Зээл хариуцаж байсан мэргэжилтэн нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ахын охин байсан

2023 оны 1 сарын 162023-01-16

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр  хорооны сонсгол үргэлжилж байна.  "Монгол мах экспо" ХХК-ийн зээлийн зарцуулалтыг холбогдох шинжээч танилцуулж байна.

-----------------------------------------

"Монгол мах экспо" ХХК нь Хөгжлийн банкнаас 2017 оны 12 сард нийтдээ 15.3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг буюу нийтдээ 2 удаагийн олголтоор 31.9 тэрбумын санхүүжилтийг авсан. Тухайн санхүүжилтийг мах боловсруулах цоцголбор төв байгуулах төсөлд шаардлагатай барилга байгууламж тоног төхөөрөмж эргэлтийн хөрөнгийн санхүүжүүлэхэд зориулагдана. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэх гэрээг Хөгжлийн банктай байгуулсан. 2017 оны 12 сарын 13-нд зээл олгосон. Энэхүү олголтыг хийхдээ ТЭЗҮ боловсруулсан боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байсан.Мөн магадлал хийлгээгүй.  Зээлдэгчийн хамаарал бүхий этгээд нь чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой байтал Хөгжлийн банкнаас тухайн зээлдэгчийн хамаарал бүхий этгээд болох Капитал банкинд дамжуулан зээлдэх ерөнхий гэрээгээр нийтдээ 76.4 тэрбум төгрөгийн 68-183 хоногийн хугацаа хэтрэлттэй чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад нь зээл олгосон.

Зээлийн зарцуулалтын хувьд "Монгол мах экспо" ХХК  Хөгжлийн банкнаас 2017 оны 12 сарын 13-нд нэг удаагийн гүйлгээгээр Капитал банкин дахь 1408 тоот дансаар 21.3 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Үүнээс 13.6 тэрбум төгрөгийг нийт 14 удаагийн гүйлгээгээр 5533 тоот Капитал банк дансанд шилжүүлсэн бол үлдэгдэл 7.6 тэрбумыг хамаарал бүхий этгээд болох Б.Болормаагийн данс руу хадгаламжийн дансанд байршуулсан. 5533 тоот Капитал банк данснаасаа 11.2 тэрбумыг Д.Чимэд гэх хамаарал бүхий этгээдийнхээ 0153 тоот  хадгаламжийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 2.4 тэрбумыг Б.Болормаагийн 0154 тоот хадгаламжид нэмж байршуулсан. "Монгол мах экспо" ХХК-ийн хамаарал бүхий компаниудын хоорондын тооцоогоор удаа дараа гүйлгээнүүд шилжиж эцэстээ зээлдэгч нийт зээлийнхээ 29 тэрбум төгрөгийг Капитал банкны өөрийн хөрөнгөд 2018 оны 12 сарын 31-нд гүйлгээ хийсэн байна. Үлдэгдэл 2.7 тэрбумыг Капитал банк дахь "Монгол Анар трейд" ХХК-ийн зээлийг хаасан. Эдгээр нь бүгд дансны хуулгаарааа нотлогдож байна" гэлээ.

325853308_970732410578160_2600553318543721016_n.jpg

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Зээлийг 100 хувь зориулалтын бусаар зарцуулсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?

"Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзориг:

-Шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хөгжлийн банкинд 20 гаруй жил  хийсэн ажлуудаа үзүүлж, шалгуулсан. Шинжээч аягүй хурдан шийдсэн мэтээр ярилаа. Хөгжлийн банкин дээр 20 гаруй удаа очиж байж зээлээ бүтээсэн. 2017 оны 8 сард зээл олгогдсон. "Монгол мах экспо" ХХК нь Капитад банкинд данстай байсан. Капитал банкны дансан дахь 21 тэрбумыг зарцуулж болохгүй хамаарал бүхий этгээд гээд тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч хийж байсан Баярсайхан гэх нөхөр манай компанийн зээлийг зогсоосон. Бид гадаад, дотоод маш их гэрээ хэлэлцээр хийсэн. Үргэлжлүүлэн энэ асуудлыг ярьж явсаар сүүлийн зээлийг 2018 оны 1-2 сард тасалж авсан. 6 тэрбум мэдээж хийх гэж байгаа том төслийн хаана нь ч хүрэхгүй.

Тиймээс хамаарал бүхий компаниудаараа мөнгө шилжүүлж хоорондоо ажил үйлчилгээ хийсэн. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Э.Ганзориг дарга зээлийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэж байгаа юм байна. Банкны зээлийн эрсдэлийн дүгнэлт, эх үүсвэрийн дүгнэлт, хуулийн дүгнэлт, зээлийн хорооны дүгнэлт нэг өдөрт гарах боломжтой юу. Дээрх бичиг баримт бүгд нэг өдөрт гарсан байна шүү дээ.

