"Хаврын 17 учрал" лугаа 17 хоногийн турш дуулиан, шуугиан дүүрэн, сонирхолтой, эгзэгтэй тоглолтоор дүүрэн өнгөрсөн "Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоног "алжаалаа" түр тайлаад өнөөдрөөс (2022.12.09) "ажилдаа орох" гэж байна. Шилдэг найман багийн шижигнэсэн тулаанууд өнөөдөр, маргааш явагдана.
БРАЗИЛ-ХОРВАТ
Дэлхийн аваргын ногоон "дэвжээнээ" энэ хоёр баг өмнө нь хоёр удаа хоорондоо учраа таарахад Бразилчууд хоюуланд нь ( 2006 он 1:0, 2014 он. 3:1) хожиж байв.
Бразилийн од Неймар БНСУ-тай хийсэн тоглолтод дахин талбайд гарч, багийнхаа гялалзсан тоглолтод чухал өнгө нэмсэн. Өөрөө ч " пенальти"-аас гоол оруулсан. Неймар хамгаалагчдыг өөртөө татан сандаргаж, бусад тоглогчдод " зай гаргаж" өгч тоглодог нь хамгийн аюултай билээ. Мөн Бразилийн хаалгач, төвийн хамгаалагчид супер, жигдхэн сэлгээтэй довтлогчид гээд бүгд байна.
Хорватын шигшээ 2018 оны " мөнгөн бүрэлдэхүүн"-ээс Модрич, Перисич, Ловрен , Ковачич тэргүүтэй хэдхэн тоглогч байгаа. Гэхдээ тэд багтаа гол үүрэг гүйцэтгэсээр л байна. Өмнөх тоглолтод Японы эсрэг 120 минут хамаг хүчээ зориулсан тэд хэр сэргэлт авсанаас тоглолтын хувь заяа нилээд хамаарна. Мөн Хорватад сайн довтлогч үгүйлэгдэж байгаа.
Энэ бүгдээс шалтгаалаад Бразил 2-3 гоолны зөрүүгээр хожих байх гэж таамаглая.
ХОЛЛАНД -АРГЕНТИН
Хашир Луи ван Галь дасгалжуулагч 3-5-2 схемээр Холландын шигшээг тоглуулж буй. Энэ системээр ван Галь 2014 онд "улбар шарыг" хагас шигшээд хүргэж , хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил бас найман жилийнхтэй адилхан амжилт гаргахыг үгүйсгэхгүй.
Аргентинийг хожсон тохиолдолд Холландчууд дөрвөн тивийн аварга багийг хожсон өвөрмөц амжилт тогтооно. Одоогоор тэд Азийн аварга Катар, Африкийн аварга Сенегал, Хойд Америкийн аварга АНУ-ын багийг хожоод байгаа бөгөөд өнөөдөр Өмнөд Америкийн аварга багтай тулна.
Аргентиний хувьд 4-3-3 схемээр довтолгоо голлосон тоглолт хийх байх. Гэхдээ тэдний довтолгоо тийм ч төгс биш. Мессигийн хувийн ур чадварт найдаж байгаа байх. Гэхдээ тоглолт болгонд гялалздаг од гэж хэзээ ч байхгүй.
Холландын хамгаалалт Аргентиний ар талаас илүү найдвартай.
Хэдийгээр тун тэнцүүхэн тоглолт болох нь тодорхой ч энэ удаад "Нисдэг Холландууд" Месси болон түүний нөхдийг нутаг буцаах биз ээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Катараас мэдээлж байна.