А.Бямбажаргал: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуульд нийцэх ёстой

1
2023 оны 1 сарын 132023-01-13
А.Бямбажаргал: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуульд нийцэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, хууль зүйн доктор А.Бямбажаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

---------------------------------------

-Иргэд гадаа “Тогтолцоогоо өөрчил” гэж шаардан жагсаж байгаа, Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх зөвлөлдөх санал асуулгын ажил үргэлжилж байгаа үед шинэ Үндсэн хууль батлагдсан түүхт ойн өдөр хоёул ярилцлагаа хүргэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр Төрийн тэргүүн ямар байр суурьтай байгааг танаас сонсмоор байна?

-Юун түрүүн Ерөнхийлөгч ард түмэндээ буюу УИХ-д тангараг өргөхдөө “ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахих” гэдэг тангараг өргөдөг. Тангараг өргөхдөө Үндсэн хууль дээр гараа тавьдаг. Ерөнхийлөгчийн албан тушаал, энэ институцын онцлог нь Үндсэн хууль буюу Монголын ард түмний дээд зөвшилцөл болсон баримт бичгийг хамгаалж байгаа гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр байна. Энэ Үндсэн хуулийг сахин мөрдөх бол Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх хамгийн чухал ажлын нэг. Энэ үүргээ ёсчлон биелүүлэх учиртай. Ёсчлон биелүүлж ч байгаа гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийг дагаж мөрдсөнийхөө хүрээнд өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэдэг бол сахин биелүүлж байгаагийн хамгийн гол хэлбэр л дээ. Олон нийтийн хувьд Үндсэн хуулийнхаа утга агуулга, түүний мөн чанарыг ярилцаж, хэлэлцэх нь зүй ёсны асуудал. Үндсэн хууль өөрөө ард түмнээс эхтэй баримт бичиг учир. Тийм ч учраас Үндсэн хуулийн оршил “Монголын ард түмэн бид...” гэж эхэлдэг.

Харин Монголын ард түмнээс сонгогдсон, Үндсэн хуульдаа тангараг өргөсөн, Үндсэн хуулиа сахин биелүүлэх үүрэгтэй институцын хувьд “Энэ хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах, шинэчлэх гэх мэт” байр сууриа илэрхийлэх нь хэр зөв, зүйтэй бэ гэх асуудал гарна. Энд хувь хүн буюу иргэн У.Хүрэлсүх юу гэж бодох асуудал бол тусдаа зүйл. Харин нэгэнт Ерөнхийлөгч хэмээх институцийн хувьд хувийн байр сууриа илэрхийлэх боломжгүй болдог нь дээрх Үндсэн хуулиар заасан тангарагтай нь шууд холбоотой юм.

Өнөөгийн Үндсэн хуулиар нэгэнт сонгож авч тогтоосон хүний эрх, эрх чөлөө, ардчилсан Парламентын бүгд найрамдах засаглал хэмээх үнэт зүйлийг хамгаалах нь Ерөнхийлөгчийн үүрэг. Энэ үүргээ л итгэл үнэмшилтэй биелүүлэх ёстой. Хэрэв энэ байдлыг өөрчилье гэж хэлбэл Үндсэн хуулийнхаа эсрэг үйл ажиллагаа болж хувирна шүү дээ. Үүнийг нь олон нийт энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй байна хэмээн ташаа ойлгож байх талтай мэт санагдаж байна.

-Тэгэхээр парламентын дээд, доод танхим, сонгуулийн тогтолцоо, гишүүний тоог нэмэх зэрэг ҮХНӨ-тэй холбоотой асуудалд Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлэх боломжгүй гэж ойлголоо.

-Боломжгүй. Одоо хүчин төгөлдөх үйлчилж байгаа Үндсэн хуулиа сахин мөрдөх үүрэгтэй гэдэг талаасаа.

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар л тодорхой бүрэн эрх олгоно. Бусад хуулиар эрх хэмжээг нь нэмж болохгүй” гэдэг агуулгатай заалт орсон. ҮХНӨ-ийг баталсны дараа дараа УИХ-аас 40 гаруй хуулийг үүнд нийцүүлж шинэчилж, өөрчлөх ёстой гэсэн жагсаалт гаргасан. Жагсаалтын урдуур Ерөнхийлөгчийн тухай хууль бичигдсэн санагдаж байна. Энэ хуулийн төслийг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бол?

-Бүх хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байх ёстой нь өөрөө Үндсэн хуульт ёсны гол зарчим. Энэ зарчмыг хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд өөрөө хариуцах хуультай.  Хоёрдугаарт, аливаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд хамаарна. Гуравдугаарт, хууль тогтоомжийг батлах эрх хэмжээг зөвхөн УИХ-д олгосон. Таны дурдсан хуулийг Ерөнхийлөгч өөрөө санаачилж болохгүйг мөн бид санаж буй биз ээ. Учир нь УИХ 2020 оны эхээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай хэмээх 02 дугаар тогтоолоор Засгийн газарт энэ үүргийг оногдуулсан. Өөрөөр хэлбэл дээрх 02 дугаар тогтоолын дагуу уг хуулийг санаачлах үүрэг нь Засгийн газарт хамаатай. Иймд Засгийн газрын хувьд энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа.

-Засгийн газраас Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулаад ХЗДХЯ-ны сайтад байршуулан иргэдээс санал авч байгаа юм байна. Төсөлтэй нь танилцсан байх. Санал өгсөн үү. Эсвэл УИХ-д өргөн бариагүй гээд санал өгдөггүй юм уу?

-Санал авах тал дээр Засгийн газраас албан ёсоор хандсан зүйл бол байхгүй. Төслөө боловсруулна гэдэг бол цэвэр Засгийн газрын 02 дугаар тогтоолоор хүлээсэн үүрэг байгаа юм. Хууль тогтоомж нэг л дүрэмтэй. Дээд шатны хэм хэмжээний эрэмбэд нийцэх ёстой. Үндсэн хуульд нийцэх ёстой, бусад хууль тогтоомжтой уялдах ёстой. Энэ л байр сууринаас хандах ёстой.

Мөн Үндсэн хуульд тангаргийнх нь үг бичигдсэн байдаг цор ганц албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхийлөгч. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж” гэдэг үг тангарагт бий. Энэ нь Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд ард түмний эв нэгдлийг илэрхийлэх баримт бичиг Үндсэн хуулийг дээдлэн сахина гэж байгаа юм. Мөн чанар нь ийм учраас Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хуульд нийцэх ёстой.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хууль тогтоомжид хориг тавих бүрэн эрхтэй. Энэ нь нэг талаар Үндсэн хуулиар парламентад тавьж буй бодит хяналт. Иймд урьдчилж санал хэлэхээс гадна, хууль тогтоомж батлагдсаны дараа мөн хяналт, саналыг өгч буй илрэл болдог.

-Ерөнхийлөгч 2021 онд сонгогдсоноосоо хойш УИХ-д ямар хуулийн төсөл өргөн барьж, ямар хуульд хориг тавьсан бэ. Миний санахаар бол байхгүй. Тэгэхээр санаачилж, боловсруулж байгаа ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн тухайд хууль санаачлах Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. УИХ-ын гишүүн, Засгийн газар мөн хууль санаачилж болно. Гэхдээ иргэдэд таалагдахын тулд хууль санаачилж болохгүй гэдэг нь гол зарчим. Хоёрт, үндсэн тоглоомын дүрмээ эвдэж хууль санаачилж болохгүй. Хууль баттайгаар хэрэгжих боломжтой, нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх ёстой гэдэг шалгуураар л хууль санаачлах ёстой юм. Ерөнхийлөгчийн барьдаг бодлого ч үүн дээр л тулгуурлаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудал маш нухацтай хандаж буйг хэлэх нь зүйтэй юм. Хуулийн тухайд Улс төрийн намын тухай хуулийг санаачлахаар боловсруулж байгаа та бүхэн мэдэж байгаа биз ээ. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улс төрийн намын тухай нэг заалт нэмэгдэж Үндсэн хууль 71 зүйлтэй болсон.

Улс төрийн намын тухай хуулийн асуудал хэрэг дээрээ хэдэн бүлэг хүний асуудал огт биш шүү дээ. Үндсэн хуулийн суурь зарчмаар бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Үүнийгээ бид сонгож байгуулсан төрийн эрх мэдлийн байгууллагуудаараа дамжуулж хэрэгжүүлж байгаа. Үүнд орох гол арга замыг иргэд эвлэлдэн нэгдэж байж шийднэ гэдгийг Үндсэн хуулиар бий болгосон. Хамгийн бодитой илрэл бол Монгол Улсын Засгийн газар бүрдэх процесст УИХ-д олонх суудал авсан, олонхи болсон нам, эвсэл байхгүй бол хамгийн олон суудал авсан намууд зөвшилцөх замаар Засгийн газар бүрдэх байдлаар улс төрийн намтай салшгүй холбогдогддог. Улс төрийн нам гэдэг бол хэсэг хүний чөлөө заваараа хийдэг ажил биш шүү дээ. Дэлхий дахинд улс төрийн намууд олон нийтийн хяналтад байдаг.

Улс төрийн нам гэдэг бол хувийн компани, чөлөө заваараа ирдэг клуб, сонирхогчдын холбоо, мэргэжлээрээ нэгддэг олон нийтийн байгууллага биш учир тэр шүү дээ.

Нам бол итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгддэг нийтийн эрх зүйн хуулийн этгээд. Тиймээс ч энэ хуулийг боловсруулж гаргах үйл явц өөрөө аль нэг улс төрийн намын давамгайллаар хийгдэж огт болохгүй.

