Г.Занданшатар: Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй

2022 оны 12 сарын 92022-12-09
Г.Занданшатар: Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй

УИХ-ын өнөөдрийн /2022.12.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдөр олон улсын авлигатай тэмцэх өдөр тохиож байна. Хууль засагласан, хөгжсөн эдийн засагтай шинэ ирээдүйг бүтээхэд авлига хамгийн том саад учруулж байна. Энэ талаар бүгд ярьдаг. Өнөөдөр төсвийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа Эрдэнэт, Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой ХК гэх мэт төрийн өмчит компаниудыг тойрсон авлига, албан тушаалын  гэмт хэргүүд шалгагдаж байна. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд иргэдийг бухимдуулж төрд итгэх итгэлийг алдагдуулж байна.

Авлига улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг ч  гэсэн дордуулж байна. Авлигын өр төлбөрийг ард түмэн магадгүй ирээдүйгээрээ улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг учраас залуучууд бухимдаж, жагсаж байна.

Тэр дундаа парламентын  ардчилалаа бэхжүүлж чадавхжуулаагүй цагт бид ямар ч сайн бодлого, зорилт дэвшүүлээд нэмэргүй. Засаглалыг сайжруулахын тулд төрийн албаны бүх шатанд авлигалыг таслан зогсоох ёстой. Тиймээс авлигалтай тэмцэх гурван багц хуулийг яаралтай хэлэлцэх бэлтгэлийг өнөөдөр хангаж ирэх долоо хоногоос хэлэлцүүлнэ. Эхнийх нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт. Ирээдүй  хойч үеийн боломжийг хулгайлж байгаа авлигын гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцохгүйгээр олигтой ахиц гарахгүй.

Хөрөнгийг нь хураах, ялын бодлогыг нь чангатгах, өршөөл үзүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтийг хийнэ. Хууль бол хулгай хийхгүй байгаа шүү. Харин хууль хэрэгжүүлэхдээ хулгай хийж байна. Баян орон мөртлөө иргэд ядуу амьдарч байгаа нь хулгайч нартай холбоотой гэх хандлага нийгэмд бий. Энэ нь  бодит үнэн. Тиймээс олборлох үйлдвэрлэлийн ил  тод байдлын тухай хуулийг батлах шаардлагатай. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх хуулийн этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгоно. Ард түмний хяналт албан тушаалтны хяналтаас илүү хүчтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах хуулийг хурдан баталмаар байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногт эцэслэн батлая.  Баялгийг хулгайн замаар зарж байгаа нүүрсний хулгайн мафийг таслан зогсоож ил тод үнээр гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлнэ. 

Ингэхдээ жоомоо  алах гээд гэрээ шатааж болохгүй гэдэг шиг бид хулгайтай тэмцэхдээ парламентын ардчилалаа сулруулж болохгүй.

Тиймээс цөөнхийн үгийг сонсож, ажлын хэсэгт орж ажиллах хэрэгтэй.  Сөрөг хүчин ажиллахгүй байгаа учраас ард түмэн сөрөг хүчин болсон талаар би олон удаа хэлсэн шүү. Цөөнх дотроо учраа олоод эв нэгдэлтэйгээр бидэнтэй хамтарч хулгайч нартай тэмцэх  ёстой. 

Э.БУРАМ

Санал болгох

Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

“Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал юм байна

4 цагийн өмнө
Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр (2023.12.11) эхэллээ

4 цагийн өмнө
Сонсголд холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ

4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн

4 цагийн өмнө