Б.Пүрэвдорж: Экс дарга, экс Ерөнхийлөгчөөсөө намаа салгаж авъя

3
2023 оны 1 сарын 52023-01-05
Б.Пүрэвдорж: Экс дарга, экс Ерөнхийлөгчөөсөө намаа салгаж авъя

Ярилцсан Г.Улсболд

УИХ дахь АН-ын бүлгээс санаачилж намынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн “Эв нэгдэл” зөвлөлгөөнийг өчигдөр хийсэн. Эндээс ҮБХ-ны 200-аад гишүүний шаардлагаар ҮБХ-ны хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 10-нд хийхээр тогтов. Энэ үеэр бид УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржтой ярилцсанаа хүргэе.

-----------------------------------------

-АН-ын ҮБХ-ны хурал зарлагдаж, тус хурлаас Их хурлаа хийж шинэ даргаа сонгохоор боллоо. Та “Бидний хэний ч танихгүй “Эрдэнэс Силвер ресурс”-ийн захирал байсан Т.Мөнхбаярыг ҮБХ-ны даргаар тавьж Дээд шүүхэд бүртгүүлэхээр явж байгаа хүн та нарын төлөө ажиллах уу, Женкогийн талыг баримтлагчид аа. Намаа өмчилж, хэн нэгэнд өгч чадахгүй яваа С.Эрдэнээг дагаад бид амжилтад хүрэх үү, С.Эрдэнийн талыг баримтлагчид аа. Бид ийм шалчигар байж болохгүй. Хэн нэгнийг харж хүлээх биш, үүсгэн байгуулагчдаасаа салж, өөрийн толгойтой байж намаа авч явах болсон” гэж хэлсэн нь анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл, Эв нэгдлийг хангах ажлын хэсэг ҮБХ-ны гишүүддээ түшиглээд цаашаа явахаар болсон гэж ойлголоо.

-Тийм ээ. Ардын намд намаа зарах замаар өөрсдийгөө үнэд хүргэхээр уралдаж байгаа экс дарга, экс Ерөнхийлөгч хоёрт харамсаж байна. Энэ хүмүүс хоорондоо ч эв зүйгүй олохгүй юм байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санаачилж АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн оролцож, өнөөдрийн Их эвлэрлийн зөвлөлгөөнийг хийлээ. Зөвлөлгөөнөөс ҮБХ-ны 200 гаруй гишүүдийн нэгдсэн шаардлагаар ҮБХ-ны хуралдааныг нэгдүгээр сарын 10-нд хийхээр байна. Улсын Дээд шүүх нэг л зүйлийг шаардаж байгаа. Тэр нь бол “Танай нам дотооддоо, хоорондоо учраа олоод нэг л даргын нэрийг нэг л албан бичгээр, нэг л тамгатайгаар бидэнд санал нэгтэйгээр ирүүлчих” гэж байгаа. Их эвлэрлийн зөвлөлгөөний дараа хийгдэх ҮБХ-ны хурлын дараа араас нь нөгөө хоёр нөхөр нэг, нэг албан бичиг Дээд шүүх рүү явуулах байх. Үүнээс үл хамааран АН-ын дүрмийн заалтын дагуу Дээд шүүх Их эвлэрлээс зохион байгуулах ҮБХ-ноос сонгогдох намын даргыг бүртгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-С.Эрдэнэ МҮАН-тай нэгдээд АН-ыг өөрчлөн байгуулах асуудлыг нэг талд зохион байгуулаад явж байна. Нөгөө талд Х.Баттулгын талынхан Их эвлэрлээс зохион байгуулах ҮБХ-ны хурлыг зөвшөөрөхгүй дахиад ҮБХ-ны хурлыг тусдаа хийвэл яах вэ. ҮБХ-ны хурлыг гурван талд зохион байгуулж, гурван өөр бичиг Дээд шүүхэд өгөхөөр дахиад л гажиг давтагдана.

-Энэ асуудалд хариулахын өмнө нэг зүйлийг хэлчихье. Өнгөрсөн жилүүдэд энэ намын лидерүүд улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд, даргын албан тушаалд хүрцгээсэн. Тэд ардчиллын төлөөх намууд 2000 онд нэгдэхэд АН-ыг байгуулсан. Гэвч залуучуудыг “Та нар юу яриад байгаа юм”, “Энэ намыг хэнд өгөхөө би шийднэ” гэх зэргээд АН-ыг өөрийн өмч мэт үзэж байна. Ингэж шинэ үеэ гаргаж ирэхгүй байгаа үүсгэн байгуулагч нараасаа АН салах ёстой.

Үүсгэн байгуулагч болсон 6-7 хүнд нэг өрөөнд нэг буйдантай хонуулахад ч учраа олж чадахгүйд хүрчээ. Тийм өш хонзон, хувийн асуудал тэдэнд байна.

Тийм учраас тэднийг таягдан хаяад урагшаа хараад явъя, ҮБХ-гоо хуралдуулъя гэдэг жирийн олон гишүүдийн хүсэл маш зүйтэй л байгаа юм. Намаа дахин дахин ялагдуулчихаад дахиад сонгуульд орох гээд байгаа, энэ намыг бужигнуулах, эвдрэлцүүлэх бүх ажлыг хийсэн хүмүүс дахиад л АН-ын дарга болно, дахиад л сонгуульд өрсөлдөнө гэдэг бол байж болшгүй зүйл. Тэднээс салж байж урагшаа явах байтал харин ч Эв нэгдлийн ажлын хэсгийнхээ зөвлөх багт оруулчихсан байх жишээтэй.

-Өнөөдөр /өчигдөр/ тэд алга, ирсэнгүй. Харин АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд л иржээ.

-Хэзээ ч ирэхгүй. Тэд нараас намаа булааж, буцааж авах гэж байж эргээд тэднээр зөвлүүлнэ гэж юу гэсэн үг юм бэ.

-2020 оны УИХ-ын сонгуулиар АН-ын “ахмадууд” гэх үү, дарга нар гэх үү залуусынхаа нэр дэвших тойргийг дээрэмдсэн. “Ах нар биднийг залуу байна, болоогүй байна гэж дарсаар бид 40, 50 нас хүрчихлээ” гэж намын “залуучууд” чинь хэлдэг. Гэтэл хөшүүн, хөгшин гэгддэг байсан МАН боловсон хүчний шинэчлэлдээ анхаарч, залуусыг татан оролцуулж байх жишээтэй. Энд дүгнэлт хийгээд АН ямар алхам хийвэл залуучуудаар гишүүдээ өргөжүүлэх вэ?

-2016 оны сонгуульд АН ялагдсан. Энэ ялагдал бол 2012-2016 оны Засгийн газрын хийсэн ажилд тавьсан дүн биш. Харин тэр жилүүдэд АН-ын лидерүүдийн хагарал, албан тушаалын зодоон, дотоод ардчилалд тавьсан дүн гэж би ойлгодог. Гэтэл өнөөдрийг хүртэлх 6 жилд 2016 онд иргэдийн өгсөн хатуу сануулгыг үл тоон хэрүүл, уруултайгаа явна. Ийм нөхцөлд залуучууд тоож орж ирэхгүй байхгүй юу. Хэчнээн асуудалтай байгаа ч 2024 онд ялах учраас залуу насныхаа ааг, боловсрол, чадварыг өргөе гээд залуучууд МАН-д очоод байна. Тийм учраас ядах нь аа, бидэнд зүгээр л нормальный намын дарга хэрэгтэй байна. Тэрнийхээ араас зогсож, хоорондоо эв нэгдэлтэй байж чадвал 2024 онд АН ялах боломж байгаа. Эв нэгдэлтэй байж, ялж байж манай намд бизнесийнхэн, залуучууд, хүмүүс орж ирэх үүд хаалга нээгдэнэ. Тийм учраас эксүүд АН-аас зайгаа тавьж өг:

-Таны тодорхойлж байгаа “Зүгээр л нормальный намын дарга” гэдгийн шалгуур юу вэ. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байх уу, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байх уу, эсвэл гэмт хэрэг, ёс зүйн асуудалгүй нэр цэвэр нэгэн байх уу?

