ДҮЛИЙ СЭДЭВ: Орлогоо нэмэгдүүлье гэвэл инээж суръя

2023 оны 1 сарын 112023-01-11
ДҮЛИЙ СЭДЭВ: Орлогоо нэмэгдүүлье гэвэл инээж суръя

Анзаарвал сүүлийн үед худалдаа үйлчилгээний салбарынхан “орлогогүй байна”, “Хүнгүй байна”, “худалдан авалт муудсан” гэх үг ярих болжээ.  Муул л бол хойд захын хар овоохой гэгчээр ам нээх бүртээ цар тахлаар хаацайлах болж. 

Мэдээж хилийн хориг, барааны хомсдол, ачаа тээврийн гацаа, үнийн өсөлт орлого буурахад нөлөөлснийг үгүйсгэхгүй. Үнэндээ тэдний ярьдаг шиг хүмүүсийн худалдан авах чадвар муудсан, орлого багассанд  биш. Харилцаа хандлага анхаарлын гадна орхигдоод удсан нь гол асуудал болж байна. 

Тиймээс өөрсдийнхөө , харилцаа, хандлагыг  өөрчлөхгүйгээр өдөржин арцаар утлаа гээд ашиг орлого нэмэгдэхгүй ойлгомжтой. 

МОГОЙ ШЭЙРЛЭЖ, АРЦ УУГИУЛАХЫН ОРОНД ТАЙЛАНДЧУУДААС СУРАЛЦЪЯ

Аль нэг дэлгүүр, хоршоогоор ороход өөдөөс хогоо шүүрдэж, хөзөрдөж, утсаа маажиж, бохь зажлаад гараа эвхээд суучихсан, эсвэл хоорондоо яриад хэнэггүй царайлдаг худалдагчтай  та лав  таарч байсан байх. Худалдааны салбарын үйлчилгээний соёлд өнөөдөр   "худалдагч бол хаан" жишиг тогтжээ. Уг нь "инээж чадахгүй бол мухлаг бүү нээ" гэх Күнзийн сургааль оргүй биш.

Тэгвэл олон улсын туршлагаас харвал Тайланд улсаас жишээ авч болно. Аялал жуулчлалын салбар нь улсынх нь гол орлогыг бүрдүүлдэг.

Үзэсгэлэнт байгалиас нь илүү эелдэг найрсаг зан, инээмсэглэл орлогынх нь гол эх үүсвэр.  Тус улсад аялсан хүмүүс ч андахгүй биз. Жуулчдыг татах, таатай аялуулах “бичигдээгүй хууль” нь тэдний инээмсэглэл.

 Засгийн газар нь ч ийм бодлого барьдаг, үүний хүчээр тус улсыг зорих жуулчдын цуваа ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Товчхондоо, Күнзийн сургаалийг Тайландчууд амьдрал дээр хэрэгжүүлж, үүний хүчээр эдийн засгаа ч тэтгэж чаджээ.

ХЯМДРАЛТАЙ БАРААНААС ИЛҮҮ НАЙРСАГ  ЗАНД ХҮМҮҮС ДУРТАЙ

Харин монголчуудын үйлчилгээний соёл эсрэгээрээ.  Шууд л өөдөөс авсан бараа, карт шидэх нь холгүй. Үгүй бол "авбал ав эсвэл боль" гэсэн хандлагатай.  Бүгд биш ч ихэнх нь ийм дүр зурагтай. Энэ нь  ердийн л үзэгдэл шиг болж.  Тайландчууд шиг инээдэг худалдагч монголд цөөхөн болов уу. 

Ийм хоёр ялгааг  нэг худалдааны төвийн хоёр лангуунаас л харж болно. Саяхан хотын төвд  "Гранд Плаза" худалдааны төвөөр орлоо. Нар дээр гарч, өдрийн 11:00 цаг болж байхад худалдагчид дөнгөж цугларч лангуугаа нээж байхтай таарав. Хөл хөдөлгөөн ч сийрэг. Худалдагч нар ч “хүн байхгүй”, “энэ худалдан авалт хийхгүй дээ” гэсэн аястай утас шагайж, хоорондоо ярьцгаана. Зарим нь бүр огт  “харахгүй”, “сонсохгүй”.  Харин гуравдугаар давхарт гарвал нэг лангуу бусдаасаа  илүү хүнтэй байх юм. Хямдрал зарласан юм болов уу гэж сонирхвол үгүй байлаа.

Нүдэнд тусах бараагүй,  тэнгэрт хадсан үнэтэй биш ч гэлээ ядахдаа хүн орж ирхэд утсаа маажиж суудаггүй нь бусдаасаа өөр ч юм шиг.

Дэлгүүрийн худалдагч “сайн байна уу” гэж хүн бүртэй мэндэлж угтахгүй ч үйлчлүүлэгчдийн сонирхсон барааг түүртэхгүйгээр үнийг нь хэлж, өөр бараа ч санал болгож байлаа. Эндээс нэг  цамц авах гэж байсан хүн дахиад нэг өмд аваад гарах жишээний. Санаандгүй худалдан авалт нь дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлдэг нь бичигдээгүй хууль.Харьцуулбал, олон  лангуунаас тэр хүн л ганцаараа  инээж чаддаг, зан ааш сайтай учраас л хөл хөдөлгөөнтэй байна. Тиймээс биш бараа сайтай, хямд үнэ гол чухал биш бололтой.

"ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ МУХЛАГ БҮҮ НЭЭ"-Х АЛТАН ЗАРЧИМ

Үүнээс харахад худалдагчид арц хүж уугиулж, могой шэйрлээд орлого нэмэгдэхгүй гэдгийг ойлгох цаг болсон баймаар.  Ердөө л бусдаасаа илүү эрт үүдээ нээж, илүү эелдэг, зан ааш сайтай байхаас л эхэлнэ. Бизнес нь амжилттай яваа хүмүүс ч үүнд санал нэг байдаг нь нууц биш. Хүмүүс ч бас “Сайхан ааштай, инээж байгаа хүнээс  шаардлагагүй байсан ч заавал худалдан авалт хийдэг” гэж ярьдаг нь дээрх үг оргүй биш гэдгийг нотлох биз. 

Өнөөдөр хүн бүр цалингаас хамаарахгүй,  ямар нэгэн байдлаар үйлчилгээ эрхлэхийг эрмэлзэх атал инээмсэглэж чаддаггүй нь монголчуудын онцлог гэхээс илүү үйлчилгээний салбарын хамгийн том дутагдал.

Зөвхөн худалдааны төв гэхгүй Үсчин, гоо сайхан, ресторан, мухлаг аль нь ч байсан ямар ч үйлчилгээний цаана хүн хоорондын харилцаа л байдаг. Тиймээс худалдаа, үйлчилгээний салбар ч хүний нөөц, ажилтнуудад босго тогтооход  буруудахгүй биз. Танил тал, ах дүү төрөл садан биш  "жинхэнэ" боловсон хүчин  энэ салбарт үгүйлэгдэж байна.  Цалинг өндөр тогтоохын хэрээр нарийн шалгууртай. Ингэхдээ харилцаа хандлага соёлд анхаарч чадвал үйлчилгээний салбарын соёл утаа, түгжрэлийн асуудал шиг олон арван жил ужгирахааргүй. Магадгүй “СU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд Монголын үйлчилгээний соёлд бага ч атугай гэгээ татуулсан  гэвэл нэг их буруудахгүй биз. Ядахдаа л үйлчлүүлэгчээ хүндэлж байна. Хэрэв худалдаа үйлчилгээний салбар өрсөлдөж чадвал магадгүй зах зээл нь үйлчилгээний соёлыг төлөвшүүлнэ.

БИЗНЕСИЙН ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ЗҮГЭЭР БИЗНЕС ХИЙХ БИШ

Тэгвэл хэрхэн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх талаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа:

-Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний  10 гаруй хувь нь үйлчилгээний салбар. Одоогийн нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр асуудлыг чиглүүлбэл бизнесийн орчинд өрсөлдөөн бий болно. Үүнийг л бид зөв гаргаж ирэх хэрэгтэй. Эдийн засгийн харилцаа нийтлэг байдлаар сул байна. Яагаад гэхээр, өрсөлдөөний бодлого байхгүй. Үүнийг яаж хүчтэй болгох юм. Зах зээлийн компаниуд үнэ, бүтээгдэхүүн, технилоги, стандарт, хэрэглэгчдээр үү гэдэг зах зээлд өрсөлдөх маш олон стратиги бий. Бизнесийн эцсийн үр дүн нь зүгээр л бизнес хийх биш. Амьжиргааны үр дүн дээшлэх, орон нутгийн зах зээл тэлэх, орон нутагт борлуулалтын хэмжээ нэмэгдэх учиртай. Ийм гурван үзүүлэлтээр хэмжихэд л

Монгол Улсын борлуулалтын ихэнх нь Улаанбаатарт байна. Орон нутгийн 330 суманд борлуулалт хийх асуудал байхгүй. Үүнээс харахад, бид үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа бол түүнийг худалдан авах, төлөхөд бэлэн байгаа үйлчлүүлэгч хэрэглэгчид нь чухал.

Өнөөдөр хэрэглэгчдийн дийлэнх нь худалдан авах гэхээсээ илүү төлөхөд бэлэн байх хандлага ажиглагдаж байна. Энэ нь массаараа тодорхой хэмжээгээр орлогын илүүдэлтэй, орлогоо зориулах боломжтой байна гэсэн үг. Даан ч үйлдвэрлэгчдэд  өөрийн гэсэн брендээр орлого бүтээх төвлөрсөн чиг хандлага харагдахгүй байна. Бизнесийн ерөнхий дүр зураг нь, компаниуд олон төрлийн ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л бүх хүчин чадлаа зориулдаг атал өөрийн гэсэн брендтэй нь цөөхөн. Хэрэв гол орлогынхоо эх үүсвэрийг олдог бүтээгдэхүүнд л төвлөрвөл хүний нөөц, түүхий эдийн нөөц нь ч илүү үр ашигтай гэсэн юм. 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө