Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотойгоор есөн оффтейк гэрээг нууцаас гаргах шийдвэр гаргалаа. Тухайлбал,
- Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл,
- Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл,
- Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл,
- Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээ
- Монголын төмөр зам төрийн өмчит ХК, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Улаанбаатар төмөр замын хамтарсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээг гэрээг ил болгох шийдвэр гаргав. Дээрх 9 гэрээг АТГ-т шалгуулахаар болжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын зүгээс цаашид бүтээн байгуулалтын төслүүдийг аюулгүй байдлын зөвлөмжөөр нууцад оруулдаг байдлыг таслан зогсооно. Цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээг байгуулахгүй" гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон юм.
Э.БУРАМ