Б.Алтанцэцэг: Төрийн өмчит компаниудын төсөв, санхүүг нууцалж ирсэн нь алдаа

2023 оны 1 сарын 122023-01-12
Б.Алтанцэцэг: Төрийн өмчит компаниудын төсөв, санхүүг нууцалж ирсэн нь алдаа

NRCC буюу Үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. 

--------------------------------

-Дэлхийн банкнаас 2023 оны Монгол Улсын эдийн засгийн төсөөллийг шинэчлэн танилцуулахдаа Замын-Үүд- Эрээний боомт нээгдвэл эдийн засгийн өсөлт 4-6 хувьд хүрнэ гэсэн. Эрээний боомт ч өнгөрсөн ням гарагт нээгдлээ. Үүнийг дагаад  нийгэмд инфляци буурна гэх хүлээлт үүсээд байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ ? 

-Хил хаалттай байх хугацаанд буюу 2022 онд Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2021 оны арваннэгдүгээр  сартай харьцуулахад 27 хувиар өссөн. Тиймээс Эрээний боомт нээгдсэнээр  инфляци мэдэгдэхүйц хэмжээнд буурна гэж хэлэхэд хэцүү. Харин  бараа, бүтээгдэхүүний эргэлтийн хурд сайжрах байх. Дэлхийн банкнаас танилцуулсан төсөөлөл нь хэт өөдрөг гэж хэлж болохоор. Учир нь дөрөвдүгээр улирлын "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгаанд хамрагдсан иргэдийн орлого нь  жилийн өмнөхөөс 58.3 хувиар буурсан байна. Орлого буурсан гэх хариулт өмнөх улиралтай харьцуулахад 8 пунктээр нэмэгдсэн. Иргэдийн зээл авах эрэлт ч ихэссэн. Тэгэхээр эдийн засагт  ойрын хугацаанд эерэг өөрчлөлт харагдахгүй л байна.

-Дэлхийн банк дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх "Оюу Толгой" ХХК-ийн гүний уурхайн олборлолт эхэлж, экспорт сэргэнэ гэсэн хүлээлтэд үндэслэн эдийн засгийн суурь өсөлтийг ингэж тооцсон байх л даа. Энэхүү төсөл нь эдийн засагт нар гийгүүлнэ гэж хэн, хүнгүй л ярьцгаах болж?

-Шулуухан хэлэхэд, газрын баялагтай баян улс хөгждөг бол өдийд манай улс хөгжихөөр л байлаа. Өнөөдрийн нийгэмд үүссэн нөхцөл байдлаас  харахад улс газрын баялагтай байлаа гээд иргэн баян байна гэсэн үг биш юм байна.  Оюу Толгойн гүний уурхайн орлого яаж зарцуулагдах вэ гэдгээс л  бүх зүйлс хамаарна. Орлогыг хэсэг бүлэг хүмүүс хуваагаад авчихвал  иргэдийн орлого нэмэгдэхгүй. Тиймээс Оюу Толгой сайн ажиллаад иргэдийн амьдрал сайжрахгүй. Иргэн бүр дор бүрнээ орлогоо нэмэгдүүлэх, бизнес эрхлэх боломжоор төр хангах ёстой. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Засгийн газарт итгэх иргэдийн итгэл эрс унасан. Өмнөх улиралтай  харьцуулахад 2.3 дахин буурчихсан.

Үүнээс харахад  төр бүтэх, бүтэхгүй баахан бодлого хэрэгжүүллээ гээд  амьдрал сайжирдаггүй гэдгийг иргэд ойлгож эхэллээ. Ер нь том төсөл иргэдийн амьдралыг сайжруулах зайлшгүй нөхцөл, шалтгаан биш. Зах зээл сайн ажиллах нөхцөл нь хууль дүрэм тодорхой, хэрэгжилт нь баталгаатай байх ёстой. Тиймээс төрөөс батласан хууль амьдрал дээр  хэрэгждэг болох цагт иргэдийн амьжиргаа  сайжирна.  Гэтэл эсрэгээрээ  хууль нь хэрэгждэггүй.  Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна уу гэвэл үгүй. Энэ нь нүүрсний хулгайн хэргээс тод харагдсан. 

-Тэгэхээр эдийн засгаа дэмжих гарц нь засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгох, төрийн шийдвэр тогтвортой байх явдал гэж ойлгож болох  уу?

-Харин тийм. Төр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэг­жүүлэхээ больж цом­хон бүтэцтэй болгох шаард­лагатай. Цомхон засаг төртэй байх тусам хүмүүст амар болно. Өнөөдөр аль ч улс төрийн нам засгийн эрхэнд гарах нь хувь хүний амьдралд хамаардаггүй байх учиртай. Ингэвэл бидний амьдрал тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголчуудын нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээж эхэлж байна. Ямар үр дүн гарах бол. Миний амьдрал, бизнест энэ сонгууль яаж нөлөөлөх бол гэсэн хүлээлт үүсч байгаа юм. Энэ байдал л буруу. Нэгэнт чанар муутай, авлига ихтэй юм бол Засаг нь цомхон байх хэрэгтэй. Тэгээд өөрийн хариуц­сан үүргээ олигтойхон биелүүл, дүрэм журмаа тодорхой болго.