А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн зөвлөх.jpg

Мөн 1991 оны Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль байдаг. Тэр хууль гарснаас хойш олон удаа өөрчлөлт орж, олон албан тушаалтан түдгэлзэх шаардлагагүй болоход ганц л албан тушаалтан хэвээр өнөөг хэр байгаа. Тэр бол бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Монголын нийт ард түмнийг төлөөлдөг институци болж хувирдаг Монгол Улсын Ерөнхийлөгч. Өөрөөр хэлбэл нэгэнт ард түмнээс сонгогдож, ард түмэндээ тангараг өргөсөн бол хувь хүн биш болж буй хэрэг. Энэ нь хэдийгээр хувьд нь Хүрэлсүх, Улсболд, Бямбажаргал байна уу гэдгээс үл хамаараад Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээрээ аль нэг улс төрийн намыг огт төлөөлөхгүй албан ташаалтан болж буй хэрэг юм. Ийм учраас “Улс төрийн намуудыг зөвшилцүүлэх” гэдэг нь Үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн нэгэнт чиг үүрэг болсон. Зөвшилцлийг хангаж байж энэ хуулийг батлуулахгүй бол цаашдаа энэ хууль хүлээн зөвшөөрөгдөхгүй, хэрэгжихгүй байдал үүснэ. Ийм ч учраас зөвшилцлийг хангах үйл явц өрнөсөөр өнөөдрийг хүрээд байна.

Энд бас нэгэн чухал зүйл бид анзаарах учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд тодорхой бүрэн эрхүүд бий. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлын асуудал гэдэг бол Монгол Улсын оршин тогтнохуйн үндэс болж байдаг зүйл. Хүн төрөлхтөн сүүлийн 70 гаруй жил дайн, тулаан гэдэг зүйлийг мартсан байлаа шүү дээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд батлагдан гарч байж хүний эрх гэдэг ойлголт дэлхий нийтийнх болсон. Түүнээс хойш өрнөсөн энх тайван, олон улсын эв санааны нэгдэл гэдэг ойлголтууд сүүлийн жилүүдэд ямар тогтворгүй болж өөрчлөгдсөн бэ гэдгийг бид харж байгаа. Тиймээс энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг шинэчлэх судалгаа маш эрчимтэй хийгдэж байгаа. Энэхүү чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгч тодорхой хууль тогтоомжийг санаачлах асуудлыг судалж байгаа.

Гуравдугаарт, ардчилсан дэглэм бүхий, хөгжингүй улс орнуудын чиг хандлагыг авч үзвэл ч нийт хуулийг Засгийн газар л илүүтэй санаачилж, өргөн барих зүй тогтол байна. Яагаад гэвэл, тэр хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Өөрийнхөө хэрэгжүүлж чадахгүй хуулийн төлөө Засгийн газар хариуцлага хүлээж чадахгүй шүү дээ.

-Засгийн газрын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч өөрийн санаачилгаараа, тэр хүрээнд тавигдсан төсвөөрөө хэт оролцож байна. Тэрбум мод, Эрүүл монгол, Хүнсний хангамж гээд салбарын яамдын хийх ажил руу хутгалдсан. Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөөгүй байгаа. Үе үеийн Засгийн газрын ажилд Ерөнхийлөгч оролцдог, сайд нарыг нь дуудаж загнадаг, улс төрийн ийм асуудлаас болж муудалцдаг гэдэг шүү дээ. Хэвлэлүүд энэ талаар хөндөж байгаа.

-Энэ удаагийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц харин ч илүү нягт, бодлогын хувьд зөв уялдан ажиллаж байгаа гэж харж байна. Үүнийг илрэл нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд заагдсан олон бүрэн эрхийнхээ дагуу дээрх байдлаар ажиллаж байна. Ганцхан жишээ дурдахад, Үндсэн хуулиар Засгийн газарт Ерөнхийлөгч чиглэл өгөх эрхтэй байдаг. Энэ дагуу Засгийн газар, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа нягт уялдаж байгаа. Дээрх үндэсний хөдөлгөөнүүд ч тэр энэ хүрээнд бий болсон.

Ерөнхийлөгч улс орны язгуур эрх ашиг болсон асуудлуудыг дээрх үндэсний хөдөлгөөн болгон Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах замаар хэрэгжүүлж байна.

Үүний илрэл нь Засгийн газарт чиглэл өгөх зарлиг өөрөө Засгийн газартай зөвшилцөж байж хэрэгждэгээс харж болно. Учир нь Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гарангуутаа хүчин төгөлдөр болчихдоггүй юм бэ гэдгийн түлхүүр нь “Энэ зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэдэг Үндсэн хуулийн заалт юм. Өөрөөр хэлбэл, агуулгын хувьд хоорондоо зөвшилцөж байна гэсэн үг. Хоёрдугаарт, тэр зарлиг хүчин төгөлдөр болж байж л хэрэгжинэ. Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр түүнийг төлөөлж Ерөнхий сайд гарын үсэг зурж байгаа юм.

Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчид тодорхой асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрх бий. Энэ эрхийн дагуу хэд хэдэн зарлиг гарч, тэрний хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран ажиллаж байна. Бидний оршин тогтнохуйтай холбогдох байгаль орчны асуудал, ногоон хөгжлийн асуудлаар, эрүүл аюулгүй орчин, хүсний хангамжтай холбоотой зарлиг, санаачилгууд дэвшүүлээд явж байгаа. КОВИД-ын нөхцөл байдал Монгол Улсын байгаа байдлыг алган дээрээ тавиад харж байгаа юм шиг тодорхойлоод өглөө. Хамгийн түрүүнд эрүүл, аюулгүй хүнсээр өөрсдийгөө хангах ёстой юм байна. Энэ бол монгол төрийн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудал. Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой зарлиг гаргаж, араас нь Засгийн газар УИХ-ын тогтоолын төслийг батлуулаад, дагалдах хууль тогтоомжийн асуудлыг явууллаа.

Үндэсний аюулгүй байдлын бас нэгэн чухал асуудал бол иргэдийн эрүүл мэнд. “Эрүүл монгол хүн” санаачилга гарган, Засгийн газарт чиглэл өгсөн. Тэрний нэг нь архи согтуурах ундаатай холбоотой асуудал. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд архины онцгой албан татварыг яагаад ч юм бодлогын хувьд нэмж чаддаггүй байсан юм билээ. Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлига гаргаснаар, Засгийн газраас санаачилсан байсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг УИХ 2022 оны 7 дугаар сард баталж, цаашлаад дагалдах хуулийн хүрээнд согтууруулах ундаанд холбогдох онцгой албан татварт өөрчлөлт орсон. Ерөнхийлөгчийн бодлогын хувьд согтууруулах ундааг хориглох гэхээс илүү төр бодлогоо зөв гаргаж, хэрэгжүүлэх ёстой гэдэг чиглэлд явж байна. Бид энэ асуудалд онцгой анхаарах ёстойн нэг тод илрэл бол манай оронд үйлдэгдэж буй хүнийг санаатай алах гэмт хэргийн 90 гаруй хувь нь гагцхүү согтуурах ундаа хэрэглэсэн үедээ гарч буйгаас харж болно.

-Өнгөрсөн оны сүүлээр “гадаа жагсаал хийж байгаа иргэдийн шаардлагыг биелүүлж байна” гээд УИХ-аар арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад огт байгаагүй хуулиудыг дарааллын урдуур оруулж, олон нийтээс санал авалгүй шуурхай баталлаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангалсан нь иргэдийн хүсэл мөн боловч хөнгөн хуумгай хандсан нь судлаачдын шүүмжлэлийг дагуулж харагдсан. Ийм байдал олон гарлаа. Энэ Эрүүгийн болон Эрүүгийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад нь Ерөнхийлөгч санал өгсөн үү?

-Юун түрүүн Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдийнхээ тавьж буй санал, шаардлагатай ижил байр сууртай байгаа. Улс орныхоо нийтлэг ашиг сонирхолоос урваж, ард иргэдээ хохироос явдал хэрхэвч гарч таарахгүй. Энэ үүднээс авлига, ашиг сонирхолыг гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг иргэд чангаруулахыг хүссэнийг дэмжиж байгаа. Нөгөө талаасаа бид Хууль тогтоомжийн тухай хуулийг эргэж харахгүй бол болмооргүй харагдаад байгаа. УИХ 2015 онд хуулийг ямар ч шүүлтүүргүйгээр хэн нэгэн санаачлаад явдаг байдлаас татгалзсан. Энэ хуулийн хэрэгжилт, үр нөлөөг ярих хугацаа нь одоо яг болчихоод байна. Хэн, юу санаачлах вэ, ямар хугацаанд юу хийгдсэн байх вэ. Тодорхой судалгаануудыг хууль тогтоомжид хийх хугацаа байгаа шүү дээ.

Иргэд хуулийн төсөлд саналаа өгч байгаа процессыг эргэж харах нь зүйтэй.

Хууль тогтоомжийн тухай хуулиа давж хуулийг баталж болох юм уу зэрэг асуудал тавигдаж байна.

Таны жишээ авч байгаа хууль гэлтгүй ер нь л хууль тогтоомжийн хувьд урьдчилж санал өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг иргэд асууж байгаа. Гэтэл бүх батлагдсан хууль ёсчлогдсоноосоо хойш Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавих эсэх асуудлаар ирдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-д ард түмнийхээ нэрийн өмнөөс тавьж буй бас нэгэн хяналт бол нь хоригоор дамжин илэрдэг. Энэ бол зарим орны парламентын дээд танхимд олгогддог эрх. Ерөнхийлөгч энэ үүргийг манай Үндсэн хуулиар гүйцэтгээд байгаа. Нэгэнт энэ үүргийг гүйцэтгэж байгаа учраас зарим саналын асуудлыг яах вэ гэдэг асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, хууль батлагдахын өмнөх урьдчилсан хяналтыг хийдэггүй, харин дараагийн хяналтыг хийдэг учраас санал өгөөд байх шаардлага байхгүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон нэг том эрх бол УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцоод улс орны нийгэм, эдийн засаг, дотоод, гадаад аль ч асуудлаар асуудал тавих нь нээлттэй. Энэ эрхээр дамжуулах илэрхийлэх боломж байгаа гэж хэлнэ дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоор ямар нэг хууль тогтоомжид хориг огт тавиагүй байгаа. Хүн төрөлхтөн 2019 оноос цар тахалтай гурван жил тасралтгүй тэмцэж байна. Төр нь ч, ард иргэд нь ч тэмцэж байна. Хамгийн их ачааны хүндийг иргэд, аж ахуйн нэгжүүд үүрч байгаа. Ажлын байр, амьжиргаа, эрүүл мэнд, эх орноо хамгаалж байна. Энэ тохиолдолд нэгдмэл, нэг байр суурьтай байж ард нь гарах ёстой. Үүний бодит илэрхийлэл бол энэ. Сая Цар тахлын гэх хуулийн үйлчлэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар боллоо.

