Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

2023 оны 1 сарын 162023-01-16
Ж.ЗОЛЖАРГАЛ: Хятадтай төмөр замаа холбож чадахгүй бол бирж зарлаад ч нэмэргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний экспортыг тойрсон асуудлаар ярилцлаа.

-----------------------------------

-Засгийн газрын шийдвэрээр түүхий эдээ биржээр худалдаалахаар болж байна. Таны хувьд мөн адил эл шийдвэрийг дэмжиж байсан. Ахин нүүрсний хулгай гаргахгүй байхад төр анхаарч ийм зохицуулалт хийж байгаагийн бодит үр дүн нь ямар байх бол. Энэ талаар ярилцъя?

-Нүүрсний хулгайгаас алдсан мөнгөнөөс илүү Монгол Улс системийн нийт алдагдлаас хэд дахин их хэмжээний мөнгө алдсан. Өөрөөр хэлбэл, энэ нь тээвэр ложистикийн асуудалтай шууд холбоотой. Нүүрсний хулгайгаас маш их алдагдсан боломжийн томоохон системийн алдаа гарсан. Үүнээс болж Монгол Улс  хил гааль, тээвэр ложистикоос шалтгаалж олон их наяд төгрөг их хэмжээгээр яригдахуйц боломжийг алдсан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд төмөр замаа барьж чадаагүй ч  бидэнд  50 сая тонн нүүрс гаргах боломж байсан. Гэвч чадаагүй. Цар тахлын улмаас маш их их хэмжээний авлига яригдсан нь өөрөө  асуудал юм. Энэ бол цэвэр төрийн институтын үүрэг хариуцлагын асуудал. Одоо энэ бүхнийг залруулахын тулд ашигт малтмалыг биржээр зарах тухай ярьж байна. Хууль нь батлагдсан. Гэхдээ хулгайтай ямар ч холбоогүй.

Биржээр түүхий эдийг арилжаалснаар хулгай гарахгүй гэх боломжгүй. Зохицуулалтын алдаанаас болсон их хэмжээний хулгай яригдсаны араас л  ийм арга хэмжээг авч байна.

Тэгэхээр оролдлого нь зөв. Асуудлаа шийдэх гэж л урагшаа харж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хамгийн шийдэх хэрэгтэй байсан үедээ шийдэлгүй алдсан.

-Манай улс өмнө нь байгалийн түүхий эд, ашиг малтмалыг биржээр худалдаалсан туршлагагүй. Энэ ч үүднээс зарим эдийн засагчид биржээр асуудал шийдэгдэхгүй гэж шүүмжилдэг юм билээ?

-Бирж бол зарчмын хувьд зөв шийдэл. Миний ойлгож байгаагаар энэ нь төрийн өмчийн нэг хэлбэр байх юм билээ. Өнөөдөр нүүрс экспортолж буй хувийн аж ахуйн нэгжүүд бирж байгуулагдахад эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Яагаад гэвэл биржтэй бол нүүрсний үнэ бодит ил тод болно. Угтаа бол  төр хууль эрхзүйн орчны зохицуулалтыг хийж, татвар бодлогоо зөв тодорхойлох ёстой л доо. Түүнээс биш заавал ганц бирж байна, бусад нь хэрэггүй гэх нь утгагүй гэж харж байгаа.

БИРЖ БАЙГУУЛЖ, НҮҮРСНИЙ ҮНЭ ИЛ ТОД БОЛБОЛ АМНАТ-ЫГ ӨНДӨР ТОГТООХ ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛНО

-Биржээр ашигт малтмалыг худалдаалж эхэлбэл, уурхайн амны нүүрсний үнэ өснө гэсэн хүлээлт байгаа. Ийм боломжтой юу?