-Парламентын засаглалтай оронд парламентын гишүүн л намын дарга байх ёстой. Тухайн тойрог, нутаг дэвсгэрийн иргэдийнхээ итгэлийг олж, зүтгэл гаргасан хүнийг л иргэд УИХ-д сонгож байгаа. Энэ сонголт дээр Ж.Батсуурь гишүүн байна. Орон нутагтаа маш сайн ажиллаж, олон сонгуульд ялаад их улс төрд сонгогдоод гарч ирсэн хүн. Ж.Батсуурьт хүмүүсийн эвийг олох, эв нэгдлийг хангах чадвар бий. Өнөөдөр гэхэд 200 гаруй ҮБХ-ны гишүүдийг цуглуулж Эв нэгдлийн хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийг ахлаад явж байна. Аливаа сонгуульд нам оролцоход иргэдийн 50 хувь нь намынх нь даргыг л харж сонголтоо хийдэг байхгүй юу. Энэ нөхөр хэр зэрэг Ерөнхий сайд хийх вэ, улсын эдийн засгийг хэр зэрэг авч явах вэ, хувийн сонирхлоор улс орныг авч явах уу гэдгийг хардаг. Энэ шалгуурт тэнцэх хүн нь Ж.Батсуурь.

-Жингийн туухай дээр тавиад үзэхэд АН-ын даргад горилж байгаа С.Баярцогтоос, С.Одонтуяагаас, О.Цогтгэрэлээс илүү гэж үү?

-Над шиг хатуухан үгтэй улстөрч АН-д өчнөөн байна. Манайд байгаа олон өнгөтэй, олон авир, харизматай улстөрчдийг зангидаж, нэг тийш чиглүүлж чадах хүн нь Ж.Батсуурь би үзэж байгаа. Нэгдүгээрт, Ж.Батсуурь парламентын гишүүн. Хоёрдугаарт, парламентын микрафоноор дамжуулаад сөрөг хүчний улстөрийг сонгуулийн өмнө хийх боломж түүнд байна. Гуравдугаарт, хэчнээн сөрөг хүнийг ч татаж, эерүүлэх, намаа эвлүүлэх харизма байна. АН-д өнөөдөр эвлүүлдэг улстөрч хэрэгтэй байна.

Дэлхийн олон оронд эмэгтэйчүүд улс төрийн дэвшил гаргаж байгаа. Тийм учраас С.Одонтуяа гишүүн ирээдүйд АН-ын дарга байх боломжтой улстөрч мөн. Гэхдээ АН-ын нөхцөл байдлыг авч үзвэл өнөөдрийн сонголт биш байгаад байна.

Сөрөг хүчний гишүүд цөөн үед АН-ыг парламентын гаднаас удирдах, гудамжны улстөрийг парламентын улстөртэй холбох тэр холболт дээр С.Баярцогт дээр учир дутагдал гарах байх.

О.Цогтгэрэлийн хувьд одоо болно доо. Намын дарга болсон, Дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй. Дээрээс нь энэ намыг экс Ерөнхийлөгчид авч өгөх процессыг далдуур зохион байгуулсан учраас итгэхгүй байгаа.

-Танай нам “Фракцгүй Ардчилсан нам” байх зорилго тавьж байсан. Гэтэл лидерээ дагаж ханарсан зөрчил анхан, дунд шатны бүтэц дээрээ гарч л байгаа. Жишээ нь, өнөөдрийн /өчигдрийн/ Эв нэгдлийн зөвлөгөөнд зөрчилдөөнт талуудын төлөөллийг оролцуулж чадсан уу?