Цар тахлын хуулийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж УИХ үзэж, хууль зүйн утгаараа бол бид ердийн буюу хэвийн горимд шилжүүлсэн учраас одоо Ерөнхийлөгчийн харах хяналт өөр болох ёстой. Ерөнхийлөгчийн институцын харах өнцөг, ажиллах арга барил өөрчлөгдөж таарна гэж харж байна даа.

-Ард түмнээс Ерөнхийлөгчийг сонгох, парламентаас сонгохын давуу болон сул тал юу вэ?

-Нэг туухайн дээр тавиад жигнэх боломжгүй ойлголт. Эрх зүйн суурь зарчмаа тухайн орон өөрөө хүсэж сонгож авбал үнэхээр сайн хэрэг. Гэхдээ ингэж сонгож авсан улс дэлхий дээр бараг байхгүй. Хоёрдугаарт, геополитикийн нөлөөлөл. Өөрөөр хэлбэл, тухайн улс яагаад ийм эрх зүйтэй, яагаад ийм хуультай байдаг юм бэ гэдэгт шууд нөлөөлж байдаг. Гуравт, колони улсын нөлөө тухай орны эрх зүйн тогтолцоог сонгож авахад шууд нөлөөлдөг. Тодорхой хэлбэл, биднээс шалтгаалахгүй буюу энэ олон хүчин зүйлээс шалтгаалж өөрийнхөө тогтолцоог сонгож авдаг хэрэг.

Ардчилсан шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа бол парламентын засаг юм гэдэгтэй хэн ч маргахгүй болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч ч шинэ оны босгон дээр ард түмэнд хүргэсэн мэндчилгээндээ энэ талаар тодорхой өөрийн байр суурийг хэлсэн. Гэхдээ бидэнд ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлэх, цаашид улам гүнзгийрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Яагаад гэвэл, 30 жилийн өмнө тавигдаж байсан сорилтын зарим зүйл одоо ч хэвээр байгаа. Энэ бол өөрчлөгдөхгүй.

Монгол Улс нүүгээд явдаггүй юм бол манай геополитикын сорилт хэвээр байна.

Гэхдээ нийгэм, эдийн засгийн хувьд шинэ сорилтууд дандаа урган гарч байна. Үүнд тохирсон зөв хариултыг зөвшилцлийн үр дүнд л гаргах ёстой. Үндсэн хууль бол нэгт улс төрийн, хоёрт эрх зүйн баримт бичиг. Улс төр, эдийн засгийн баримт бичиг нэг цэгт огтлолцоод цаашаа хүлээн зөвшөөрөгдөөд явдаг гол түлхүүр нь зөвшилцөл. Зөвшилцлийн үр дүнд баримт бичгээ нэг мөр болгохгүй бол хэн ч Үндсэн хуулийн үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм учраас энэ давуу, энэ нь сул гэж хэн ч хэлэх боломжгүй. Тийм учраас аль улсын хувьд, аль цаг хугацаанд вэ гэж зөрүүлж таниас асууж байж хариулмаар санагдаж байна.

-Ерөнхийлөгчөөс томилдог, нэр дэвшүүлдэг, санал болгодог албан тушаалууд бий. Хуулийн байгууллагад гэж асуухад ямар зарчим барьж байгаа вэ?

-2019 онд Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт орсон. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийг өнгөрсөн 30 жилд сонгож байгуулж байгаагүй арга замаар байгуулдаг болсон. Хүмүүс гуравхан жилийн өмнөхийг санаж байгаа байлгүй дээ. Эрдэмтэн судлаачид, олон нийтийн зүгээс шүүх засаглалд Ерөнхийлөгчийн институцийн зүгээс үзүүлдэг нөлөөллийг арилгая гэж ярьсан. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийт шүүгчдийн чуулганд 517 шүүгч нэг дор цуглаад өөрсдийнхөө төлөөлөл болгож гаргасан. Нөгөө талд олон нийтийн төлөөлөл болж таван гишүүнийг УИХ нээлттэй сонсголоор оруулж томилсон.

Тэгвэл дөгөж саяхан буюу 2021 онд Шүүхийн тухай хууль өөрчлөгдөхөөс өмнө Шүүгчийг шилж олох, сахилга хариулагыг хүлээлгэх бүхий л түвшинд Ерөнхийлөгчийн институц шууд оролцдог байсныг та санаж байгаа байх. Үүнийг л өөрчилж байж Шүүх эрх мэдэл хараат бусаар ажиллана гэж эрдэмтэн судлаачид, олон нийт дүгнэсэн.

Энэ дагуу Үндсэн хуулийн цэц дээр гацаад байсан асуулад өнөөгийн Ерөнхийлөгч өөрийн байр суурийг тодорхой болгон шүүх эрх мэдлийг хараат бусаар ажиллуулах боломжийг хангаж өгсөн шүү дээ. Тийм ч учраас ШЕЗ шүүгч нарыг шилж олох ажлыг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд ШЕЗ-ийн санал болгосноор 40 орчим шүүгчийг Ерөнхийлөгч томилсон. Шүүхийн хуулиар цоо шинээр тогтоож өгсөн нэг шалгуур бол шүүгчид тавигдах ёс зүйн шалгуур байгаа. Энэ нь олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүй хүн шүүгчээр ажиллах эрхгүй гэсэн үг. Ёс зүйн хариуцлага нь хууль зүйн хариуцлага биш учраас тэнд хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй. Цаашид үүнд хаа хаанаа онцгой анхаарах ёстой гэж харж байгаа.

Хоёрдугаарт, шүүгчид сахилга, хариуцлага хүлээлгэх механизмыг Шүүхийн сахилгын хороогоор бий болгосон. Шүүгчдийн дотроос дөрвийг шүүгчид өөрсдөө сонгож, олон нийтийн төлөөллөөс тавыг нь УИХ томилж байна. Энэ институц ажлаа хийгээд байж байна. Дахиад сануулахад, гуравхан жилийн өмнө энэ болгоныг Ерөнхийлөгчийн институц бараг удирдаад хийх боломжтой хуультай байсан. Үүнийг нь олон нийт Ерөнхийлөгч хонгилыг бий болгож байна хэмээж, хэнийг шүүгч болгох вэ, болиулах вэ гэдгийг шийдэж байна гэдэг байсныг одоо болиулсан шүү дээ. Үүнтэй холбоотой жил хүрэхгүй хугацааны өмнө Үндсэн хуулийн цэц дээр явж байсан маргаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа маш тодорхой илэрхийлчихсэн. Үндсэн хуулийн дагуу, тэр суурь зарчим дээр батлагдсан Шүүхийн тухай хуулийг тэр хэвээр нь хэрэгжүүлэх бололцоог цэц дээр явж байсан маргаанаас татгалзсан.  

Нэг үгээр хэлбэл 2021 оноос хойш шүүх эрх мэдэлд нөлөөлдөг гэх судлаачдын дүгнэлтэд нөлөөлж байсан гол хүчин зүйлс, эрх зүйн орчин өөрчлөгдсөнийг бид санах хэрэгтэй. Гэвч цаашид ШЕЗ, ШСХ-нд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хариуцлагаас маш олон зүйлс хамаарна.

-Ерөнхийлөгчийн оролцоогүй шалгарч, нэр нь орж ирсэн шүүгч нар дунд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, ял шийтгүүлж байсан хүн мэр сэр орж ирэх үү. Тэр хүмүүсийг зарлиг гаргаж томилохгүй байх, эсвэл зарлигт нэрийг нь бичихгүй байх бололцоо байна уу?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгож оруулж ирж байгаа хүмүүсийг шүүгчийн шаардлагыг хангасан уу гэдэг шалгуурыг шалгах эрх болон үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгосон. Хоёрдугаарт, нэр нь орж ирснээс хойш 14 хоногийн дотор аль нэг шийдвэрийг заавал гаргах Шүүхийн тухай хуультай. Энэ шалгууруудаад Шүүхийн ерөнхий зөвлөл маань нэр дэвшигчдээ хянаад оруулж ирж байгаа. Гэхдээ олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүй хүнийг Ерөнхийлөгч шүүгчээр томилох эрх байхгүй.

Нэр хугарахаар яс хугар гэдэг. Нэгэнт нэр нь хугарсан хүнийг шүүгчээр ажиллах ёс зүйтэй гэж үзэх боломж байхгүй. Энэ зарчмыг хатуу барьж ажиллаж байгаа.

Шүүгч хэн байх вэ гэдгийг өмнө нь ШЕЗ-ийн гуравхан хүн олонхи болж шийддэг байсан. Одоо Шүүхийн тухай хуулиар шалгалтын хамгийн өндөр оноо авсан хүнийг явуул гэж байгаа. Хоёрдугаарт, ШЕЗ-ийг бүрдүүлэх, Сахилгын хороог бүрдүүлэх, түүнд хяналт тавих гэдэг зүйл Ерөнхийлөгчийн институцтай ямар ч холбоогүй болсон. Гуравхан жилийн өмнө бүгдийг нь томилдог, бүр даргыг нь томилдог байлаа. Одоо бол өөрсдөө даргаа сонгож байгаа шүү дээ. Энэ том өөрчлөлтийг олон нийтээр, цаг хугацаагаар шүүлгэх ёстой.

-Нүүрсний хулгайчдын нэрийг зарла, хариуцлага тооц гэдэг шаардлагыг иргэд тавьж байгаа. Нэр зарлах, хариуцлага тооцоход Ерөнхийлөгч оролцох боломжтой юу?

-Хууль хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг бол Засгийн газрын үүрэг. Хууль хяналтын байгууллагын гэдэг ерөнхий нэрийн дор ярьдаг боловч эдгээр хууль хяналтын байгууллагууд өөр хоорондоо хийх хэрэгжүүлэх ажлаараа ялгаатай шүү дээ. Засгийн газраас томилдог мөрдөх байгууллагууд хамгийн түрүүнд хэрэг бүртгэдэг, мөрддөг. Харин хуулийг зүй ёсоор хэрэгжүүлж байна уу гэдгийг хянадаг прокурор, төрийн нэрийн өмнөөс ялладаг шүүгчийг ард түмнээс сонгогдсоныхоо хувьд УИХ, Засгийн газраас хараат бус байдлыг нь хангах үүднээс Ерөнхийлөгч томилж байгаа. Ганцхан жилийн өмнө Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг санал болгож УИХ томилдог хууль байсан.

Одоо бол АТГ-ын дарга, дэд даргыг томилох нь гэмт хэрэгтэй тэмцэх агуулгаараа Засгийн газрын ажил. Хэрэв Засгийн газар санал болгосон гэдэг агуулгаараа хамаатай гэж үзвэл Засгийн газартай хамаатай институц.

Харин Ерөнхийлөгчийн институц АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилдог. Энэ зөвлөл нь АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах чиг үүрэг рүү оролцдоггүй. Хүмүүс хольж солиод байдаг юм уу, ганцхан жил л болж байгаа учраас мэддэггүй, мэддэг нэг нь зориуд гуйвуулж байдаг юм болов уу гэж бодож суух юм аа.

-Тавантолгойн орд тойрсон хулгай, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, ЖДҮХС зэрэг төрийн сангуудын хэрэг гээд. Сүүлийн хоёр парламент дамжин шуугиан болгож ярьж байгаа гэмт хэргүүд бол бол төрийн болон орон нутгийн төрийн өмчит компани, сангууд дээр гарсан авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэргүүд. Шалтгааны үндэс нь хуулийн цоорхой гэж үзээд Төрийн өмчийн тухай, Төрийн өмчит компанийн тухай гээд багц хуулийн төслүүд Засгийн газраас өргөн барьсан. Ерөнхийлөгч энэ үйл явцад анхаарал хандуулж байгаа юу?

-Нэгдүгээрт, таны дурдсан хууль тогтоомжуудыг маш идэвхтэй, онцгойлон анхаарч харж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандсан мэндчилгээний гол утга агуулга байгалийн баялагтаа эзэн байх иргэний эрхийг хангуулах ажлыг маш эрчимтэй хийх ёстой гэдгийг УИХ, Засгийн газарт уриалсан. Үр дүнг нь бодитой гаргая гэж. Энэ хүрээнд стратегийн орд газрууд, төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд  олон нийтийн хяналтыг бий болгоё, засаглалыг нь сайжруулж, нээлттэй болгоё, үр өгөөжийг ард иргэд хүртэж болдог механизмыг эрх зүйн орчноор нь бий болгоё гэж уриалсан. Ард түмэн ч үүнийг хүсч байна. Ерөнхийлөгч “Баялагтаа эзэн Монгол” гэдэг уриа дэвшүүлсэн. Тийм учраас энэ чиглэлийн хууль тогтоомжийг Засгийн газар боловсруулж, хэлэлцүүлж, Ерөнхийлөгч энэ талаар байр сууриа илэрхийлэх ажил идэвхтэй өрнөж байна.

ЕТГ Бямбажаргал доктор.jpg

-Тендерийн хуулийн 3.4 дэх заалтаар нууцад хамруулж оффтейк гэрээгээр санхүүжүүлсэн төслүүдэд тендер зарлалгүй шууд гэрээ байгуулсанд тэр үед Ерөнхий сайд байсан одоогийн Ерөнхийлөгчийг олон нийт буруутгаж байгаа.

-ҮАБЗ бол гэрээ байгуулдаггүй, нууцад хамруулдаггүй. Байгуулсан гэрээнүүдийг Засгийн газраас ил болгосон. Хоёрт гэвэл, иргэдийн хяналтад оруулах тусмаа хардлага сэрдлэг алга болно. Төрийн нууцыг ил болгох, нууцад авах нь Засгийн газрыг хийж хэрэгжүүлэх ажил шүү дээ. Энэ дагуу иргэдийн санал, санаачлагатэй Ерөнхийлөгч ч мөн ижил байр сууртай байж, сая холбогдох гэрээнүүд ил болсоныг та санаж байгаа биз ээ.

-Иргэдийн эвлэлдэн нэгдэх асуудлаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг санаачлаад явж байгаа юм байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахад хэр судалгаа хийж байгаа бол. Жишээ нь, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сэтгүүл зүйн салбар ам нэгтэйгээр эсэргүүцэж, шүүмжлэлээ хэлсэн. Үзэл баримтлал, агуулгын хувьд Засгийн газраас боловсруулсан тэр төсөл болохгүй юм билээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл дээр үе үеийн Ерөнхийлөгч манлайлан оролцож анхаардаг байсан шүү дээ.