-Бирж гарснаар уурхайн аман дээрх нүүрсний үнэ өсөх нөлөө байхгүй. Гол нь, нүүрсний үнэ өсч байхад бид уурхайн аман дээрх нүүрсний үнээ өсгөж чадаагүй. Тээвэр ложистикоос л хамаарна. Хэдий нүүрсээ хилийн үнээр нийлүүлдэг болох Засгийн газрын тогтоол гарсан нь зарчмын хувьд зөв. Одоо нүүрсийг хил нөхцөлөөр хүргэхийн тулд  тээврийн зохицуулалтыг шийдэх хэрэгтэй.

Хэрэв  хилээр саадгүй, тээврийн бодит зардлаар, нүүрсээ тэнгэрийн биш алтан дундаж үнээр гаргадаг болсон цагт уурхайн амны нүүрс өснө.

Энэ нөхцөл бүрдвэл бирж ажиллана. Хэрэв хилээр нүүрсээ гаргаж чадахгүй, ложистик гацвал бирж зарлаад ч нэмэргүй.

-Тэгэхээр биржийн худалдаа уул уурхайн компаниудад илүү ашигтай байх бололтой?

-Өнөөдөр уул уурхайн компаниуд бизнесийн зарчмаар худалдан авагчтай тохирч нүүрсээ зарж байна. Уурхайн амны үнэ, хилийн цаадах нүүрсний үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Үүнд тээвэр ложистикийн асуудал нөлөөлж байгаа. Хил гааль, тээвэр маш өндөр үнэтэй учраас зардлыг нь дийлж чадалгүй хямд үнэлдэг. Гэтэл татвар авахаар зарсан гэрээний дүнгээр биш жишиг үнээр хэд дахин өндөр татвар авдаг. Үр дүнд нь, борлуулалтын орлогын 5 хувь байх ёстой АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны татвар/ нь өнгөрсөн жил 20-35 хувь өссөн. Үүнээс болж хууль бус үндэслэлгүй Ашигт малтмалын хуулийг биелүүлэхгүй зүйл байна гэж Засгийн газрын тогтоолыг шүүхэд өгсөн.  

Тэгэхээр хэрэв дотоодод биржийг байгуулж, нүүрсний үнэ ил тод байвал ийм утгагүй үндэслэлгүй өндөр АМНАТ тогтоох нөхцөл бүрдэхгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн аль ч аж ахуйн нэгжид үнэ нь ил тод шударга тогтох нь ашигтай.

Өмнө нь биржгүй, тээвэр ложистик хүндрэлтэй асар их зардал гарах нь хэнд ашигтай байв?. Энэ тухайд аж ахуйн нэгж олборлогчдод ашигтай байгаагүй. Энэ бол ерөөсөө тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, төрийн албан хаагчид бужигнаанаар дамжуулан авлига авах нөхцөлд л ашигтай. Бусад нь бүгд алдаж байгаа. Нөгөөтэйгүүр, Хятадын хил орчмын цөөн хэдэн компани вакум үүсгэж байна гэж яригддаг. Энэ нь үнэний ортой. Үүнээс болж Хятадын маш олон бизнесмен Хятадын гүнээс Монголын нүүрсийг худалдан авах гээд чаддаггүй асуудал энд бий. Тэгэхээр худалдан авагч нар орж ирж, уурхайчид нүүрсээ зарж шударга ил тод байвал мэдээж аль аль талдаа ашигтай.

МОНГОЛ УЛС ТАТВАРЫН ОРЛОГОО АЛДАЖ БАЙНА

ЗОЛЖАРГАЛА.jpg

-Нөгөөтэйгүүр  АМНАТ-ын тухай ярихад, Засгийн газар, Сангийн яам энэ татварыг нэмэгдүүлнэ гэсэн байр суурь илэрхийлдэг. Сангийн сайд Б.Жавхланг 2022 онд АМНАТ-ын орлого 910 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг мэдэгдсэн. Үүнийг экспорт нэмэгдсэнтэй холбож байгаа. Харин уул уурхайн компаниуд АМНАТ-ыг нэмэгдүүлэхийг шүүмжилдэг. Уг нь орлого нэмэгдэхийн хэрээр татвараа нэмэх нь зөв биш үү?