Ер нь  эдийн засагт төр оролцох  шаардлагагүй.  Гэтэл оролцох ёстой газраа бүр “0” зааж байна.

Уг нь төр иргэд, бизнест хуулийн тогтвортой орчинг хангаж өгч байх учиртай. Төрийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа маш тогтвортой тодорхой байх ёстой. Хуулийн хэрэгжилт баталгаатай аливаа бизнесийн гэрээ хэлцлийн баталгааг шүүх хангаж өгч байх хэрэгтэй юм. Гэтэл засаглалын энэ орчиндоо бараг ажиллахгүй байн байн хуулиа өөрчилж байна. Монголын хууль гурав хоногт гэдэг нь бүр жижиг болсон. Нэг хууль гарлаа гурав хоноод хэн ч санадаггүй, хэрэгжүүлдэггүй болоод байгаа юм.

Байгалийн баялгийг иргэд хүртэх биш бүр завхрал явагдах болж.  Ийм нөхцөлд иргэдийн зүгээс төрийг сахилга баттай сайн ажил гэх бус төрийн бүтцийг хумих шаардлага тавих нь зарчмын хувьд зөв. Төсвийн  байгууллага ажилтныхаа цалинг өгөөд бусад урсгал зардлуудаа хаачихад  тэр даргад өөр мөнгө үлдэхгүй бол  юугаа хулгайлах юм. Гэтэл  эрх мэдлийнх нь хүрээнд хэдэн тэрбум төгрөг үлдээд байдаг бололтой.  Миний хувьд шударга, мундаг удирдагч гарч ирээд энэ алдаа завхралыг засна гэх итгэл алга. Харин тэдний өмнө нь хэзээ ч  хийгээгүй зүйлийг л  хийлгэх хэрэгтэй. 

-Тэр нь юу юм ?

-Төрийн өмчит компанийн төсөв санхүүг улсын нууц гэх байдлаар нууж, хаацайлсаар өдийг хүрсэн нь хамгийн том алдаа. Төр эдийн засаг, элдэв янзын төсөл хөтөлбөр рүү орох ч хэрэггүй. Эдийн засагт хэрэгжиж байгаа  бодлогууд эдийн засгийг хэт халааж, инфляцийг хөөргөдсөн. Өнөөдрийн 13 хувийн инфляци төрийн  зарлагыг хэт  өсгөснөөс л болсон шүү дээ. Товчхондоо төрийн байгууллагуудаас болсон. Янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд  эдийн засаг урагшлахгүй гэдэг нь манай улсын туршлагаас харагдаж байна. Манай улс өндөр өртөг бүхий олон төсөл хөтөлбөр зээлээр бас улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлж ирлээ. Өнөөдөр тэднийг эргэн харж үнэлж дүгнэх цаг болсон. Одоо хар л даа, бид эдийн засгаа олон тулгууртай болгож, эх үүсвэрийг нь солонгоруулж чадаагүй л байна.

Бас уул уурхайгаа хөгжүүлээд сайхан амьдарна гэж 2006 оноос хойш ярилаа. Үүнийг эргээд харахад бас л асуудалтай байгаа биз дээ. Бид хөгжилд, үр дүнд хүрсэн нь алга.

Тиймээс төрийн байгууллагууд  төсвөө хумих хэрэгтэй. Миний хувьд хэтэрхий шүүмжилж  байж магадгүй. Гэхдээ өнөөдөр хамаг болж бүтэхгүй зүйлс  төрөөс л гарч байна. Төрийг цомхотгох нь холын асуудал байж гэж бодоход хамгийн ойрын хугацаанд иргэд, иргэний нийгмийн зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүх мэдээллийг шилэн,  иргэдэд нээлттэй болгохыг шаардах ёстой. Иргэн бүрийн өмч юм бол иргэдэд орлого, зарлага зэрэг бүх мэдээлэл нь нээлттэй байх ёстой биз дээ. Авлигыг бууруулахгүйгээр манай улсын ирээдүй харанхуй төсөөлөхөд бэрх. Ийм байдал удаан үргэлжилбэл Африкийн орнууд шиг тайван бус, иргэний дайнтай ирээдүй хүлээж байна гэхэд хилсдэхгүй. 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд  инфляцийг 1 оронтой тоонд хүргэнэ гэж мэдэгдсэн. Нэг л хөрсөн дээр буухгүй юм шиг санагдаж байгааг нуугаад яах вэ? Ер нь энэ боломжтой юу.

-Хэрэглэгчийн индексийн итгэлийн судалгаагаар эерэг гэж харж болохуйц нэг үр дүн гарсан.  Хүлээгдэж байгаа инфляцийн түвшин гуравдугаар улиралд 14 байсан бол сая манай судалгаанаас 11 болж гурван функтээр буурсан. Иргэд 2023 онд инфляци буурч 10 хувьд хүрнэ  гэсэн хүлээлттэй байна. Нийгэмд мөнгөний бодлогыг хатууруулж улам хүнд байдалд оруулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ инфляци өндөр үед мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр аргагүй. Өндөр инфляци тогтвол урт хугацаанд эдийн засаг илүү хүндэрнэ. Бид бүр илүү хатуу уналтыг даван туулна.

Мөнгөний бодлогыг хатууруулж байгаа нь урт хугацаанд хямралыг зардал багатай туулах арга юм.

Мөнгөний бодлогыг хатууруулахгүй бол асуудал аясаараа шийдэгдэх юм шиг. Яах вэ, зах зээл шийдэж болох ч тэр үед бид илүү их хүндрэлтэй тулгарах болов уу. Инфляцийг барих бодлого мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэхгүй бол цаашлаад эдийн засагт уналтад орох эрсдэлтэй. 

-Ер нь бодлогын хүү хэд дээр байвал инфляци 1 хувьд хүрэх боломжтой вэ ? 

-Сүүлийн гурван улирал явсан мөнгөний хатуу бодлого одооноос инфляцийг хязгаарлаж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.  Ер нь инфляци зорилтот 6-8 түвшинөөс өндөр байгаа бол цаашид мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр аргагүй. Гэхдээ мөнгөний бодлогыг хэт хатууруулчихвал эдийн засгийг тэнцвэржүүлэх бус бүр хямрал руу оруулах эрсдэлтэй. Тиймээс  удаанаар өсгөдөг. 

-Тэгвэл  Ерөнхий сайдын дээрх мэдэгдэл хэтэрхий өөдрөг төсөөлөл болж таарах нь ээ. 

-Тийм ээ. Одоогоор хэрэгжихэд хэцүү. 

-Сүүлийн асуулт. 2023 оны нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмж 550.000 төгрөг болгосон. Иргэдийн хувьд  хувь, хувьсгалын гэлтгүй адилхан цалин нэмэх ёстой гэх хандлагатай байна л даа. 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр хүн бүрийн цалин нэмэгдэнэ гэсэн үг биш. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд л хамаатай.  Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд иргэдийн орлого өсөхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар нөлөө үзүүлдэг талаар эдийн засагчид маш их маргаантай байдаг. Энэ үзүүлэлт нь нэг талаас иргэдийн орлогыг хамгаалж цалингийн хэмжээг өсгөх үйлдэл гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ бага ч гэсэн цалингаар ажиллаж байсан хүмүүс ажилгүй, орлогогүй болох эрсдэл дагуулдаг юм. Ажил олгогч цалингийн сан нь өсөхөөр арай цөөн хүн ажилд авна л гэсэн үг. Ингээд орлого, боловсрол бага эмзэг бүлгийн иргэдэд илүү их эрсдэл учруулдаг зүйл. Урд нь яаж ийгээд ажилд ордог байсан тэр боломжийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хумьж орхидог юм.

Төрөөс гэнэт тэтгэвэр, төрийн байгууллагын цалинг нэмэхээр инфляци өсдөг. Өнөөдөр үнэ өсөж байгаа шалтгаан нь төгрөгийн ханш суларсантай холбоотой. Бараа бүтээгдэхүүн худалдаж авах төгрөг элбэг болчихоор нийтлэгээр  үнэ өсдөг.  Төв банк  мөнгөний хатуу бодлого явуулах нь эдийн засагт эргэлдэж байгаа төгрөгийг цөөрүүлж байгаа гэсэн үг. Зах зээл дээр цөөхөн төгрөг эргэлдэхээр аажимдаа үнэ буурдаг. Түүнээс биш хэн нэгэн худалдагч, махны ченж үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй.  Энэ нь нийт эдийн засгийн хэмжээний хүчин зүйлээс болж өсдөг. Хэрэв өрсөлдөөнтэй зах зээл дээр үнэ өсөж байгаа бол нөөц нь хомс, эсвэл тухайн бүтээгдэхүүний эрэлт онцлогтой холбоотойгоор нэмэгддэг. 

-Ярилцсанд баярлалаа.

Э.СОСОРБУРАМ

Санал болгох

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

1 сарын өмнө
Х.Нямбаатар: "Баялагтаа эзэн байя" гэсэн суртал ухуулга Улстөрчдийг олон жил тэжээлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа

1 сарын өмнө
Мөстэй усны “акул” Ш.Даваадорж

“Шаргуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Энэ л гайхам амжилтын эзэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж юм. “Газар уснаа явагч” гэж ч хэлж болох ийм нэгэн сонирхолтой түүхтэй, спортын салбарт нэрээ мөнхөлж алдар цуугаа тамгалсан ийм нэгэн эрхэм хүмүүнийг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт зочноор урив.

1 сарын өмнө
Э.Батшугар: 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 сарын өмнө