-Чадсан. АН-ыг л фракцаар төсөөлөөд байдаг. Гэтэл УИХ-д МАН-д 5-6 фракц байна шүү дээ. Хөдөөгийн Засаг дарга нарын фракц, “нүүрсний тав” гээд нэрлэж болно. Өнөөдөр биднийг экс дарга, экс Ерөнхийлөгчөөсөө намаа салгаж авах хүсэл нэгтгэж байна. Энэ нэгдлээ бүтэн нэгдэл болгож авч явах ухаан л намын даргын зүгээс гарах ёстой.

-Өнөөдрийн /өчигдрийн/ зөвлөлгөөн дээр намын залуучууд чинь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээсээ ам асууж байна лээ. “Та нар цагаа тулахаар хоорондоо маргалдаад, ҮБХ-ны шийдвэрийг ч үгүйсгээд, шинэ сонгогдох даргаа ч үгүйсгээд байх юм биш биз дээ. Нам нь нэгдэж хурлаа хийхээр гишүүд хагалахгүй гэдэг ам өчгөө өг” гэж байсан.

-Өнгөрсөн хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг дотор С.Эрдэнэ даргыг АН-ын даргаар үргэлжлээд ажиллах байх гэсэн хэсэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг намаа авч явах байх гэж харсан өөр нэг хэсэг байсан. Намын даргаар бүртгүүлсэн нэг дээр нь явчихъя гэсэн хүмүүс байсан. Би бол аль ч талд орохгүй төвийг сахиж, энэ намын 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулж Эв нэгдлийн их хурлыг санаачлаад явсан. Тийм учраас өнөөдөр ҮБХ-ны гишүүд аль ч талд оролгүй, голч байр сууринд байсан надад талархалтай хандаж байгааг та анзаарсан байх. Би ганц зарчим барьдаг, бид гишүүдээсээ асууж асуудлаа шийддэг нам байх ёстой гэж. Бид МАН-аас асууж асуудлаа шийддэг нам байж болохгүй.

-МАН танай намын дотоод асуудалд оролцдог, танайхан тэднээс асуудаг явдал бодитоор байна уу?

-Экс дарга, экс Ерөнхийлөгч хоёроор л дамжиж манай намын асуудалд оролцоод байна шүү дээ. Бусдаар бол манай намын жирийн гишүүд “Дээр байгаа хэдхэн нөхөр эв нэгдэлтэй байгаад өгөөсэй” гэсэн бодолтой явдаг. Суманд, аймагт байгаа нөхдөд маань хоорондын хагарал байхгүй. Тийм учраас Дорнод аймгийн Баян-Уул суманд уулзалт хийхэд заал дүүрэн хүн ирээд сонсож байна.

-Ардчилсан намд үүсээд байгаа өнөөдрийн зөрчил өмнө тохиолдсон түүхээ давтаж байна уу, эсвэл шинэ нөхцөл байдал уу, бүр аль ч улс төрийн намд тохиолдох цаг зуурын сорилт уу?

-Нэг зүйлийг хэлэхэд манай нам үйлийн үрээ эдэлж байгаа. Манай ах нар МАХН-ыг хоёр хуваасан тэр үйлийн үр эргээд бидэнд ирж байна. Өнөөдөр МАН манай намыг хагаралтай байлгах, хоёр талд байлгах тэр зүйлийг хийж байгаа. Энэ үйлийн үрээ бид амархан давахгүй. Дотоод эв нэгдлээ хангаж байж, гишүүдтэйгээ хамтарч, тэднийг сонсож оролцуулж байж давна. Энэ намын лидерүүд гэж нэрлэгдэж яваа хүмүүс дахин дахин дарга болох, сонгогдох шуналаа дарж байж нам нэгдэх ажлыг явуулна.

-Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төслүүд явж байгаа. Энэ хуулиуд батлагдвал АН ялах магадлалыг нэмэх үү?

-Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвшигчдээсээ дэнчин авсан явдал нэлээд асуудал дагуулсан. Нэр дэвших хүмүүс нь мөнгөө төлөөд, мандатаа аваад явсан явдал нь олны нүдэнд ил байсан. Гэтэл МАН бол дэвшиж байгаа хүмүүсээ далдуур санхүүжүүлсэн. Улсын төсвийг идэх замаар, ТӨХК-уудын хөрөнгийг зарцуулах замаар, том бизнесүүдээс далд санхүүжилт авах замаар хэт давуу байдалтай сонгуульд оролцсон. Ийм учраас дараагийн сонгуулийг олон нийтийн хараа хяналтыг сайжруулах шаардлагатай гэж харж байна.

-МАН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялахдаа томилгоогоор, төсвөөр өөрийн сүлжээгээ бэхжүүлж, хүмүүсээ байршуулсан байгаа. “Бизнес явахгүй юм байна, больё доо, ажил бүтэхгүй юм байна, болъё доо” гээд намын харьяаллаар гадуурхагдсан хүмүүс гишүүнчлэлээс хасуулах, эсвэл ялсан намд элсэх явдал гарч байгаа. Та орон нутгаар явж, намын гишүүдтэйгээ уулзсан байх. Туйлдсан байна уу, нягтарсан байна уу?

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд АН-ын гишүүдийг ялгаварлах, төрийн албанаас халах, АН-ыг дэмждэг хувийн хэвшлийг санхүү болон бусад аргаар хяхан боох явдал хангалттай хэмжээнд явсан. Ялангуяа орон нутагт намын бүртгэл нарийн нямбай байдаг учраас мэдэж байна. Тийм учраас намаар нь ялгаварлах асуудал иргэдийг туйлдуулжээ. Энэ дургүйцэл манай намын жирийн гишүүдэд асар их бий. Эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө сонгуульд ажилласан, цүнхийг нь барьсан хүмүүсээ дэмжчихээд бусад хүнийг хөсөр хаягдал явдал ард иргэдийн дургүйцлийг асар их хүргэж байгаа. Манай намын жирийн гишүүд ямар ч нөхцөлд малаа маллаад, дэлгүүр хоршоогоо ажиллуулаад, аль ч зүгт хөрвөх чадвартай, төрөөс хамааралгүйгээр амьдралаа аваад явах чадвар, үзэл санаатай хүмүүс байдаг. МАН-ын гишүүд энэ тал дээр тийм сайн биш. Төрд ажиллаж байж, төрөөс санхүүжиж байж амьдрах боломжийг хайдаг үзэл санаанд суурилсан тал бий. Гэхдээ төрийн цалин, иргэдийн амьдрал сайн биш байна шүү дээ.

-Мэдээллээ хуваалцсанд баярлалаа.

Санал болгох

Доктор, дэд профессор Н.Ууганбаатар: Гишүүдийн тоог куб язгуураас тооцож 152 болгох хэрэгтэй

Доктор Н.Ууганбаатар. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй.  Австри Улсын Веннийн их сургуульд  магистр, Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуульд докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн Эдийн засаг,  математикийн тэнхимийн багш, дэд профессор.  АНУ-ын Уэлсли Коллежийн "Математик ба Ардчилал" хүрээлэнгийн гишүүн.

4 өдрийн өмнө
Генерал Б.Хурц: Наадах чинь Улаанбаатараас, би мэдэж байгаа

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Хурц Ардчилсан намын гишүүнээр элссэн. Түүнийг Туушин зочид буудалд болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралд оролцож байхад нь таарч цаг үеийн асуудлаар ярилцлага авснаа хүргэе.

2 сарын өмнө
А.Бямбажаргал: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуульд нийцэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, доктор А.Бямбажаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 сарын өмнө
Б.Алтанцэцэг: Төрийн өмчит компаниудын төсөв, санхүүг нууцалж ирсэн нь алдаа

NRCC буюу Үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. 

2 сарын өмнө