-Монголын нүүрсний ассоциаци гишүүн байгууллагууд нь АМНАТ төлөхийг зөв гэж үздэг. Төлж байгаа. АМНАТ-ын орлого болон нүүрсний олборлолт экспортоос цуглуулах орлогын татвар төвлөрүүлэх хэмжээг Засгийн газрын буруу үйл ажиллагаа, хууль эрх зүйн буруу зохицуулалтаас болж хумигдсан. Аж ахуйн нэгжүүд ном журмаар төлөх сонирхолтой. Яагаад гэхээр, нүүрсний том уурхайнууд урт хугацаанд төлөвлөгөөтэй л үйл ажиллагаа явуулна. Тиймээс татвар нь ил тод, үйл ажиллагаа нь тогтвортой, улс төрийн эрсдэлгүй байхыг илүүд үздэг. Яагаад төрийн буруу зохицуулалтаас болоод монголчууд төсөвт оруулах төлөвлөгөө, татвараа алдаж байна вэ. Жишээ нь, уурхайд  X гэсэн үнэ байхад Хятадад гурав дахин өндөр буюу  XXX гэсэн үнэ байлаа. Гэтэл хил дээр XX нь байхгүй. Ийм атал  уурхайд  X үнээр олж буй мөнгөнөөс XXX үнийн татвар л авч байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, уурхайчдаа дээрэмдсэн үйл ажиллагаа явуулсан.

Сангийн сайд Б.Жавхлан АМНАТ-ын бодлогыг зөв явуулаагүй. Уурхайчдыг дээрэмдсэн. Үр дүнд нь, АМНАТ өндөр боллоо гэж яригдаж байна.

Төрийн эрх барьж буй хүмүүсийн томилсон төрийн албан хаагчдын буруу үйл ажиллагаанаас болж Монгол Улс татварын орлогоо алдаж байгаа.

Энэ татварын орлого нь алдаж буй их мөнгөө уул уурхайн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд овоолж, бужигнуулж буй нүүрсний хулгайн гол цөм болсон хүмүүс нь татвар төлдөггүй, ажил хийж буй хүмүүс тэдний олж буй орлогыг овоолж татварыг нь авсан. Үр дүнд нь шударга бус, хоёрдугаарт олон сая тонн нүүрс уурхайд хаягдаж байгаа. Монгол Улс байгалийн баялгаа иж бүрнээр ашиглах ёстой. Сорчилж олборлоод өрмийг нь авч хусмыг нь үлдээж болохгүй. Тэгэхээр сайн нүүрсээ зарна, муу нүүрсээ хямд зарна. Гэтэл АМНАТ-аа утгагүй өндөр тогтоохоор чанаргүй нүүрсээ даахгүй.

Наад захын жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь  3.8 сая тонн эрчим хүчний нүүрсний борлуулалтыг зогсоолоо гэдгийг 2021 оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн шүү дээ. Энэ бол татвараа дийлэхээ болихтой зэрэгцэн олон сая тонн нүүрс хаягдаж байгаагийн жишээ нь.

Өөрөөр хэлбэл, Монголын нүүрс хил дээрх будлианаас болж хулгайн замаар орж буй асар их мөнгөнөөс татвар авахгүй, эсрэгээр нь олборлолт явуулж буй аж ахуйн нэгжид татварыг овоолж алдагдалд хүргэж байна.

Хоёрдугаарт, Монголын баялаг нүүрсийг хаягдал болгож байна. Энэ бол АМНАТ-ын алдаатай бодлогын үр дүн. Үүнийгээ сайжруулах шаардлагатай. Саяхан ажлын хэсэг томилогдсон байна билээ. Сангийн яамны гол хүмүүс, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам орсон. Энэ ажлын хэсгийнхэн АМНАТ-ын зохицуулалтыг яаж хийх вэ гэдэг даалгавартай. Үүнийгээ хийх байх.

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСАД НҮҮРСНИЙ ТОМ ТОГЛОГЧ 

-Манай улсын эдийн засаг Хятадаас шууд хамаардаг нь нууц биш. Магадгүй нүүрсний хэрэглээ буурлаа гэхэд манайх дагаж савлах байх?

-Хятадын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд саарах төлөвтэй байна. Тэр нь нүүрсний экспортод сөрөг нөлөөлөх байх. Гэхдээ тийм ч том нөлөө гарахгүй. Бид Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засаг уур амьсгалын өөрчлөлтөөс илүүтэй Монголын тээвэр ложистик, зохион байгуулалтад л анхаарах нь чухал.

-Дэлхийн зах зээлд нүүрсний томоохон нийлүүлэгч нь Австрали улс. Тус улс Хятадтай цаашид илүү нягт харилцаатай хамтарвал Монгол Улс өнөөгийн байр сууриа алдах вий гэх болгоомжлол ч байна?

-Хятад улс нүүрсний байгалийн хий ямар нэгэн эрчим хүчний эх үүсвэрийг олон улсаас авдаг. Гадаадаас 70 гаруй сая тонн коксжсон нүүрс жилд импортолдог. Үүний 50 гаруй хувийг Монголоос авдаг. Тэгэхээр манай байр суурь том. Австралиас нүүрс авдаг болсон ч манай байр суур айхтар багасахгүй. Яагаад гэхээр, газарзүйн хувьд манай нүүрсний зах зээл Хятадын эх газрын гүн рүү баруун хойд тал руу байгаа. Бодлогоор олон эх үүсвэртэй байх ёстой гэдэг утгаар Австралитай харилцаагаа нэмж байгаа болов уу.

Бидний хувьд өөрсдийн уламжлалт зах зээл буюу Хятадын төвийн баруун хойд хэсгийн зах зээлтэй найдвартай ажиллахын тулд тээвэр ложистикийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Ийм байхад зах зээлд нь эрэлт байгаа.

Бодит байдал дээр Хятадын худалдаачид Монголын нүүрсийг дэлхийн зах зээлээс бага үнээр л авна. Энэ бол манай бодит байдал. Бидэнд тийм олон сонголт байхгүй. Харамсалтай нь. Их газрын гүнд түгжигдсэн байрлалтай улсад. Гэхдээ маш их мөнгө алдахгүйн тулд аль болох Монголын орлогыг нэмэгдүүлэхийн тулд тээвэр ложистикийн асуудал. Нүүрсний экспорт бол нөөц биш тээвэрлэлт.

ЗОЛОА.jpg

-Таны хэлсэнчлэн нүүрсээ бид тэнгэрт хадсан үнээр зарахгүй юм гэхэд одоогийнхоос илүү үнээр биржээр худалдаалж эхэлбэл  үнэ өсөх боломж бий юу. Магадгүй цаашид бид Баруун цанхын ордод судалгаа хийх, IPO гаргах боломж бүрдэх байх?

-Тээвэр ложистикийн асуудлыг шийдэж чадвал Монголын нүүрсний үнэ өснө. Аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө дураар үнэ тогтоох асуудал биш. Бизнесийн зарчмаар л явна. Тийм болохоор тээвэр ложистикийн бодлогыг зөв хэрэгжүүлбэл Монголд орох орлого эрс нэмэгдэх боломжтой.

ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ, БУУРАЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ ЧАДВАЛ ИЛҮҮ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖТОЙ

-Мэдээж тээвэр ложистикийн гацаа экспортын гол чөдөр. Хэдий нүүрсний хулгайг оффтэйк гэрээтэй холбож байгаа ч магадгүй урт хугацаанд Хятад руу тогтвортой нүүрсээ экспортлох, төрийн компаниудтай гэрээ байгуулснаар тээвэр ложистикийн асуудал үүсэхгүй байх боломжтой биш үү?

-Өнгөрсөн хугацааны түүхээс харахад, оффтэйк байгуулж урт хугацаанд тогтвортой нийлүүлнэ гэхээс илүүтэйгээр дэд бүтцээ маш сайн байгуулж органикаар зах зээлийн өсөлт бууралт дээр тогловол монголчууд илүү их хожино.

Яагаад гэвэл, богино хугацааны эрэлт, үнийн өсөлт дээр л илүү их мөнгө хийнэ. Оффтэйк бол зөв хувилбар биш болов уу.

Яах вэ, аливаа бүтээн байгуулалтад ийм гэрээ байгуулж болно. Миний мэдэхийн, нийт 600, 700 сая ам.долларын гэрээ байгуулсан байна билээ. Гэхдээ дахиад л нууцын асуудал шүү дээ. Яах гэж нууцлаад байдаг юм. Хамтын ажиллагаатай хоёр улсын хувьд  заавал нууц байх шаардлагагүй гэж бодож байна. Нуух нь л хардлага дагуулж, хүмүүс эргэлзэж байна. Хэдийгээр оффтэйк гэрээнүүдийг нууцаас гаргасан гэж байгаа ч үлдэж буй гэрээнүүдийн мөнгөн дүн ил болгосноосоо илүү том. Нөгөө талаар, Хятадын төрийн том компаниудаар тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай олон жил яригдсан. Магадгүй зөв  байсан байх. Гэхдээ тээврийн хөрөнгө оруулалт, төмөр замын ложистик маш ашигтай бизнес. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрсдөө барьж ашиглавал бидэнд хэрэгтэй. Тэгэхээр өөрсдөө хийе гэдэг нь зөв л бодлого. Мэдээж хятадын томоохон компаниудтай гэрээ байгуулах нь зөв. Эцсийн хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлэх нь сайн. Гэхдээ нүүрсийг Хятадын том компаниудтай урт хугацаанд нийлүүлэх нь нэг сонголт.

Нөгөө сонголт нь тээврийн ложистик хилийн цэгүүдээ холбож сайжруулаад биржээр заръя. Тэгвэл илүү нээлттэй зөв эрүүл болно. Тогтвортой байдал худалдааг төрийн түвшинд ярих нь үр дүнтэй.

Монголын эдийн засаг нүүрс учраас байнга л энийг ярьж байна. Үр дүн нь оны хоёрдугаар хагасаас харагдлаа. Гэхдээ заавал ганц хоёр компанийн халаасанд орох шаардлагагүй. Тээвэр ложистикийг зохицуулж бирж дээр нээлттэй зарах хэрэгтэй. Бидний ойлгох ёстой  нэг зүйл бол Монголын нүүрстэй нүүрсгүй Хятад амьдарна. Тус улс жилд 500 сая тонн нүүрс жилд хэрэглэдэг. Үүний 50 хувиас хэтрэхгүйгээр Монголоос авдаг. Тэгэхээр өөрсдийнхөө хэмжээг бид ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас Монголын нүүрс Хятадад хэрэггүй гэдэг нь худлаа. Манай нүүрс хямд, чанартай, ойрхон. Тийм болохоор хэрэглэгч нар байгаа. Бид ухаалаг тоглолт хийх хэрэгтэй.

-Жишээ нь?

-Эрчим хүчний нүүрсний хэрэглээний үнэ, багахан өөрчлөлт савлагаа нь Монголд маш их нөлөөлдөг. Хэрэглээ жаахан өсөх үед нь бид их хэмжээний эрчим хүчний нүүрсээ зарах боломжтой. Үүний тулд дэд бүтэц асуудалгүй байх ёстой. Урт хугацаандаа эдийн засагт нүүрс нөлөө үзүүлсээр л байх болно.

ХИЛ ДЭЭРХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СХЕМИЙГ НУРААЖ ТӨМӨР ЗАМУУДАА ЯАРАЛТАЙ ХОЛБО

-Тэгэхээр бид олон улсын нүүрсний зах зээлд том тоглогч болох боломжтой юу?

