачих юм. Ингэж болохгүй шүү дээ. Г.Занданшатар дарга аа. Цөөнхөөрөө юм хийлгэ" гэв.
Э.БУРАМ