-Монгол Улс 1968 онд Иргэний болон улс төрийн эрхийн Пактад гарын үсэг зурж 1974 онд соёрхон баталсан байдаг. Дараа нь Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактад нэгдсэн манай орон нэгдсэн. Эдгээрт нэгдээд байгаагийн цаад шалтгаан нь энэ суурь зарчмууд манай улсын Үндсэн хуульд 1970-аад онд орчихсон байсан гэсэн үг. Хожим энэ суурь зарчмууд 1992 оны Үндсэн хуульд тэр чигээрээ орсон. Иргэдийн эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол улс төрийн эрхэд хамаарч байдаг. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг асуудал, хэвлэн нийтлэх гэдэг асуудал бол өөр хоорондоо тусдаа ойлголт. Хэвлэн нийтлэх эрх тодорхой сэтгүүл зүйн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад илүү хамааралтай болж эхэлсэн. Гэтэл энэ зүйл сошиал медиа хөгжиж байгаатай холбоотойгоор уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг ойлголт дэлхий даяар халагдаж эхэлсэн. Монгол Улсад энэ чиглэлд өөрчлөлт явагдаж байна. Сайн үр дагавар ч, анхаарах ёстой зүйлс ч гарч байна.

Монгол Улс иргэнийхээ эрх, эрх чөлөөг хязгаарлах чиглэл рүү явж болохгүй.

Төв Азийн өндөрлөг дээр Монгол Улс улс төрийн эрх чөлөөгөөрөө, Freedom house-ийн судалгаагаар 84 оноотойгоор “бүрэн эрх, эрх чөлөөтэй улс” байгаа. Энэ байр сууринаас ухрахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь үүнийг хамгаалах чиглэлд байгаа. Тэгэхээр иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд энэ хуулиудад оролцоно гэсэн бодол, төлөвлөгөөтэй байгаа.

-Өнгөрсөн онд Монгол Улсад шил дараалсан олон зочид ирж, өндөр дээд хэмжээний айлчлалууд болсон. Ерөнхийлөгч нь цөөнгүй айлчлал гадагшаа хийсэн. Үр дүнг нь хэрхэн үнэлж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч болохынхоо хувьд нийт иргэдээ буюу Монгол Улсыг гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлдөг. Монгол Улс өнгөрсөн хугацаанд өмнө нь байгаагүй олон өндөр дээд хэмжээний айлчлалыг хүлээж авсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш мөнхийн хоёр хөрштэйгээ аль альтай нь өндөр дээд хэмжээний айлчлалыг хийлээ. Энэ бол маш амжилт хэмээн судлаачид дүгнэж буйгаас харж болох биз ээ. Манай орны гадаад бодлого нэг цонхны бодлогоор явж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад аюулгүй байдлаа баттай хамгаалах чиглэлээр маш идэвхтэй ажиллаж байна. Хоёр хөрштэйгээ энх тайваны арга замаар, харилцан ашигтай ажиллахаас гадна гуравдагч хөрш орнууд, Европын холбоо, АНУ, Япон, Солонгос зэрэг улс орнуудтай ижил түвшинд харилцаж, айлчлалууд зохион байгуулсан. Бүс нутгийн болон дэлхийн үйл ажиллагаанд идэвхтэй ажиллаж байгаа. Дээр нь НҮБ-ын Ерөнхий ассамблейд биечлэн оролцож Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий улс орнуудад Монгол Улсын байр суурийг идэвхтэй илэрхийлж байна. Энэ хүрээнд НҮБ-ын тогвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин ногоон хөгжлийн асуудлаар манай орны бодлогоо ч танилцуулсаар байна. Үүнийг дэлхий дахин өндрөөр үнэлж 2026 онд Монгол Улс COP-17 Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын уулзалтыг эх орондоо хүлээн авахаар болсон. Түүнчлэн дэлхий нийт манай орныг энэхүү байр суурийг хүлээн зөвшөөрч өнгөрсөн зун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчлаад, “Амаргүй дэлхийд энх тайваны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байна” гэж хэлсэн. Энэ бол Монгол Улсын гадаад бодлогод өгч байгаа дэлхий нийтийн үнэлгээ.

Ярилцсан Г.Улсболд

Санал болгох

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

1 сарын өмнө
Х.Нямбаатар: "Баялагтаа эзэн байя" гэсэн суртал ухуулга Улстөрчдийг олон жил тэжээлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа

1 сарын өмнө
Мөстэй усны “акул” Ш.Даваадорж

“Шаргуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Энэ л гайхам амжилтын эзэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж юм. “Газар уснаа явагч” гэж ч хэлж болох ийм нэгэн сонирхолтой түүхтэй, спортын салбарт нэрээ мөнхөлж алдар цуугаа тамгалсан ийм нэгэн эрхэм хүмүүнийг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт зочноор урив.

1 сарын өмнө
Э.Батшугар: 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 сарын өмнө