-Том тоглогч мөн шүү дээ. Монгол Улс бол коксжих нүүрсний том нийлүүлэгч. Хятадын гадаадаас авч буй коксжих нүүрсний 1/3-ээс илүү хувийг Монгол нийлүүлдэг. Гол нь энэ их ашгийг  монголчууд олж авах хэрэгтэй. Цар тахлын үеийн хямрал, нүүрсний хулгайгаас болж монголчууд олж авах ашигаа алдсан. Хааш нь мэдэгдэхгүй.

Монголын болон Хятадын талын эрх мэдэлтнүүдийн тусгай зөвшөөрөл үйл ажиллагааны хүрээнд явагддаг схем хил дээр байгаа юм. Үүнийг л бид нураах хэрэгтэй. Үүний тулд системийн тогтолцооны юм хийж байна. Хилийн нөхцөлөөр зарах, тээврээ сайжруулах зэрэг ажил хийж байгаа. Гэхдээ нэн даруй төмөр замуудаа холбох. Сүүлийн жилүүдэд төмөр замыг маш эрчимтэй барьсан.

Төмөр замаа хил хүртэл барьчихаад зүгээр орхиж огт болохгүй. Нэгэнт нүүрсний хулгай яригдаж, монголчууд боломжоо алдсан гэдгээ ойлгосон болохоор барьсан төмөр замаа холбож чадвал алдаж буй боломж багасна.

Тэгэхээр Хятадын талтай л ярих хэрэгтэй. Аль байгаа боломжоороо л төмөр замаа холбож дуусгах шаардлагатай.

-Цар тахал том сорил болсон ч монголчууд өөрсдөө төмөр замаа асар богино хугацаад барьж чаддаг гэдгийг ч бас харууллаа?

-Тийм шүү. Гэхдээ Монгол Улс том газар нутагтай, төмөр замын хатуу суурь бүтэцтэй байж урт хугацаанд хөгжинө. Хоосон талд төмөр зам барьчихаад зорчигч тээвэр, бараа тээвэр эдийн засгийн хувьд хэзээ ч дийлэхгүй. Тиймээс  хил дагуу байрлах ордуудаа түшиглэж алсдаа зүүнээс баруун хүртэл төмөр замтай болох нь зүйтэй.

Энэ боломж нь  нүүрсний орд. Үүнийгээ түшиглэн төмөр замуудаа барих хэрэгтэй. Цаашид үргэлжлүүлэн Эрээнцав, Чойбалсан, Бичигт рүү холбох төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Орчин үед биржүүд гэдэг бол түм буман байна. Ямар ч хүн онлайн бирж хийх боломжтой. Тэгэхээр бодлогын зохицуулалтаар төрийн, хувийн биржийн худалдаа явуулах нөхцлийг бүрдүүлэх нь чухал.

-Цаашид нүүрсний үнэ өсөх үү. Ойрын төлөв байдлыг хэрхэн харж байна?

-Кокжсих нүүрсний үнэ миний төсөөллөөр 2023 онд тогтвортой байна. Илүү өсөхгүй болов уу. Өсөх үндэслэл байхгүй. Хятадын эдийн засгийн хурд саарч нүүрсний хэрэглээ буурах вий гэсэн хүлээлт байна. Хятадын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд саарах төлөв бий. Энэ нь нүүрсний экспортод сөрөг нөлөөлөх байх. Гэхдээ тийм ч том нөлөө гарахгүй. Бид Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засаг уур амьсгалын өөрчлөлтөөс илүүтэй Монголын тээвэр ложистик, зохион байгуулалтад л анхаарах нь чухал.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

ХААН Банк "Монголын анхны Ногоон бонд"-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

5 өдрийн өмнө
Р.Алтай: Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоход шимтгэл, хураамж төлөхгүй

Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа. 

19 өдрийн өмнө
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

20 өдрийн өмнө
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

21 өдрийн өмнө