-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

Зээлийн судалгаа зээлийн үйл ажиллагааны журмаараа 90 хүртэлх хоног байдаг. Зээлдэгчийн материал судалгаан дээрээ зээлийн газраас танилцуулга гарсны дараа эрсдэлийн дүгнэлт, хуулийн дүгнэлт тус бүртээ хараат бусаар гардаг. Энэ дүгнэлтүүд нэг өдөрт гарах боломжтой.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Хөгжлийн банкинд хамаарал бүхий этгээд нь чанаргүй зээлтэй. Хуулийн шаардлага хангаагүй зээлдэгч богино хугацаанд зээл авахад танд улс төрд нөлөө бүхий этгээдээс нөлөөлсөн зүйл бий юу

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Дажамба:

-Надад нөлөөлсөн зүйл байхгүй. ТУЗ өөрийнхөө хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажилласан. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-"Монгол мах экспо" ХХК-ийн хувьцааны 50 хувийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа эзэмшиж байна. "Монгол мах экспо" ХХК-ны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарлыг харуулбал тус компанийн одоо идэвхтэй байгаа хувьцааг АйБи Трэйд групп 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүүхэд А.Ууганбаярын нэр дээр байдаг. Өөрөөр хэлбэл, "Монгол мах экспо" компанийн хамаарал бүхий этгээд нь Капитал банкны үүсгэн байгуулагч нар гэдэг нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Хөгжлийн банкнаас 2017 оны 12 сард нэг удаагийн гүйлгээгээр Капитал банкны дансанд 21.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн.

Үүнээс 13.6 тэрбумыг 14 удаагийн гүйлгээгээр Капитал банкны дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 7.6 тэрбумыг Б.Болормаа  буюу Б.Ундармаагийн эгчийн данс руу шилжүүлсэн. Капитал банкны данснаас 11.2 тэрбумыг Д.Чимэд рүү шилжүүлсэн. Д.Чимэд нь Б.Ундармаагийн ээж. Үлдэгдэл 2.4 тэрбумыг Б.Болормаагийн данс руу нэмж байршуулсан. Б.Болормаагийн данснаас нийтдээ 10.1 тэрбумыг Капитал банк дахь Бишрэлт Холдинг ХХК-руу шилжүүлсэн. Д.Чимэд болон Бишрэлт Холдинг компанийн дансанд 2018 оны 7 сарын 25-нд 11.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нийт зээлийн 29.5 тэрбумыг Капитал банкны өөрийн хөрөнгөд оруулсан. Үүн дээр "Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзориг ямар бодолтой байна.

"Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзориг:

-Шинжээч алдаа гаргасан юм шиг байна. АйБи Трэйд группийн А.Ууганбаяр 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн. А.Ууганбаяр биш ээ. А.Ууганбаяр гэж өөр хүн байдаг. Мэдээлэл алдаатай байгаад харамсаж байна. Үүнийг залруулах ёстой болов уу. Мөн Б.Ундармаагийн эгч гэж яриад байна. Б.Ундармаа өөрөө айлын том охин шиг санагдаж байна. Б.Ундармаатай бизнесийн салбарт хамтарч ажилласан нь үнэн. Ажиллахдаа хувьцаа эзэмшигч болж орсон. Хийх төслөө биелүүлсэн. Тодорхой хэмжээний алдаа оноо байсан. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Хөгжлийн банкнаас авсан  зээлийн  29.5 тэрбумыг Капитал банкны  хөрөнгөд оруулсан  нь тогтоогдсон. Үүн дээр та ямар бодолтой байна

"Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзориг:

-Би мэдэхгүй байна. Банкны ажилтан биш учраас. Гүтгэлгийн шинж чанартай байх вий. Манай компани 30 тэрбумын зээл авсан. Зээл авахдаа 90 тэрбумын барьцаа хөрөнгөөр хангасан. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-"Монгол мах экспо” ХХК-иас Хөгжлийн Банканд гаргаж өгсөн тайланг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд тайлбар өгнө үү.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан О.Эрдэмбилэг:

-Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр 2016 оны наймдугаар сард томилогдсон. Тухайн үед Капитал банкны нөхцөл байдал амаргүй байсан. Банкны тухай хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваад явсан. Валютын сангийн хөтөлбөрийн актив хөрөнгийн чанарын үнэлгээ давхацсан учраас бүх банканд зургаан сарын хугацаанд дутагдлаа нөхөх үүрэг өгсөн. Ингээд 2018 оны жилийн эцэст банкууд өөрсдийнхөө дутагдлыг нөхсөн. Тухайн процессыг дахин хянаж, 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Капитал банкийг татан буулгах Монголбанкны шийдвэр гарсан.

Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, дутагдлаа нөхөх гэж байгаа бол холбогдох бичиг баримтуудыг Монголбанканд бүрдүүлж өгөх ёстой. Холбогдох газруудаас үүнийг зөвшөөрнө, боломжтой гэх дүгнэвэл Монголбанкны Ерөнхийлөгч шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэр үндэслэн Тэргүүн дэд Ерөнхийлөгч тухайн банкны хөрөнгийг хэрхэн бүртгэж байгаа талаар албан тоот явуулдаг. Монголбанкнаас илүү дэлгэрэнгүй материалтай танилцсаны дараа энэ асуултад сайн хариулт өгөх бололцоотой болох байх. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ-г боловсруулсан боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байсан. Ийм байхад гэрээ хийсэн байна. 

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-Монголд ТЭЗҮ-г баталгаажуулдаг байгууллага бараг байдаггүй. Уул уурхайн яаман дээр салбарынхаа ТЭЗҮ-г баталдаг. "Монгол мах экспо” ХХК-ийн хувьд ТЭЗҮ-г баталдаг субъект гэж байхгүй. Махны төслийг уг нь Хүнс хөдөө аж ахуйн яам батлах ёстой. Гэхдээ баталдаггүй. Харилцагч буюу зээлдэгч өөрөө ТЭЗҮ-ээ батлуулаад Хөгжлийн банкинд өгдөг. Бид тооцоо судалгааг хийгээд зээл олгох эсэхийг шийддэг. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Тус компанийн холбогдох этгээд буюу Капитал банкны дамжуулах зээл дээр зөрчил үүссэн. Хөгжлийн банкны зөрчилтэй зээлийн тайланд Капитал банк байсан. Шаардлага хангагдаагүй байхад яагаад хурдан хугацаанд зээл олгов.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Дажамба:

-ТУЗ-д танилцуулагдсан мэдээллээр тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэж болзошгүй гэх асуудал яригдсан. Хяналт тавиад анхаараад явчих юм байна гэж үзсэн учраас ТУЗ хэлэлцээд явсан. 5-6 жилийн өмнөх учраас сайн санахгүй байна. Гэхдээ хуулийн асуудал зөрчигдсөн зүйл байхгүй. 

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-Капитал банк зээлийн хугацаа хоцорсон байсан уу гэвэл байсан. Зээл судалж байсан хүмүүс мэдэж байсан. Үүнийг шийдвэр гаргах түвшний бүх хүмүүст танилцуулсан. Тухайн үед энэ асуудлыг нууж байсан бол нэг өөр. Гэхдээ бид нуугаагүй. Капитал банкнаас цааш хийгдэж байгаа гүйлгээг тухайн үед шалгаж чадахгүй байсан. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Энэхүү зээлийг хариуцаж байсан мэргэжилтэн Г.Солонгоо гэх хүн ирээгүй байна. Энэ хүнийг та таних уу ?

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-Танина.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Энэ хүн хэдээс хэдэн оны хооронд ажилласан бэ

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-2013-2014 онд ажиллаж байсан. Австрали руу сургуульд яваад төгсөж ирээд 2016-2018 он хүртэл ажилласан. Тэгээд жирэмсний амаралтаа авсан 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Таны шууд удирдлагад ажиллаж байсан уу 

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-Үгүй. Зээлийн газар дотроо хоёр хэлтэстэй. Нэг нь байгууллагын зээлийн хэлтэс, нөгөө нь төслийн санхүүжилтийн хэлтэс. Хэлтсийн захирал нь Солонгоотой харьцдаг гэсэн үг. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Г.Солонгоо нь УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Гансүхийн охин гэдгийг та мэдэх үү. 

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-Би сүүлд мэдсэн.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Тухайн үед энэ зээлийн талаар дүгнэлт боловсруулж байхад улс төрд нөлөө бүхий албан тушаалтны зүгээс нөлөөлсөн гэх үйл баримт танд сонсогдож байсан уу 

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр:

-Надад бол дарамт шахалт ирж байгаагүй. Би өөрийнхөө удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийнхээ мэргэжлийн судалгаан дээр үндэслэж саналыг хэлж байсан. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Та Хөгжлийн банкнаас 31 тэрбумын зээл авсан. Үүнээс 29 тэрбум нь Капитал банкны өөрийн хөрөнгө болсон. Капитал банкнаас гаргаж өгөөгүй гэдгийг та сая өөрийн амаараа хэллээ. Тэгэхдээ махны цогцолбор төвийг дуусгасан байх юм. Ямар мөнгөөрөө махны цогцолбороо барьсан юм.

"Монгол мах экспо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганзориг:

-30 тэрбум төгрөгөөр үйлдвэр барина гэсэн үг биш. Эргэлтийн хөрөнгөөр бараг 50 хувь нь явдаг. Дараагийн мөнгө нь бараг жилийн дараа 2018 оны 10 сард орж ирсэн. 6 гаруй тэрбумыг банкинд алдчих гээд байсан учраас бид өөрсдөө дотоодын компаниудтай хамтран ажилласан. Өр, зээл тавиад явсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан зүйлгүй.  

 

Э.СОСОРБУРАМ

 

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

17 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө